| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2018/00401 |
| Дугаар | 183/ШШ2018/00607 |
| Огноо | 2018-03-15 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 183/ШШ2018/00607
| 2018 оны 03 сарын 15 өдөр | Дугаар 183/ШШ2018/00607 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, П.Т нэхэмжлэлтэй
Хариуцагч: ... У ТӨХК-д холбогдох
Цалингийн зөрүү 553 273 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 сарын 12-ны өдрийн 1373 дугаар шийдвэрээр гүйцэтгэх захирлын 2017 оны Б/135 дугаар тушаалыг хүчингүй болгож НТТ-ийн ашиглалт засварын хэсгийн ахлагчийн албан тушаалд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн. Миний бие ажлаа хүлээж аваад албан тушаал буурсан хугацааны цалинг олгож өгнө үү гэсэн үндэслэлээр У ТӨХК-ийн гүйцэтгэх захиралд өргөдөл гаргаж хандсан боловч 2017 оны 11 сарын 14-ний өдөр компанийн хуулийн зөвлөх амаар таны гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгч шийдвэрлэж өгөөгүй тул шүүхэд хандаж байна. У ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 3 сарын 09-ний өдрийн Б/135 тоот тушаалаар Налайх түгээх төвийн ашиглалт засварын хэсгийн инженер болж албан тушаал буурсан ба энэ үед миний албан тушаалын цалин 893 010 төгрөг, 2017 оны 5 сард гүйцэтгэх захирлын тушаал гарч цалин 847 660 төгрөг болж буурсан. 2017 оны 7 сард гүйцэтгэх захирлын тушаал гарч нийт ажилчдын цалинг 10 хувиар нэмж цалин 932 430 төгрөг болсон. Ингээд 2017 оны 10 сард гүйцэтгэх захирлын тушаал гарч хуучин албан тушаалд томилсон. Энэ үед цалин 976 450 төгрөг болсон бөгөөд энэ хугацааны зөрүү цалин болох 553 273 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Т нь хариуцагч У ТӨХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр албан тушаал буурсан хугацааны цалингийн зөрүү 553 273 төгрөг гаргуулахаар шаардсныг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч П.Т нь У ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/135 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр У ТӨХК-ийн Налайх түгээх төвийн ашиглалт, засварын хэсгийн ахлагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож У ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 сарын 10-ны өдрийн Б/500 дугаар тушаалаар Налайх түгээх төвийн Ашиглалт, засварын хэсгийн ахлагчаар ажиллуулсан байна. Зохигчид уг асуудлаар маргаангүй байна. /хх-ийн 7, 22-24/
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...ажилтныг ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон бол...урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ...хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж заасан байна.
Нэхэмжлэгч П.Т нь 2017 оны 3 сараас 2017 оны 10 сарын 10-ны өдрийг хүртэл албан тушаал бууран ажиллахдаа урьд авч байсан цалин хөлснөөсөө 553 273 төгрөгөөр бага цалин авч байсан нь хавтаст хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, У ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б/500 дугаар тушаал, нэхэмжлэгчийн цалингийн түүврийн тооцоолол зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч У ТӨХК-ийн төлөөлөгч Н.Төрболд нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар ямар нэг тайлбар ирүүлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг эсэргүүцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Түүнчлэн 2018 оны 3 сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгч Н.Төрболдод мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч У ТӨХК-иас цалингийн зөрүү 553 273 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Т т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 248 төрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 17 248 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Т т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