Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 0021

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ф.Т, Г.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

                   Прокурор                                                           Ц.М

           Шүүгдэгч                                                           Ф.Т, Г.Г

           Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Б.Д, О.С

           Хохирогч                                                          Ц.Б

           Нарийн бичгийн дарга                                 Т.Баялаг нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 44 дугаар шийтгэх тогтоолтой, Ф.Т, Г.Г нарт холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Ф.Тын өмгөөлөгч Б.Д, шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч О.С нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: А овогт Ф-н Т.

 

Шүүгдэгч: Б овогт Г-н Г.

 

   Шүүгдэгч Ф.Т, Г.Г нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт Эко хорооллын 80-03 тоот Ц.Б-н гэрт нэвтэрч төмөр сейф, тоос сорогч, будаа агшаагч, эрэгтэй, эмэгтэй булган малгай, савхин куртик, гутал массажны аппарат, цүнх, нүдний шил, үнэртэй ус, куртик, шампунь, архины төмөр сав, хутга, цамц, алтан ээмэг, алтан бөгж зэрэг эд зүйл, Төрийн банкны виза картыг хулгайлан данснаас нь 2,705,000 төгрөг тус тус хулгайлан авч нийт 6,349,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Б овогт Г-н Г, А овогт Ф-н Т нарыг бүлэглэн, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ф.Т, Г.Г нарыг тус бүр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ф.Т, Г.Г нарт оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ф.Т, Г.Г нараас тус бүр 3,119,500 төгрөг гаргуулан, хохирогч Ц.Б- иргэний нэхэмжлэгч В.О-д  нийт 250,000 төгрөг Э.А-д 140, 000 /нийт 280,000/ төгрөг тус тус олгуулж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ф.Т, Г.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6  дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг СD-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдаж,

            Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д давж заалдах гомдолдоо:

 

“Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д би Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Үндэслэл:

Эрүүгийн хуулийн 6.13 дугаар зүйлийн 2.т заасан “ ... ял шийтгэгдсэний дараа ял эдлүүлэхэд саад болохуйц өвчнөөр өвчилсөн тохиолдолд ялтныг ял эдлэхээс чөлөөлж болох ...” зохицуулалтын шүүх хэрэглээгүй.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ял хөнгөрүүлэх тухай заасныг шүүгдэгч нарт хэрэглээгүй тул давж заалдах гомдол гаргасан болно.

Миний үйлчлүүлэгч Ф.Т нь элэгний хорт хавдрын улмаас элэгнийхээ талыг авахуулсан. Хагалгааны дараах байдал маш хүнд байгаа. Хавдрын эсүүд нь ихэсч, байнгын хордлого тайлах, хөнгөвчлөх эмчилгээ хийлгэдэг. Хөдөлмөрийн чадвар алдалтын 70%, байнгын асаргаанд байдаг хүнд өвчтөн. Энэ талаарх баримтыг хэрэгт өгсөн.

Анхан шатны шүүх “... Эмнэлгийн бичиг баримтаар шүүгдэгч Ф.Т нь элэгний хорт хавдар оношоор хагалгаанд орсон, 3 үе гэсэн боловч Эрүүгийн хуулийн 6.13 дугаар зүйлд заасан хорих ялаас өвчний учир чөлөөлөх заалтыг хэрэг хянан шийдвэрлэх шатанд хэрэглэхгүй, өөр журмаар зохицуулагдсан байх тул өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй...” гэж дүгнээд шүүх хуралдааны шатанд “Ф.Тын өвчний онош тодруулахаар шинжээч томилуулах” хүсэлтийг хүлээн аваагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн алдаа гэж үздэг.

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 6.13 дугаар зүйлийн 2.т заасан “... ял шийтгэгдсэний дараа ял эдлүүлэхэд саад болохуйц өвчнөөр өвчилсөн тохиолдолд ялтныг ял эдлэхээс чөлөөлж болох...” тухай заасан байхад энэ заалтыг хэрэг хянан шийдвэрлэх шатанд хэрэглэхгүй, өөр журмаар зохицуулагдсан гэж тоймлон хэрэглээгүй нь үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Ф.Т гэм буруутайд тооцлоо, ял халдааж 3 /гурав/ жил хорих ял оноолоо. Энэ байдал нь “... ял шийтгэгдсэн үйл баримт”, хорт хавдартай тэмцэж байгаа миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдал маш хүнд “өөр журмаар зохицуулсан” гэдгийг хүлээх чадваргүй байдалд хүрээд байна.

Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 416 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтын 2.т ялаас чөлөөлөх өвчний жагсаалтын 2.1.15 “өвчний улмаас үүссэн амин эрхтний үйл ажиллагааны дутмагшил”, 2.1.15.4.т “элэгний архаг дутмагшил П-3 үе” гэсэнтэй миний үйлчлүүлэгчийн онош тохирно гэж тайлбарладаг бөгөөд шинжээч томилж оношийг тодруулаагүй, дээрх хуулийн заалтыг хэрэглээгүйгээс эрдэнэт хүмүүний амь нас эрсдэх аюулд ороод байна. Хууль хэрэглээний алдааг залруулах нь шударга үнэнд нийцнэ.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ял хөнгөрүүлэх тухай заасныг шүүгдэгч нарт хэрэглээгүй.

Мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2.т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг, заалтанд заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг шүүгдэгч нарт хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна.

Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1.т “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, ... гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэснийг зөрчжээ.

Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээсэн, хохирлыг барагдуулахаа илэрхийлсэн Ф.Т иргэний нэхэмжлэгч В.О-д 80.000 төгрөг өгсөн байхад улсын яллагчийн санал болгосон 3 жилийн ялыг шууд оноож байгаад гомдолтой байна. Иймд хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, 44 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ф.Тад оногдуулсан 3 жилийн ялаас чөлөөлж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч Г.Г давж заалдах гомдолдоо:

“Миний бие Г.Г нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 44 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Ц.Б гэдэг хүний гэрээс Сейф, шампунь, эрэгтэй гутал гэх мэт эд зүйлийг Т гэгч хүний дагуулж явсны дагуу хулгайлан авсан гэмт хэрэгт шалгагдан шүүхээс надад 3 жилийн хорих ял оногдуулсан. Хохирлын хэмжээ нийт 6.349.000 төгрөг, Т-тай адил тэнцүү төлөхөөр шийдвэрлэсэн байна.

Миний хувьд мөрдөн байцаалтын шатанд Т санаачлан намайг дагуулж явсан хулгайд алдагдсан зарим эд зүйлс Т-н гэрт байсан, картнаас авсан мөнгийг Т бүгдийг нь авсан тооцоогоо Т хийж явсан гэж удаа дараа мэдүүлэгтээ анхнаасаа үнэн зөв өгч байхад тухайн нөхцөл байдлыг шалгаагүй.

Мөн эд зүйлийн үнэлгээ нь бодитой бус эдэлгээ насжилтыг нь тооцоолоогүй бодитой бус хийгдсэн. Надад танилцуулж гарын үсэг зуруулаагүй. Т-ын худал мэдүүлэг өгсөн нь миний мэдүүлэг болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдож тогтоогдсон байхад хэргийг санаачилсан тухайд зөрүүтэй гэж үзэн адил хэмжээтэй ял оноож хохирлыг адил хэмжээтэй хувааж төлүүлэхээр болсон нь хэргийг үнэн зөвөөр шийдсэн гэх үндэслэлтэй болж чадсангүй.

Ломбарданд тавьсан эд зүйлийг Т тавьж мөнгийг нь Т авсан байхад яагаад би тэр хохирлыг төлөх ёстой юм бэ. Дарханы буудалд байрлаж бүх тооцоог Т хийсэн надад мөнгө байгаагүй гэж гэрчүүд хүртэл нотлоод байхад яагаад энэ асуудлыг харгалзаж үзсэнгүй вэ. Миний хувьд Т-н шахалт дарамтаар энэ хэрэгт оролцсон нь үнэн боловч Т-н өөрийн өгсөн 140.000 төгрөг /замын зардал гээд Т буцаагаад 60.000 төгрөг авсан/ үлдэгдэл 80.000 төгрөг Дарханд идэж уусан хоол ундны зардал гээд 120.000 төгрөг нийлээд 200.000 төгрөгний хохирол барагдуулах хүсэлтэй байна. Мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулж үнэн зөвөөр шийдүүлж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С давж заалдах гомдолдоо:

“ 2019 оны 02 дугаар сарын 11-ний 44 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Ф.Т, Г.Г нарыг бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө Ц.Б-н гэрт нэвтэрч 6.349.000 төгрөгний хохирол учруулсан нь тогтоогдож, гэм буруутай байна гэж үзсэн талаар эсэргүүцэх санал алга.

Гэхдээ шүүхээс шүүгдэгч нарын оролцооны талаар хэт ялгаатай байдал тогтоогдоогүй, хэн санаачилсан тухайд мэдүүлгийн зөрүүтэй тул ялыг адил хэмжээтэй оногдуулах нь зүйтэй гэсэн үндэслэл муутай байна. Хохирлын хувьд шүүгдэгч нараас хувааж гаргуулах үндэстэй гэснийг зөвшөөрөхгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүдийг хэт ялаагүй гэсэн. Гэтэл Г-н мэдүүлэг, Т-н мэдүүлэг хоёрын зөрүүтэй байдал, мөнгийг хэн барьж захиран зарцуулсан, хохирогчийн гэрээс  алга болсон зарим эд зүйл нь М гэж яригдаж байсан этгээдэд байсан зэрэг мэдүүлгийг хэрхэн үзсэн талаар дүгнэлт хийгээгүй. Эд хөрөнгийг үнэлгээ хийлгэх тогтоолыг танилцуулаагүй, ямар нэртэй эд зүйл, хэдэн онд авсан зэргийг тодруулж шалгаагүй байсан. /27.2, 27.6, 27.7/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3, 2.1, 2.2, 3.1-т заасан

Хохирлын шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал, шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцооны талаархи дүгнэлтийг үндэслэлтэй ялгамжтай тодорхойлсонгүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М  дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь Ф.Т, Г.Г нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ф.Т, Г.Г нарыг бүлэглэн, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсныг эс зөвшөөрч шүүгдэгч Ф.Тын өмгөөлөгч Б.Д, шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч О.С нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тэдгээрийн гаргасан заалдах гомдлыг үндэслэн тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Учир нь: Энэ хэрэгт нотлогдвол зохих байдлууд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ үйлдсэн/, 1.2-т заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.5-д заасан ”гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хэр хэмжээ” зэргийг нарийвчлан тогтоогоогүй байхад шүүх хэргийг шийдвэрлэжээ.

 

Тухайлбал: Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд гэж /хх 82/ тусгасан атлаа прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэжээ.

 

Хавтаст хэрэг авагдсан бичгийн нотлох баримтууд болох хохирогч Ц.Б болон бусад гэрчийн мэдүүлэг, түүнчлэн шүүгдэгч нарын мэдүүлэгт дээрх үйл баримтыг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө болсон гэсэн байх бөгөөд прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т заасан шаардлагыг хангаагүй, яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг зөв тодорхойлох шаардлагатай гэж үзнэ.

 

Мөн уг гэмт хэрэгт М гэгч хамтран оролцсон эсэхийг тогтоох шаардлагатай байна. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүд өөр хоорондоо эрс зөрүүтэй байх бөгөөд шүүгдэгч Г.Г нь уг хэрэгт М оролцоотой гэж удаа дараа мэдүүлж, уг этгээдийг шалгуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 5/68 дугаартай тогтоолоор М гэгчийг олж тогтоохгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцаасан боловч уг тогтоолын дагуу ажиллагаа хийгдээгүй, ямар ажиллагаа хийгдсэн нь тодорхойгүй атлаа энэ хэрэгт ач холбогдолтой бүхий байдлыг шалгасан боловч өөр этгээд оролцоотой эсэх нь тогтоогдоогүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.

