| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2022/01334/И |
| Дугаар | 183/ШШ2022/01457 |
| Огноо | 2022-05-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 183/ШШ2022/01457
| 2022 оны 05 сарын * өдөр | Дугаар 183/ШШ2022/01457 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, * хэсэг, Зайсан гудамж, * хэсэг, зайсан гудамж, * тоот хаягт оршин суух Б* овогт Л.Н /РД:УГ*/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, ГБ, өөрийн байранд байрлах ЖУ ХХК-д холбогдох
Гэрээнээс учирсан хохиролд 62 917 799 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.У,
хариуцагчийн төлөөлөгч Д.Д, өмгөөлөгч Э.Э
нарийн бичгийн даргаар Ж.Тэгшжаргал нар оролцов.
Нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Н хариуцагч ЖУ ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд 62 917 799 төгрөг гаргуулахаар шаардсан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Л.Н би 2020 оны 9 сард ЖУ ХХК -иас худалдан авсан ажлын байр чанар стандартын шаардлага хангаагүйгээс асар их хэмжээний хөрөнгө мөнгө сэтгэл санаагаар хохирсон тул нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: 2021 оны * дүгээр сарын 05-нд мөнгөө төлмөгцөө засварын ажлаа эхлэхээр Гүйцэтгэгч талд зургаа үзүүлэхэд Та аваарын гарц хаалгыг дарж, хана хийж болохгүй, гал гарвал энэ хаалга бэлэн байх ёстой, гэхдээ гал гарахгүй байх л даа, хана хийлгэхгүй, танайх гарц гаргах үүрэгтэй, хаалт хийлгэхгүй гэсэн. Би Та нар анх надад аваарын гарц гэсэн бол авах эсэхээ шийдэх байж гэхэд дуугай байсан. 2020 оны 10 сард мэргэжлийн хүмүүст тохижилтын засвар хийх байраа үзүүлж, зураг гаргуулсан байсан. Миний зүгээс Жижиг талбайтай нарийн өрөө, тэгээд аваарын гарц хаах гэж байгаа бол надад өөр талбай өгөөч, эсвэл би зургийн дагуу тохижилтоо хийнэ, би мөнгөө төлсөн, худалдаагаа хийх ажлын байр хэрэгтэй байна, эсвэл мөнгөө авна гэсэн. Гэрээнд ханыг цагаан замаск хийж өгнө гэж заасан боловч цементээр нь хүлээж авсан. Мөнгөө нэхэхэд өгөхгүй гэж хэлээд байсан тул арга буюу мэргэжлийн хяналтын байгууллагад өргөдөл гаргасан. Төрийн эрх бүхий байгууллагаас хяналт шалгалт хийж, надад худалдсан талбайг нь галын гарц гэж тогтоогоод зураг төсөвт тусгасны дагуу ашиглахыг тэдэнд үүрэг болгосон. Гэвч биелүүлээгүй, өнөөдрийн байдлаар тухайн талбайг бас нэг хүнд зарсан бололтой засвар тохижилт хийж байна. ЖУ ХХК-ийн зүгээс эрх бүхий байгууллагын шийдвэрийг үл хайхарч "Та зүгээр дэлгүүрээ нээчих, бид мөнгийг буцааж өгөхгүй, МХГ-т хамаагүй асуудал, бусад давхруудыг бас л үйлчилгээний талбай болгосон, та гомдол гаргахгүй бол мөнгийг чинь буцааж өгч болох юм гэсээр намайг 1 жил 3 сар хохироосон. 2022 оны 1 дүгээр сараас эхлэн миний санхүүгийн байдал хүндэрсээр зээлээ төлж чадахгүй болсон тул гэм хорын хохирол, төлбөр нэхэмжилнэ гэж шаргуу шаардсан. Би ажлын байртай болох гээд зээл авсан тул зээл, түүний хүүг төлж, ажлын байраа ашиглах боломжгүй тул өмнөх худалдааны талбайн түрээсийн төлбөрийг сар бүр төлж, худалдаа эрхэлж мөнгө олж, энэ олсон мөнгөөрөө ЖУ ХХК хэрэглэж байгаа мөнгөний үндсэн зээл, хүүг нэмж төлөн өрөнд орж эхэлсэн. ЖУ ХХК-ийн хуулийн зөвлөх нь уулзаад, миний түрээсэлж байгаа ажлын байранд ирж, түрээсийн бичиг, төлбөрийн баримтыг хүртэл шалгаж үзсэн. Би энэ хүнийг намайг шалгах эрхтэй гэж бодоод хамаг баримт бичгээ үзүүлсэн. Үүний дараа хуулийн зөвлөх нь намайг дуудаж уулзаад Та шүүхээр гэм хорын болон бусад хохирол манайхаас нэхвэл хамгийн багаар бодоход 2 жил болно, 3 шатны шүүхээр орно. Дээд шүүх дөнгөж 2020 оны хэргээ хянаж байна. 2 жилийн хугацаанд зээл, зээлийн хүү төлж санхүүгээр хохирмоор байна уу, шүүхээр яваад ялахгүй бол яах вэ. Таныг гомдол гаргахгүй гэж бичиг хийж өгвөл үндсэн зээл, хүү, зээлийн шимтгэл, даатгалын төлбөрийг бид төлж болох юм. Нийт 283 орчим сая төгрөг нэхнэ гэж таны хуулийн зөвлөх мессеж бичсэн байна. Манай нөхцөл болзлыг зөвшөөрвөл таны төлсөн 194 000 000 төгрөгийг буцааж өгнө, бусад тохиолдолд та шүүхээр явах болно гэж хатуу шаардлага тавьж, сэтгэл санааны дарамтад оруулсан. Би бусдын хэрэглэж байгаа зээл, хүүг төлж, олон жилээр хохирохгүй байх, мөн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгөө алдаж болзошгүй тул арга буюу хуулийн зөвлөхийн төлөвлөсөн гэрээ цуцлах тухай актад гарын үсэг зурсан. Хуулийн зөвлөх нь та гомдол гаргахгүй гэж тусад нь бичиг хийж өг гэж шаардаад байхаар нь би Арга буюу танай төлөвлөсөн юманд гарын үсэг зурж байна, тусдаа бичиг хийж өгөхгүй гэж хэлсэн. Ингээд 2022 оны 1 дүгээр сарын 18- нд зээл хаагдсан. ЖУ ХХК-иас мөнгө буцааж өгөхгүй 4 сар хүлээлгэсэн тул 2021.4.27-ны өдөр Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гаргасан. МХГ-аас 2021.05.18- ны өдөр 02-02/*73 дугаартай хариу ирж 4 дүгээр давхрын Е блокын ЕВ-ЕА, Е2-ЕЗ тэнхлэгийн дагуу шилэн ханаар тусгаарлаж, худалдаа үйлчилгээний зориулалтаар төлөвлөж, хөлийн өрөөгөөр дамжиж гарах аваарын гарцыг хаасан байгаа нь Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх заалтыг хангахгүй байна гээд шилэн ханыг буулгаж аваарын гарцыг чөлөөлөхийг мэдэгдье гэж МЭДЭГДЭЛ өгсөн байсан. Би 2021 оны 12 сарын 4-нд сард хуулийн зөвлөх хөлсөлж аваад мөнгөө нэхэж хамт очсон. ЖУ ХХК-иас 9910*72 дугаартай утсаар харилцаарай, дарга нарт танилцуулж, зөвхөн 194 сая төгрөг л буцааж өгнө гэсэн. Энэ хүн нь утсаа авахгүй, хариу өгөхгүй байсан тул 2021.12.23-ны өдөр 284 000 000 төгрөг нэхэмжилнэ гэж мэдэгдсэн. Мөн л хариу өгөөгүй 2022 оны 1 сар гарсан. Удаа дараа шаардсаны эцэст худалдах худалдан авах гэрээг цуцалж 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ цуцалсан акт үйлдсэн. Би 2020.12 сар гэхэд худалдааны талбайтай болох байсан боловч шаардлага хангахгүй, аюулгүй стандарт зөрчсөн аваарын гарц хонгилыг надад зарсан тул өмнөх ажлын байраа 2020 оны 12 дугаар сараас 2022 оны 1 дүгээр сар хүртэл түрээслэн ажиллуулж, авсан зээл түүний хүүг төлсөөр давхар давхар хохирсон. Хэрвээ надад шаардлага хангасан ажлын байр зарсан бол би энэ хэмжээний түрээсийн зардал төлж хохирохгүй байсан. ЖУ ХХК нь барилга барьж, Улаанбаатар хотод хамгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгө зарж борлуулж байгаа атал иргэн надад шаардлага хангахгүй ажлын байр зарж намайг хохироосон төдийгүй өөрийн хэрэглэж байгаа мөнгөний хүүг надаар төлүүлж, үндэслэлгүй түрээсийн мөнгө төлүүлж, зардал гаргасан. Иймд зээлийн хүүнд төлсөн 33 600 000 төгрөг, түрээсэнд төлсөн 29 317 799 төгрөг, нийт 62 917 799 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. 2020 оны 9 сард ЖУ ХХК-аас худалдан авсан ажлын байр чанар стандартын шаардлага хангаагүйгээс асар их хэмжээний хөрөнгө мөнгө, сэтгэл санаагаар хохирсон тул гэм хорын хохиролд 62 917 799 нэхэмжилсэн байна. Компанийн зүгээс Л.Нтэй 2020 оны 09 сарын 04 өдөр 20Ү/148 дугаартай Үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан бөгөөд гэрээ байгуулагдах үед Л.Нд тухайн үйлчилгээний талбай нь аварын гарцтай хэсэг гэдгийг компанийн борлуулалтын менежер анхааруулсан байдаг. Гэсэн хэдий ч Л.Н нь уг талбайг худалдан авна гэж өөрөө шийдсэн тул Үйлчилгээний талбайн захиалга хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Түүнээс хойш хэсэг хугацааны дараа Л.Н энэ гарцыг чинь таглаж болохгүй юм байна одоо больё, мөнгөе буцааж авья гэж удаа дараа мэдэгдсэн. Компанийн зүгээс хариуд нь танд мэдэгдсэн шүү дээ, та өөрөө мэдэж байж авсан гэсэн хариуг өгч байсан. Учир нь гэрээ байгуулахад тухайн үйлчилгээний талбайд аваарын гарц байрладаг талаар мэдэгдсэнийг Л.Н хүлээн авч, Л.Нгийн хүсэл зоригийн дагуу гэрээ байгуулсан тул уг гэрээ цуцлах үндэслэлгүй. Гэсэн хэдий ч Л.Н нь өдөр бүр утсаар залгаж, мөн компанийн борлуулалтын оффис дээр очиж хэл ам хийж, компанийн ажилчид бусад үйлчлүүлэгчид таагүй сэтгэгдэл төрүүлж байсан. Мөн хөгшин хүн өдөр бүр гуйгаад байсан тул гэрээг нь цуцлахаар болж, өөрийнх нь санаа бодлыг асуусан,Тухайн үед эгч нь банкнаас зээл авч танайд төлбөр төлсөн, би бизнесээ явуулаад олсон орлого ашгаараа зээлийн хүүгээ төлөх байсан тул би уг зээлийн хүүгээ төлүүлж хохирлоо барагдуулж өгөхийг биднээс удаа дараа дарамталсан. Уг зээлийн төлбөр, хүүгийн төлбөрийг авчихвал эгчид нь өөр хүсэх зүйл байхгүй гэж удаа дараагийн уулзалтанд хэлж байсан тул Л.Нгийн дансруу Үйлчилгээний талбайн захиалга хөрөнгө оруулалтын гэрээний төлбөрийн буцаалтанд 194 400 000 төгрөг, олох байсан орлого ашгийг нь тохиролцоод зээлийн хүүгийн төлбөрт банкинд төлсөн хүү болон зээлийн шимтгэл, даатгал, нотариатын төлбөрт 33 600 000 төгрөг, нийт 228 000 000 төгрөгийг 2022 оны 01 сарын 17-нд шилжүүлж, гэрээ цуцалсан акт үйлдэж баталгаажуулан санал гомдолгүй салсан. Бид бизнесийн ёс зүйг эрхэмлэж ажилласан гэрээний зүйлийн талаар биет байдлын доголдолд эрхийн зөрчилтөй бол гэрээнээс татгалзаж, авсан өгсөн зүйлээ буцаах байсан бол бидний зүгээс энэ хүний хувийн байдал зовлон жаргалыг бодож хохирлыг барагдуулж тооцоо нийлэн хүсэлт бичүүлэн авсан баримтаар нотлогдоно. Л.