Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 63

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа

Улсын яллагч:  С.Мөнхтулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Оюунгэрэл

Шүүгдэгч: Г.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бадам овгийн Галсанжамцын Ганболдод холбогдох .... тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Яллах дүгнэлтэд дурдсанаар

   Шүүгдэгч Г.Ганболд нь шунахайн сэдэлтээр 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв, Оюутын .... тоотод байрлах хохирогч Б.Отгонбаярын гэрт хууль бусаар нэвтэрч, зурагт, сансарын тогоон антены хүлээн авагч, Самсунг S-2 маркийн гар утас, савхин куртик тус бүр 1 ширхэгийг хулгайлан авч, Б.Отгонбаярт 770.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                        Тодорхойлох нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Хохирогч Б.Отгонбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Тэр өдрийн өглөө 09 цагийн үед ажилдаа яваад орой 21 цагт гэртээ ирэхэд манай гэрийн хаалга нээлттэй, цоожийг эвдсэн байсан. Гэрт ороод ирэхэд нэг согтуу хүн унтаж байсан. Гэрийн хойд талд байсан зурагт, Ди Ди Эш антены хүлээн авагч, гэрийн хойд талд хөнжил дээр байсан хар өнгийн савхин куртик, хойд талын ширээн дээр байсан улаан өнгийн Самсунг эс 2 маркийн гар утас зэрэг зүйл байсан нь алга болсон байсан. Тэгэхээр нь нөгөө согтуу хүнийг дуудахад өөдөөс шал өөр юм яриад байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Манай гэр Оюутын ... тоотод байдаг. Би тэр согтуу хүнийг танихгүй яагаад манай гэрт тэр согтуу хүн унтаж байгааг ойлгоогүй. Манай хашаанд манайхаас өөр нэг айл байдаг тэднийх тухайн үед эзгүй байсан. Би хашаандаа ерөнхийдөө ганцаараа байсан. Манай хашаанд нохой байхгүй. Би гэрийнхээ хаалгыг дунд зэргийн хятад зүүдэг цоожоор цоожилсон байсан. Цоожийг нь эвдлээд гэр дотор нь оруулаад хаясан байсан. Гэрийн хойд талд байсан хар өнгийн Монел брэндийн 32 инчийн хар өнгийн зурагт, улаан өнгийн гэртэй самсунг эс 2 маркийн гар утас, Ди Ди эш антены хүлээн авагч, хар өнгийн савхин куртик алдагдсан байсан.  ...Манай гэрээс хулгайд алдагдсан хар өнгийн савхин куртик, улаан өнгийн гар утас мөн байна би энэ алдсан зүйлээ авлаа. Зурагт Ди Ди эшийн хүлээн авагч нь харин байхгүй байна. Зурагт, ди ди эшийн хүлээн авагчийг олж өгч хохирол барагдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

Гэрч А.Аюурзана мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байсан өдрийн 12 цагийн үед Хайрхан дэлгүүрийн гадаа намайг байж байхад Ганболд хүрч ирээд гар утас байна авах уу гэхээр нь нөгөө гар утсыг нь 20.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд яваад буцаад орж ирэхдээ архи аваад орж ирсэн. Тэр архийг нь уугаад дууссан нөгөө хүн гэрээс гараад явсан. Тэгсэн маргааш нь цагдаа нар ирээд гар утсыг хулгайн эд зүйл байсан гэдгийг нь хэлсэн. Ганболд тэр өдөр манай гэрээс үдээс хойш 15 цагийн алдад гарч явсан байх. Ганболд нэлээд согтсон байсан би ч гэсэн согтоод тасраад унасан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

Гэрч Х.Эрдэнэбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Манай ах ажил төрөл хийж байгаагүй. Би ахынхаа бага байх үеийг нь сайн мэдэхгүй. Би өөрөө жоохон байсан. Манай ах гадуур дотуур хулгай хийгээд явдаг юм шиг байна лээ. Миний мэдэж байгаагаар манай ах дандаа хулгайн хэргээр 4 удаа шоронд явж ирсэн санагдаж байна. Манайхан түүнийг гайгүй өөд нь татах гэхээр Ганболд би шоронд явна гэж хэлээд байдаг. Ганболдод тогтсон гэр хаяг гэж байхгүй. Айлуудаар тэнээд хаа хамаагүй явдаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

Гэрч Т.Төгөлдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр би Цагдаагийн газрын жижүүрийн офицерын үүрэг гүйцэтгэж байсан. Тэр өдрийн орой 20 цагийн үед Оюутын 02 тоот хашаанд байсан манай гэрт танихгүй согтуу хүн унтаж байна гэж Отгонбаяр гэдэг хүн дуудлага өгсөн. Дуудлагын дагуу уг газарт очиход Г.Ганболд гэгч хүн тухайн айлд Б.Отгонбаяртой хэрүүл хийгээд сууж байсан. Отгонбаяр нь намайг гэртээ ирэхэд энэ согтуу хүн унтаж  байсан. Би энэ хүнийг танихгүй. Би маргааш энэ хүнтэй эрүүлд нь уулзмаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн этгээдийг Цагдаагийн газар луу авч явж эрүүгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Өнөрбаярт хүлээлгэж өгсөн. Гэрээс зурагт ди ди эшийн хүлээн авагч, гар утас савхин хүрэм байхгүй байна хэн авсныг мэдэхгүй байна. Г.Ганболд маш их согтолттой байсан биеэ авч явах чадваргүй болсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

Гэрч Ж.Баярцэнгэл мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Намайг гэрт байхад Ганболд орж ирээд надад савхин куртик авах уу гээд хар өнгийн савхин куртик аваад орж ирсэн. Тэгэхээр нь би хэдэн төгрөгөөр зарах юм бэ гэхэд 20.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгэхээр нь би за гэж хэлээд би түүнд 20.000 төгрөг өгөөд куртикийг нь авсан. Тэгсэн дараа нь цагдаа нар ирээд Ганболдоос 20.000 төгрөгөөр худалдаж авсан куртикийг хулгайн эд зүйл байсан гэдгийг нь хэлээд хурааж авсан. Тухайн өдөр Ганболд ганцаараа ирсэн тэр нэлээд их согтуу байсан надад тэр куртикнээс өөр зүйл зараагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

Шүүгдэгч Г.Ганболд мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гэрээсээ гарч яваад Оюутын ... тоот хашаанд байсан хоёр цоожтой гэрийн зүүн талын гэрийн цоожийг татаж нээгээд гэрт орж савхин хүрэм, улаан өнгийн гар утас хулгайлж аваад Хайрхан дэлгүүрийн тэнд байдаг Аюурзаныд очсон. Аюурт 20.000 төгрөгөөр гар утсаа зараад мөнгөөр нь дэлгүүрээс архи аваад буцаж Аюурзаныд ирээд нөгөө архиа хувааж уусан. Тэгээд байж байхад хажуу айлынх нь залуу орж ирхээр нь би савхин куртикийг авах уу 20.000 төгрөгөөр зарна гэхэд тэр за гээд нь нөгөө залууд 20.000 төгрөгөөр куртикээ зараад мөнгийг аваад гарч дэлгүүр орж нэг шил архи аваад буцаж Аюурзаныд орж ирээд нөгөө архийг хувааж уусан. Үдээс хойш би тэднийхээс гарч Хайрхан дэлгүүр дээрээс такси аваад буцаад Оюутад очиж гар утас куртик хулгайлсан айлдаа очоод гэрийн хойно байсан хар өнгийн зурагт, ди ди иш антены сансрын хүлээн авагчийн хамт хулгайлж аваад нөгөө таксины хүндээ 30.000 төгрөгөөр зарсан. Нөгөө хүн надаас хулгай эд зүйл биш биз дээ гэхээр нь би миний өөрийн юм байгаа юм гэж хэлээд өгсөн. Тэгээд түүнээс хойш юу болсныг мэдэхгүй тасарсан. Тэгсэн нөгөө хулгай хийсэн айлдаа очоод унтсан байсан. Би архи уусан байсан ер нь би архи уухаараа хулгай хийчихдэг юм. Би зурагт ди ди эшийн хүлээн авагчийг зарсан хүнийг танихгүй таксины жолооч байсан. Би тэр машины марк улсын дугаарыг нь мэдэхгүй байна. Би зурагт ди ди эшийг зарахдаа миний өөрийн юм байгаа юм гэж хэлээд зарсан. Миний гар утас, куртик хулгайлсныг ч гэсэн Аюурзана тэдний хажуу айлын хүн мэдээгүй. Би өөрийнхөө юмыг зарж байна гэж хэлсэн.  Би ганцаараа хулгай хийсэн. Би цагдан хориход ормоор байна, яагаад гэвэл би архи уучихаад байна, дахиж хулгайн гэмт хэрэг хийж магадгүй. Би бусдад учруулсан хохирлоо төлөөгүй байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33, 35-р хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/,

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 06-10-р хуудас/,

Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 11-14-р хуудас/,

Эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16-р хуудас/,

  Ашид билгүүн ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд:”...Монел LCD 32 инчийн зурагт 1 ширхэг 360.000 төгрөг, сансрын тогоон антены хүлээн авагч 1 ширхэг 130.000 төгрөг, Samsung маркийн гар утас 1 ширхэг 80.000 төгрөг, савхин куртик 1 ширхэг 200.000 төгрөг нийт 770.000 төгрөг гэжээ. /хх-ийн 25-р хуудас/,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 13 дугаартай яллагдагчаар цагдан хорих тухай шүүгчийн захирамж /хх-ийн 31-р хуудас/,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 37-42-р хуудас/,

Сум дундын 15 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 43-45-р хуудас/,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 46-48-р хуудас/,

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 63а дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 49-50-р хуудас/,

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 1995 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 51-52-р хуудас/,

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 53-р хуудас/,

Шүүгдэгч Г.Ганболдын талаархи банкнуудын тодорхойлолт /хх-ийн 58-66-р хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71-р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Г.Ганболд нь 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв, Оюутын 8-28 тоотод байрлах Б.Отгонбаярын гэрт хууль бусаар нэвтэрч, зурагт, сансарын тогоон антены хүлээн авагч, Самсунг S-2 маркийн гар утас, савхин куртик тус бүр 1 ширхэгийг хулгайлан авч, Б.Отгонбаярт 770.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

          Хохирогч Б.Отгонбаярын:”...Тэр өдрийн өглөө 09 цагийн үед ажилдаа яваад орой 21 цагт гэртээ ирэхэд манай гэрийн хаалга нээлттэй, цоожийг эвдсэн байсан. Гэрт ороод ирэхэд нэг согтуу хүн унтаж байсан. Гэрийн хойд талд байсан зурагт, Ди Ди Эш антены хүлээн авагч, гэрийн хойд талд хөнжил дээр байсан хар өнгийн савхин куртик, хойд талын ширээн дээр байсан улаан өнгийн Самсунг эс 2 маркийн гар утас зэрэг зүйл байсан нь алга болсон байсан. Тэгэхээр нь нөгөө согтуу хүнийг дуудахад өөдөөс шал өөр юм яриад байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Манай гэр Оюутын 8-28 тоотод байдаг. Би тэр согтуу хүнийг танихгүй яагаад манай гэрт тэр согтуу хүн унтаж байгааг ойлгоогүй. Манай хашаанд манайхаас өөр нэг айл байдаг тэднийх тухайн үед эзгүй байсан. Би хашаандаа ерөнхийдөө ганцаараа байсан. Манай хашаанд нохой байхгүй. Би гэрийнхээ хаалгыг дунд зэргийн хятад зүүдэг цоожоор цоожилсон байсан. Цоожийг нь эвдлээд гэр дотор нь оруулаад хаясан байсан. Гэрийн хойд талд байсан хар өнгийн Монел брэндийн 32 инчийн хар өнгийн зурагт, улаан өнгийн гэртэй самсунг эс 2 маркийн гар утас, Ди Ди эш антены хүлээн авагч, хар өнгийн савхин куртик алдагдсан байсан.  ...Манай гэрээс хулгайд алдагдсан хар өнгийн савхин куртик, улаан өнгийн гар утас мөн байна би энэ алдсан зүйлээ авлаа. Зурагт Ди Ди эшийн хүлээн авагч нь харин байхгүй байна. Зурагт, ди ди эшийн хүлээн авагчийг олж өгч хохирол барагдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

Гэрч А.Аюурзаны:”...2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байсан өдрийн 12 цагийн үед Хайрхан дэлгүүрийн гадаа намайг байж байхад Ганболд хүрч ирээд гар утас байна авах уу гэхээр нь нөгөө гар утсыг нь 20.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд яваад буцаад орж ирэхдээ архи аваад орж ирсэн. Тэр архийг нь уугаад дууссан нөгөө хүн гэрээс гараад явсан. Тэгсэн маргааш нь цагдаа нар ирээд гар утсыг хулгайн эд зүйл байсан гэдгийг нь хэлсэн. Ганболд тэр өдөр манай гэрээс үдээс хойш 15 цагийн алдад гарч явсан байх. Ганболд нэлээд согтсон байсан би ч гэсэн согтоод тасраад унасан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

Гэрч Х.Эрдэнэбаатарын:”...Манай ах ажил төрөл хийж байгаагүй. Би ахынхаа бага байх үеийг нь сайн мэдэхгүй. Би өөрөө жоохон байсан. Манай ах гадуур дотуур хулгай хийгээд явдаг юм шиг байна лээ. Миний мэдэж байгаагаар манай ах дандаа хулгайн хэргээр 4 удаа шоронд явж ирсэн санагдаж байна. Манайхан түүнийг гайгүй өөд нь татах гэхээр Ганболд би шоронд явна гэж хэлээд байдаг. Ганболдод тогтсон гэр хаяг гэж байхгүй. Айлуудаар тэнээд хаа хамаагүй явдаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

Гэрч Т.Төгөлдөрын:”...2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр би Цагдаагийн газрын жижүүрийн офицерын үүрэг гүйцэтгэж байсан. Тэр өдрийн орой 20 цагийн үед Оюутын 02 тоот хашаанд байсан манай гэрт танихгүй согтуу хүн унтаж байна гэж Отгонбаяр гэдэг хүн дуудлага өгсөн. Дуудлагын дагуу уг газарт очиход Г.Ганболд гэгч хүн тухайн айлд Б.Отгонбаяртой хэрүүл хийгээд сууж байсан. Отгонбаяр нь намайг гэртээ ирэхэд энэ согтуу хүн унтаж  байсан. Би энэ хүнийг танихгүй. Би маргааш энэ хүнтэй эрүүлд нь уулзмаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн этгээдийг Цагдаагийн газар луу авч явж эрүүгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Өнөрбаярт хүлээлгэж өгсөн. Гэрээс зурагт ди ди эшийн хүлээн авагч, гар утас савхин хүрэм байхгүй байна хэн авсныг мэдэхгүй байна. Г.Ганболд маш их согтолттой байсан биеэ авч явах чадваргүй болсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

Гэрч Ж.Баярцэнгэлийн:”...Намайг гэрт байхад Ганболд орж ирээд надад савхин куртик авах уу гээд хар өнгийн савхин куртик аваад орж ирсэн. Тэгэхээр нь би хэдэн төгрөгөөр зарах юм бэ гэхэд 20.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгэхээр нь би за гэж хэлээд би түүнд 20.000 төгрөг өгөөд куртикийг нь авсан Тэгсэн дараа нь цагдаа нар ирээд Ганболдоос 20.000 төгрөгөөр худалдаж авсан куртикийг хулгайн эд зүйл байсан гэдгийг нь хэлээд хурааж авсан. Тухайн өдөр Ганболд ганцаараа ирсэн тэр нэлээд их согтуу байсан надад тэр куртикнээс өөр зүйл зараагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

Шүүгдэгч Г.Ганболд мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гэрээсээ гарч яваад Оюутын 8-28 тоот хашаанд байсан хоёр цоожтой гэрийн зүүн талын гэрийн цоожийг татаж нээгээд гэрт орж савхин хүрэм, улаан өнгийн гар утас хулгайлж аваад Хайрхан дэлгүүрийн тэнд байдаг Аюурзаныд очсон. Аюурт 20.000 төгрөгөөр гар утсаа зараад мөнгөөр нь дэлгүүрээс архи аваад буцаж Аюурзаныд ирээд нөгөө архиа хувааж уусан. Тэгээд байж байхад хажуу айлынх нь залуу орж ирхээр нь би савхин куртикийг авах уу 20.000 төгрөгөөр зарна гэхэд тэр за гээд нь нөгөө залууд 20.000 төгрөгөөр куртикээ зараад мөнгийг аваад гарч дэлгүүр орж нэг шил архи аваад буцаж Аюурзаныд орж ирээд нөгөө архийг хувааж уусан. Үдээс хойш би тэднийхээс гарч Хайрхан дэлгүүр дээрээс такси аваад буцаад Оюутад очиж гар утас куртик хулгайлсан айлдаа очоод гэрийн хойно байсан хар өнгийн зурагт, ди ди иш антены сансрын хүлээн авагчийн хамт хулгайлж аваад нөгөө таксины хүндээ 30.000 төгрөгөөр зарсан. Нөгөө хүн надаас хулгай эд зүйл биш биз дээ гэхээр нь би миний өөрийн юм байгаа юм гэж хэлээд өгсөн. Тэгээд түүнээс хойш юу болсныг мэдэхгүй тасарсан. Тэгсэн нөгөө хулгай хийсэн айлдаа очоод унтсан байсан. Би архи уусан байсан ер нь би архи уухаараа хулгай хийчихдэг юм. Би зурагт ди ди эшийн хүлээн авагчийг зарсан хүнийг танихгүй таксины жолооч байсан. Би тэр машины марк улсын дугаарыг нь мэдэхгүй байна. Би зурагт ди ди эшийг зарахдаа миний өөрийн юм байгаа юм гэж хэлээд зарсан. Миний гар утас, куртик хулгайлсныг ч гэсэн Аюурзана тэдний хажуу айлын хүн мэдээгүй. Би өөрийнхөө юмыг зарж байна гэж хэлсэн.  Би ганцаараа хулгай хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33, 35-р хуудас/, Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/, Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 06-10-р хуудас/, Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 11-14-р хуудас/, Эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16-р хуудас/,   Ашид билгүүн ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд:”...Монел LCD 32 инчийн зурагт 1 ширхэг 360.000 төгрөг, сансрын тогоон антены хүлээн авагч 1 ширхэг 130.000 төгрөг, Samsung маркийн гар утас 1 ширхэг 80.000 төгрөг, савхин куртик 1 ширхэг 200.000 төгрөг нийт 770.000 төгрөг.../хх-ийн 25-р хуудас/ гэсэн нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Г.Ганболдыг орон байранд нэвтэрч, бага бус хэмжээний хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

          Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Отгонбаярт “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний дүгнэлтээр Монел LCD 32 инчийн зурагт 1 ширхэг 360.000 төгрөг, сансрын тогоон антены хүлээн авагч 1 ширхэг 130.000 төгрөг, Samsung маркийн гар утас 1 ширхэг 80.000 төгрөг, савхин куртик 1 ширхэг 200.000 төгрөг нийт 770.000 төгрөгийн хохирол учиржээ.

Хохирогч Б.Отгонбаярт Samsung маркийн гар утас 1 ширхэг, савхин куртик 1 ширхэгийг буцаан хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Учирсан хохирлоос 490.000 төгрөгийн хохирлыг төлөөгүй болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Ганболдыг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрөө барагдуулаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Ганболдоос 490.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Отгонбаярт олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ялгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн болохыг дурьдах нь зүйтэй.  

Шүүгдэгч Г.Ганболд нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ямар нэгэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө үгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хуульд заасан баривчлах ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, бусдад учруулсан хохирлын хэр хэмжээ зэрэгт тохирно гэж дүгнэсэн болно.  

 Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 13 дугаартай яллагдагчаар цагдан хорих тухай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Г.Ганболдод цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ өдрийг хүртэл 20 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 20 хоногийг баривчлах ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдав.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.   Шүүгдэгч Бадам овогт Галсанжамцийн Ганболдыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.   Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганболдод эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганболдод оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлсүгэй.

4.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганболдын цагдан хоригдсон 20 /хорь/ хоногийг баривчлах ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5.   Шүүгдэгч Г.Ганболдын биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

6.   Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганболдоос 490.000 /дөрвөн зуун ерэн мянга/ төгрөг гаргуулан хохирогч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7-р баг Оюутын 8-28 тоотод оршин суух Харчин овгийн Болдбаатарын Отгонбаярт олгосугай.

7.   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Ганболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ДЭЛГЭРМАА