| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2018/00395/и |
| Дугаар | 183/ШШ2018/000614 |
| Огноо | 2018-03-16 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 183/ШШ2018/000614
| 2018 оны 03 сарын 16 өдөр | Дугаар 183/ШШ2018/00614 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .. тоотод оршин суух, Ч.Ц/.../-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ... өөрийн байр, Д::: ХХК /РД:2:::/-д холбогдох
Дутуу авсан цалин болон амралт, ажилгүйдлийн тэтгэмжийн нийт 6 128 620 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.С..., хариуцагчийн төлөөлөгч Б.Ц..., нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
Нэхэмжлэлийг 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Ц нь Д ХХК-д 2016 оны 3-р сараас эхлэн маркетингийн менежер албан тушаалд томилогдон ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын өдөр тутмын ёс суртахуунгүй харилцаа, байнгын дарамт шахалтаас болж хэвийн хөдөлмөрлөж чадахгүйд хүрч аргагүй байдалд орж өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө 2017 оны 7 сарын 24-ний өдөр бичгээр гаргасан. Д ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43-р зүйлийн 43.3-т зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр ажлаас гарсан өдөр өгөх үүрэгтэй гэж заасан үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй болно. Иймд 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс 24-ний өдөр хүртэл нийт ажилласан 15 хоногийн цалин 575 000 төгрөг, 2017 оны 7 сарын 24-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх хугацаа буюу 2018 оны 1 сарын 19-ний өдрийг хүртэл ажилгүй байсан нийт 124 хоногийн цалин хөосө 4 723 209 төгрөг, амралтын олговор 394 811 төгрөг, ажил олгогчийн буруутайгаас ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй тэтгэмж 435 000 төгрөг, нийт 6 128 620 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт 8,9,10,11,12,1 саруудал нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү. Ч.Ц нь 2017 оны 7 сарын 24-ний өдрөөс хойш ажлаа хийгээгүй боловч ажил олгогч нь тушаал шийдвэрээ гаргаж, бүх бичиг баримтыг нь өгөх үүргээ биелүүлээгүй гэдгийг хэлмээр байна гэв.
Хариуцагч Д ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж, хариуцагчийн төлөөлөгч Б.Цэцэгмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Ц нь Д ХХК-д 2016 оны 03 сарын 14-ний өдрөөс 2017 оны 07 сарын 24-ний өдөр хүртэл марктингийн менежерын албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Д ХХК нь бэлэн хувцас, гутлын дэлгүүртэй бөгөөд тэр гутлын дэлгүүрийг марктингийн менежер нь хариуцаж, гутал болон бусад барааны захиалгыг хариуцаж ажилладаг. Нэхэмжлэгч Ч.Ц нь энэ гутлын дэлгүүрийг хариуцаж ажиллах хугацаандаа Герман улсаас Lowa брэндийн гутлын захиалгыг хийхдээ нийт 342 ширхэг гутлын захиалгыг буруу хийсэн. Үүнтэй холбогдон манай компанид 79 084 087,94 төгрөгийн хохирол учирсан. Энэ талаар Д ХХК нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэргийг хэрэгсэхгүй захирамж гаргасан. Учир нь бид хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тодруулах зүйл байна гэж нэхэмжлэлээ татан авсан. Түүнээс биш нэхэмжлэлийг шийдвэрлэсэн асуудал биш. Бид нар санхүүгийн зарим асуудлыг тодруулаад эргэн нэхэмжлэл гаргана гэсэн. Ийм асуудал болсон учир Ч.Ц т Д ХХК-ийн ерөнхий захирал энд гаргасан алдаагаа залруул, гутлаа худалдан борлуул гэсэн чиг үүрэг өгсөн боловч Ч.Ц нь 2017 оны 7 сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд түүнээс хойш ажилдаа ирээгүй, албан ёсоор ажлаа ч хүлээлгэн өгөөгүй. Энэ нь Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасныг зөрчсөн үйлдэл болсон. Уг журамд зааснаар ажилтан нь ажлаа хүлээлгэн өгч, тойрох хуудсаар тооцоо нийлээд нийлсэнийхээ дараа цалин хөлс болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал гэх мэт бусад бичиг баримтыг хүлээлгэж өгөх журмыг Ч.Ц зөрчсөн, ажлаа хаяж явсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Манай компани Ч.Ц т Д ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Ууганбаатарын албан тоотыг мессенжер хаяг руу нь явуулсан. Үүнийг Ч.Ц уншсан бөгөөд ажлаа хий гэж байгаа юм уу, ажлаа хүлээлгэж өг гэж байгаа юм уу гэсэн хариу бичсэн байдаг. Энэ мессенжер чатад үзлэг хийлгэж, хэрэгт авагдсан байгаа. Мөн 2017 оны 8 сарын 25-ны өдөр 17-20 дугаар гүйцэтгэх захирлын тушаал гарч Ч.Ц ыг өөрийн хүсэлтээр нь ажлаас чөлөөлсөн. Энэ бүхнээс үзэхэд Ч.Ц ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл бүхий биш, үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ц нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс 24-ний өдөр хүртэл нийт ажилласан 15 хоногийн дутуу авсан цалин 575 000 төгрөг, 2017 оны 7 сарын 24-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх хугацааны буюу 2018 оны 1 сарын 19-ний өдрийг хүртэл ажилгүй байсан нийт 124 хоногийн цалин, хөлс 4 723 209 төгрөг, амралтын олговор 394 811 төгрөг, ажил олгогчийн буруутайгаас ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй тул ажилгүйдлийн тэтгэмж 435 000 төгрөг, нийт 6 128 620 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт 8,9,10,11,12,1 саруудын нөхөн бичилт хийлгэхийг даалгуулахаар шаарджээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ч.Ц нь Д ХХК гүйцэтгэх захирлын 2016 оны 3 сарын 29-ний өдрийн 563 тоот тушаалаар Маркетингийн менежер албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2017 оны 7 сарын 24-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргаж, уг ажилд дахин ажиллаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Зохигчид уг асуудлаар маргаангүй байна. /хх-ийн 18, 31-33/
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...гүйцэтгэх захирлын өдөр тутмын ёс суртахуунгүй харилцаа, байнгын дарамт шахалтаас болж хэвийн хөдөлмөрлөж чадахгүйд хүрч аргагүй байдалд орж өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө 2017 оны 7 сарын 24-ний өдөр бичгээр гаргасан. Д ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43-р зүйлийн 43.3-т зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр ажлаас гарсан өдөр өгөх үүрэгтэй гэж заасан үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй болно.” гэж тайлбарлан, хэрэгт нотлох баримтаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг ирүүлсэн байна.
