Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2018/01904

 

Ц.Д, Д.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/01542 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Д, Д.Б нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Ф” ХХК-д холбогдох

 

Тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 21 315 895 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Д, Д.Б, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Д, Д.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Д, Д.Б бид Ф ХХК, Норд транс ХХК-ийн захирал Д.Бат Жтай амаар тохиролцоод 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Улаанбаатараас Дорнод аймаг руу 3 удаа хар замын 256 тн бетум, Сайншандаас Дорнод руу 1 удаа 89.6 тн эрдэс, Архангайгаас Сүхбаатарт 1 удаа 120 тн битум тээвэрлэсэн. Туршлагатай, өмнө нь бие биенээ танидаг байсан учраас бичгээр гэрээ байгуулаагүй. Ингээд шатахууны зардлыг гүйцэтгүүлэгч хариуцахаар тохиролцсон. Бид урьдчилгаа хөлс аваагүй.

 

Бид ажил дууссаны дараа хийсэн ажлын хөлсөө тооцоод төлөх ёстой татвар, сэлбэг зэргийг хасаад ажлын хөлсөнд 26 315 895 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр захирал С.Бат Жтай тохиролцож, тооцоо нийлсэн. Ц.Д надад 5 000 000 төгрөгийг 2 хувааж Ф ХХК-иас өгсөн. Үлдэх төлбөрийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Бид удаа дараа очиж төлбөрөө нэхэмжилдэг боловч янз бүрийн шалтаг хэлээд төлбөрийг төлөлгүй 2 жил өнгөрсөн байна.

2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлбөрийг төлнө гэж худал хэлснээс болоод бид хувь хүн, банкнаас зээл авч, хүү төлж өрөнд орсон. Дээрх хоёр компаниуд нь Д.БатЖын өмч юм. Иймд Ф ХХК-иас Ц.Дт 8 521 895 төгрөг, Д.Бд 12 794 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Харин Норд транс ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч Ф ХХК, Норд транс ХХК-ийн төлөөлөгч С.БатЖ шүүхэд гаргасан тайлбартаа: Ф ХХК хүнд оврын ачаа, тээш тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэн явуулдаг бөгөөд 2014 оны 9-10 сарын хооронд Нейшнл девелопер ХХК, А ХХК-тай байгуулсан гэрээний дагуу бетум тээвэрлэсэн. Гэрээний дагуу ажил үүргээ хурдан шуурхай тээвэрлэх үүднээс нэмж жолооч хөлсөлж тээвэрлүүлсэн. Ц.Д, Д.Б нартай танилын хувьд түр хугацаагаар ажиллуулахаар цалин хөлсийг тохиролцсоны дагуу жолоочоор ажиллуулсан. Ажилласан хугацааны хөлсийг санхүүгийн хүндрэлээс шалтгаалан тэр дор нь өгч чадаагүй боловч хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдээд байна гэх зэргээр хөлсөө нэхээд байсан тул танилаасаа хүүтэй мөнгө зээлж 5 000 000 төгрөгийг 2 хуваан өгч, тооцоо дууссан.

 

Мөн нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлдээ тооцоо нийлсэн акт гэх бичгийн нотлох баримтыг нотариатаар баталгаажуулсан хуулбарыг хавсаргаж өгсөн байна. Уг тооцоо нийлсэн акт гэх баримтыг манай компани нь нэхэмжлэгч Ц.Дтай үйлдээгүй. Харин нэхэмжлэгч нар 2016 оны 12 сард эзгүй хойгуур тооцоо нийлсэн акт гэх баримтыг авчран манай компанийн санхүүгийн тамгыг даруулаад явсан байна.

 

Гэтэл уг баримтыг шүүхэд нотлох баримтаар хуурамчаар гаргаж өгсөн байх бөгөөд уг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримт юм гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Ф” ХХК-иас 8 521 895 төгрөг гаргуулж, П овогтой Ц-йн Дт, 12 794 000 төгрөг гаргуулж Боржигин овогтой Д-ийн Б нарт олгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар Ц.Д, Д.Б нар нь хариуцагч “Норд транс” ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 264 529 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 264 529 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нар нь хийсэн ажлын гүйцэтгэл, тооцооны үлдэгдэл, авлагын талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад ямар ч үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тооцоо нийлсэн акт нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гэрчийн мэдүүлгийг үнэлэхдээ “тамга дур мэдэн ашигласан талаар хариуцагч байгууллага нь эрх бүхий этгээдэд гомдол гаргаагүй байна” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Д, Д.Б нар нь хариуцагч Ф ХХК-д холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний үүрэгт Ц.Дт 8 521 895 төгрөг, Д.Бд 12 794 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “..., үүргээ бүрэн биелүүлсэн, нотлох баримтын шаардлага хангахгүй, хуурамч баримтыг нэхэмжлэгч талаас гаргасан” гэж маргажээ. /хх-1-2, 13-14/

 

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хэргийн 4 дүгээр хуудсанд авагдсан тооцоо нийлсэн баримтаар нотлогдоно гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор “гэрчээр Л.П, И.М нарыг оролцуулах” хүсэлт гаргасныг анхан шатны шүүхээс хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хангасан боловч тухайн хүсэлт хэрхэн биелэгдсэн нь тодорхойгүй байхад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т заасантай нийцэхгүй байна. /хх-153, 159-160/

 

Мөн хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд 3 хуудас баримт нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг баримтыг анхан шатны шүүхээс хүлээн авахаас татгалзсан захирамж гаргахдаа ямар үндэслэлээр хэрэгт хамааралгүй гэж үзсэн талаарх дүгнэлт өгөөгүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийн үйл баримт тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөж гүйцэтгэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1542 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264 529 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД                                                       Г.ДАВААДОРЖ

 

                                                                                               Ш.ОЮУНХАНД