Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2018/01906

 

Ц.Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2018/01395 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Сийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Ү” ХХК-д холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Ц.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.С нь Ү ХХК-д Хадгаламж өмчлөл, эрх бүртгэл, кастодианы албанд Хадгаламжийн ажилтан албан тушаалд 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, өгөгдсөн үүрэг даалгавар, хариуцсан ажлыг хангалтгүй гүйцэтгэж, удаа дараа алдаа дутагдал гаргасан тул ажлаас чөлөөлж байгааг мэдэгдсэн байдаг. Ямар зөрчлийг гаргасан, ямар үүрэг даалгавар биелүүлээгүй тухай ямар нэг ойлголт байхгүй бөгөөд зөрчил дутагдал гаргаж ажиллаагүй байхад сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтаар ажлаас чөлөөлсөн. Ү ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 04 дүгээр сарын 02-ний өдрийн Б/25 тоот тушаал нь  үндэслэлгүй, компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.10.11 дэх заалт, Захирлуудын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг үндэслэжээ. Иймд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ү ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жамъяндорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.С нь тус албанд ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, өгөгдсөн үүрэг даалгавар, хариуцсан ажлыг хангалтгүй гүйцэтгэж, удаа дараа алдаа дутагдал гаргаж байсан. Асуудлыг шийдвэрлэхээр компанийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн. Ц.С нь удаа дараа алдаа дутагдал гаргахаас гадна өмнө нь сахилгын шийтгэл хүлээж байсан. Тухайн үед компанийн зүгээс хариуцсан ажилдаа анхааралтай, хариуцлагатай ажиллахыг холбогдох тушаалаар сануулж байсан. Хөдөлмөрийн гэрээний 4.7, 5.1, 5.5 дахь заалтууд, дотоод журмын 10.2 дах хэсэг, компанийн дүрэм, ёс зүйн дүрмийг зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд нийцүүлэн Ц.Стэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар Захирлуудын зөвлөлийн хурлаар шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Сийг Ү ХХК-ийн Хадгаламж өмчлөл, эрх бүртгэл, кастодианы албаны хадгаламжийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 830 190 /хоёр сая найман зуун гучин мянга нэг зуун ер/ төгрөгийг Ү ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Ц.Ст олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчҮ ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хариуцагч Төрийн банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 60 233 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлого болгож, Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Л давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх ажил олгогч, ажилтны хооронд хийгдсэн хөдөлмөрийн гэрээний үндсэн хугацаа дуусгавар болж байгаатай холбоотой дүгнэлтийг хийсэнгүй.  Шүүх И-Клиринг хаус системд 5 018 500 төгрөгийн зөрүүг үүсгэсэн, Санхүүгийн зохицуулах хороонд судалгаа явуулаагүй талаархи бүртгэл судалгаа гаргах боломж ажил олгогчид байсан гэх дүгнэлтээр хариуцагчийн тайлбарыг үгүйсгэсэн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн гаргасан нотлох баримт болох албаны захирлын өргөдөл болон захирлуудын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Ц.С нь Монгол банкнаас ирүүлсэн өндөр дүнтэй хэлцлийн үнэт цаасны өмчлөх эрх шилжүүлэх, төлбөр тооцоо хийх том дүнтэй гүйлгээг системд хийгээгүй, дараа өдөр уг гүйлгээг хийгээгүй олон өдөр ажилдаа хариуцлагагүй хандсан нь компанид ихээхэн хэмжээний хохирол учруулахаар байсан тул гүйцэтгэх захирлын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан.  Энэхүү гүйлгээг 1 өдөр бүртгээгүй тохиолдолд тухайн гүйлгээнд оролцогч аль нэг тал өөр этгээдэд үнэт цаасаа шилжүүлэх эрхгүй болж 1 өдрийн ханшийн алдагдалд орох эрсдэлтэй. Иймээс 1-ээс дээш тэрбум төгрөгийн бондын хэлцлийн гүйлгээг цаг алдалгүй заавал системд гүйлгээ хийж байх нарийн зохицуулалттай ажилладаг.

Ц.С нь мөн үнэт цаасны А компанид тархалтын судалгааг гаргахдаа нууцын зэрэглэлтэй буюу иргэд ААН-ийн данс, нэрс, регистр зэрэг холбогдох мэдээллийг  уг компанид хэвлэж өгсөн бөгөөд үүнийг үнэт цаас гаргагч компани өөрөө СЗХ-нд мэдэгдсэн байдаг. СЗХ-ны байцаагчийн албан шаардлагын дагуу уг мэдээллүүдийг нууцлах шаардлагыг хангаж ажиллахыг Ц.Ст анхааруулж байсан. Үнэт цаас гаргагч компани зөвхөн хэдэн ширхэгийг хэний нэр дээр ямар регистрийн дугаараар эзэмшиж байгааг уг тархалтаас харах ёстой бөгөөд өөрийн үнэт цаас эзэмшигчдийн нарийн мэдээлэл болох дансны мэдээллийг харах ёсгүй байдаг. Энэ нь компанийн удирдах эсвэл сонирхлын зөрчилтэй этгээд уг мэдээллийг буруугаар ашиглах боломж нөхцөлийг хааж байгаа явдал юм. Ажилтан хэдий хэр хугацаанд, хэдэн удаа уг мэдээллийг хэн гэдэг этгээдэд гаргаж өгч байсныг нарийн шүүх нь өөрөө их хугацаа орох ажил болоод байна. Ц.С нь дээрхи зөрчлүүдийг гаргасан учир Гүйцэтгэх захирлын тушаалаар удаа дараа сахилгын шийтгэл ногдуулж байсан.

Мөн хөдөлмөрийн гэрээ нь 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөр дуусгавар болох байсан бөгөөд нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болохтой холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх ажилд эргүүлэн томилохдоо дээрхи гэрээний хүчинтэй хугацааг харгалзан үзэх ёстой байтал энэ талаар ямар нэгэн дүгнэлт гаргаагүй. Хөдөлмөрийн гэрээний хүчинтэй хугацаатай холбоотой нотлох баримт болох гэрээ хэрэгт авагдсан байхад ажилтныг албан тушаалд эргүүлэн томилох хууль зүйн үндэслэл дуусгавар болсоныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч “Ү” ХХК-д холбогдуулж урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “..., ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй” гэж маргажээ. /хх-ийн 1-2, 20/

 

Нэхэмжлэгч нь Ү ХХК-д Хадгаламж өмчлөл, эрх бүртгэл, кастодианы албанд хадгаламжийн ажилтнаар 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/25 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3, Компанийн тухай хуулийн 83.1 дэх заалт, компанийн дүрмийн 8.1, 8.10.11, хөдөлмөрийн дотоод журмын 2.12, 10.2.3 дахь заалт, захирлуудын зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн ажлаас чөлөөлөгджээ.  /хх-3-6/

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцалж ажилтанг ажлаас халж байгаа тохиолдолд ажилтан сахилгын давтан зөрчил гаргасан нь тогтоогдсон байх ёстой.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас халсан үндэслэлээ сахилгын зөрчил гаргасан  гэж тайлбарласан боловч татгалзал, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг Захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн гэх боловч хэргийн 35-36 дугаар талд авагдсан хурлын тэмдэглэлээс ажилтан чухам ямар зөрчил гаргасан, зөрчил нь яаж нотлогдсон, ямар шалгалт явуулсан зэрэг нөхцөл байдал тогтоогдохгүй байна./хх-35-36/ Мөн ажилтныг уг хуралд оролцуулж, зөрчлийнх нь талаар тайлбар авсан зүйл алга байна. 

Иймд ажилтан сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдоогүй гэх агуулгаар ажилтныг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ. /хх-68-71/

 

Хөдөмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно гэж заасан.

 

Нэхэмжлэгч Ц.Ст өмнө нь 2016 оны 09, 12 сард сахилгын шийтгэл ногдуулж байсан нь түүнийг ажлаас халах тушаал гарсан өдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар сахилгын шийтгэлтэй байсан гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна. /хх-38-40/

 

Анхан шатны шүүх ажилтны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дундаж цалин хөлс тодорхойлох тухай журмын дагуу тооцсон, шүүх нотлох баримтыг зөв үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2018/01395 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ЗОЛЗАЯА

                        ШҮҮГЧИД                                                    Г.ДАВААДОРЖ

                                                                                            Ш.ОЮУНХАНД