Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 0025

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

                   Прокурор                                                           Б.Б

           Шүүгдэгч                                                           Ч.Б

           Шүүгдэгчийн  өмгөөлөгч                              Р.Б

           Хохирогч                                                          У.Б

            Нарийн бичгийн дарга                               Т.Баялаг нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 205 дугаар захирамжтай Ч.Бд холбогдох, эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, У овгийн Ч-н Б.

 

Шүүгдэгч шүүгдэгч Ч.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох П.У-г 2011 оноос 2018 оны 11 сарын 18-ны өдрийг хүртэл хамтран амьдрах хугацаандаа байнга зодож, харгис хэргий харьцаж , догшин авирлаж, тарчлаасан буюу 2015 оны 03-р сард Орхон аймгийн Баян-Өндөр Шанд багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ зодож, хавиргыг гэмтээсэн, 2016 оны 09 сард, Улаанбаатар хотод ажил хийж байхдаа зодож, үүний улмаас хохирогч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн, 2017 оны 02-р сард буюу цагаан сарын үед Орхон аймгийн Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байх гэртээ зодож, нүүр болон уруулыг сэтэлж гэмтээсэн, 2017 оны 08 дугаар сард Орхон аймгийн Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байх гэртээ согтуугаар зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчилд шүүхийн шийтгэврээр баривчлах арга хэмжээ авагдсан, 2018 оны 08 сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байх гэртээ согтуугаар үснээс нь зулгааж зодсон, 2018 оны 10 сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан Хуучин Тосгоны 14-02 тоотод П.У-н биед хүний биед хохирол учруулахгүйгээр халдсан, 2018 оны 11 сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан баг хуучин хороолол 10 дугаар гудамжинд согтуугаар бие хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 205 дугаар захирамжаар:

 

Шүүгдэгч Ч.Бд холбогдох эрүүгийн хэргийг Орхон аймгийн прокурорт буцааж,

 

Хэргийг прокурорт шилжүүлтэл шүүгдэгч Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тамхины иш 1 ширхэг, хар өнгийн үсний боолт 1 ширхэг, хэсэг үс зэргийг хэргийн хамт прокурорын газарт хүргүүлж,

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Б эсэргүүцэлдээ:

“... Ч.Бд холбогдох хэргийг Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд 205 дугаартай шүүгчийн захирамжаар бүрэлдэхүүнтэй шинжээч томилж “... Олон тооны гэмтэл шарх үүсгэж зодож, газраар чирэх өшиглөх, цохих, үснээс нь зулгаах хавирга нь хугарах зэрэг хүчний нөлөөлөл нь үхлийн шалтгаан болсон “... архины гаралтай зүрхний булчингийн эмгэгшил, зүрх судасны хурц дутагдал”-д орох явцыг  түргэсгэх, явцад хүргэх шалтгаан болох эсэх, эсхүл ерөөсөө нөлөөлөхгүй болох..., дүгнэлтэд “... зүрхний баруун хөндийд шингэн ба бүлэгнэсэн цустай, зүүн хөндий хоосон...” гэснийг тайлбарлуулах. Ямар шалтгаанаар цус бүлэгнэх, гэмтлийн шалтгаантай эсэх, ... Зүрхний булчингийн эмгэгшил нь архины гаралтай болохыг илэрхийлэх ямар шинж тэмдгүүд байсан болох...” зэргийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15, 12, 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 205 дугаартай захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүгчийн хэргийг прокурорт буцаах захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн Хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаар, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана. 34.14 дүгээр зүйлийн 2 Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өөрчилж болно” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Прокуророос яллагдагч Ч.Б-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох П.У-г 2011 оноос 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хамтран амьдрах хугацаандаа байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянцагаан баг Хуучин хороолол 10 дугаар гудамжинд П.У-г согтуу бие хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Харин 2018 оны 11 дүгээр сарын 18-ны орой П.У нь архины гаралтай зүрхний булчингийн эмгэгшил, зүрх судасны хурц дутагдалын улмаас нас барсан гэх хэрэг, үйлдлийг прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн ба прокурорын тогтоолыг хэргийн оролцогч нарт танилцуулж, тогтоол хүчин төгөлдөр болсон. Хэргийн оролцогч нараас гомдол гаргаагүй.

Гэтэл шүүхээс үхлийн шалтгаан тогтоосон, задлан шинжилгээний дүгнэлтэнд дурьдагдсан гэмтэл болоод үхлийн шалтгаантай холбоотой нөхцөл байдлыг шалгуулах, бүрэлдэхүүнтэй шинжилгээ томилуулах үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарыг зөрчсөн байна.

Шүүхээс хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15, 12-т заасан “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед оролцогчдоос нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан”, “хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх” гэсэн хуулийн заалтыг баримталсан нь хууль зүйн үндэслэлгүй. Ч.Бд холбогдох эрүүгийн хэрэгт оролцогчдын хүсэлтээр болон шүүхийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг хийгдээгүй.

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгуулахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Б дүгнэлтдээ: ... Эсэргүүцлээ дэмжиж байна... гэв.

            Шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Р.Б: ... Анхан шатны шүүх хурлаас хэргийг мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй байна... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

        

         Орхон аймгийн Прокурорын газраас “У” овогт Ч-н Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хүлээн авч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгүйгээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй, шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна гэж үзлээ.

 

         Анхан шатны шүүх Ч.Бд холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шүүх хуралдааныг товлон хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцсэн атлаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.т “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараах үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн байна.

 

         Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2.т зааснаар хэргийг прокурорт буцаахаар хуульд заажээ.

        

Иймд шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулахгүйгээр анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаас хэргийг мөрдөн байцаалтад буцаасан нь хууль зөрчсөн байна гэж үзэж шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүх хуралдаанд оролцсон прокурорын “... шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгуулахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив...” гэсэн эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй байна.

 

Хэргийг анхан шатны шүүхэд очтол Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хуулийн үндэслэлгүй гэж үзэж хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзнэ.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 205 дугаар захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                             С.ЦЭЦЭГМАА

              ШҮҮГЧ                                                                       С.УРАНЧИМЭГ

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР