Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 135/ШШ2017/00197

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Хэргийн индекс: 135/2016/01597/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, шүүгч Д.Алтантуяа, З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, тоотод оршин суух, М овогт Э-ийн  /РД: ,,,,,,,,,,/

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, тоотод оршин суух, М овогт Э-ийн М /РД: ,,,,,,,,,/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ,,,,,,,тоотод оршин суух, Б овогт Н-н Я /РД:/-д холбогдох,

Гэм хор учруулсны хохирол 1,306,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, хариуцагчийн өмгөөлөгч Л.О, иргэдийн төлөөлөгч Л.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэгч Э.А, Э.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Авто тээврийн осолд орж, бие эрхтэн, эд хөрөнгийн хохирол учирсны төлбөр болон улсын тэмдэгтийн хураамж 31,350 төгрөг, томографикийн аппаратанд 4 хүн зураг авахуулах нэг хүн 180,000 төгрөг, нийт 720,000 төгрөг, Э.А 7 хоногийн ажилд яваагүй, цалингүй чөлөө авсан 1 хоногийн 38,000 төгрөгөөр бодож 266,000 төгрөг, Э.М 4 хоног ажлаа хийж чадаагүй 1 хоногийн 30,000 төгрөг, нийт 120,000 төгрөг, Э.А С хувийн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсний 200,000 төгрөг, нийт 1,337,358 төгрөг нэхэмжилж байна.

Э.А, Э.М бид хоёр 2 хүүхдийн хамт дөрвүүлээ 2016 оны 09 сарын 15-ны  оройн 21,00 цагийн шед 37-54 .... дугаартай Соната-5 маркын автомашинд зорчиж явах үед жолооч Н.Я нь нийтийн эзэмшлийн шонг мөргөсний улмаас бидний бие эрхтэнд хамар хугарсан гэмтэл учирсан. Тухайн үед цагдаагийн газраас шалгаж, прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол гаргаж шийдвэрлэсэн. Хэрэг болсон үед жолооч Н.Я бидэнд учирсан хохирлыг төлж барагдуулна гэж хэлсэн боловч одоог хүртэл барагдуулаагүй, мөнгө байхгүй явдаг газраараа яв, бид өгөх юмгүй гэсэн учраас иргэний хэргийн шүүхэд хандахад хүрч байна. Осол болох үед Э.А би 1 сартай жирэмсэн байсан. Үр зулбах гээд Саран-Энх хувийн эмнэлэгт хувийн зардлаараа эмчлүүлсэн. Бидний ингэж хохироочхоод гэмтээсэн шонг засварлахад 1,200,000-д төгрөг гаргасан мөртөө бидний эрүүл мэндэд анхаарал тавихгүй байгаад туйлын гомдолтой байна гэжээ.

Нэхэмжлэгч Э.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие гэм хор учруулсны хохиролд ажилгүй байсан хугацааны цалин 200,000 төгрөг, эмнэлэгт хэвтэж хийлгэсэн эмчилгээний төлбөр 200,000 төгрөг, 2 хүүхэд болон өөрийнхөө томографикийн зураг авахуулахад гарах зардал нийт 540,000 төгрөг, нийт 940,000 төгрөг нэхэмжилж байна. Миний бие Г ХХК-д кассаар ажилладаг бөгөөд нэхэмжлэлд 7 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинд 266,000 төгрөг нэхэмжилж байснаа багасгаж, 5 хоногоор бодож 200,000 төгрөг нэхэмжилж байна. Миний бие осол гарах үед 1 сартай жирэмсэн байсан бөгөөд дөнгөж бүрэлдэж байсан хүүхэд минь энэ ослоос болж ургийн гажигтай болох вий гэхээс айж байна. Томографикийн зургийн хувьд хариуцагч Н.Я-ийн эхнэр А нь осол гарах үед зураг авахуулахад нэг хүний 180,000 төгрөг байдаг гэж өөрөө хэлсэн учраас тэр хэмжээгээр нь хүн бүрээр тооцож нэхэмжилсэн байгаа.Миний бие анх нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаа нэхэмжлэлийн шаардлагадаа оруулан тооцсон байгаа юм. Осол болсны дараа хариуцагч талаас миний хамрыг нэгдсэн эмнэлэг дээр засуулж өгсөн, мөн бэлэн 10,000 төгрөг, өвчин намдаах лаа өгсөн, ЭХО-д намайг болон дүү Э.М-ыг харуулсан нь үнэн. Гэхдээ энэ төлбөрийг нэхэмжилж байгаа үнийн дүнгээс хасуулахгүй. Иймд хариуцагчаас 940,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. Манай дүү Э.М-ын хувьд ажилтай учир шүүхэд ирж чадахгүй гэсэн байгаа гэв.

Хариуцагч Н.Я шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 09 сарын 15-ны өдөр зам тээврийн осол гаргаж, цагдаагийн байгууллагад шалгагдсан. Миний машинд сууж явсан иргэн А, М нар нь биедээ гэмтэл авсан гэж гомдол гаргасны дагуу шалгах явцад шүүх эмнэлгийн шинжээч эмч үзлэг хийж гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Энэ үед нэхэмжлэгч манай эхнэрээс банкны зээлийн мөнгөө төлүүлнэ, салон ажиллуулдаг орлого гээд мөнгө нэхээд байсан. Бидэнд тийм мөнгө төлөх боломжгүй тул нэхсэн мөнгийг өгч чадаагүй. Өгөх хууль зүйн үндэслэл байхгүй байсан. А , М нар нь томографикт үзүүлээгүй , харин манай эхнэр тэднийг дагуулж Цээнэ эмнэлгийн ЭХО-д харуулсан. А, М нар нь 2 хүүхэд дагуулж явсан. Энэ хоёр хүүхдэд ч гэмтэл учраагүй. Ослын улмаас эвдэрсэн гэрлийн шонгийн үнэд 150,000 төгрөг тушаасан. Жолоодох эрхээ 2 жилээр хасуулж, 384,000 төгрөгөөр торгуулах арга хэмжээ авахуулсан. Одоо ямар ч ажил орлогогүй байна. Нэхэмжилсэн мөнгийг төлөх боломжгүй. Эмнэлэгт А хэвтсэн гэсэн боловч гэмтлийн шалтгаанаар хэвтээгүй. Ажил хөдөлмөрөө хийж чадахгүй хэмжээнд хүртэл энэ хүмүүс гэмтээгүй, хөдөлмөрийн чадвараа алдаагүй тул цалин, орлогын мөнгийг төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. ЭХО-д 2 хүн 45,000 төгрөгөөр харуулсан. Хамрыг эмчлүүлэхэд 20,000 төгрөг төлсөн. Өвчин намдаах 4 ширхэг лаа, бэлэн 10,000 төгрөг өгсөн. Нийт 80,000 төгрөг энэ хоёр хүний эмчилгээнд зарцуулсан. Иймээс миний хувьд дээрхи мөнгийг төлөх боломжгүй байгаа учраас энэ байдлыг харгалзан үзнэ үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, түүний өмгөөлөгч Л.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Адилхан эмэгтэй хүний хувьд эмнэлэгт хэвтсэн зардлын 50 хувийг төлнө. Э.А нь давхар хавсарсан өвчтэй байсан. Түүний улмаас жирэмсний эхний 3 сард зулбах гээд байдаг. Зураг авахуулхад гарах төлбөрийг зөвшөөрөхгүй. Учир нь зайлшгүй шаардлагатай гэсэн эмчийн тодорхойлолт байхгүй. Мөн цалингийн хувьд сарын 400,000 төгрөгийн цалинтай гэж байгаа хэдий ч яг хэдэн хоногийн чөлөө авсан эсэх нь тодорхойгүй, баримтаар нотлогдохгүй байна. Мөн нэхэмжлэгч Э.М-ын цалин гээд байгаа 120,000 төгрөгийн хувьд нотлох баримт хэрэгт байхгүй. Иймээс осол болох үед хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нарт зарцуулсан 79,250 төгрөгийг тухайн үедээ өгсөн тусламж гэж үзээд Э.А-ын эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардлын 50 хувийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Э.А, Э.М нар нь хариуцагч Н.Я-д холбогдуулан, гэм хорын хохиролд томографийн зураг авахуулахад 1 хүний 180,000 төгрөг, 4 хүний нийт 720,000 төгрөг, Э.А 7 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 266,000 төгрөг, Э.М 4 хоног ажлаа хийж чадаагүйгээс хөлс 120,000 төгрөг, Э.А эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний төлбөр 200,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,350 төгрөг, нийт 1,337,358 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд шүүх энэхүү 1,337,358 төгрөгийн үнийн дүнгээр иргэний хэрэг үүсгэжээ.

Нэхэмжлэлд дурдсан дээрх үнийн дүнгүүд нийлээд 1,337,350 төгрөг болж байгаа бөгөөд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн дүнг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж нийт үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг 1,306,000 төгрөгөөр тооцож шийдвэрлэсэн болохыг, мөн нэхэмжлэгч Э.М нь шүүх хуралдаан дээр ажлаас чөлөө авсны улмаас аваагүй цалин хөлс 266,000 төгрөгөө багасгаж, 200,000 төгрөг нэхэмжилсэн болохыг тус тус дурдаж байна.

Хариуцагч Н.Я нь 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын байрлах ,,,,орчимд өөрийн өмчлөлийн ,,,, ДАХ улсын дугаартай Соната-5 маркын автомашиныг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7, 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан, осол гарах үед тус автомашинд нэхэмжлэгч Э.А, Э.М, Э.А-ын хүү Ч.Г, түүний зээ дүү гэх Т.Т нар зорчиж явсан болох нь зохигчдын тайлбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 10 сарын 05-ны өдрийн ,,,, дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолоор тогтоогдож байгаа бөгөөд хариуцагчийн гэм буруугийн талаар талууд маргаангүй болно.

Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Э.А-ын биед гэмтэл учраагүй болох нь хэрэгт авагдсан шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 сарын 19-ний өдрийн ,,,, дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч Э.М, Э.А-ын хүү Ч.Г, түүний зээ дүү гэх Т.Т нарын биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. /хх-ийн 49 дүгээр хуудас/

Хариуцагч Н.Я шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа машинд зорчиж байсан дээрх хүмүүсийн биед гэмтэл учраагүй, осол гаргах үед нэхэмжлэгч Э.А-ын хамрыг 20,000 төгрөгөөр засуулсан, бэлэн 10,000 төгрөг, 4250 төгрөгийн үнэ бүхий өчин намлаах лаа, Э.М, Э.А нарыг ЭХО-д 45,000 төгрөгөөр харуулсан гээд нийт 79,250 төгрөгийг нэхэмжлэгч нарт зарцуулсан, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, харин Э.А-ын эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн төлбөрийн тал хувь болох 100,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, өмнө нь нэхэмжлэгч нарт зарцуулсан нийт 79,250 төгрөгийг тухайн үед өгсөн тусламж гэж үзнэ гэсэн тайлбар гаргажээ.

