| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2020/00311/И |
| Дугаар | 183/ШШ2020/00709 |
| Огноо | 2020-03-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 183/ШШ2020/00709
| 2020 оны 03 сарын 23 өдөр | Дугаар 183/ШШ2020/00709 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Отгоны Нын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Санжийн Дд холбогдох
Зээлийн гэрээний үүрэг, хохиролд 5.082.070 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Н, хариуцагч С.Д түүний өмгөөлөгч Г.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С.Д 2015 оны 6 дугаар сарын 06-ны өдөр яаралтай мөнгөний хэрэг гарлаа, нэг сарын дотор хүүтэй нь буцаагаад өгнө гэж 10.000.000 төгрөг авсан ба хэлсэн хугацаандаа мөнгөө буцааж өгөөгүй. Намайг мөнгөө нэхэхэд С.Д мөнгийг эгч н.Пүрэвжавд өгсөн, эгч маань Увс аймагт байшин барьж байгаа ашиглалтад орохоор нь зараад эргүүлээд хүүтэй нь өгье, чамайг хохироохгүй гэж хэлсэн. Би уг мөнгөний хүүг банкинд сар бүр төлж байсан учир С.Даас мөнгөө байнга нэхэж байсан ба жилийн дараа буюу 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1.500.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 500.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөг өгсөн. Би С.Дд 10.000.000 төгрөгийг өгөхдөө банкнаас зээлж авсан. Учир нь миний бие 2014 онд Хас банктай зээлийн шугмын гэрээ байгуулсан ба уг гэрээний дагуу хэрэгтэй үедээ мөнгө авах боломжтой тул С.Дыг мөнгө зээлүүлээч гэхээр нь тус банкнаас 10.000.000 төгрөг зээлж авч өгсөн. Миний хувьд банкны 12 сарын хүү гэж 2.280.000 төгрөг, дараа нь 2017 оны 2 дугаар сард 960.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сараас 2017 оны 2 дугаар сар хүртэл 1.520.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 1.200.000 төгрөг, 190.000 төгрөгийн хүү төлсөн. 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл С.Д надад 4.160.000 төгрөг өгсөн ба энэ хугацаанд миний бие банкинд 3.990.000 төгрөгийн хүү төлсөн. Ингээд 10.000.000 төгрөгөөс зөрүү 170.000 төгрөгийг хасч 9.830.000 төгрөгийн зээлийн өртэй болсон. 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр С.Д надад 7.000.000 төгрөг өгсөн. Би банкны зээлийн хүүнд 1.307.390 төгрөг төлсөн. Мөн өдрийн байдлаар хариуцагчийн өгсөн мөнгөнөөс банкинд төлсөн хүүг хасвал 5.962.610 төгрөг, зээлийн үлдэгдэл 4.137.390 төгрөг болсон. 2018 оны 4 дүгээр сард 1.000.000 төгрөг өгсөн. Зээлийн хүүнд төлсөн 550.272 төгрөгийг хасвал 449.728 төгрөг болж, үндсэн зээлийн үлдэгдэл 3.682.660 төгрөг болсон. 3.682.660 төгрөгийн 20 сарын зээлийн хүү 1.399.410 төгрөг, нийт 5.082.070 төгрөгийн хохирол надад учраад байна. С.Д надад мөнгө буцааж өгсөн нь үнэн боловч тэр мөнгө нь банкинд төлсөн хүүний хэмжээнд хүрэхгүй байна. Би жилийн 22 хувийн хүү хоёр жил банкинд төлсөн, тэгэхээр хоёр жилийн хугацаанд 44 хувийн хүү төлсөн гэсэн үг. Би энэ хүнээс мөнгө хүүлэх гээд байгаа юм биш, банкинд түүний өмнөөс мөнгө төлсөн тул хүүгээ нэхэж байна. Миний бие өнөөдрийг хүртэл хариуцагчийг намайг ямар ч хохиролгүй болгоно гэсний дагуу хүлээцтэй хандсан. Иймд хариуцагч С.Даас 5.082.070 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч С.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О.Н, н.Ариунтунгалаг нараас удаа дараа мөнгө зээлж авч байсан бөгөөд хугацаандаа мөнгөө өгч бидний дунд маргаан гардаггүй байлаа. 10.000.000 төгрөгийг зээлж авах болсон шалтгаан нь миний эгч Увс аймагт байшин барьж байсан бөгөөд барилгыг барьж дуусгахад 15.000.000 төгрөг дутаад байна, мөнгө олж өгөөч, барилгаа ашиглалтад оруулчихаад буцааж өгье гэхээр нь эгчдээ туслах зорилгоор О.Н, н.Ариунтунгалаг нараас мөнгө зээлэхээр очсон. 10.000.000 төгрөгийг О.Наас биш, н.Ариунтунгалагаас хүлээж авсан. Уг нь н.Ариунтунгалаг надаас мөнгөө нэхэх байтал нөхөр О.Н нэхэмжилж байгааг гайхаж байна. Мөн О.Н надад банкнаас мөнгө зээлж авч өгсөн гэдэг нь худлаа, н.Ариунтунгалаг касснаас авч бэлнээр надад өгсөн. Миний бие н.Ариунтунгалагаас 10.000.000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 06-ны өдөр нэг сарын хугацаатай, хэт өндөр буюу 2.000.000 төгрөгийн хүү өгөхөөр амаар тохирч авсан. Уг зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй мөртлөө 2.160.000 төгрөгийн хүүг огт маргаангүйгээр төлсөн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. Манай эгч барилга барьсан хүнтэйгээ шүүхээр зарга хийж, мөнгөө буцааж өгч чадахгүй байдалд хүрсэн ба одоо ч шүүхийн асуудал нь дуусаагүй байгаа. Нэгэнт эгчдээ туслана гээд өөрийн гараар мөнгийг авсан тул мөнгийг өөрөөсөө төлсөн ба н.Ариунтунгалаг О.Н нарт 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1.500.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сард 960.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 1.200.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 7.000.000 төгрөгийг тус тус дансаар 2018 оны 4 дүгээр сард 1.000.000 төгрөгийг бэлнээр өгч О.Над ямар нэгэн өр төлбөргүй болсон. Түүнээс зээлж авсан 10.000.000 төгрөг, зээлийн хүүнд 2.160.000 төгрөг, нийт 12.160.000 төгрөгийг буцаан өгч гэрээний үүргээ биелүүлсэн. Ийм байхад нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр надаас 5.082.070 төгрөг нэхэмжилж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Н хариуцагч С.Дд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг, хохиролд 5.082.070 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч О.Н нь 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хас банктай зээлийн шугмын гэрээ байгуулсан гэх бөгөөд уг гэрээний дагуу мөнгөний хэрэгцээ гарсан үедээ авах боломжтой тул С.Д 10.000.000 төгрөг зээлүүлэх хүсэлт гаргаснаар Хас банкнаас дээрх мөнгийг зээлж авч өгсөн, улмаар С.Дын өмнөөс банкинд сар бүр хүү төлж хохирсон тул үндсэн зээлийн үлдэгдэл 3.682.660 төгрөг, зээлийн хүү 1.399.410 төгрөг, нийт 5.082.070 төгрөг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Харин хариуцагч С.Д 10.000.000 төгрөгийг О.Наас биш, түүний эхнэр н.Ариунтунгалагаас зээлж авсан, мөнгө нь нөхөр С.Дын дэлгүүр ажиллуулдаг, бизнесийн үйл ажиллагааны мөнгө байж болох ч мөнгийг эхнэрээс нь бэлнээр авсан, О.Н 10.000.000 төгрөгийг банкнаас зээлж авч өгсөн гэдэг нь худлаа, эхнэр нь касснаас авч, шууд бэлнээр надад өгсөн, 10.000.000 төгрөгийг зээлж авахдаа хүү төлөхөөр бичгээр гэрээ байгуулаагүй ч 2.160.000 төгрөг хүүнд төлж, зээлийн төлбөрийг бүрэн төлж дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан, маргаж байгаа болно.
Хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбар мэдүүлгээс дараахь үйл баримт тогтоогдов.
С.Д нь мөнгөний хэрэгцээ гарснаар өмнө нь мөнгө зээлж өгч авч харилцаатай байсан О.Н, н.Ариунтунгалаг нарт хандаж, 2015 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 10.000.000 төгрөгийг, нэг сарын хугацаатай, сард 2.000.000 төгрөгийн хүү төлөхөөр амаар тохирч мөнгийг О.Нын эхнэр н.Ариунтунгалагаас хүлээж авсан байна.
Хариуцагч С.Д зээлийн төлбөрөөс 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1.500.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сард 960.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 1.200.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 7.000.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сард 1.000.000 төгрөг нийт 12.160.000 төгрөг төлжээ.
Хариуцагч С.Д 10.000.000 төгрөгийг хүүгийн хамт төлсөнд маргахгүй, харин банкнаас авсан 10.000.000 төгрөгт оногдох хувийг өөрөөсөө банкинд төлж хохирсон гэж зээлийн үлдэгдэл 3.682.660 төгрөг, зээлийн хүү 1.399.410 төгрөг, нийт 5.082.070 төгрөг нэхэмжилж байгаагаас үзэхэд гэрээнээс учирсан хохирлыг нэхэмжилж байна гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т “...Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч арилгуулахаар шаардах эрхтэй...”, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т ”... Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно...” гэж зааснаар хохирлоо нэхэмжлэх шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч О.Н 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хас банк ХХК-тай зээлийн шугмын гэрээ байгуулж, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэх гэрээг нотлох баримтаар ирүүлсэн ба дээрх баримт нь С.Дд 2015 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 10.000.000 төгрөг зээлүүлсэн гэдгийг нотолно гэж тайлбарлаж байх боловч С.Дд 10.000.000 төгрөг зээлүүлсэн тухайн цаг хугацаанд мөнгийг Хас банк ХХК-иас зээлж авсан гэх баримт байхгүй, цаг хугацааны хувьд зөрүүтэй, түүнчлэн 10.000.000 төгрөгийн хүүг тус банкинд хэрхэн яаж төлсөн, С.Д сар бүр 10.000.000 төгрөгт оногдох хүүг төлөөгүйгээс өөрт учирсан хохирлоо яаж тооцсон нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл С.Дд зээлүүлсэн 10.000.000 төгрөгийг 2.160.000 төгрөгийн хүүгийн хамт буцааж авсанд маргахгүй, харин банкинд сар бүр түүний өмнөөс хүү төлсөн гэж тайлбарлаж байх боловч хүүг хэзээнээс хэдийг хүртэл тооцсон, зөвхөн хүү тооцож байгаа бол үндсэн зээлийн үлдэгдэл 3.682.660 төгрөг, зээлийн хүү 1.399.410 төгрөг, нийт 5.082.070 төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, С.Дд 2015 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 10.000.000 төгрөг зээлүүлэхдээ банкнаас авч зээлүүлж байгаа, сар бүр түүнд ноогдох хүүг төлөх талаар тохирсон гэх байдал тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч дээрх хуулийн зохицуулалтаар гэрээнээс учирсан хохирлоо нэхэмжлэх шаардах эрх нь байгаа боловч шалтгаант холбоо нь зөвхөн үйлдэл болон эрх зүйн үнэт зүйл эсвэл гэрээг зөрчсөн болон үүссэн хохирол хоёрын хооронд байх ёстой бөгөөд хэрэгт цугларсан баримт болон зохигчийн тайлбараас дүгнэж үзэхэд хариуцагч С.Дын буруутай үйлдэл, нэхэмжлэгч О.Над учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй, нэхэмжлэгч түүнийгээ баримтаар нотлоогүй гэж үзэв.
Нөгөө талаар С.Д өмнө нь О.Н, н.Ариунтунгалаг нараас удаа дараа мөнгө зээлж, төлбөрөө хугацаанд нь төлж байсан тул 2015 оны 6 дугаар сарын 06-ны өдөр мөнгө зээлэхээр очиход нь С.Д бус түүний эхнэр н.Ариунтунгалаг мөнгийг бэлнээр олгосон байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “...Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулсанд тооцно...” гэж зааснаар зээлийн гэрээ н.Ариунтунгалаг, С.Д нарын хооронд хийгдсэн гэж үзэхээр байх тул н.Ариунтунгалаг өөрөө эсхүл, төлөөлөгч томилон эрхээ хэрэгжүүлэх боломжтой байжээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр С.Дд холбогдох зээлийн гэрээний үүрэг, хохиролд 5.082.070 төгрөг гаргуулах тухай О.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар С.Дд холбогдох зээлийн гэрээний үүрэг, хохиролд 5.082.070 төгрөг гаргуулах тухай О.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 96.263 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН