| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2024/1309/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1311 |
| Огноо | 2024-11-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1311
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундрам, улсын яллагч Н.Анхбаяр, шүүгдэгч Т.Х нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408 00000 1493 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овгийн Т.Х, ** оны** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хүрээлэн буй орчны инженер мэргэжилтэй, *** оператор ажилтай, ам бүл найм, эхнэр, зургаан хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 хороо, Бага Нарангийн *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар:**, урьд:
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Т.Х нь 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, ** дугаар гудамжны ** тоотод О.М-ыг үл ялих шалтгаанаар биед нь халдаж, түүнд “хамар ясны хянга, баруун хажуу хананы цөмөрсөн нийлмэл хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт зулгаралт, хамар, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Б овгийн Т.Х нь 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, ** дугаар гудамжны ** тоотод О.М-ыг үл ялих шалтгаанаар биед нь халдаж, бие махбодод нь “хамар ясны хянга, баруун хажуу хананы цөмөрсөн нийлмэл хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт зулгаралт, хамар, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Тухайлбал, хохирогч О.М-ын...”...2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 17 цагийн үед ажлаа тарчхаад ажлынхаа Г, Е нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 15 дугаар гудамжны сааданд сууж байгаад 0.75 литрийн хэмжээтэй хоёр шил архи хувааж уусан...би оронгуутаа Х-ээс мэнд мэдсэн. Х “Е та хоёр архи уусан юм уу” гэхээр нь “тэгсэн, бид гурав маргааш амрах юм байна гээд ганц шил архи уусан юм” гэж хэлтэл Х “би тэд нараас чинь өөр хүн шүү” гэж хэлээд босож ирээд баруун гараа атгаж байгаад миний зүүн шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд би доошоо тонгойсон чинь зүүн гараараа хамар хэсэг рүү хоёр удаа цохиод миний хамрыг чихчихсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6-12 дахь тал)
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 12563 дугаартай: ”...О.М-ын биед хамар ясны хянга, баруун хажуу хананы цөмөрсөн нийлмэл хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт зулгаралт, хамар, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал)
-Гэрч Н.Н-ийн: "... Х, М хоёр маргалдаад М, Х-с “чи хэдэн оных юм, би чамайг заавал ахаа гэж дуудах ёстой юу” гээд байсан. Тэгтэл Х босож ирээд М-ыг нэг удаа цохихоор нь би цаанаас нь босож ирээд хүүе болиоч гээд салгахын хооронд дахиад нэг цохисон...”гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал)
-Гэрч Э.Е-н: ”...манай найз өнхтулга, таньдаг эгч Н, найз Х, найзын эхнэр С бид нар юм яриад сууж байгаад найзын эхнэр С бид хоёр гарч тамхилаад байж байтал байшин дотроос М гарч ирээд “Х намайг цохичихлоо гэж хэлсэн”...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Т.Х нь мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”... М намайг архиа задлаад тойруулчих гэхээр нь би үгүй чи өөрөө хий гэж хэлсэн. ...М чи хэдэн оных юм бэ гээд дуугаа өндөрсгөөд байхаар нь би “би тэр хүмүүсээс чинь өөр хүн шүү” гэж хэлээд баруун гараараа нэг удаа алгадсан, дахин зүүн гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохисон...М нүүрээ дараад гараад явахаар нь араас нь гарахад хамраас нь цус гарсан байсан...” гэж (хавтаст хэргийн 48-49 дэх тал) гэж мэдүүлсэн байх ба шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байсан болно.
|
|
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Т.Х нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 12563 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Т.Х-н үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч О.М-н эрх чөлөөнд халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.Х-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч О.М нь эмчилгээний зардалд 1,500,000 төгрөг авсан, сэтгэцийн гэм хорыг нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Т.Х-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд тусгах нь зүйн хэрэг.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч: “...Шүүгдэгч Д.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх буюу 900,000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” гэв.
Шүүгдэгч: “...Торгуулийн ялын хэмжээг багасгаж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Д.Х нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 52 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 55-56 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 60 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 61 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 62 дахь тал), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 71 дэх тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 72 дахь тал), шүүгдэгчийн орлогын тодорхойлсон Хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 75-82 дахь тал), оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 59 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг үнэлэв.
Анхан шатны шүүх улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Т.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-г есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу есөн зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангах ач холбогдолтой гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Х нь шүүхээс тогтоосон гурван сарын хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих хууль зүйн үр дагавартайг тогтоох хэсэгт тусгайлан санууллаа.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Х нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогчид 1,500,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Б овгийн Т.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-г есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу есөн зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-д оногдуулсан есөн зуун мянган төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Х-д сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Х нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогчид 1,500,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА