Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2020/0258

 

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2020/0258

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар Т.Э********ын нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Т.Э********

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл

Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс олгохоос татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, уг хугацааны үндсэн цалин, нэмэгдэл хөлс, урамшууллыг төсвийн зохих зардлаас нөхөн гаргуулах, холбогдох татвар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б******, Б.М******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О**-******  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч нь шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: Товогтой Б.Э******** миний бие Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан
шатны шүүхийн шүүгчээр ажилладаг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 120 дугаар зарлигаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн саналыг үндэслэн нэр бүхий шүүгчийн нарын болон миний шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн.

Ийнхүү шүүгчийн бүрэн эрхийг минь түдгэлзүүлсэн нь ямар үндэслэл, шалтгаантай эсэхийг ойлгож, мэдээгүй, энэ талаар миний бие ямар ч ойлголт, төсөөлөлгүй, гэнэтийн цочирдсон үйл явдал болсон.

Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар А.Ц****-**, Б.М********* нар 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр манай гэрт ирж, гэрт минь нэгжлэг хийж, улмаар нэгжлэг хийсний дараа Авилгатай тэмцэх газарт очиж гэрчийн мэдүүлэг өгснөөр ерөнхий төсөөлөлтэй болсон нь гашуун үнэн.

Эхний гэрчийн мэдүүлэг авснаас хойш 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр дахин гэрчийн мэдүүлэг өгсөн. Өөрөөр хэлбэл 2 удаа гэрчийн мэдүүлэг өгч, түдгэлзүүлснээс хойш бүрэн эрхийг сэргээх хүртэл түдгэлзүүлсэн үндэслэл арилсан эсэх нь ч тодорхойгүй, ямар байгууллага, эрх бүхий албан тушаалтнаас хэрхэн хариу өгөх эсэх нь ойлгомжгүй нөхцөл байдалтай байсныг үүгээр тэмдэглэх нь зүйтэй байх.

Шүүхийн ерөнхий зөвлөл хэдийгээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж ирсний дагуу тогтоолоо гаргасан ч ямар учир шалтгааны улмаас шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлд оруулж байгаа талаар тухайн шүүгчээсээ нэг удаа боловч асууж тодруулаагүйд гомдолтой байдаг.

Мөн энэхүү өнгөрсөн 6 сарын хугацаанд интернет, сошиал ертөнцөөр бидний талаарх таагүй, үнэн худал нь мэдэгдэхгүй, хүний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээ, мэдээллүүд ч нэг бус удаа гарч сэтгэл зүйн хувьд таагүй байсан болно.

Авилгатай тэмцэх газраас мөрдөн шалгах тодорхой ажиллагааг явуулж, ...
Т.Э******** миний бие болон бусад нэр бүхий шүүгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал болон нэр бүхий шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосноор цаашид явуулах мөрдөн шалгах ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдоогүй талаарх албан бичгийг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэний дагуу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тогтоол гарч, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар зарлигаар ... Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийг үндэслэн Т.Э******** миний шүүгчийн бүрэн эрхийг сэргээсэн.

Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлснээр цалин хөлстэй холбоотой асуудал зэрэг хуулиар олгосон эрхийг эдлүүлээгүй зогсоосон. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3-т шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, сэргээх үндэслэл, түдгэлзүүлсэн тохиолдолд шүүгчийн халдашгүй байдал, цалин, эдийн засаг, нийгмийн хангамжийн баталгааг хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулсан боловч мөн хуулийн 17.1.1, 17.1.4, 17.1.5, 17.1.7, 17.1.8-д зааснаар түдгэлзүүлсэн үндэслэл арилсан нөхцөлд цалин, эдийн засаг, нийгмийн хангамжийн баталгааг хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулагдаагүй
байна.

Шүүхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т "Шүүхийн төсөв Улсын дээд шүүхийн, аймаг, нийслэлийн шүүхийн, дагнасан шүүхийн болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн төсвөөс тус тус бүрдэнэ" гэж, Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7-д Ерөнхий зөвлөлийн дарга нь Ерөнхий зөвлөлийн ажлын алба, аймаг, нийслэл, сум, сум дундын, дүүргийн болон дагнасан шүүхийн төсвийн ерөнхийлөн захирагч байна гэж тус тус заасны дагуу миний цалин хөлсийг олгох, төсөв хөрөнгийг захиран зарцуулах эрх нь Шүүхийн ерөнхий зөвлөлд байгаа болно.

Т.Э******** миний бие шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хугацааны цалин хөлсийг авахаар 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраар уламжлан Шүүхийн ерөнхий зөвлөлд хандсан боловч 2020 оны батлагдсан төсвийн хэмжээнд цалин хөлсийг олгох боломжгүй болохыг мэдэгдсэнээр захиргааны байгууллага өргөдлийг шийдвэрлээгүй, хуулийн дагуу хийх ёстой үйлдлээ биелүүлээгүй, татгалзсан эс үйлдэхүйг гаргасан гэж үзэж байна.

