Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 14

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Одхүү даргалж,

Улсын яллагч: Б.Батсайхан

            Шүүгдэгч: Д.Идэрмаа

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Энхбаяр

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Лхамсүрэн нарыг оролцуулан  нээлттэй хийж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Шийрэв барчин овогт Доржзодовын Идэрмаад /РД:АР78031616/ холбогдох эрүүгийн 201603000264 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хэлэлцэхэд

           

Монгол Улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд өмнө нь Архангай аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 138 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох ялаар, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгосон, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэргийг хэрэгсэхгүй болгосон, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн, Шийрэв барчин овогт Доржзодовын Идэрмаа /РД:АР78031616/,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтээр/

 

Яллагдагч Д.Идэрмаа нь Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон ба ялтай байхдаа эрүүгийн 201503000537 дугаартай хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад давтан үйлдлээр 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шунахайн сэдэлтээр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт баг, Өлзийт хорооллын 12-17 тоотод оршин суух хохирогч Л.Жаргалын байшинд нэвтэрч Тоз-8 маркийн Калибр бууг хулгайлан авч 200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

             201503000578 дугаартай хэргээс мөрдөн байцаалтын үед:

 

Хохирогч Л.Жаргалын өгсөн:

 

Би 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 16-17 цагийн үед өөрийн гэртээ цэвэрлэгээ хийж байгаад авдраа онгойлгож хартал авдрын ёроол хэсэгт байсан тоз-8 маркийн калибр буу алга болж хулгайд алдагдсан байсан болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан юм аа. Талийгаач нөхрийн маань төрсөн ах Баянмөнх манайд байсан болохоор өдрийн цагт нь байшингаа гараар татаж онгойлгодог цоожоор цоожилдог бөгөөд буу байсан авдраа монгол цоожоор цоожилдог байсан ба оройн цагаар авдрын цоожоороо байшингаа цоожилдог байсан, ба буу байсан авдрын цоожны цүү хугарсан, онгорхой байсантай адил байсан. Манай байшингийн хаалга, авдрын цүү онгорхой байсан гэдгийг сайн мэддэг хүн л орж хулгай хийсэн гэж бодож байгаа. Би одоо хэнийг авсан гэх билээ ямар авсныг нь харсан биш. Гэхдээ надад нэг сэжиг байсан. Учир нь Идэрмаа гэх залуу манайд орж ирэн талийгаачийн бууг надаас асууж байсан. Мөн манайд хонох гээд байхаар нь хөөгөөд яваагүй хоноод явсан болохоор Идэрмааг сэжиглэж байсан. Би буугаа 250.000 мянган төгрөгөөр үнэлсэн. Сумын үнэлгээний комиссын үнэлсэн үнэлгээнд маргах асуудал байхгүй. Хулгайд алдсан тоз-8 маркийн калибр буу талийгаач нөхрийн маань буу. Өнгөрсөн намар буундаа бичиг баримт хөөцөлдөж бичиг баримтаа авч чадалгүй өвчний улмаас болж нас барсан. Одоо тоз-8 маркийн калибр буу миний эзэмшлийн буу байгаа юм аа. Манай нөхрийн төрсөн ах Баянмөнх бид хоёроос өөр хүн мэдэхгүй бөгөөд буугаа хулгайд алдсан талаар Баянмөнх ах бид хоёроос өөр хүн мэдэхгүй. Би хулгайд алдсан буугаа олж авсан болохоор одоо гомдол санал байхгүй...хулгайд алдсанаа мэдэхийн 5, 6 орчим хоногийн өмнөхөн л авдарт байж байсан санагдаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 31-33,86 хуудас/

 

Гэрч Н.Ганчимэгийн өгсөн:

 

2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 15-16 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн Өнөр хороолол 15-01 тоотод байдаг өөрийн хүнсний дэлгүүртээ иргэдэд худалдаа үйлчилгээ хийж байхад Алтанхуяг гэх хүн халамцуу гэмээр орж ирэн ахдаа нэг сайра загас өгчих гээд гуйгаад байхаар нь нутгийн хүн байна даа гэж бодоод нэг сайра загас өгч явуулсан. Удалгүй Алтанхуяг, Идэрмаа гэх хүнтэй хоёулаа халамцуу орж ирээд ахдаа нэг тамхи өгчих гээд гуйгаад байхаар нь нэг хайрцаг тамхи өгсөн. Тэгтэл Алтанхуяг гэх хүн ах нь хөдөө тарваганд яваад ирсэн, гадуур согтуу буу үүрч яваад яахав танайд орхиод хэд хоногоос ирж авъя гээд байхаар нь бууг авч үлдсэн. Алтанхуяг, Идэрмаа гэх хүнтэй орж ирээд буугаа үлдээгээд хэд хоногоос авъя гэхээр нь би хулгайх биш биз дээ гэж асуухад хулгайн буу биш ээ гэж хэлэхээр нь авч үлдсэн. Идэрмаатай хамт орж ирэх үед надад хар төрж байсан. Хулгайн буу байсан талаар мэдээгүй. Идэрмаа гэх хүнийг танина мэднэ. Идэрмаа бол лам хүн бөгөөд архи их уудаг, урд өмнө хулгайн хэрэгт холбогдож байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуудас/

