| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0024/Э |
| Дугаар | 0024 |
| Огноо | 2019-04-09 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., 10.1.2.7., |
| Улсын яллагч | Б.Ж |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 0024
Ц.Өд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Б.Ж
Шүүгдэгч Ц.Ө
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О, Р.Б
Хохирогч Ш.С
Хохирогчийн өмгөөлөгч З.Б
Нарийн бичгийн дарга Т.Баялаг нарыг оролцуулан хийж
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолтой, Ц.Өд холбогдох, эрүүгийн хэргийг прокурор Б.Ж-н эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, С овогт Ц-н Ө.
Шүүгдэгч Ц.Ө нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Дэнжийн 15-9 тоотод хамтран амьдрагч Ш.Сын хэвлийн тус газарт шилний хагархайгаар хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн 10-11 тоотод оршин суух Б.Н-н байшингийн цонхоор нэвтэрч монетон ээмэг, гоёлын дан дээл, эмэгтэй туфль, индукцин плитка, гар цүнх, үсний хайч зэрэг эд хөрөнгө хулгайлан 771.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч С овогт Ц-н Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилөн зүйлчилж,
Шүүгдэгч Ц.Өг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Өг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Өн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ц.Өгөөс 771.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Нямбаяр-т олгуулж, хохирогч Ш.С нь нотлох баримтаа бүрдүүлэн хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж,
Энэ хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж,
Шүүгдэгч Ц.Өгийн 2011 оны 09 сарын 05-нд төрсөн хүү Ө.Э, 2018 оны 09 сарын 15-нд төрсөн охин С.Э нарыг С овогт Б-н Ц, Г овогт Х-н А нарын асрамжинд үлдээж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Ж эсэргүүцэлдээ:
“ ... Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд 75 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Үндэслэл нь:
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ шүүгдэгч Ц.Өг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Гэтэл мөрдөгч хэргийн газраас 1 ширхэг шилний хагархайг эд мөрийн баримтаар хураан авсан ба Ц.Ө нь хоёр гартаа шилтэй байсан нь нотлогдсонгүй. Хохирогч Ш.С шүүхийн хэлэлцүүлэгт “... 2018 оны 09 дүгээр сарын 27-нд гэрт ирээд шил аваад орилоод байхаар нь өмнө нь гараа зүсээд байдаг болохоор нь яаж ч магадгүй гэж бодоод араас нь хөөж шил барьсан гарыг барьж авсан. Тэгтэл Ц.Ө 2 гартаа шилтэй байсан ба очоод бариад автал намайг шилээр хатгасан...” гэх мэдүүлгээр шүүгдэгч шилний хагархайг хохирогчийн биед гэмтэл учруулахаар зориуд тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан гэж үзэх үндэслэлгүй, харин өөрийгөө гэмтээнэ гэж барьж гүйхэд нь хохирогч араас нь хөөж очиж барьж авч хатгуулсан байна гэж үзэн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэсэн.
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Ш.Сын “... намайг ална гээд аптерк барьчихаад байж байтал гаднаас манай эгч Я орж ирээд би эгчтэй нийлж байгаад аптеркийг нь авсан. Гэтэл Ө дахиад хананд байсан толь аваад та нарыг ална гээд байхаар нь дахиад эгчтэй нийлж байгаад толийг нь аваад нуусан. Энэ үед Ө гараад үүдэнд байсан барианы шил барьчихаад цонхыг чинь хагална гээд байхаар нь би гараад иртэл Ө надаас зугтаагаад байшингийн урд талын хашааны буланд очихоор нь би гарт нь байсан шилийг авах гээд булаацалдсан чинь нөгөө гартаа дахиад шилний хагархай барьчихсан байж байгаад миний хэвлийн хэсэгт зүссэн. Тэгэхээр нь доошоо тонгойсон чинь шилээрээ миний толгой руу цохисон” ... гэж,
Гэрч Ш.Я-н “... Ө гартаа хар иштэй аптерк барьчихсан С-г нэвт шаана шүү, хүүхдийг чинь ална шүү гэж байхаар нь С бид хоёр арай гэж Ө-с хар иштэй аптеркийг нь булааж аваад далд хийсэн. Тэгтэл Ө хананд байсан толийг аваад С-г цохиж ална бүгдийг чинь ална гэж С бид хоёр луу дайрахаар нь тэр толийг нь булааж авахад Ө хэсэг хэрүүл хийж байгаад гэрээс гараад гадаа модны ёроолд байсан огурцины шилийг авч цонхон дээр ирээд цонхыг чинь хагална, С чи гарч ирэхгүй бол хүүхдийг чинь шидэж ална гээд байсан. С би хүүхдээ очиж авъя энэ Ө яаж ч мэднэ гээд гэрээс гарсан. Төд удалгүй 10-аад минутын дараа С гараараа гэдсээ дараад, толгойноос нь цус гарчихсан атиралдаад орж ирсэн” гэж мэдүүлсэн байна.
Дээрх мэдүүлгүүдээр шүүгдэгч Ц.Ө нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулахдаа бүтэн байсан барены шилийг хагалж зэвсгийн чанартай ашигласан, Ш.Сын биед хэвлийн хөндий рүү нэвтэрч орсон хатгагдаж зүсэгдсэн шарх нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн Ц.Ө нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүсч үйлдсэн хор уршигт зориуд хүргэсэн шууд санаатай үйлдэл байхад хохирогч өөрөө араас нь гүйж очиж барьж авч хатгуулсан, хоёр гартаа шилтэй байсан нь нотлогдсонгүй гэж дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх ба шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Иймд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Ж дүгнэлтдээ: “... Шүүгдэгч нь бүтэн байсан шилийг хагалж зэвсгийн чанартайгаар ашиглаж гэмтэл учруулсан байхад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б-н санал: “... Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна. Шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О-н санал: “... Хагалсан шилний амсрыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж үзэхгүй. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй тул ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Өд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.
Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор нь шүүгдэгч Ц.Өг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Говил багийн Дэнжийн 15-9 тоотод хамтран амьдрагч Ш.Сын хэвлийн тус газарт шилний хагархайгаар хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум, Яргуйт багийн 10-11 тоотод оршин суух Б.Н--н байшингийн цонхоор нэвтэрч монетон ээмэг, гоёлын дан дээл, эмэгтэй туфль, индукцийн плитка, гар цүнх, үсний хайч зэрэг эд хөрөнгө хулгайлан 771.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн байна.
Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Ц.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4.д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.д зааснаар түүнд оногдуулсан ялыг нэмж нэгтэн нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Өг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсан яллах талын баримт болох Шүүх сэтгэц эмгэг судлалын 25 дугаартай дүгнэлт гаргах бүрэлдэхүүнд оролцсон шинжээч ... нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргахдаа 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2/133 дугаартай сэтгэл зүйн оношлогоог үндэслэн гаргасан” гэж мэдүүлжээ.
Иймд 2/133 дугаартай сэтгэл зүйн оношлогоо гарснаас хойш буюу дээрх гэмт хэрэг үйлдэх үедээ Ц.Ө нь хэрэг хариуцах чадвартай байсан эсэхийг зайлшгүй тогтоолгох, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Ц.Ө урьд нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байхдаа хэрэг хариуцах чадваргүй гэсэн дүгнэлт гарч түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож байсан гэсэн тайлбар гаргасан тул энэ талаар шалгаж тодруулах шаардлагатай гэж үзнэ.
Мөн шүүгдэгч Ц.Ө нь “...С намайг зодсон, би гомдолтой...” гэж мэдүүлдэг бөгөөд мөрдөгчийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор түүний биед гэмтэл, шарх үүссэн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилж шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэсэн боловч энэ талаар ажиллагаа хийгдсэн эсэх нь тодорхойгүй, Ц.Ө шүүх эмнэлэгт ирж үзүүлээгүй гэх үндэслэлээр шинжээчийн дүгнэлт гараагүй байхад шинжээчийн дүгнэлт танилцуулсан гэж тэмдэглэл үйлдэж /хх 21/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.
Түүнчлэн Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 173 дугаартай мөр судлалын дүгнэлтээр “...шинжлэгдэж буй 1 дугаартай гарын мөр нь МN003010002120 дугаараар санд бүртгэгдсэн А-н Ө-н гарын хээний дардастай тохирч байна...” гэж дүгнэсэн байхад уг дүгнэлтийг үндэслэн Ц-н Ө-г 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн 10-11 тоотод оршин суух Б.Н-н байшингаас эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
Хэрэгт авагдсан Ц-н Ө-н гарын хээний дардас нь МN003010000215 бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн байх бөгөөд А-н Ө нэрээр бүртгэгдсэн гарын хээний дардас нь Ц-н Ө-н гарын хээний дардастай тохирч байгаа эсэх, өөрөөр хэлбэл МN003010002120, МN003010000215 дугаарт бүртгэгдсэн гарын хээний дардаснууд нь нэг хүний гарын хээний дардас мөн эсэх нь тогтоогдоогүй, энэ талаарх нотлох баримт /яллагдагчийн эцэг эхийн нэр, өөрийн нэр, биеийн байцаалттай холбоотой бусад мэдээлэл/ хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Хохирогч Б.Н-н байшингийн цонхоор нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэргийг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд шүүгдэгч Ц.Ө нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан эсэхийг нарийвчлан шалгасны дараа хэргийг шийдвэрлэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд анхан шатны шүүх дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр хангалттай нотлогдоогүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж, “... хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.3 , 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Өд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.
2. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.Өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ
С.ЦЭЦЭГМАА