Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 134/ШШ2022/00075

 
 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1 тоотод байрлах, *******-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 33 дугаар хороо, Тахилт сургуулийн 2 гудамж, 53/А тоотод оршин суух, *******, утас: *******

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 1 дүгээр баг, 152-3-31 тоотод оршин суух, *******,*******

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нотариатын зардал нийт 13 946 901 төгрөг 87 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******,*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1 ******* болон******* нар нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дугаар №ЗГ/082 тоот зээлийн гэрээний үндсэн дээр 11 000 000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, сарын 1,4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлдэгч сар бүр зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн огт төлөлт хийлгүй нийт 112 хоног хугацаа хэтрүүлсэн. 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээл 9 839 233.06 төгрөг, хүүний өр 4 104 068.81 төгрөг, нотариатын зардалд 3 600 төгрөг, зээлийн үлдэгдэл 13 946 901.87 төгрөгийг огт төлөөгүй байна. Зээлдэгч ******* болон хамтран зээлдэгч******* нар нь зээл, зээлийн хүүг төлүүлэх шаардлагыг биелүүлээгүйн улмаас, зээлдэгчтэй удаа дараа утсаар холбогдон шаардлага тавьж байсан.

Иймд, зээлдэгч ******* болон хамтран зээлдэгч*******аас зээлийн төлбөрийг гаргуулж, Төрийн банк ХХК-д олгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1 ******* миний бие Төрийн банк ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нотариатын зардал нийт 13 946 901 төгрөг 87 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хүүний өр 4 104 068.81 төгрөгийг төлчихвөл хэвийн төлөлтөө хийж болно гэж байна. Миний тухайд 4 000 000 төгрөг байхгүй гэв.

 

3. Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1******* миний бие *******ын цалингийн зээл 13 946 901 төгрөг 87 мөнгийг төлөхөөс татгалзаж байна. Учир нь ******* хамтран зээлдэгчээр гарын үсэг зураад өгчихөө чамд ямар ч асуудал байхгүй гэж гуйсан.******* миний бие нь гарын үсэг л зурсан. *******ын тухайн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүйн үнэн болно. Зээлдэгч *******аар цалингийн зээлийн төлүүлэх хүсэлттэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

4. Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01/6437 дугаар итгэмжлэл, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 48/120 дугаар итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ/082 дугаар барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, цалингийн зээлийн өргөдлийн мягт, зээлдэгчтэй холбоо барьсан тэмдэглэл, нэхэмжлэх,

 

5. Хариуцагчаас: *******,******* нар хариу тайлбар гаргаж өгсөн.

 

Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч *******,******* нарт холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүү, нотариатын зардал, нийт 13 946 901 төгрөг 87 мөнгө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Зээлдэгч *******,******* нар гэрээний хуваарийн дагуу төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 112 хоног хэтэрсэн, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн ... гэж тодорхойлсон.

 

4. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүй хүлээн зөвшөөрч байгаа, харин хариуцагч******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ... Би зээл аваагүй, би гэрээнд л гарын үсэг зурсан, хамт мөнгө төлөх надад боломж байхгүй, би өөрөө цалингийн зээлтэй ... гэж үгүйсгэж маргасан.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, цалингийн зээлийн өргөдлийн маягт, зээлдэгчтэй холбоо барьсан тэмдэглэл, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Төрийн банк ХХК-ийг төлөөлж, Говьсүмбэр аймгийн Баянтал тооцооны төвийн захирал , зээлдэгч *******, хамтран зээлдэгч Х.Э нарын хооронд  ЗГ/082 дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулж, 11 000 000 төгрөгийг жилийн 16.80 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай цалингийн зээл авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

6. Талуудын маргааны зүйл нь хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, Би зээл аваагүй, гарын үсэг л зурсан гэж маргасан.

Харин гэрээ байгуулсан болон нэхэмжлэгчийн гэрээний үндсэн зээл 9 839 233.06 төгрөг, зээлийн хүүд 4 104 068.81 төгрөг, нотариатын зардалд 3 600 төгрөг нэхэмжилсэн тооцооллын талаар маргаагүй болно.

 

7. Зохигчдын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гарын үсэг зурж, гэрээ хүчин төгөлдөр болжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, 453 дугаар зүйлийн 453.1.зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, ... төлөх үүргийг хүлээнэ, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, ... төлнө, Зээлийн гэрээний 3.3-д Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ, гэж заажээ.

Дээрх хууль болон гэрээний зохицуулалтаас үзэхэд зээлдүүлэгч нь зээлийг зээлдэгчид бодитойгоор шилжүүлсэн байхыг шаардах бөгөөд ийнхүү шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг зээлдэгчээс шаардах, нэхэмжлэгч нь үндсэн зээл, хүүгийн төлбөрийг тооцон шаардах эрхтэй байна.

Өөрөөр хэлбэл, зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт ёсоор зээлийн төлбөрийг сар бүр, хэсэгчлэн төлөх үүрэг хүлээсэн байх тул хариуцагч *******,******* нараас үндсэн зээл, зээлийн хүү, нотариатын зардал, нийт 13 946 901 төгрөг 87 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

8. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасны дагуу зээлдэгч *******, хамтран зээлдэгч А.Э нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлдэгч, хамтран зээлдэгч тус бүрийн хүлээх үүргийг хоорондоо харилцан тохиролцон тогтоож, ийнхүү тохиролцсон талаар банкинд мэдэгдсэнтэй холбоотой баримтыг хариуцагч нар шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3.Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох..., 242.11.-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна., Зээлийн гэрээний 4.3.-д Хамтран зээлдэгч нь зээлдэгчтэй адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хариуцагч*******аас шаардсаныг буруутгах үндэслэлгүй, зээлдэгчийн нэгэн адил зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй ба хариуцагчаар хэнийг сонгох нь нэхэмжлэгчийн эрх болно.

 

9. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 684 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 227 684 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч *******,******* нараас үндсэн зээл, зээлийн хүү, нотариатын зардал, нийт 13 946 901.87 /арван гурван сая есөн зуун дөчин зургаан мянга есөн нэг төгрөг, наян долоон мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 684 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******,******* нараас 227 684 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   П.ЦОГЗОЛМАА