 

Гэрч Б.Алтанхуягийн өгсөн:

 

2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-уул багийн Сүүл толгойн шанд гэх газраас сумын төв орсон чинь Идэрмаатай гудамжинд таарсан. Идэрмаа тухайн үед мөнгөний хэрэгтэй байна. Надад тоз-8 маркийн калибр буу байгаа би танд бензин хийж өгье хоёулаа таны мотоциклиор нэг тийш тарваганд яваад ирэх үү гэж миний мотоцикльд 10.000 төгрөгөнд шатахуун хийгээд явна гэж байгаад тэр өдрөө архи уугаад явж чадаагүй. Би ч маргааш нь хөдөө гэрлүүгээ яваад 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр сумын төв орж ирээд Идэрмаатай уулзсанд хөдөө айлд очих зуур ганц нэг тарвага сахина гээд гэрээсээ тоз-8 маркийн калибр бууг дээлэнд ороож гарч ирсэн. Бид хоёр цугтаа сумын төвөөс дээш Олон овоо гэх газар хүртэл явсан чинь мотоцикль нэг л явахгүй хүч алдаад байхаар нь эргээд сумын төв рүү ороод хамт архи уусан. Тухайн өдрөө Ганчимэгийн дэлгүүрт орж архи уучхаад буу үүрч яваад яахав гээд тамхи, сайра загасанд буугаад тавиад дараа хэд хоногоос ирж авъя гэж хэлээд үлдээсэн. Идэрмаа надад янз бүрийн юм яриагүй. Би өөрийнх нь буу гэж бодсон. Хулгайн буу байсан гэдгийг нь мэдээгүй. Бор хүрэн өнгийн модон хуйтай, 250 харааны тусгалтай, хар эрээн цоохор оосортой тоз-8 маркийн калибр буу байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуудас/

 

Гэрч Г.Дашжамцийн өгсөн:

 

Би 2016 оны 06 дугаар 20-ны өдөр Тоз-8 маркийн бууны үнэлгээг гаргахдаа хохирогч Л.Жаргалын өөрийн үнэлгээ болон сум орон нутгийн эд зүйлийн үнэлгээний комиссын гишүүдтэй ярилцаж, сум орон нутгийн дундаж ханш үнэлгээгээр тогтоон гаргасан бөгөөд үнэлгээ үнэн зөв бодитой юм аа... гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуудас/

 

Гэрч Д.Ичинхоролын өгсөн:

 

Л.Жаргалын нь тоз-8 маркийн калибр бууны үнэлгээг өөрөө 250.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд тус сумын үнэлгээний комиссын гишүүдтэй ярилцаж сум орон нутгийн дундаж үнэлгээгээр бодож үнэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуудас/     

 

Гэрч Н.Лхагвадоржийн өгсөн:

 

2016 оны 06 дугаар 20-ны өдөр Тоз-8 маркийн калибр бууны эд зүйлийн үнэлгээг гаргах даа хохирогч Л.Жаргалын өөрийн үнэлгээ болон сум орон нутгийн эд зүйлийн үнэлгээний комиссын гишүүдтэй ярилцаж, сум орон нутгийн дундаж ханш үнэлгээгээр тогтоон гаргасан... гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 хуудас/

 

Гэрч Ж.Баянмөнхийн өгсөн:

 

2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр манай бэр Л.Жаргал надад хэлэх дээ авдар дотор байсан нөхрийн маань буу алга болж хулгайд алдагдсан байна гэж хэлэхэд мэдсэн. Талийгаач дүүгийн маань буу бор хүрэн өнгийн модон хуйтай, 250 харааны тусгалтай, хар эрээн цоохор оосортой тоз-8 маркийн калибр буу байсан. Би бэр дүү Л.Жаргалтай хамт одоохондоо амьдарч байгаа. Буу авдарт байсан талаар мэдэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуудас/

 

Гэрч С.Уламдэлгэрийн өгсөн:

 

Л.Жаргалын хулгайд алдагдсан тоз-8 маркийн калибр бууны талаар сайн мэдэх бөгөөд Л.Жаргалын талийгаач нөхөр нь манай ээжийн төрсөн нь дүү байсан бөгөөд дээрхи хулгайд алдагдсан тоз-8 маркийн буу нь 250 харааны тусгалтай, 1952 онд үйлдвэрлэгдсэн гэж санагдаж байх бөгөөд буудлага хийхэд маш сайн онодог, бууны бянт нь тасарч гэмтсэн зүйлгүй байсан. Би Л.Жаргалын хулгайд алдсан тоз-8 маркийн калибр буугаар буудлага хийж байсан гурав жацуу харж бууддаг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 хуудас/

            Гэрч Б.Алтанхуягийн өгсөн:

 

            Л.Жаргалын хулгайд алдагдсан тоз-8 маркийн калибр бууг мэднэ. 2015 оны 05, 06 сарын эхэн үед Л.Жаргалын талийгаач нөхөр болох Барамсай нь өөрийнхөө 250 харааны тоз-8 маркийн калибр буундаа галт зэвсгийн гэрчилгээ авахад, бүрдүүлэх материалыг бүрдүүлж бүртгүүлэхээр тоз-8 маркийн буугаа авч ирэхэд нь шалгаж үзэхэд маш сайн өнгө үзэмж сайтай бууны бянт нь тасраагүй байсан. Бууныхаа бичиг баримтыг авахад бүрдүүлэх бууны гол төмрийн зураг, замгийн зураг, их биеийн фото зураг, 2 хувь цээж зураг, 3 удаа буудлага үйлдэж үзсэн бууны сумны хошуу, хонгио, өргөдөл материал, эмчийн тодорхойлолт, тэмдэгтийн хураамж зэргийг бүрдүүлж ирэх талаар зөвлөгөө өгч байсан бөгөөд тэдгээр материалуудыг бүрдүүлж чадалгүй биеийн байдал нь тааруу явсаар нэг сонсоход нас барсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 хуудас/

 

            Яллагдагч Д.Идэрмаагийн өгсөн:

            2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр би Эрдэнэмандал суманд Барамсай гуайн гэрт байж ном уншиж өгсөн юм. Тэр үед Барамсай гуайн надад хэлэхдээ би элэгний өвчтэй болчихсон. Надад мөнгөний хэрэг байна. Чи надад 50.000 төгрөг өгөөд миний бууг аваад яв гэж хэлсэн. Би бууг нь гэртэй аваачиж тавиад өөрт байсан мөнгөө Барамсай гуайд өгсөн. Тэр үед би Эрдэнэмандал суманд гэртээ ганцаараа байсан. Би Барамсай гуайгаас бууг нь авахдаа та эхнэр хүүхдүүдээ буу зарснаа хэлэхгүй юм уу гэж асуутал Барамсай гуай би буугаа чамд өгсөн гэдгээ одоо хэлэхгүй. Дараа нь төрсөн ахдаа хэлчихнэ гэж хэлж байсан. Тэгэхэд 2016 оны 02 сард цагаан сарын дараахан Барамсай гуай нас барчихсан байсан. Барамсай гуай буугаа надад өгсөн гэдгээ төрсөн ах Баянмөнхөд хэлсэн байх гэж бодож байна. Тухайн үед би хулгайн хэрэг хийчихсэн аймгийн төвд шалгагдаж байсан бөгөөд буугаа зарж чадахгүй байлгаж байгаад 2016 оны 06 сард гэрээсээ авч ирээд архи, пивонд тавьж Алгаа ахаар архи, пиво тамхи авахуулж Алгаа ахтай хувааж уусан. Тэгээд маргааш өдөр нь сумын цагдаа ирээд буу дэлгүүрт тавьсан байна гээд асуухаар нь нөгөө буугаа тавьсан дэлгүүрээ зааж өгсөн. Би тэр бууг Барамсай гуайн эхнэр Жаргалд цагдаагийн байгууллагаар дамжуулан өгч үнэн зөвөө хэлж уучлалт гуйсан. Нэрийг нь сайн мэдэхгүй байна. Хөдөөний хүмүүс калибр гэж нэрлэдэг буу байсан 250 метр хараатай, хуучин, бянт нь тасарсан буу байсан. Талийгаач Барамсай надад буугаа өгөхдөө бянт нь тасарсан гэж хэлж байсан. Би өвчтэй хүнд мөнгөний хэрэгтэй гээд байхаар нь бууг нь 50.000 төгрөгөөр авчихсан юм. Миний толгой гэмтсэн байх үед Эрдэнэмандал сумын хэсгийн төлөөлөгч надаас тайлбар мэдүүлэг авсан. Би тухайн үед юу ярьж мэдүүлснээ санахгүй байна. Би үнэн зөвөө ярьж байна. Хохирогч Жаргал болон талийгаачийн ах Баянмөнх  нар худал мэдүүлж байгаа гэж бодож байна. Би Жаргалын гэрт хаяа очиж хонодог. 2016 оны 06 сарын 14-ний үед би Жаргалын гэрт хоносон гэхдээ талийгаачийн бууны талаар огт асуугаагүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 62-64 хуудас/