Миний бие 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 2019 оны ээлжийн амралтаа эдэлж байсан бөгөөд энэхүү ээлжийн амралттай байх хугацаанд дээрх 120 тоот зарлиг гарсан ба 7 дугаар сарын 29-ний өдөр ажилдаа орох байсан.

Иймд Т.Э******** миний 2019 оны 7 дугаар сарын 29, 30, 31 -ний өдрийн буюу 3 хоног, 8, 9, 10, 11, 12 дугаар сар, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс нийт 17,385,368 төгрөгийг олгох, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох нөхөн бичилт хийхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар зарлигаар бүрэн эрх нь сэргэсэн нэр бүхий шүүгчээс түдгэлзүүлсэн хугацаанд олгогдоогүй цалин хөлс, ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэлийн зардлыг нөхөн авах тухай хүсэлтийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 79 тоот албан бичгээр Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны батлагдсан төсвийн цалин хөлс,
нэмэгдэл урамшуулал, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн зардлаас нийт 3**,***,*** төгрөгийг жилийн эцэст улсын төсөвт татан төвлөрүүлсэн. Тухайн үед нэр бүхий шүүгчдийн бүрэн эрхийг сэргээсэн шийдвэр гараагүй байсан тул 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр буюу бүрэн эрхийг түдгэлзүүлснээс хойш мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр буюу тухайн төсвийн жил дуусах хүртэл хугацаанд олгогдоогүй байсан цалин хөлс, нийгмийн даатгалд ажил олгогчоос төлөх шимтгэлд шаардагдах зардлыг дээрх зардлаас тооцож олгох боломжгүй болсон. Түүнчлэн 2020 оны төсвийн багцын хувьд бүрэн эрх нь сэргэсэн шүүгчдэд олгогдоогүй цалин хөлс, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгох зардал тусгагдаагүй.

Иймд уг зардлыг төсөвт нэмж тусгуулах талаар Монгол Улсын Сангийн сайдад Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/152 тоот албан бичгээр хандсан боловч дээрх зардлыг төсөвт нэмж тусгах боломжгүй бөгөөд батлагдсан төсөвт багтаан хэрэгжүүлэх арга хэмжээ авах талаар 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 4-3/1097 тоот албан бичгээр хариу ирүүлсэн.

Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай 01/204 тоот албан бичиг нь нэр бүхий шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд олгогдоогүй цалин, ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэлийг олгохоос татгалзсан ямар нэг агуулгагүй бөгөөд дээрх зардлыг төсөвт нэмж тусгуулах талаар Сангийн сайдад хандсан тухай мэдээлсэн шинжтэй тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан эс үйлдэхүй, эсхүл хууль тогтоомж зөрчсөн үйлдэл биш юм.

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулиар батлагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын төсвийн багцын цалингийн санг төсвийн шууд захирагч нар буюу шүүхийн тамгын газар нь Төсвийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5. дахь хэсэгт батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэж заасны дагуу тухайн жил ажиллах шүүгч, шүүхийн захиргааны ажилтны цалин хөлсний зардалд олгох зохицуулалттай.

Иймд Шүүхийн ерөнхий зөвлөл нэхэмжлэлийн шаардлагын дагуу бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд олгогдоогүй цалин хөлс, ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэлийн зардлыг төсвийн тухай хууль тогтоомжоос гадуур дур мэдэн шууд олгох, эсхүл хуваарилалт хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Харин Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. гэж заасны дагуу дээрх зардлыг төсвийн шууд захирагчид хуваарилан олгуулах талаар шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд түүнийг хүндэтгэн биелүүлэх болно гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс олгохоос татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, уг хугацааны үндсэн цалин, нэмэгдэл хөлс, урамшууллыг төсвийн зохих зардлаас нөхөн гаргуулах, холбогдох татвар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай 120 дугаар зарлигаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан
шатны шүүхийн шүүгч
Т.Э********-ын шүүгчийн бүрэн эрхийн түдгэлзүүлсэн байна.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг сэргээх тухай 02 дугаар зарлигаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Э********-ын шүүгчийн бүрэн эрхийг сэргээсэн байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №79 тоот Хүсэлт хүргүүлэх тухай албан бичгээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад хандан шүүгч Т.Э********-ын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хугацааны цалин хөлсийг олгохыг хүссэн байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №01/152 тоот албан бичгээр бүрэн эрхийг нь сэргээсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдэд олгогдоогүй цалин хөлс, ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэлийн зардлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны төсвийн багцад нэмж тусган шийдвэрлэж өгнө үү гэсэн утга бүхий хүсэлтийг Монгол улсын Сангийн сайдад хүргүүлсэн байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01/204 дугаар албан бичгээр ...бүрэн эрхийг нь сэргээсэн шүүгчдэд олгогдоогүй цалин хөлс, ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэх талаар зохион байгуулалтын холбогдох арга хэмжээг авч байгаа ба энэ талаар шийдвэр гарсан даруйд танайд мэдэгдэх болно... гэсэн хариуг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт өгсөн байна.

