Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2018/00515

 

 

 

 

 

 

 

 

 

      2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2018/00515

                  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: ... давхар 509 тоотод байрлах, Г.. ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: ...  61а байр *****од оршин суух, Т.О /.../-д холбогдох

 

            Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.М..., хариуцагчийн өмгөөлөгч Р.Чинбаа /ҮД-1028/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Отгон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.О  2014 оны 1 сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 85 000 000 төгрөгийг 15 сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны явцад талууд хоорондоо эвлэрлийн гэрээ байгуулснаар 2016 оны 6 сарын 01-ний өдрийн дотор төлбөрийг барагдуулах, дурдсан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй нөхцөлд барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцож захирамж гарсан. Ингээд хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж өмчлөх эрхийн гэрчилгээг төлбөр авагчийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэн ажиллагааг дуусгавар болсон гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн хувьд байрыг чөлөөлүүлэн авах хүсэлтийг тус албанд тавьсан боловч шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудсанд заагдаагүй ажиллагааг хийж гүйцэтгэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Барьцааны хөрөнгийг чөлөөлүүлэх тухай шаардлагаа Т.О  болон түүний гэр бүлийн гишүүдэд бичгээр өгөх гэж удаа дараа оролдсон боловч гэртээ байдаггүй, хаалгаа тайлж өгдөггүй байсан. Талуудын хороонд үүссэн үүргийн харилцаа бүрэн дуусгавар болоогүй, түүнчлэн үүргийн гүйцэтгэлийг бүрэн хүлээн аваагүйн улмаас нэхэмжлэгчийн захиран зарцуулах эрх хязгаарлагдаж буй талаар удаа дараа хариуцагчид мэдэгдсэн боловч хөрөнгөө хүлээлгэн өгөх үүргээс санаатайгаар зайлсхийж байна. Иймд зээлдэгч Т.О г Г ББСБ ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Туул гол гудамж Оранж хотхон 61а байр ***** орон сууцнаас албадан чөлөөлж шийдвэр гаргаж, шүүхийн шийдвэрийн биелэлтийг холбогдох байгууллагад даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Т.О гийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарыг дэмжиж хариуцагчийн өмгөөлөгч Р.Чинбаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Ж.******* нь 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн “Өмчлөх эрх бүртгэх тухай” 1/23857 тоот албан бичгийг Хан-Уул дүүргийн бүртгэлийн байгууллагад хүргүүлж миний өмчлөлийн орон сууцыг “Г ББСБ” ХХК-д шилжүүлсэн нь илт хууль зөрчсөн үйлдэл юм.Т.О  нь 2017 оны 4 дүгээр сард шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасаны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/01908 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дэх хэсэгт зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 7595 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн юм. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр бүхэлдээ хүчингүй болсон атал Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр бидний өмчлөлийн орон сууцыг бусдад шилжүүлэх хүсэлт гаргаж, маргааш нь бүртгэлийн байгууллагаас “Г ББСБ” ХХК-ийн нэр дээр орон сууцны өмчлөлийн гэрчилгээг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчиж олгосон байдаг. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн ********** дугаартай, ********** тоот гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, Оранж хотхоны 61А байр ***** 3 өрөө, 78.2 м.кв орон сууц нь дан ганц Т.О гийн өмч биш байхад охин ************ нарт мэдэгдэлгүйгээр тэдний эрх ашгийг хохироож, өмчлөлийн гэрчилгээг шилжүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас энэ тухай гомдлоо Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болон Хан-Уул дүүргийн оюуны өмч, улсын бүртгэлийн хэлтэст гаргасан ч хариу өгөөгүй байна. Т.О  миний бие Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, Оранж хотхоны 61А байр *****од байнгын оршин суудаггүй бөгөөд 2016 оноос хойш “Орон сууц хөлслөх гэрээ”-ний үндсэн дээр бусдад хөлслүүлж байгаа болно. Иймд уг орон сууцанд Т.О  амьдрахгүй байгаа тул шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй гэдгийг хэлмээр байна, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г ББСБ ХХК нь хариуцагч Т.О д холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Талуудын хооронд хооронд 2013 оны 10 сарын 01-ний өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, уг зээлийн гэрээтэй холбоотой маргааныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг, 2015 оны 12 сарын 01-ний өдрийн 102/ШШ2015/07595 дугаар шүүгчийн захирамжаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Уг эвлэрэлд хариуцагч Т.О  нь 115 000 000 төгрөгийг 2016 оны 6 сарын 01-ний өдрийн дотор төлбөрийг барагдуулах, дээрх хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцааны зүйл болох ********** дугаартай, ********** тоот гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, Оранж хотхоны 61А байр ***** 3 өрөө, 78.2 м.кв орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч байгууллагын нэр дээр үл маргах журмаар шилжүүлэхээр тохирч талууд эвлэрсэн байна./хх-ийн 4-7/

Гэвч хариуцагч Т.О  уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2017 оны 06 сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/01908 дугаар шийдвэрээр 2015 оны 12 сарын 01-ний өдрийн 7595 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгожээ. /хх-ийн 52-54/

 

Үүний дараа уг захирамжийг хариуцагч Т.О  сайн дураараа биелүүлээгүй тул 2016 оны 6 сарын 17-ны өдрийн шүүгчийн захирамжаар 102/ШШ2015/07595 шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудсын хамт гарч, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017.09.28-ны өдрийн 1/23857 тоот Өмчлөх эрх бүртгүүлэх тухай албан бичгийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлснээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, Оранж хотхоны 61А байр ***** 3 өрөө, 78.2 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Г ББСБ ХХК бүртгэгдэж, гэрчилгээ авсан байна./хх-ийн 11, 45/

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” гэж, 106.2-т “өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэснээр нэхэмжлэгч Г ББСБ ХХК нь хүчинтөгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, Оранж хотхоны 61А байр ***** 3 өрөө, 78.2 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдэж, хууль ёсны өмчлөгч болсон байх тул нэхэмжлэгч нь хариуцагч Т.О гоос орон сууцаа чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

Харин хариуцагч нь дээрх бүртгэлтэй холбоотой асуудлаар Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт гомдол гаргасан гэж тайлбар гаргаж, маргасан хэдий ч энэ талаарх баримтыг ирүүлээгүйн дээр, холбогдох байгууллагаас авсан лавлагаанд энэ талаар баримт ирээгүй ба хариуцагч нь энэ талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Мөн нэхэмжлэгч нь “шүүхийн шийдвэрийн биелэлтийг холбогдох байгууллагад даалгаж өгнө үү” гэсэн хүсэлтийг нэхэмжлэлийн шаардлага болгон тайлбарладаг ба энэ нь шүүхээр бие даан шийдвэрлүүлэх шаардлага биш тул энэ талаар дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд авч шийдвэрлэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Түүнчлэн хариуцагч Т.О  өөрийн эзгүйд, өмгөөлөгч Р.Чинбааг оролцуулан шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт ирүүлснийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г ББСБ ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, Оранж хотхоны 61А байр *****, улсын бүртгэлийн ********** дугаартай 78.2 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч Т.О гийн эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

                                         

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.О гоос улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                       

 

 

     ДАРГАЛАГЧ                              Б.МӨНХЖАРГАЛ