Хариуцагч тал “... Ч.Ц нь 2017 оны 07 сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд түүнээс хойш ажилдаа ирээгүй, албан ёсоор ажлаа ч хүлээлгэн өгөөгүй. Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд зааснаар “ажилтан нь ажлаа хүлээлгэн өгч, тойрох хуудсаар тооцоо нийлээд нийлсэнийхээ дараа цалин хөлс болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал гэх мэт бусад бичиг баримтыг хүлээлгэж өгөх ёстой байдаг” энэ журмыг Ч.Ц зөрчсөн, ажлаа хаяж явсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэх тайлбарыг гаргаж, хэрэгт нотлох баримтаар ажилд авсан тушаал, ажлаас чөлөөлсөн тушаал, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам зөрчил арилгуулах тухай албан тоот зэргийг ирүүлжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “...ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно.” гэж заасан байх ба нэхэмжлэгч Ч.Ц нь 2017 оны 7 сарын 24-ний өдрөөс хойш ажлаа орхиж явсныг мөн өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан гэж үзэхээр байна.
Түүнчлэн хариуцагч Д ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 8 сарын 25-ны өдрийн 17-20 дугаар тушаалаар Ч.Ц ыг ажлаас чөлөөлсөн байх ба уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг зөрчөөгүй байна. /хх-ийн 43/
Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгчийн 2017 оны 7 сарын 24-ний өдрөөс хойш 2018 оны 1 сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны нийт 124 хоногийн цалин, хөлс 4 723 209 төгрөг гаргуулна гэсэн нь үндэслэлгүй байна.
Харин хариуцагч Д ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43-р зүйлийн 43.3-т зааснаар “ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, ... халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй” гэснийг зөрчиж, Ч.Ц ыг ажлаа хүлээлгэж өгөөгүй шалтгаанаар дээрх үүргээ биелүүлээгүй буруутай байна.
Тодруулбал, ажил олгогч нь ажилтанд ажилласан хугацаанд нь тохирсон цалин хөлсийг, түүнчлэн ажилласан хугацааны ээлжийн амралтын олговрыг тооцож, энэ тухай тушаал шийдвэртээ тусгах нь хуульд нийцэх бөгөөд Ч.Ц нь 2017 оны 7 сард ажилласан хугацааны цалин болон тухайн жилийн ажилласан сардаа ногдох ээлжийн амралтын олговрыг шаардах эрхтэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагыг холбогдох бичиг баримтыг, тушаал шийдвэрийг хуульд зааснаар хүлээлгэж өгөөгүйгээс хуулиар авах ёстой ажилгүйдлийн тэтгэмжийн 435 000 төгрөгийг авч чадаагүй тул хариуцагч Д ХХК-иас гаргуулна гэсэн нь үндэслэлтэй байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйл, 16 дугаар зүйлдэд даатгалын шимтгэл төлөх журам болон нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах эрхийг, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйл, 10 дугаар зүйлдүүдэд ажилгүйдлийн тэтгэмж тогтоолгох хугацаа болон шаардагдах баримт бичиг зэргийг тус тус заасан байх бөгөөд уг баримт бичгийг бүрдүүлж өгөх ажиллагаанд хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байна.
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс 24-ний өдөр хүртэл нийт ажилласан 15 хоногийн дутуу авсан цалин 575 000 төгрөг, амралтын олговор 394 811 төгрөг, ажил олгогчийн буруутайгаас ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй тэтгэмж 435 000 төгрөг, нийт 1 404 811 төгрөгийг хангаж, үлдэх 4 723 809 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Мөн нэхэмжлэгчийн тодорхой үнийн дүн бүхий нэхэмжлэлийн шаардлагуудыг хариуцагч үндэслэлгүй гэж маргаагүй тул нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт болон нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа бодож ирүүлсэн тооцоог үндэслэснийг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн нэхэмжлэгч Ч.Ц нь уг маргаан бүхий нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 11 сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн шүүхэд гаргасныг шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан байх ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааг хэтрүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.3, 55 дугаар зүйлийн 55.1 хэсэгт заасныг баримтлан Д ХХК-иас 1 404 811 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Ц т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 4 723 809 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Ц т нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр бичилт хийж, хүлээлгэх өгөхийг Д ХХК-д даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 113 030 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч Ч.Ц т олгож, хариуцагч Д ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 37 427 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