Нэхэмжлэгч Э.А нь зам тээврийн ослын улмаас 1 сартай урагт нөлөөлж, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний төлбөр 200,000 төгрөг, 5 хоногийн цалин 200,000 төгрөг, өөрийн болон хамт явж байсан өөрийн хүү Ч.Г, зээ дүү Т.Т нарыг томографийн зураг авахуулахад гарах зардал нийт 540,000 төгрөг, нийт 940,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэгт авагдсан №,,,,,, Г-,,, дугаартай төрсний бүртгэлийн гэрчилгээгээр 2009 оны 09 сарын 08-ны өдөр төрсөн хүү Ч-ын Г-ийн эхийн нэр нь М овогт Э-ийн А болох нь тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т зааснаар эрх зүйн зарим буюу бүрэн бус чадамжтай хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь шүүхэд төлөөлөх бөгөөд Э.А нь Ч.Г-ийн хууль ёсны төлөөлөгч мөн байх тул түүнийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Харин Э.А нь зээ дүү гэх 2008 оны 11 сарын 27-ны өдөр төрсөн Т-ийн Т-ийн хууль ёсны төлөөлөгч биш болох нь хэрэгт авагдсан №0141148, Г-679 дугаартай Т.-ийн төрсний бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул түүнийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзнэ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т: бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т: Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын ... эрүүл мэндэд хохирол учирсан бол .... тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч Э.А нь осол болох үед 1 сартай жирэмсэн байсан болох нь тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн нэхэмжлэгч Э.А-ын ... Намайг ЭХО-д харуулж өгсөн. 1 сартай ураг байна, юу ч мэдэгдэхгүй байна, шээстэй ирээрэй гэж хэлсэн... гэсэн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А-ын ...Цээнэ эмнэлгийн ЭХО-д харуулж 25,000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийг жирэмсэн байна гэж эмч хэлсэн гэсэн тайлбар, Дархан-Уул аймгийн Саран-Энх эмнэлгийн тус шүүхэд ирүүлсэн ... Э.А нь тус эмнэлэгт 2016 оны 10 сарын 10-аас 10 сарын 20-ны өдрийг хүртэл ураг эрт зулбахаар завдсан, эрт үеийн жирэмсний хордлого, давсагны үрэвсэл гэсэн оноштойгоор нийт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн гэсэн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Мөн ослын улмаас Э.А-ын хамар гэмтэж эмчилгээ хийлгэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлбөрийг нь төлж засуулсан зэрэг нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч Э.А-ын бие гэмтлийн зэрэг тогтоогдоогүй боловч ураг эрт зулбахаар завдсан байдал нь тус осолтой шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч талаас дээрх оношоос гадна хавсарсан өөр өвчин байсны улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байгаа тул эмчилгээний төлбөрийн 50 хувийг төлнө гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан Саран-Энх эмнэлгийн тодорхойлолт, Э.А-ын 615 дугаартай өвчтөний түүх, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Саран-Энх эмнэлэгт Э.А-ын ор хоногийн төлбөр 200,000 төгрөг төлсөн бэлэн мөнгөний орлогын баримт зэргийг үндэслэн энэхүү төлбөрийг хариуцагч Н.Я-ээс гаргуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Э.А нь зам тээврийн ослын дараа ажилдаа яваагүй 5 хоногийн цалин нэхэмжилж байгаа бөгөөд энэ хугацаанд эмнэлгээр үзүүлэх, хамраа засуулах зэргээс ажилдаа явах боломжгүй байсан гэж тайлбарладаг болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А-ын шүүх хуралдаанд гаргасан Би Э.А-ыг дагуулж яваад хамрыг нь нэгдсэн эмнэлэг дээр янзлуулж өгсөн. Төлбөрт нь 20,000 төгрөг би өгсөн гэсэн тайлбар, 2016 оны 09 сарын 27-ны өдрийн Хамрын хугарал зассан тухай хүний их эмч Д.У-ын хэсгийн мэдээ алдуулалтын дор хамрын яс зүүн талд цөмөрч суусан байсныг засаж, хамрын өмнөд хэсгээс чихээс хийв. Гарсан хүндрэл үгүй. Чихээсийг 72 цагийн дараа авъя гэсэн тэмдэглэл зэргээс үзэхэд Э.А нь тус ослын улмаас ажилдаа яваагүй болох нь тогтоогдож байх тул түүний 5 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлага үндэслэлтэй байна. /хх-ийн 22 дугаар хуудас/

