| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2021/03262/И |
| Дугаар | 183/ШШ2021/02346 |
| Огноо | 2021-10-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2021/02346
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш овогтой, Н.Г-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А овогтой, П.И-т холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.100.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэнэ.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Г, хариуцагч П.И, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр П.И-тэй зээлийн гэрээ байгуулан, 5.000.000 төгрөгийг зээлдүүлсэн. Зээлийн хугацаа дууссан боловч П.И нь зээлсэн 5.000.000 төгрөгийг одоог хүртэл буцаан төлөөгүй байгаа. Иймд П.И-ээс түүнд зээлдүүлсэн 5.000.000 төгрөг, зээлийн хүү 150.000 төгрөг, зээлийн хугацаа хэтэрсэн алданги 4.950.000 төгрөг, нийт 10.100.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Намайг хэвлэлийн үйлдвэрт ажиллаж байхад П.И нь надаас 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 5.600.000 төгрөгийн үнэ бүхий хэвлэлийн төмөр худалдан авсан. Тухайн үед П.И нь 600.000 төгрөгийг Н.Г надад өгсөн боловч үлдэгдэл төлбөрийг одоог хүртэл өгөөгүй. Тухайн үед намайг төлбөрөө шаардах бүрд П.И нь өгнө гэдэг боловч өгөөгүй ба бид 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр тохиролцон зээлийн гэрээ байгуулсан гэв.
Хариуцагч П.И шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие хэвлэлийн компаниудаас хаягдал цаас худалдан авч хятад улсын хөрөнгө оруулалттай ариун цэврийн цаас үйлдвэрлэдэг компанид нийлүүлдэг ажил хийдэг байсан ба Н.Г-оос хаягдал цаас худалдан авч байсан нь үнэн. Мөн 2014 онд Н.Г-оос хэвлэлийн компанийн хаягдал хавтан төмөр 5.600.000 төгрөгөөр худалдан авч, 600.000 төгрөгийг нь төлж, 5.000.000 төгрөгийг нь төлөөгүй нь үнэн. Би Н.Г-оос мөнгө зээлж аваагүй гэв.
Шүүх зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Н.Г-ын нэхэмжлэлтэй, П.И-т холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Н.Г, П.И нар 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр аман хэлцэл байгуулан, худалдагч Н.Г нь 5.600.000 төгрөгийн үнэ бүхий хэвлэлийн төмрийг худалдан авагч П.И-т худалдахаар аман хэлбэрээр тохиролцсон болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байх бөгөөд талууд уг хэлцлийг бичин хэлбэрт оруулахдаа 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 4208 дугаар “Зээлийн гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр хүү, алданги тооцохоор тохиролцсон байх тул Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн байна гэж дүгнэв.
Уг гэрээний дагуу худалдагч Н.Г нь 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 5.600.000 төгрөгийн үнэ бүхий хэвлэлийн төмрийг худалдан авагч П.И-ийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч нь хэвлэлийн төмрийн үнэд 5.600.000 төгрөгийг худалдагчид төлөхөөс 600.000 төгрөгийг төлж, “үлдэх төлбөр болох 5.000.000 төгрөгийг удахгүй төлнө” гэж хэлээд өнөөдрийг хүртэл төлөөгүй болох нь зохигчийн тайлбараар нотлогджээ.
Иймд гэрээний дагуу худалдан авагч П.И нь худалдан авсан хэвлэлийн төмрийн үлдэгдэл үнэ болох 5.000.000 төгрөгийг худалдагч Н.Г-д төлөөгүй болох нь нотлогдсон тул хариуцагч П.И-ээс 5.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Г-д олгох нь зүйтэй байна.
Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.4-2.6-д “зээлийн хүү нэг сарын 150.000 төгрөг байна” гэж заасны дагуу хариуцагч П.И-ийн төлбөл зохих хүү 150.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Түүнчлэн гэрээний 2.7-д “...төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0.1 хувийн алданги төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.Г нь 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацааны алдангид 4.950.000 төгрөгийг шаардах эрхтэй хэдий боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны хариуцагч П.И-ийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох “үлдэгдэл төлбөр 5.000.000 төгрөг, хүү 150.000 төгрөг, нийт 5.150.000 төгрөг”-ийн 50 хувь болох 2.575.000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч П.И-ээс зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд хэвлэлийн төмрийн үлдэгдэл үнэ 5.000.000 төгрөг, хүү 150.000 төгрөг, алданги 2.575.000 төгрөг, нийт 7.725.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.375.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.2.3-т заасныг баримтлан хариуцагч П.И-ээс гэрээний үүргийн гүйцэтгэлд 7.725.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.375.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Г-оос улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 176.550 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч П.И-ээс улсын тэмдэгтийн хураамжид 138.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД