| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2024/0179/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/182 |
| Огноо | 2024-12-02 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/182
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.С,
Өмгөөлөгч И.Оюунгэрэл,
Шүүгдэгч Б.Г
Өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,
Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б-ын Г-од холбогдох 2428000820130 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн 8 дугаар багийн нутаг Даланзадгад, Мандалговь чиглэлийн улсын чанартай А0202 автозамын 03 дахь километрт ... улсын дугаартай “Тoyota Prius XW30” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7a-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын гэрэлтүүлгийн шон мөргөн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Н.Г-ийн амь нас хохирч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Г-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Ийм хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрийг нь бүгдийг нь төлж барагдуулна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Энэ хэргийн улмаас миний төрсөн дүүгийн амь нас хохирсон. Б.Г-ын хувьд оршуулгын зан үйлтэй холбоотой төлбөрт 7,010,000 төгрөг, задлан шинжилгээний төлбөрт 80,000 төгрөг нийт 7,090,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн. Сэтгэл санааны хохиролд өмгөөлөгчтэйгөө зөвлөлдөж нийт 170,940,000 төгрөг нэхэмжилсэн. Шүүх хуралдааны явцад Б.Г-той харилцан тохиролцож сэтгэл санааны хохирлыг 135,000,000 төгрөг болгон багасгаж, уг мөнгийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн авахаар болсон. Өөр нэхэмжлэх хохирол, төлбөргүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Талийгаач дүү маань Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дундсайхан ... тоот надтай хамт байдаг байсан. Талийгаач маань 2024 оны 02 дугаар сарын 06-ны өглөө 09 цаг өнгөрч байхад Политехникийн коллеж руу явж мэргэжлийн сертификат авахаар явсан. Мөн тухайн өдрөө ээж, аав хоёртой хамт хөдөө явах байсан юм. Ээж, аав хоёр хөдөө явах гээд талийгаач дүү рүү залгахад удахгүй очлоо гээд утсаа хаачихсан байсан болохоор ээж, аав хоёр талийгаач дүүг үлдээчихээд явсан. Тэрнээс хойш 18 цагийн үед би талийгаач руу хаана байна гээд чат бичихэд төвд байна та түрүүлээд харьж бай гэсэн хариу өгсөн. Тэрнээс хойш дахиад 20 цагийн үед залгасан боловч утсаа аваагүй. Тэгээд 21 цаг өнгөрч байхад манай үеэл Ба талийгаач руу хаана байна гэж чат бичихэд талийгаач Цогтцэций суманд байна гэсэн хариу бичсэн байсан. Мөн ээж маань талийгаачийг хаана байна гэж чат бичихэд “зааланд тоглож байна" гэсэн хариу бичсэн байсан. Тэрнээс хойш холбоо бариагүй байсан чинь 2024 оны 02 дугаар сарын 07-ны өглөө дүүг маань зам тээврийн осолд орж нас барсан талаар цагдаагийн алба хаагч нар манай гэрт очиж надад мэдэгдсэн. Талийгаачийн оршуулгын зардал болон сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ. Зардлыг тооцож баримтыг бүрдүүлсний дараа нэгдсэн тооцоог гаргаж өгөх болно... Талийгаачийн оршуулгын зардал 5,922,880 төгрөг, хоног хураах зардал нь 1,087,120 төгрөг болсон. Үүнээс гадна задлан шинжилгээний төлбөр 80,000 төгрөг, сэтгэл санааны хохирол гэж 170,940,000 төгрөг, нийт 178,030,000 төгрөгийг гэм буруутай хүнээс нэхэмжилж байна. Оршуулгын зардал гэж 2,500,000 төгрөг өгсөн.” (хавтаст хэргийн 31-40 дэх тал)
Иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Уг зам тээврийн ослын улмаас манай байгууллагын нэр дээр байх “Тоёота Приус-30” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай байгууллагын нэр дээр байх учир манай байгууллагаас иргэний нэхэмжлэгчээр оролцоно. Ч овогтой Г /РД:.../ дугаартай хүний нэр дээр байгаа, анх манай байгууллагаас 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 36 сарын хугацаатай, сарын 2.9 хувийн хүүтэй тээврийн хэрэгсэл барьцаалан 18,900,000 төгрөгийн зээл авсан. Өнөөдрийн байдлаар 7,799,900 төгрөг төлсөн. Үлдэгдэл 17,646,676,28 төгрөг төлөхөөр байна. 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтөд зээл төлөөгүй 4 сарын хоцрогдолтой явж байна. Зээлдэгч Фидуцийн гэрээний 5.1.5, 5.1.6 тус тус заасны дагуу зээлдэгч бусдад учирсан хохирлыг хариуцна гэж заасан байгаа тул манай байгууллагын эзэмшлийн “Тоёота Приус-30” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр бусдын хохирлыг барагдуулахыг хүлээн зөвшөөрөхгүй манай байгууллагад зээл өр төлбөрийн асуудалтай байгаа. Автомашинд эвдрэл гэмтэл учирсан тохиолдолд бусад байдлаар манай байгууллага үлдэгдэл төлбөрийг гаргуулж авна.” (хавтаст хэргийн 43-47 дахь тал)
Гэрч Э.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: “...бид нар тэндээс хөдлөөд А гэх нэртэй бааранд очиход хүнгүй байхаар нь гадаа машиндаа сууцгааж байгаад вискинээсээ нэг нэг хундага уучихаад тэндээсээ хөдлөөд Гранд кастел нэртэй баар руу явсан. Тэгээд тухайн бааранд ороод валинтинс нэртэй виски авцгааж бүжгийн талбайн хойд талд нь сууцгаачихаад нөгөө вискинээс уусан чинь хатуу амттай байхаар нь машинаас бугын зурагтай вискиг нууцаар оруулж байгаад ууцгаагаад тухайн вискиг ууж дуусгасан. Тэгээд баарнаас авсан вискиг уугаад талд нь орж байхад У бид нар хэтэрхий уучихсан байна аймгаас эрүүл жолооч дуудаж машинаа жолоодуулъя гээд хэсэг хүмүүс рүү залгасан боловч бүтэлгүйтсэн. Тэгээд баар хаах дөхөж байхад Г гараад машинаа халааж байхад бид нар араас нь 5 минут орчмын дараа гараад машиндаа сууцгааж хөдөлж яваад А баар руу орчихоод буцаж гараад явцгаахаар болж машиндаа суугаад явж байхдаа машиндаа ярилцахдаа буудал аваад хоночихоод явцгаах уу гэхэд Г “өглөө ээж, аав хоёр ажил амжуулна гэсэн явахгүй бол болохгүй” гээд аймаг руу хөдлөхөөр болж засмал ороод сумаас холгүй замын хажуу руу зогсоод хиам, талх ундаа зэргээ ууцгааж байхдаа талийгаач болон У, бид гурав замдаа нойр чинь хүрвэл зогсоод унтаарай гэхэд Г хиам талх идчихээд би одоо сэргэчихлээ, гоё болчихлоо гээд аймаг руу хөдлөөд явсан. Явж байх замдаа би унтчихсан юм. Гэнэт л нүд харанхуйлаад сэрсэн чинь би явган суучихсан амнаас цус гарчихсан би шүлсээ түй, түй гээд хаяж байснаа санаж байна. ... Тэгсэн чинь Г “Улмаа дүү чинь” гээд хашхирахаар нь У бид хоёр машиныг тойроод очиход талийгаачийн тал бие нь машины цонхоор гараад ирчихсэн, Г цээж хэсгийг нь өвөр дээрээ тавьчихсан ахын дүү сэр л дээ гээд байсан. Мөн У бид хоёр ч гэсэн сэр л дээ гэж орилсон. Тэгээд би Г руу уурлаад чи яачихваа, чи юу хийчихвээ гэхэд Г “би унтчихжээ пизда, пизда” гэж хэлсэн. Талийгаачийг харахад талийгаачийн чихнээс нөж цус гарчихсан, толгой хэсэг нь битүү цус болчихсон, ухаангүй, тэгэхдээ амьсгалтай байсан. Тухайн үед би шоконд ороод юу болсныг бас сайн санахгүй байгаа юм. ...миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй болохоор шинжээч томилуулж гэмтлийн зэргийг тогтоолгох шаардлага байхгүй. Надад ямар нэгэн санал хүсэлт гомдолтой зүйл байхгүй. Тухайн тээврийн хэрэгслийг Гоос өөр хүн жолоодоогүй” (хавтаст хэргийн 48-52 дахь тал)
Гэрч О.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: “...Гранд кастел баарны гаднаас хөдлөөд А баар руу очиход хүн бараг байхгүй байхаар нь буцаад гарцгааж хойшоо хөдлөөд Даланзадгад сум руу явдаг засмал зам руу ороод Цогтцэций сумаас бага зэрэг зайд гараад явж байхад талийгаач нөгөө талаасаа доогуур шилтэй вискиг барьчихсан энийг ууцгаах уу гэхэд бид нар уухгүй гэхэд цонхоор гаргаад шидчихсэн. Тэгээд цааш явж байгаад замын хажуу руу зогсоод Г за явцгаах уу гэхээр нь талийгаач Г, Д бид гурав унтчихаад явъя гэж хэлсэн. Талийгаач бид хоёр арын суудалд сууж байсан ба талийгаач жолоочийн арын суудалд, би жолоочийн эсрэг талын арын суудалд суучихаад бид хоёр гутлаа тайлаад хөлөө зөрүүлж жийгээд нуруугаараа хаалга налчихсан сууж байхдаа талийгаач машины тээшний хэсгээс 6 ширхэг пиво үлдсэн байна шүү дээ гээд гаргаж ирээд 1 ширхгийг нь миний өвдөг дээр тавьж байгаад задлаад уусан. Харин Г талх, хиам идээд, хажууд нь Д унтъя гэхэд нь би бас унтчихаад явъя гэж хэлэхэд талийгаач бас унтсан дээр юм биш үү гэхэд Г ээж, аав хоёр өглөө ажилтай явахгүй бол болохгүй гэхээр нь би ээж, аавыгаа таксигаар явчих гээд хэлчихгүй юу гэхэд Г манай ээж, аав такси барьдаггүй юмаа гээд талх, хиамаа идээд байсан. Тэгэхэд Д “за зүүрмэглэвэл шууд зогсоод унтаарай” гэж хэлж байсныг санаж байна. Тэгээд би унтчихсан байсан ба нойрон дунд хүн хашхирах шиг болоход нэг зүйл хар хур гээд дуугараад машины тааз хэсэгт дөрвөн хөллөчихсөн сэрсэн. Тэгээд би машинаас гарах гээд мөлхөж байсан санагдаж байна. Миний хөл даарах шиг болоод доошоо харсан чинь хөл нүцгэн, цасан дээр зогсчихсон, Д миний хажууд доошоо тонгойгоод явган суучихсан байсан. Тухайн үед миний ухаан санаа орон гаран болчихсон байсан бөгөөд яаж машинаас гутлаа авч өмссөнөө санахгүй байгаа юм. Тэгж байтал Г машины нөгөө талаас Улмаа гээд хашхирахаар нь очсон чинь Г талийгаачийн цээж хэсгийг тэвэрчихсэн миний дүү сэрээч дээ, сэр л дээ гээд хашхираад байсан. Тэгэхэд Д Г дээр очоод “чи яачихваа” гэхэд Г “унтчихжээ пизда” гэж байсан. Тэгээд би эмнэлэг рүү залгасан чинь андуураад цагдаагийн газар руу залгачихсан байсан ба миний өмнөөс амрыг эрье цагдаагийн газар байна гэхэд нь би “ахаа энд ойччихлоо, эмнэлэг аваад хүрээд ирээч” гэж хэлсэн санагдаад байна. ....Эмнэлэг дээр очоод талийгаачийг түргэн тусламжийн өрөө рүү авч ороод эмч нар гүйлдэж байгаад гэнэт гүйлдэхээ байчихаар нь эмч нараас асуухад ямар нэг зүйл хариулаагүй. Тэгж байтал нэг эмч гарч ирээд талийгаачийг нас барчихлаа гэж хэлсэн. Д бид хоёрын биед ямар нэгэн гэмтэл бэртэл учирсан зүйл огт байгаагүй. Бүр шалбарсан, хөхөрсөн газар ч байгаагүй. Харин Гын биед гэмтэл учирсан эсэхийг хэлж мэдэхгүй байна... Миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй болохоор шинжээч томилуулж гэмтлийн зэргийг тогтоолгох шаардлага байхгүй. Тухайн үед эмнэлэг дээр очоод яаралтай тусламжид үзүүлэхэд ямар ч гэмтэл байхгүй байна гэсэн. Надад ямар нэгэн санал хүсэлт гомдолтой зүйл байхгүй. Тээврийн хэрэгслийг Гоос өөр хүн жолоодоогүй” (хавтаст хэргийн 53-57 дахь тал)
Иргэний нэхэмжлэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: “Тус харилцагч маань манай байгууллагаас 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр автомашин авах зориулалтаар 18,900,000 төгрөгийг 36 сарын хугацаатай 1 сарын 2,9 хувийн хүүтэй зээлийг авсан. Тус өдөр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр ... машиныг манай өмчлөлд шилжүүлсэн. Тус гэрээгээр эд хөрөнгийн өмчлөл нь манай байгууллагын нэр дээр боловч зээлдэгч эзэмшиж ашигладаг. Зээлдэгч нь 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Иймд манай байгууллага иргэний нэхэмжлэгчээр оролцохоос татгалзаж байна. Мөн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр манай байгууллагаас “Авто тээврийн үндэсний төв”-д ... тээврийн хэрэгслийн өмчлөлийг иргэн Ч.Г-ийн нэр дээр шилжүүлж өгөх албан бичгийг гаргаж өгсөн.” (хавтаст хэргийн 218-219 дэх тал)
Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Манай ээжийн эзэмшлийн ... улсын дугаартай “Тоёота приус 30” загварын цагаан өнгийн тээврийн хэрэгсэл. Тухайн машиныг гэр бүлийн хэрэгцээнд бүгд унадаг машин байгаа юм. Гэм буруугаа хүлэн зөвшөөрч өөрийн болгоомжгүй үйлдлээс болж эрдэнэт хүний амь нас эрсэдсэнд үнэхээр харамсаж байна.” (хавтаст хэргийн 101-102 дахь тал)
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2024 ооны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “... улсын дугаартай “Toyota Prius xw-30” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7a “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”; гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан нь зохицуулагч, цагдаагийн дэслэгч А.Цэнгэлийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, оролцогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.” (хавтаст хэргийн 69-70 дахь тал)
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 29 дугаартай дүгнэлтэд: “Н.Г-ийн цогцост үзлэг шинжилгээгээр хуйхан доорх цус хуралт, гавлын орой болон суурь ясны хугарал, баруун талын хоншоор, хацар ясны хугарал, бага тархины аалзан хальс доорх цус харвалт, 2 уушгины эдийн няцрал, цус хуралт, дух, баруун зулай дахь язарсан шарх, дух, баруун завж, доод уруул, баруун чихний дэлбээний зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Н.Г-ийн цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн өвчин эмгэг тогтоогдсонгүй. Н.Г нь гавал-тархины гэмтлийн улмаас нас баржээ. Н.Г-ийн цусанд химийн шинжилгээгээр 1.4 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” (хавтаст хэргийн 93-95 дахь тал)
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-21 дэх тал)
Зам тээврийн ослын хэрэг дээр хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал)
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 86-87 дахь тал)
Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, хавсралт (хавтаст хэргийн 220-221 дэх тал)
Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн 20024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 224 дэх тал)
Хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтууд (хавтаст хэргийн 143-155 дахь тал)
Эвлэрлийн гэрээ (хавтаст хэргийн 245-246 дахь тал).
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Г-од холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Г-ын үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Мөрдөн байцаалтын шатанд оршуулах зан үйлтэй холбоотой зардалд шүүгдэгчээс 7,010,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Шүүхийн шатад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн 170,000,000 төгрөгийг харилцан тохиролцож 135,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлж эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Улсын яллагчийн зүгээс дээрх хохирол төлбөртэй холбоотой тусгайлан гаргах санал байхгүй тухай дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл нь энэ хэргийн улмаас манай үйлчлүүлэгчийн төрсөн дүүгийн амь нас хохирсон. Энэ гэр бүлийн хувьд хүний амь нас хохирч эргэж хэзээ ч нөхөгдөхгүй хохирол, хор уршиг учирсан. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг талийгаачийн насны байдлыг харгалзаж 170,940,000 төгрөг нэхэмжилсэн байсан. Шүүх хуралдааны явцад шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч харилцан тохиролцож эвлэрсний үндсэн дээр сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 135,000,000 төгрөгийг манай үйлчлүүлэгчийн зүгээс нэхэмжилж байгаа. Өмнө нь оршуулгын зан үйлтэй холбоотой хохирол төлбөрт 7,010,000 төгрөг, задлан шинжилгээний төлбөрт 80,000 төгрөг нийт 7,090,000 төгрөгийн хохирол төлбөр төлөгдсөн байгаа. Сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрт 135,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн. Шүүгдэгчийг хохирол төлбөрөө эвлэрсэн хугацаандаа ямар нэгэн шалтгаан тооцохгүй, маргаан үүсгэхгүй гэрээнийхээ үүргийг биелүүлээсэй гэж хүсэж байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн хувьд шүүгдэгч Б.Г нь өөрийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруутай болохыг хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт Торхой мэдүүлдэг. Өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн асуудал дээр тайлбар байхгүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэл байна гэж харж байна. ... Өөрийн болгоомжгүй үйлдлээс болж тус гэмт хэрэгт холбогдож үүний улмаас эрдэнэт хүний амь нас эрсэдсэн асуудалд үнэхээр харамсаж байна. Өөрөө ч харамсаж байгаагаа илэрхийлдэг. Тухайн гэмт хэрэг болсноос хойш өөрөө цочролд ороод итгэж чадахгүй, сэтгэл зүйн хувьд хүнд байдалтай байсан. Тэгээд учирсан хохирол төлбөрийг өөрийн боломжийн хэмжээгээр төлж барагдуулна гээд оршуулгын зардалтай холбоотой төлбөрийг өөрөө ажил хийж бүгдийг нь төлж барагдуулсан байгаа. Цаашид сэтгэцэд учирсан хохирол төлбөртэй холбоотой 135,000,000 төгрөгийг хугацаанд нь заавал төлж барагдуулна. Үүнээс наана төлж барагдуулах хугацаа гарах юм бол төлж барагдуулна гэдгээ хэлдэг. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн... гэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс сэтгэцэд учирсан хохирлын талаар Б.Г-той эвлэрч гэрээ байгуулсан, 135,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр болсон гэх, шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ гэмшиж байна, өмгөөлөгчтэйгөө санал нэг байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.Г нь 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн 8 дугаар багийн нутаг Даланзадгад, Мандалговь чиглэлийн улсын чанартай А0202 автозамын 03 дахь километрт ... улсын дугаартай “Тoyota Prius XW30” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7a-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын гэрэлтүүлгийн шон мөргөн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Н.Г-ийн амь нас хохирсон нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Год холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.С-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 31-40 дэх тал), иргэний нэхэмжлэгч Б.О-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 43-47 дахь тал), гэрч Э.Д-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 48-52 дахь тал), гэрч О.У-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-57 дахь тал), Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2024 ооны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 69-70 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 29 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 93-95 дахь тал), шүүгдэгч Б.Г-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 101-102 дахь тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-21 дэх тал), зам тээврийн ослын хэрэг дээр хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 86-87 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн үхлийн шалтгааныг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2024 ооны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “... улсын дугаартай “Toyota Prius xw-30” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7a Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан нь зохицуулагч, цагдаагийн дэслэгч А.Цэнгэлийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, оролцогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.” (хавтаст хэргийн 69-70 дахь тал) гэх заалтыг зөрчсөн болохыг тогтоосон тул шүүгдэгч Б.Г-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэлээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Б.Гын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөн үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.
Шүүгдэгч Б.Г-ын гэм буруутай үйлдлийн улмаас Н.Г нь гавал-тархины гэмтлийн улмаас нас барсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 29 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 93-95 дахь тал)-ээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн хэдий ч өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Г нь зам тээврийн ослыг санаатайгаар үйлдэж хүний амь нас хохироох санаа зорилгогүйгээр үйлдсэн гэж үзэхээр байна.
Өмнөговь аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн үйлдэл, холбогдол нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Г-ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.С, түүний өмгөөлөгч Б.Оюунтунгалаг нарын зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт талийгаачийн насны байдлыг харгалзан 170,940,000 төгрөг, оршуулгатай холбоотой зардалд 7,010,000 төгрөг, задлан шинжилгээний төлбөрт 80,000 төгрөг тус тус нэхэмжилсэн болно.
Шүүгдэгч Б.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оршуулгатай холбоотой төлбөрт 7,010,000 төгрөг, задлан шинжилгээний төлбөрт 80,000 төгрөг, нийт 7,090,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.С-д төлсөн болох нь талуудын гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 7,090,000 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн талууд хоорондоо 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Эвлэрлийн гэрээ” (хавтаст хэргийн 245-246 дахь тал) байгуулж, уг эвлэрлийн гэрээгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт нийт 135,000,000 төгрөгийг шүүгдэгчээс 3 жилийн хугацаанд хэсэгчлэн авахыг зөвшөөрсөн... шүүгдэгч нь сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөр 135,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаанд 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 45,000,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 45,000,000 төгрөг, 2027 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 45,000,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон байх тул шүүгдэгч Б.Г-оос сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 135,000,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.С-д олгохоор шийдвэрлэв.
Мөн иргэний нэхэмжлэгч Т.Б-ийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Зээлдэгч нь 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Иймд манай байгууллага иргэний нэхэмжлэгчээр оролцохоос татгалзаж байна...” (хавтаст хэргийн 218-219 дэх тал) гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг иргэний нэхэмжлэгч Т.Б-д төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэлийн хувьд ...шүүгдэгч ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлээд хохирол төлбөрийг төлөх боломжтой. Гэтэл энэ гэр бүлд учирсан хор уршгийг хэзээ ч арилгах боломжгүй. Тиймээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тусгайлан гаргах саналгүй. Хохирол, хор уршгийг хугацаанд нь төлөөсэй гэж хүсэж байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн зүгээс ...шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсвэл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах эсвэл хорих ял оногдуулахгүйгээр таван жил түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор заасан. Б.Г-ын холбогдсон хэргийн тухайд ялын санкцын хувьд арван жил түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг байгаа. Бодит учирсан хохирол төлбөрийг бүрэн төлсөн, хор уршгийг 3 жилийн хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлж байгаа учраас энэ нөхцөл байдлыг харгалзаад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохирол төлбөр нэхэмжлэх эрх, мөн шүүгдэгчийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангах үүднээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтүүдийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.С-ын зүгээс хэлэх зүйл байхгүй гэх, шүүгдэгч Б.Г нь хийсэн хэрэгтээ гэмшиж байна, өмгөөлөгчтэйгөө санал нэг байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Г-од эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Г-ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй эвлэрсэн зэргийг харгалзан хоёр төрлийн ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Мөн шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой гарсан төлбөрийг нөхөн төлүүлэх хуулиар олгосон эрхийг нь эдлүүлэх боломжоор хангахад чухал ач холбогдолтой гэж үзэв.
Шүүгдэгч Б.Г-ыг зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Г-ын барилгын туслах ажилтнаар ажилладаг хувийн байдал, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 135,000,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн нөхцөл байдлуудыг тус тус харгалзан, шүүгдэгчийг ажил хөдөлмөр эрхлэх боломжоор нь хангаж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Торхой сум зааж хязгаарлахгүйгээр Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээр тогтоож шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.С-д 7,090,000 (долоон сая ерэн мянга) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Б-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Г-ыг зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Г-оос сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 135,000,000 (нэг зуун гучин таван сая) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.С-д олгосугай.
7. Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.С-д 7,090,000 (долоон сая ерэн мянга) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Г-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