Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 55

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2017/0057/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:     

Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга

Улсын яллагч: Ц.Цэен-Ойдов

Хохирогч: В.Оюунсайхан

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Болортунгалаг

Шүүгдэгч: Д.Баатарчулуун нарыг оролцуулан           

Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Баатарчулуунд холбогдох 201723000024 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:                       

Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1976 оны 08 дугаар сарын 27-ний өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 5-13 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2008 оны 07 дугаар сарын 23-ний өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын 01 дүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлж 02 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан, Боржигон овогт Доржийн Баатарчулуун /РД: СЭ76081712/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Баатарчулуун нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр согтуугаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 05-08 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу хардалтаас иргэн В.Оюунсайханыг зодож хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, зүүн гарын булчинд хутгаар хутгалж хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Д.Баатарчулуун нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр согтуугаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 05-08 тоотод өөрийн эхнэр В.Оюунсайханыг хардсаны улмаас зодож хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, зүүн гарын булчинд хутгалж хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч В.Оюунсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “... 20171 дүгээр сарын 16-ны өдөр гэртээ байж байхад манай нөхөр Баянхутаг сумаас танихгүй 2 залуутай ирсэн. Гэрт ирээд архиа ууж байхдаа манай нөхөр Баатарчулуун нь хамт ирсэн Лхагвасүрэн гэх залуутайгаа хардаад зодсон. Миний зүүн гарын булчин руу хар цагаан иштэй хутгаар хутгалсан, мөн тархи толгой руу цохиж зодсон. Эхлээд намайг гар руу хутгалахаар нь гэрээс гарч хоолны газар очоод хэсэг хугацааны дараа гэртээ очих үед дахиж намайг зодоод байсан. Тэгээд буцаж гараад дуудлага өгсөн. Лхагвасүрэн гэх залуу намайг согтуугаар нөхрийгөө хүлээж байхад нүцгэлж оролдоогүй бол нөхөр бид хоёр муудахгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хх-17-19 хуудас/

 

Гэрч Н.Нарантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би Хэнтий аймгийн 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Шонхор-2 зоогийн газарт байхад хар өнгийн дотуур өмд, бараан өнгийн футволктой, 40 орчим насны эмэгтэй орж ирсэн. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. 20 цагийн үед орж ирэхдээ зүүн гарын булчин хэсэгтээ зүсэгдсэн шархтай орж ирсэн. Тэгээд удалгүй гараад явсан. Дараа нь 00 цаг өнгөрөөгөөд 01 цагийн үед нөгөө эмэгтэй дахиж орж ирэхдээ нүүр нь хавдсан орж ирээд цагдаа дуудаад өгөөч нөхөр маань зодоод байна гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-26-27 хуудас/

 

Гэрч Э.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Баатарчулуун ах өөрийнхөө аваачсан махаа гэрлүүгээ оруулаад цуйван хийгээд би хэд хоол идчихээд аваачсан 3 шил архиа дөрүүлээ хувааж уучихаад нилээн согтсон. Тэгсэн Баатарчулуун ах дахиж архи авч ууна гээд 22 цагийн орчим гараад явсан. Тэр хойгуур нь Хэрлэнбаяр тасраад унтаад өгсөн. Тэр хойгуур нь би эхнэрийнх нь дээгүүрх хувцасыг нь тайлаад сууж байсан чинь гаднаас Баатарчулуун орж ирээд бид хоёрыг хардаад эхнэрээ хоёр цохиод хоёр удаа өшиглөсөн.....” гэсэн мэдүүлэг /хх-27-28 хуудас/

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №656 тоот дүгнэлт:

Дээрх 2 нүдний дээд доод зовхи, хацар, гарын шуу, бугалга 2 гуя, өгзөг умдаг, нурууны цус хуралт зөөлөн эдийн няцралт бүхий гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин зүүн гарын бугалганы зүсэгдсэн шарх нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт /хх-31 хуудас/

 Эд мөрийн баримтаар хар өнгийн 28.5 см урттай хутгыг хураан авсан мөрдөн байцаагчийн тогтоол. /хх-13 хуудас/

Шинжээч эмч Ч.Алтанцэцэгийн мэдүүлэг. /хх-38 хуудас/

Сэжигтэн Д.Баатарчулууны мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 3 шил архиа дуусгаад архинд ганцаараа гарсан юм. Архи олдохгүй буцаад гэртээ ирэх үед Лхагвасүрэн манай эхнэрийн дээгүүрх цамцыг тайлаад хүзүүгээр нь тэврээд сууж байсан юм. Тэгээд би Лхагвасүрэнг нэг удаа нүүр рүү нь цохиод Оюунсайханы нүүр рүү нь 2 удаа цохиод 2 удаа гуя руу нь өшиглөсөн юм. ... би тухайн үед дотор бачуураад мөн согтуу байсан болохоор хоолны шүүгээн дээр байсан хутгыг барьж айлгах гэж байгаад санамсаргүй зүссэн байх....” гэсэн мэдүүлэг /хх-47-48 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Баатарчулууны өөрийн эхнэр В.Оюунсайханыг хардсаны улмаас зодож хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан, зүүн гарын булчинд хутгалж хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг байна.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг шууд санаатай үйлдэжээ.

Энэ хэргийн улмаас хохирогч В.Оюунсайханы биед хүндэвтэр, хөнгөн гэмтлүүд учирсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Шүүгдэгч нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 286, 293, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ

1. Боржигон овогт Доржийн Баатарчулууныг бусдын биед хөнгөн, хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Д.Баатарчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар, 99 дүгээр зүйлийн 99.1 зааснаар 2 сарын баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Д.Баатарчулуунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар оногдуулсан 2 сарын баривчлах ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Баатарчулуунд оногдуулсан 01 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хар өнгийн бариултай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Баатарчулуунд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ГАНЗОРИГ