Нэхэмжлэгч Э.А нь 1 өдрийн цалин 38,000 төгрөг, 5 өдрийн цалинд 200,000 төгрөг нэхэмжилж байгаа боловч түүний нэг өдрийн цалин 38,000 төгрөг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, нийгмийн даатгалын дэвтэр хэрэгт авагдаагүй байгаа бөгөөд харин түүний ажил олгогч ,,,,,ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 05/49 дугаартай албан бичгээр нэг сарын үндсэн цалин нь 400,000 төгрөг гэсэн тодорхойлолтыг үндэслэн түүний нэг өдрийн цалинг 18,605 /400,000/21,5=18,605/ төгрөг гэж тооцож, 5 өдрийн цалинд 93,025 төгрөг гаргуулж олгох нь зүйтэй гэж дүгнэв. /хх-20 дугаар хуудас/

Нэхэмжлэгч Э.А нь өөрөө болон хүүЧ.Г, зээ дүү Т.Т нарыг томографийн зураг авахуулахад гарах зардал нийт 540,000 төгрөг гэж нэхэмжилж байгаа боловч ийнхүү зураг зайлшгүй авахуулах шаардлагатай гэсэн эмчийн дүгнэлт байхгүй, зураг авахуулахад үнэ нэг хүний 180,000 төгрөг байдаг гэх үндэслэлээ нотлоогүй, мөн Т.Т-ийн хууль ёсны төлөөлөгч биш тул түүнийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй байх тул томографийн зураг авахуулахад гарах зардал 540,000 төгрөгийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь ... эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх.... зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т: хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж тус тус заасан боловч нэхэмжлэгч Э.А-ын дээрх шаардлагын үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, энэхүү хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байна.

Нэхэмжлэгч Э.М-ын нэхэмжлэлийн шаардлагын тухайд дүгнэвэл Э.М нь томографийн зураг авахуулахад гарах зардал 180,000 төгрөг, 4 хоног ажлаа хийгээгүйн улмаас олох байсан цалин хөлс 120,000 төгрөг, нийт 300,000 төгрөгийг хариуцагч Н.Я-ээс гаргуулахаар шаардлага гаргасан боловч нэхэмжлэгч Э.М нь хаана, ямар ажил эрхэлдэг, өдрийн хэдэн төгрөгийн хөлс, орлого олдог зэрэг нь тодорхойгүй, хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй, мөн томографийн зураг авахуулах зайлшгүй шаардлагатай болохоо нотлоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь зохигчдын үүрэг бөгөөд нэхэмжлэгч Э.М нь энэхүү хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.

Мөн нэхэмжлэгч Э.М-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд зохигчдын хүсэлтээр хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

Хариуцагч талаас нэхэмжлэгч нарын эмчилгээ, шинжилгээнд зориулж нийт 79,250 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө зарцуулсан болох нь хэрэгт авагдсан төлбөрийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд энэхүү төлбөр нь ослын дараах тодорхой эмчилгээний зардалд зарцуулагдсан, нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай давхцаагүй байх тул энэхүү төлбөрийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох боломжгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Э.А-ын нэхэмжлэлийн шаардлагаас 293,025 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсэг болох 646,975 төгрөгийн, нэхэмжлэгч Э.М-ын 300,000 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Л.М хариуцагч Н.Я согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргаж буруутай үйлдэл хийсэн тул Э.А-ын нэхэмжилж байгаа төгрөгийг тодорхой хугацаанд төлөх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасныг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Н.Я-ээс 293,025 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.А-д олгож, түүний нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 646,975 төгрөгийн шаардлага, нэхэмжлэгч Э.М-ын 300,000 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.А-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 36,348 төгрөгөөс 35,846 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 502 төгрөгийг нэхэмжлэгч Э.А-д буцаан олгож, хариуцагч Н.Я-ээс улсын тэмдэгтийн хураамжид 9,440 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.А-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА

З.ТУНГАЛАГМАА