           

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5  хуудас/, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9, 12-13, 17, 180-187 хуудас/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11, 16 хуудас/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 53 хуудас/, Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 151/003968 тоот лавлагаа /хх-ийн 66 хуудас/, шүүгдэгч Д.Идэрмаагийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68-69хуудас/,  Архангай аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээч С.Чулуунпүрэвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 174-179/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Л.Жаргалын мэдүүлэг /хх-ийн 31-33 хуудас/, гэрч Н.Ганчимэгийн мэдүүлэг /хх-ийн 35-36 хуудас/, гэрч Б.Алтанхуягийн мэдүүлэг /хх-ийн 37-38 хуудас/, гэрч Г.Дашжамцийн мэдүүлэг /хх-ийн 40-41 хуудас/, гэрч Д.Ичинхоролын мэдүүлэг /хх-ийн 41-42 хуудас/, гэрч Н.Лхагвадоржийн мэдүүлэг /хх-ийн 43-44 хуудас/, гэрч Ж.Баянмөнхийн мэдүүлэг /хх-ийн 45-46 хуудас/, гэрч С.Уламдэлгэрийн мэдүүлэг /хх-ийн 47-48 хуудас/, гэрч Б.Алтанхуягийн мэдүүлэг /хх-ийн 51-52 хуудас/, яллагдагч Д.Идэрмаагийн мэдүүлэг /хх-ийн 62-64 хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5  хуудас/, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9, 12-13, 17, 180-187 хуудас/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11, 16 хуудас/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 53 хуудас/, Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 151/003968 тоот лавлагаа /хх-ийн 66 хуудас/, шүүгдэгч Д.Идэрмаагийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68-69хуудас/, Архангай аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээч С.Чулуунпүрэвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 174-179/ зэрэг нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч Д.Идэрмаа нь 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт баг, Өлзийт хорооллын 12-17 тоотод оршин суух хохирогч Л.Жаргалын гэрээс Тоз-8 маркийн Калибр бууг хулгайлан авч 200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд мөн шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын үед мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Прокуророос шүүгдэгч Д.Идэрмааг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч хохирогч Л.Жаргалын ..Идэрмаа гэх залуу манайд орж ирэн талийгаачийн бууг надаас асууж байсан. Мөн манайд хонох гээд байхаар нь хөөгөөд яваагүй хоноод явсан болохоор Идэрмааг сэжиглэж байсан...гэсэн мэдүүлэг  /хх-ийн 31-33 хуу/ шүүгдэгч Д.Идэрмаагийн ...Би Жаргалын гэрт хаяа очиж хонодог. 2016 оны 06 сарын 14-ний үед би Жаргалын гэрт хоносон гэхдээ талийгаачийн бууны талаар огт асуугаагүй...гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-64 хуу/ зэрэг мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Д.Идэрмааг нь  уг бууг хохирогчийн гэрт хоноод явах үедээ хулгайлсан гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд энэ нь орон байранд нэвтэрч хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгч Д.Идэрмаа нь уг бууг хулгай хийж аваагүй хохирогч Л.Жаргалын талийгаач нөхрөөс худалдаж 2016 оны 01 сард авсан гэж мэдүүлж байгаа боловч энэ талаар нотлох баримт байхгүй, хохирогч Л.Жаргал нь ...хулгайд алдсанаа мэдэхийн 5, 6 орчим хоногийн өмнөхөн л авдарт байж байсан санагдаж байна... /хх-ийн 86 хуу / гэсэн мэдүүлгээр няцаагдаж байх бөгөөд шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цуглуулсан бусад нотлох баримтуудаар батлагдахгүй байна гэж үзлээ.

 

Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Д.Идэрмааг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдэж бусдын эд хөрөнгө хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдалд тохируулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Идэрмаагийн хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулах шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Идэрмаа нь энэ хэрэгт нийт 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 78 хоног цагдан хоригдсон байх бөгөөд цагдан хоригдсон хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдсугай.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                              ТОГТООХ нь:

 

1.     Шүүгдэгч  Шийрэв барчин овогт Доржзодовын Идэрмааг бусдын эд хөрөнгө хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

2.      Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Д.Идэрмааг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурван/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3.    Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-т зааснаар шүүгдэгч Д.Идэрмаад оногдуулсан 3 /гурван/ сар 10 /арав/ хоногийн баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

4.     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Д.Идэрмаагийн 2016 оны 10 сарын 30-ны өдрөөс хойш цагдан хоригдсон 78 хоногийг түүний ял эдэлсэн хоногт оруулан тооцсугай.

 

5    Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6.  Шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Идэрмаад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Э.ОДХҮҮ