Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2018/02301

 

 

 

 

 

     2018 оны 10 сарын 17 өдөр

               Дугаар 183/ШШ2018/02301

                   Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: Боржигон овогтой, Д.Анэхэмжлэлтэй,

/Дархан-Уул аймаг, Дархан, 15 дугаар баг, мангирт * хэсэг * гудамж ** тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо,  дугаар байр, ** тоотод түр оршин суух, регистрийн дугаар / 

Хариуцагч: Дөрвөд овогтой, Л.Х д холбогдох,

/Хан-Уул дүүрэг,  дугаар хороо, үйлдвэр, туул гол гудамж, дугаар байр,  тоотод оршин суух, регистрийн дугаар /

 

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг, хариуцагч Л.Х, түүний өмгөөлөгч Ц.Одончимэг, нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Ашүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцэг ахмад дайчин Д-д Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны 50 дугаар байрны *** тоот нэг өрөө орон сууцыг олгосон бөгөөд би өвлөх эрхийн ** тоот гэрчилгээг үндэслэн өөрийн өмчлөлд 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлэн авсан. Миний хүү А.С нь Голомт банкнаас зээл авах үедээ хамтран өмчлөгчөөр орсон. Хүү А.С, бэр Д.Х нарын амьдрал ахуйд нь туслах үүднээс өөрийнхөө нэг өрөө байранд тэднийг суулгасан. Гэтэл А.С 2016 оны 8 дугаар сард хөдөө тээвэрт явж, машин тэрэг нь эвдэрч, их ядарч, зүдрээд гэртээ ирэхэд нь Л.Х гэр орноо бусниулаад, нөхрийнхөө хувцас хунарыг газар хаяж, гишгэлчихээд саллаа гээд явчихсан ба дараагаар эргэж ирээд, цоожийг нь эвдэж ороод сольчихсон. Д.Х-г уг орон сууцанд нялх хүүхэдтэй учир шүүхийн шийдвэр гартал байвал байг гээд орхичихсон чинь доод айл руугаа ус алдаж, байрны хөлс төлөхгүй, бусдад хөлслөх зэрэг зөрчил гаргаж байгаа тул Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 50 дугаар байр, *** тоот нэг өрөө орон сууцнаас Л.Хг албадан гаргаж, байрыг чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Л.Х шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь өөрийн хүү А.С-ыг уг орон сууцны хамтран өмчлөгчөөр оруулсан. Иймд А.С бидний гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тул уг орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүхийн эцсийн шийдвэр гараагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 50 дугаар байр, *** тоот нэг өрөө орон сууц нь Д.А, А.С нарын өмчлөлд бүртгэлтэй талаар, мөн уг орон сууцанд хүү С.Л бид хоёр амьдарч байгаа талаар маргаан байхгүй гэв.

 

            Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Д.А-ийн нэхэмжлэлтэй, Л.Хд холбогдох, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.   

 

Маргааны зүйл болох Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 50 дугаар байр, *** тоот, 30.41 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц нь Д.А, А.С нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн ********** дугаарт бүртгэгдсэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *************** дугаар гэрчилгээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2018/02116 дугаар шийдвэр, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. 

 

Уг орон сууцанд Л.Х оршин сууж байгаа болох нь түүний шүүхэд мэдүүлсэн хаяг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд шилжин ирсэн тухай тодорхойлолт, талуудын тайлбараар нотлогджээ.

 

Хариуцагч Л.Х “...уг орон сууц нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тул уг орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг эцэслэн шийдвэрлээгүй байгаа” гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2018/02116 дугаар шийдвэрээр “...Л.Хгийн нэхэмжлэлтэй, А.С-д холбогдох, ...гэрлэлт цуцлуулах, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, *************тоот, 30.41 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцнаас ногдох хэсэг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэгдсэн” байх тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар Л.Х нь уг орон сууцны өмчлөлийн талаар маргаагүй байна гэж дүгнэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа гэх боломжгүй юм.

 

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Л.Хгийн хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, ************** тоот, 30.41 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг чөлөөлөх нь зүйтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.6-д зааснаар нэхэмжлэгч Д.Ань улсын тэмдэгтийн хураамжид “талуудын тайлбараар Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, **************тоот, 30.41 м.кв талбайтай орон сууцыг 54.738.000 төгрөгөөр үнэлсэн гэсэн тайлбар гаргасныг үндэслэн” 431.640 төгрөг төлөхөөс 70.200 төгрөгийг төлсөн байх тул дутуу төлсөн 361.440 төгрөгийг нөхөн гаргуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот дансанд оруулж, хариуцагч Л.Хгээс улсын тэмдэгтийн хураамжид 431.640 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д заасантай нийцэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Л.Хгийн хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, ************* 30.41 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг чөлөөлсүгэй.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А-эс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 361.440 төгрөгийг гаргуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот дансанд оруулж, хариуцагч Л.Хгээс улсын тэмдэгтийн хураамжид 431.640 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ж.СЭМЖИД