| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2022/00686/И |
| Дугаар | 183/ШШ2022/00772 |
| Огноо | 2022-03-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 183/ШШ2022/00772
| 2022 оны 03 сарын 25 өдөр | Дугаар 183/ШШ2022/00772 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг * дугаар хороо * гудамж, * дугаар байр * тоот хаягт Б овогтой Ч Х /РД:7*/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг *дугаар хороо *77 КГБ төв байр, ДД ХХК-д холбогдох
Хохиролд 1 002 971 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч Ч.Х
хариуцагчийн төлөөлөгч Б.Б
нарийн бичгийн даргаар С.Солонго нар оролцов.
Нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Х хариуцагч ДД ХХК-д холбогдуулан илгээмжээр явуулсан эд хөрөнгөнд учирсан хохирол 1 002 971 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Миний бие 2021 оны 10 дугаар сарын 15-нд ДД ХХК-ийн КГБ Т карго үйлчилгээгээр БНСУ-аас охиныхоо А1502 маркийн хэрэглэж байсан нөүтбүүкийн авчруулсан. Хүргэлтээр ирээд задлаад үзэхэд нөүтбүүкэнд гадна байдлаас гэмтэл гарсан байсан ба КГБ Тэгбэ каргоны ажилтан энэ залуу болох Б.Бтай эргэж холбогдон учир байдлаа хэлж, тухайн бүтээгдэхүүний зураг эвдрэл гэмтлийн бичиж өөрсдийнх нь өгсөн майл хаяг руу явуулсан. Каргоны газраас эргэж холбогдон ажлын 3 хоногийн дотор бараагаа буцаан авч хохирол барагдуулна гэсэн хариу өгсөн. Гэвч өдий болтол ямар нэгэн байдлаар хохирол барагдуулахгүй утсаа авахгүй байсаар байгаа байна. Уг компьютер нь дэлгэцний гэмтлээс гадна кейс, маус чихэгдсэн ажиллагаа дутуу болсон, спикер царгисан зэрэг гэмтэлтэй болсон ба миний бие зөвхөн дэлгэцийн эвдрэл гэмтэлд үнэлгээ гаргуулж 1 002 971 төгрөгийн хохирол учирсан гэж үнэлсэн тул уг үнэлгээний дагуу хохирол барагдуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч хариу тайлбартаа: 2021 оны 10 дугаар сарын 15-нд БНСУ-аас иргэн Б.Анухатан нь А1502 маркийн хэрэглэж байсан нөүтбүүкийг Ч.Хд манай каргогоор авчруулсан. Ачааг хүлээж аваад эвдрэл гарсан талаар надтай холбогдож, мэдэгдсэн нь үнэн. Манай байгууллага нь БНСУлс дахь IFEX INC байгууллагатай Хилийн чанд дахь гэрээгээр хамтран ажилладаг бөгөөд уг компаниар дамжуулж ирсэн ачаа бөгөөд энэ нь тус компанид харьяалагдах ачаа юм. Иймд дээрх нэхэмжлэлийг илгээгч Б.Анухатан нь олон улсын гэрээний дагуу хамтран ажиллаж байгаа БНСУ-ын IFEX INC-д гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх ёстой гэв.
3. Нэхэмжлэгч талаас МҮ ХХК-ийн хохирлын үнэлгээ, бэлэн мөнгөний орлогын баримт, харилцан бичсэн мессэж, фото зургууд зэргийг ирүүлсэн. /хх-ийн 3-18/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Миний бие 2021 оны 10 дугаар сарын 15-нд ДД ХХК-ийн КГБ Тэгбэ карго үйлчилгээгээр БНСУ-аас охиныхоо А1502 маркийн хэрэглэж байсан нөүтбүүкийн авчруулсан. Хүргэлтээр ирээд задлаад үзэхэд нөүтбүүкэнд гадна байдлаас гэмтэл гарсан байсан ба КГБ Тэгбэ каргоны ажилтанд эргэж холбогдон учир байдлаа хэлж, тухайн бүтээгдэхүүний зураг эвдрэл гэмтлийн бичиж өөрсдийнх нь өгсөн майл хаяг руу явуулсан. Каргоны газраас эргэж холбогдон ажлын 3 хоногийн дотор бараагаа буцаан авч хохирол барагдуулна гэсэн хариу өгсөн боловч одоо бид хариуцахгүй гэж байгааг зөвшөөрөхгүй. Үнэлгээ тогтоолгоход 1 002 971 төгрөгийн зардал гаргаж засна гэсэн. гэж тайлбарлав.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Манай байгууллага нь БНСУлс дахь IFEX INC байгууллагатай Хилийн чанд дахь гэрээгээр хамтран ажилладаг бөгөөд уг компаниар дамжуулж ирсэн ачаа бөгөөд энэ нь тус компанид харьяалагдах ачаа юм. Иймд дээрх нэхэмжлэлийг илгээгч Б.Анухатан нь олон улсын гэрээний дагуу хамтран ажиллаж байгаа БНСУ-ын IFEX INC-д гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх ёстой.гэж тайлбарлав.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
2021 оны 10 сарын 06-ны өдөр БНСУ-ын Сөүл хотоос Б.А /илгээгч/ нь УБ хотод Ч.Хд /хүлээн авагч/ хаяглан 1 ширхэг нөүтбүүкийг КГБ Тэгбэ каргоогоор илгээснийг хүлээн авагч Ч.Х нь 2021 оны 10 сарын 15-ны өдөр Монголд хүлээж авсан байна.
Дээрх ачааг хүлээн авч эвдрэл үүссэн талаар Ч.Х нь КГБ Тэгбэ каргоны менежер Б.Бад 2021.10.16-ны өдөр гомдол гаргасан байх ба уг өргөдлийг хүлээн авч, уг нөатбүүкийг засварт өгөх, зардлыг тухайн компани хариуцах болно гэсэн э-майлыг хүргүүлсэн байх ба талууд энэ асуудлаар маргаагүй байна.
Хариуцагч ДД ХХК нь КГБ Тэгбэ мэргэжлийн хүргэлтийн үйлчилгээний үйл ажиллагааг эрхлэн явуулж, улмаар БНСУ-д энэ чиглэлийн үйл ажиллагааг явуулдаг болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1-д заасан илгээмжийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр илгээгч өөрийн нэрийн өмнөөс захиалагчийн зардлаар ачаа, илгээмжийг тээвэрлэхтэй холбоотой үйлдэл хийж, захиалагч гэрээнд заасан хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ., мөн хуулийн 408 дугаар зүйлийн 408.1-т Илгээгч нь илгээмжийн гэрээнд заасан нөхцөл, шаардлагыг хангахуйц байдлаар ачаа, илгээмжийг тээвэрлэх, тээвэрлэлтэд оролцох этгээдийг сонгох, захиалагчийн ашиг сонирхлын дагуу түүний өгсөн даалгаврыг биелүүлэх үүрэгтэй., 408.7-д Хэрэв илгээмж илт дутагдсан, эсхүл гэмтсэн байвал илгээмж хүлээн авагч энэ тухай илгээмжийг хүлээн авсан өдөрт нь багтааж илгээгчид мэдээлнэ., 408.9-т Илгээгч өөрөө, эсхүл түүний ажилтан гэм буруутай бол гэрээнээс үүсэх хариуцлагыг хүлээнэ. гэж заажээ.
Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч Ч.Х нь илгээмжээр авсан нөүтбүүкт эвдрэл гарсан талаар хариуцагч талд мэдэгдэж, улмаар Мастер-үнэлгээ ХХК-иар хохирлыг үнэлүүлж, нийт 1 002 971 төгрөгийг нэхэмжилсэн байх ба хариуцагч тал дээрх эвдрэлийг өөрийн буруугаас болоогүй талаар маргаагүй, энэ талаараа нотлоогүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1, 408 дугаар зүйлийн 408.9 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ДД ХХК-иас 1 002 971 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Хд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 29 750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ДД ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 29 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Хд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