Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/00029

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    ******* аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч ******* даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагчаар хяналтын прокурор *******, шүүгдэгч Ш.Энхтайван нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн П******* овогт *******гийн Энхтайванд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн 1990 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4 /эхнэр 2 хүүхдийн хамт/, ******* аймгийн ******* сумын багт оршин суудаг, урьд дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 1, 261 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, аймаг дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ний өдрийн 2023/ ШЦТ/101 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 / нэг сая төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан гэх, П******* овогт *******гийн******* /РД:/

    Шүүгдэгч Ш.******* холбогдсон хэрэг: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

    Яллагдагч Ш.Энхтайван нь 2023 оны 09 дүгээр сард ******* аймгийн ******* сумын багийн нутаг ховор амьтан болох хар сүүлтийг агнаж, тэдгээрийн гаралтай түүхий эд болох махыг мустанг маркийн мотоциклоор тээвэрлэж, хадгалж амьтны аймагт 3.330.000 /гурван сая гурван зуун гучин мянга / төгрөгийн хохирол учруулсан

гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

    Шүүгдэгч Ш.Энхтайван 2023 оны 09 дүгээр сард ******* аймгийн ******* сумын багийн нутагт ховор амьтан болох хар сүүлтийг агнаж, тэдгээрийн гаралтай түүхий эд болох махыг мустанг маркийн мотоциклоор тээвэрлэж, хадгалж амьтны аймагт 3.330.000 /гурван сая гурван зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хавтас хэргийн 18 дэх хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн  үзүүлэлт /хавтас хэргийн 7-10-11 дэх хуудас/, насанд хүрээгүй гэрч ийн мэдүүлэг, /хавтас хэргийн 27 дахь хуудас/, Биологийн хүрээлэнгийн Генетикийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Цэнд-Аюушийн 2024 оны 04 дүгээр сарын 5-ны өдрийн дүгнэлт / хавтас хэргийн 42 дахь хуудас/, Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаартай тогтоолын хавсралт батлагдсан “Амьтны экологийн эдийн засгийн үнэлгээгээр хар сүүлт 3.330.000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээ” / хавтас хэргийн 62-78 дахь хуудас/, маркийн LZHPCKL 22В1008623 арлын дугаартай, 21053082 моторын дугаартай, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 10-11 дэх хуудас/, яллагдагч Ш.Энхтайваны хувийн байдлыг тогтоосон баримтууд / хавтас хэргийн 30, 34, 36, 81, 82-85, 88, 93-106 дахь хуудас/, Биологийн хүрээлэнгээс шинжилгээний төлбөр, нэхэмжилсэн нэхэмжлэл / хавтас хэргийн 40 дэх хуудас/ Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол / хавтас хэргийн 12 дахь хуудас /зэрэг нотлох баримтууд хавтас хэрэгт цугларсан байна.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

            Шүүгдэгч Ш.Энхтайван нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Энэ хэргийн улмаас амьтны аймагт 3,330,000 төгрөгийн нөхөн төлбөрийн хохирол учирсан бөгөөд Экологи-эдийн засгийн үнэлгээгээр 6,660,000 төгрөгийн нөхөн төлбөр төлөхөөс шүүгдэгч нь 3,000,000 төгрөгийн нөхөн төлбөрийг төлсөн болох нь ХААН банкны шилжүүлгийн баримт, ******* аймгийн ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна. 3,660,000 төгрөгийг шүүгдэгч Ш.Энхтайван нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.  

            Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ш.Энхтайван нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш.Энхтайван нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар тогтоогдож байна.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Энхтайванг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ш.Энхтайванг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Ш.Энхтайванг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид тайлбарлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч Ш.Энхтайван нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар сүүлтийн мах гэх 2 ширхэг хаа, 1ширхэг хүзүү, 2 ширхэг гуя, 1 өвчүү, 1 сээр, 1 нуруу зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Энхтайванд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч П******* овогт *******гийн*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Ш.Энхтайванг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

    3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Ш.Энхтайванг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ш.Энхтайванг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 3.660.000 төгрөгийг 1 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаанд арилгах арга хэмжээ авахаар тогтоосугай.

         5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг 7.3 дугаар зүйлийн 4, 9 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Ш.Энхтайванд мэдэгдэж үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

        6. Шүүгдэгч Ш.Энхтайван нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар сүүлтийн мах гэх 2 ширхэг хаа, хүзүү, 2 гуя, , өвчүү, сээр, нуруу зэрэг махыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, эд мөрийн баримтаар хураагдсан маркийн LZHPCKL 22В1008623 арлын дугаартай, 21053082 моторын дугаартай мотоциклийн үнэ 300,000 төгрөгийг улсын орлого болгосугай.

          8.Шүүгдэгч Ш.Энхтайван нь хохиролд 3,000,000 төгрөгийг төлснийг дурдаж, төлөгдөөгүй 3,660,000 төгрөгийн нөхөн төлбөрийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497-1-т заасны дагуу төлүүлэхийг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Энхтайван өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ЭНХЖАРГАЛ