Н 2020 оны 12 сараас 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл худалдааны талбайн нийт түрээсийн төлбөрт 29 317 799 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгчийн зүгээс уг нэхэмжлэлийн шаардлагаа хэрвээ надад шаардлага хангасан ажлын байр зарсан бол би энэ хэмжээний мөнгө төлж хохирохгүй байсан гэжээ. Нэхэмжпэгчийн уг шаардлагаас үзвэл огт зардалгүйгээр ашиг олох өөрөөр хэлбэл цэвэр ашигтай ажиллах, мөн бидний зүгээс өөрт нь сайнаар хандаж төлбөр, хүүг нь буцааж өгсөн учир дахиад мөнгө авах боломжтой юм байна гэж үзэж байгаа нь ямарч ёс зүйгүй, уйваагүй үлдэл гэж бид үзэж байна. Харин одоогийн нөхцөл байдалд манай компаниас үйлчилгээний талбайн гэрээний төлбөр болон уг төлбөрийн зээлийн хүү, зээлийн шимтгэл, даатгал, нотариатын зардал гэх мэт бүхий л гарсан зардал, хохиролыг нь төлсөөр байтал өөрийн гаргах ёстой зардлаа манай компаниас нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй, нэгэнт талууд гэрээнээс татгалзаж хүсэлт зориг илэрхийлэн гэрээний дагуу авсан өгсөн зүйлээ буцааж хохирол тооцож хүсэл зориг илэрхийлж байгуулсан Тооцоо нийлэх гэрээ хүчин төгөлдөр уг гэрээ биелэгдсэн байхад шаардах эрх нэхэмжлэгчид байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33 600 000 төгрөгийн шаардлагын тухайд Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасны дагуу Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан байх тул нэхэмжпэгч Л.Нгийн уг шаардлагын тухайд үүссэн бодит хохирол байхгүй байна. Нөгөө талаар талуудын хооронд хүчин төгөлдөр тооцоо нийлсэн актаар Тооцоо нийлэх гэрээг байгуулсан тул уг гэрээг хүчингүй болгох шаардлага гаргаагүй тул үндсэн гзрээнээс үүдсэн шаардах эрх үүсэхгүй харин тооцоо нийлэх гэрээний дагуу шаардах эрх үүсэх боломжтойг шүүх анхаарч үзэх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгчээс 2020.09.04-ний 20Y/148 тоот Үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ, 2020.10.05-ны өдрийн ЗГ2105146342 тоот Голомт банк ХХК, Л.Н, Н.Даваасамбуу нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, 2020.01.01-ний өдрийн Зайсан стар шоппинг центер ХХК, Л.Н нарын хооронд байгуулагдсан №20-21 Түрээсийн гэрээ, түрээсийн тооцооны үлдэгдлийн баталгаа, Мэргэжлийн хяналтын газрын 2021.05.18-ны өдрийн ЖУ ХХК-д хүргүүлсэн 02-02/*73 тоот Хуулийн хэрэгжилтийг хангуулах албан бичиг, 2022.01.17-ны өдрийн ЖУ ХХК, Л.Н нарын хооронд хийгдсэн Гэрээ цуцалсан акт, ЖУ ХХК-ийн 2022.01.17-ны өдрийн 22/01 итгэмжлэл, Голомт банк ХХК-ийн Л.Нгийн зээл хаасан тухай тодорхойлолт, Эко майнинг ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм зэрэг баримтуудыг ирүүлсэн. /хх-ийн 8-25, 42/
5. Хариуцагчаас ЖУ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтууд ирүүлсэн./хх-ийн 34/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ... Улаанбаатар хотод хамгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгө зарж борлуулж байгаа атал иргэн надад шаардлага хангахгүй ажлын байр зарж намайг хохироосон төдийгүй өөрийн хэрэглэж байгаа мөнгөний хүүг надаар төлүүлж, үндэслэлгүй түрээсийн мөнгө төлүүлж, зардал гаргуулж, хохироосон. гэж тайлбарласан.
3. Хариуцагч татгалзалын үндэслэлээ Уг зээлийн төлбөр, хүүгийн төлбөрийг авчихвал эгчид нь өөр хүсэх зүйл байхгүй гэж удаа дараагийн уулзалтанд хэлж байсан тул Л.Нгийн дансруу Үйлчилгээний талбайн захиалга хөрөнгө оруулалтын гэрээний төлбөрийн буцаалтанд 194 400 000 төгрөг, олох байсан орлого ашгийг нь тохиролцоод зээлийн хүүгийн төлбөрт банкинд төлсөн хүү болон зээлийн шимтгэл, даатгал, нотариатын төлбөрт 33 600 000 төгрөг, нийт 228 000 000 төгрөгийг 2022 оны 01 сарын 17-нд шилжүүлж, гэрээ цуцалсан акт үйлдэж баталгаажуулан санал гомдолгүй салсан. Бид бизнесийн ёс зүйг эрхэмлэж ажилласан гэрээний зүйлийн талаар биет байдлын доголдолд эрхийн зөрчилтөй бол гэрээнээс татгалзаж, авсан өгсөн зүйлээ буцаах байсан бол бидний зүгээс энэ хүний хувийн байдал зовлон жаргалыг бодож хохирлыг барагдуулж тооцоо нийлэн хүсэлт бичүүлэн авсан баримтаар нотлогдоно. гэж тайлбарласан.
4. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд 2020.09.04-ний өдөр 20Y/148 тоот Үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан байх ба уг гэрээгээр Хан-Уул дүүргийн *-р хороо Зайсангийн гудамж, ГБ цогцолборын 15Д байр 4 давхарт 4.28А тоот 54 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайг 194 400 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон гэрээг байгуулжээ.
Дээрх гэрээний дагуу хариуцагч ЖУ ХХК нь үйлчилгээний талбайг 2020 оны 4-р улиралд ашиглалтанд оруулж, худалдан авагчид хүлээлгэн өгөхөөр, нэхэмжлэгч Л.Н нь төлбөрийг Голомт банк ХХК-тай байгуулсан 2020.10.05-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу 2022 оны * сарын 03-ны өдөр шилжүүлсэн байна.
Гэрээний дагуу үйлчилгээний талбайг хүлээлгэж өгөх үед талуудын хооронд маргаан үүсч, улмаар уг талбайг зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
Тодруулбал, худалдан авагч Л.Н нь тохижилтын ажлыг гаргуулсан зураг төслийн дагуу хийлгэх гэтэл эрх бүхий байгууллагын тогтоосноор түүнд өгсөн талбай нь аварын гарц тул засварын ажлыг хийхийг зөвшөөрөөгүйгээс маргаан үүсч, улмаар энэ асуудлаар Л.Н нь Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргаж, холбогдох шалгалтыг хийсэн баримт хавтаст хэргийн 22 дугаар талд авагджээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан асуудлаар болон талууд гэрээг цуцалсан үйл баримт хэрэгт авагдсан 2022 оны 01 сарын 17-ны өдрийн талуудын хооронд хийгдсэн Гэрээ цуцалсан актаар тогтоогдож байна.
Тодруулбал, талууд актаар гэрээг цуцалж байгааг баталгаажуулж, улмаар үйлчилгээний талбайн үнэ болох 194 400 000 төгрөгийг, Голомт банктай байгуулсан зээлийн гэрээний хүү, түүнтэй холбогдон гарсан бусад зардлыг захиалагчаас гарсан хохиролд тооцон 33 600 000 төгрөгийг, нийт 228 000 000 төгрөгийг төлж, гэрээг цуцалжээ.
Эдгээрээс дүгнэхэд талууд гэрээ байгуулагдсан болон гэрээ цуцлагдсан асуудлаар маргаагүй байх ба энэ тохиолдолд талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэхь хэсэгт заасан хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь ...буцааж өгөх үүрэгтэй. гэснээр хариуцагч ЖУ ХХК нь гэрээгээр шилжүүлж авсан мөнгийг, гэрээнээс учирсан хохирлын хамт шилжүүлж, хуульд заасан үүргийг биелүүлсэн гэж үзэхээр байна.
5. Мөн нэхэмжлэгч нь 2020.09.04-ний өдрийн 20Y/148 тоот Үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдахаас өмнөх түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрт төлсөн 29 317 879 төгрөгийг хохиролд тооцон, шаардаж байгаа нь дээрх гэрээ цуцлагдсан үйл баримттай хамааралтай гэх үндэслэлгүй ба энэ нь Иргэний хуулийн 22* зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэж, 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж заасанд хамаарахгүй.
6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *5 дугаар зүйлийн *5.1, *5.2.3, *6, *8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 22* зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЖУ ХХК-иас хохиролд 62 917 799 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5* зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн * зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Нгээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 472 538.95 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *9 дүгээр зүйлийн *9.2, *9.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