 

Түүнчлэн хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд Ф.Т нь М гэгчийг шалгуулах хүсэлт гаргасан /хх 24, 30/ байх боловч уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй , мөн Г.Г нь энэ талаарх хүсэлтээсээ татгалзсан /хх 36/ байх боловч татгалзсан үндэслэлийн талаар давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “өмгөөлөгч маань хэрэг удаашраад шийдэгдэхгүй гээд байсан учраас өмгөөлөгчийн саналын дагуу татгалзсан” гэсэн тайлбарыг гаргасан болно.

           

Түүнээс гадна хохирогч Ц.Б нь анх гэрчээр мэдүүлэхдээ “төмөр сейф, тоос сорогч, будаа агшаагч, эрэгтэй хүний гутал, эрэгтэй эмэгтэй булган малгай, эрэгтэй хүний савхин куртик, орос дуран, үнэртэй ус, массажны аппарат, архины сав, нүдний шил,  эрэгтэй хүний цамц, гурван ширхэг цүнх, сейфэн дотор алтан ээмэг, бөгж, бэлэн таван зуун мянган төгрөг, төрийн банкны карт, худалдаа хөгжлийн банкны карт, хадгаламжийн дэвтэр, байрны гэрчилгээ, байшингийн гэрчилгээ, газрын кадастрын зураг зэрэг эд зүйл алдагдсан” гэж /хх 34/,

 

харин хохирогчоор мэдүүлэхдээ “төмөр сейф, түүн дотор эхнэрийн маань алтан ээмэг бөгж, бэлэн 500.000 төгрөг, хашаа байшингийн гэрчилгээ, төрийн банкны виза карт болон бусад бичиг баримт байсан. Мөн ногоон өнгийн тоос сорогч, эрэгтэй хүний гутал, эрэгтэй эмэгтэй булган малгай, эрэгтэй хүний савхин куртик, нурууны массажны аппарат, гар цүнх 2 ширхэг, хөнжил пүүгээ хийдэг том цүнх 1 ширхэг, эрэгтэй хүний өвлийн куртик, хөх өнгийн ханцуйтай сорочикон цамц, харааны нүдний шил, үнэртэй ус, 2 ширхэг шампунь, архины төмөр сав, дунд гарын хуйтай бор өнгийн иштэй хутга зэрэг эд зүйл алдсан” гэж /хх 31/,

 

дахин мэдүүлэхдээ “...алдагдсан эд зүйлд будаа агшаагч байсан...хохирогчийн мэдүүлэгт байхгүй байгаа ч гэрчээр мэдүүлэг өгөхдөө энэ талаар хэлж байсан...” гэж /IIхх 21/ тус тус мэдүүлжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нар нь дээр дурьдагдсан зарим эд зүйлийг аваагүй гэж мэдүүлдэг бөгөөд хохирогч Ц.Б-н гэрээс алдагдсан гэх эд зүйл, өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ болон уг хэрэгт өөр этгээд буюу М гэгч оролцоотой эсэхийг нарийвчлан тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч О.С нарын давж заалдах гомдолд дурьдсан “...уг хэрэгт М оролцоотой тул шалгаж өгнө үү ... зарим эд зүйлийг аваагүй... ” гэх хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ф.Тын өмгөөлөгч Б.Д-н давж заалдах гомдол, шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч О.С нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хэлэлцэхгүй орхисныг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

 

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол Ф.Т, Г.Г нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч О.С нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, зарим хэсгийг болон шүүгдэгч Ф.Тын өмгөөлөгч Б.Д-н давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.ЦЭЦЭГМАА

                                                                                           С.УРАНЧИМЭГ