Монгол улсын Сангийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 4-3/1097 тоот албан бичгээр ...Монгол Улсын 2020 оны төсөв батлагдан хэрэгжиж байгаа тул нэр бүхий шүүгчийн түдгэлзүүлсэн хугацаанд олгогдоогүй дээрх зардлын 139,679,570 төгрөгийг 2020 оны төсөвт нэмж тусгах боломжгүй. Иймд батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлэх арга хэмжээ авна уу... гэсэн хариуг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад хүргүүлсэн байна.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь ... шүүгчийн хараат бус байдал, түүний баталгаа зэрэг шүүгчийн эрх зүйн байдалтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 20 дугаар зүйлийн 20.3-д Энэ хууль болон бусад хуулиар тогтоосон шүүгчийн эрх зүй, эдийн засаг, нийгмийн хамгаалалт зэрэг хараат бус, халдашгүй байдлын баталгааг ямар нэг хэлбэрээр дордуулсан хууль тогтоомж, захиргааны акт гаргахыг хориглоно гэж заасан байна.

Нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийн дагуу шүүн таслах чиг үүргээ хэрэгжүүлээгүй биш, харин эрх бүхий төрийн байгууллагуудын шийдвэрээс шалтгаалан шүүн таслах чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийн дагуу биш харин шүүгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлснээс шалтгаалан шүүн таслах чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон нь нотлогдож байна.

Мөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Шүүгчийн бүрэн эрхийг энэ хуулийн 17.1.2, 17.1.3-т заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн нь түүний халдашгүй байдал, цалин, эдийн засаг, нийгмийн хангамжийн баталгааг хасах үндэслэл болохгүй, 18 дугаар зүйлийн 18.8-д Шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгосон үндэслэл нь хууль бус байсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол шүүгчийн бүрэн эрхийг сэргээж цалин хөлсийг нь нөхөн олгоно гэж тус тус заасан ба эдгээр зохицуулалтуудаар шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх харилцааг шууд зохицуулаагүй боловч тус заалтуудыг энэ маргаанд төсөөтэй байдлаар хэрэглэх нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зорилго, үзэл баримтлал /үзэл санаа/-д харшлахгүй гэж шүүх дүгнэлээ.

Иймд дээр дурдсан үйл баримтууд, хуулийн зохицуулалтуудад үндэслэн нэхэмжлэгчийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг дуусталх хугацааны цалин хөлс олгохгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг дуусталх хугацааны цалин хөлсийг гаргуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин, хөлс тодорхойлох журам-ын 4 дүгээр зүйлд Ажилтанд олгож байгаа бүх төрлийн /жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвараа алдсаны, ажилгүйдлийн, тэтгэвэрт гарах үеийн ажилтанд олгох гэх мэт/ тэтгэмжүүд, нөхөх олговор, хөнгөлөлтийн орлого, /унаа, түлш, байр, хоолны үнийн хөнгөлөлт/-ыг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж тус тус заасан байна.

Иймд дээрхээс үзэхэд хоол, унааны мөнгө буюу хоол унааны олговор нь цалин хөлсний бүрэлдэхүүн хэсэг биш байна.

Тодруулан хэлбэл, хоол, унааны мөнгө нь ажлаа биечлэн гүйцэтгэсэн нөхцөлд, ажлын байрандаа ирж, очсон нөхцөлд олгогдох олговор байх ба хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийг ажил үүргээ биечлэн гүйцэтгэсэн, ажлын байрандаа ирж, очсон гэж үзэхээргүй байна.

Иймд хоол, унааны мөнгө буюу хоол унааны олговрыг хариуцагчаас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Холбогдох татвар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгахыг хүссэн шаардлагуудын тухайд:

Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, холбогдох татварыг цалин хөлснөөс суутгах, төлөх, холбогдох дэвтэрт бичилт хийх нь байгууллагын захиргааны үүрэг бөгөөд хариуцагчаас цалин хөлс олгох бүрт холбогдох татвар, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган, холбогдох дэвтэрүүдэд бичилт хийх нь тодорхой тул тус нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Мөн холбогдох татвар, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг суутган төлөх, холбогдох дэвтэрүүдэд бичилт хийх нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн биш харин Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын шууд хариуцах чиг үүрэг байх тул нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон холбогдох татварыг суутгах, төлөх, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

Дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 20 дугаар зүйлийн 20.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Э********-ын 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг дуусталх хугацааны цалин хөлсийг олгохгүй байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг дуусталх хугацааны цалин хөлс 1*.***.*** төгрөгийг төсвийн зохих зардлаас гаргаж Т.Э********-д олгохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж, үлдэх хоол, унааны олговор олгохыг болон холбогдох татвар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Т.Э********-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 70.200 төгрөгийг гаргуулж Т.Э********-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.Б*******