Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 20234ШЦТ/00049

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.******* даргалж,

Нарийн бичгийн дарга  Д.Номин

Улсын яллагчаар хяналтын прокурор А.*******

           Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

******* аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******ийн *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  ******* дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1990 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр /2 хүүхдийн хамт/, ******* аймгийн ******* сумын Хөшөөт багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай, /*******/ ******* овогт *******ийн *******.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Н.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а, 10.1 дүгээр зүйлд заасныг  тус тус зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ******* аймгийн ******* сумын *******нуур багийн нутаг дэвсгэрт - улсын дугаартай приус-30 загварын тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцох үедээ хохирогч Д. тухайн тээврийн хэрэгслээс бууж амжаагүй байхад нь тээврийн хэрэгслээ хөдөлгөж, улмаар зүүн хөл дээгүүр нь дайрч гарсны улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав.  Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.******* мэдүүлэхдээ: 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ******* аймгийн ******* сумын *******нуур багийн нутаг дэвсгэрт өөрийнхөө - улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож 18 цагийн орчимд ийн гэрт очиход байгаагүй, хүүхэд нь аавыгаа хайлцаад өгөөч гэхэд ийн эхнэр Д. хамт явъя гэж хэлсэн.

Тэгээд бид гурав сумын төвөөр машинтай явж хайгаад олоогүй учир харих гээд явж байхад ийн хүү Б. баруун лагерь луу манай аавын машин явчихлаа гэж хэлэхээр нь тийш яваад очиход машин ч байхгүй хүн ч байхгүй байсан. Тэнд зогсож байхад Д. бууж бие засаад ирж суухад би харанхуйд машинд суучихлаа гэж бодоод машинаа хөдөлгөхөд Д. машины дугуйнд хөлөө гишгүүлсэн юм. Тэгээд эмнэлэгт авч очих гэсэн чинь хоёрхон шалбархай байна. Гэртээ очно гэхээр нь гэрт нь авч очиж буулгаад харьсан. Маргааш өглөө нь дахин ирэхэд хөл нь хавдсан байсан гэгэх мэдүүлэг.

           Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 2 дугаар хуудас/

      Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 6-10 дугаар хуудас/

       Зам тээврийн ослын үзлэгээр тогтоосон байдал, /хх-ийн 15-16 дугаар хуудас /

             Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Н.Энхцолмонгийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 8000 дугаартай “...Д.д  зүүн гуя, өвдөг халдварлагдсан шарх, зүүн гуя, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д заасан хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт, /хх-ийн 34- дугаар хуудас/

       Хохирогч Д.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн.... “...Миний бие 2024 оны 05 дугаар сарын 01- ний өдөр ******* аймгийн ******* суманд *******нуур багийн нутаг дэвсгэрт гэртээ унтаж байсан. Тэгтэл манай нутгийн зүс таних залуу болох Н.******* гэрт ирээд нөхөр хүүхдээ аваарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнтэй хүү /Юнастай/- ийн хамт гурвуулаа гэрээс гараад сумын төв дээр нөхөр хүүхдээ хайгаад олон газраар явсан боловч олоогүй. Тэгээд би замдаа явж байгаад бие засахаар болоод машинаа зогсоосон. Тэгээд би ганцаараа бууж байх явцад Н.Болор-Эрдэнийн унаж байсан - улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл хөдлөөд явсан. Хөдөлж явахдаа миний зүүн талын хөлөн дээгүүр зүүн ард талын дугуйгаараа дайрч гарч яваад цаашаа явж байгаад зогссон. Тэгээд машинаас манай хүү гарч ирээд намайг татаж босгоод машиндаа буцаж суулгаад *******эр гэртээ хүргүүлсэн. Тухайн үед Н.******* надад би чамайг машинаас бүрэн гүйцэт буусан гэж бодоод урагшаа хөдлөөд явсан. Тухайн үед жолоо барьж байсан ******* нь өглөө нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд дараа нь унтаад сэрсэн гэж хэлсэн. Зүүн талын хөл тэр шилбэнээс хэвлийн хүртэл няцарч, буглаа үүссэн. Тэгээд Улаанбаатарт ирээд 3 удаагийн яаралтай мэс засалд ороод үхэжсэн байсан бугалааг авхуулж арьс нөхөх эмчилгээ хийгдсэн. Түүнээс хойш хотод нэг сар, ******* аймагт ирээд 14 хоног хэвтэн эмчлүүлж байна. Одоо биеийн байдал бага зэрэг зовуурьтай, арьс таталдаж өвдөх, шарх гүйцэд эдгээгүй байна.Тухайн зам тээврийн ослын улмаас надад ойролцоогоор 5 сая төгрөгийн хохирол учирсан. Түүнээс баримттай 3 сая төгрөг, баримтгүй 2 сая төгрөг орчим байгаа. Зам тээврийн ослын улмаас гарсан 5 сая төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. Цаашид эмчилгээ хийхэд хэдэн төгрөгийн хэрэгцээ гаргахыг мэдэхгүй байна. ”...гэх мэдүүлэг, /хх-ийн 21, 23 дугаар хуудас/

            Насанд хүрээгүй гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн.... Би 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ******* аймгийн ******* сумын *******нуур багт байрлах хашаанд тоглож байсан ба ээж гэрт хэвтэж байсан. Тэгээд манай гэрт уурхайн Ягаанаа гэдэг хүн орж ирсэн ба жинхэнэ нэрийг би мэдэхгүй. Тэгээд манай ээж Д. тэр хүнд манай аав ийг хайгаад ирье гээд хэлсэн ба бид гурав орой 20 цагийн үед гэрээс гарч тэр хүний улсын дугаарыг нь мэдэхгүй цайвар ногоон өнгийн приус-30 маркийн машинтай сумын гудмаар хайж яваад баруун лагерийн шороон дээр 2 машин зогсож байсан машиныг харах гээд сууж байсан урд суудлаас буугаад хаалга түшиж харж байхад машин хөдөлж ээж, зүүн хойд дугуйнд хөлөө дайруулсан. Тэгээд тэр ах хөл чинь зүгээр үү хугараагүй биз дээ гээд гэрт хүргэж өгсөн. Тухайн үед Ягаанаа гэдэг хүн халамцуу л байсан. Тэр өдөр манай ээж ч халамцуу л байсан төрсөн өдөр гээд архи дарс хэрэглэсэн байсан”... гэх мэдүүлэг, /хх-ийн 25 дугаар хуудас/

2024 оны 06 сарын 25-ны өдрийн 8000 дугаартай .....Хохирогч Д. Буян-Цолмонгийн  биед зүүн гуя, өвдөгт халдварлагдсан шарх, зүүн гуя, шилбэний цус хуралт, гэмтэл, дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохих механизмаар үүсгэгдсэн, хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид хөдөлмөрийн чадвар алдуулахгүй, тухайн гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34- дугаар хуудас/

2024 оны 08 сарын 27-ны өдрийн 48/05, 24/189 дугаартай ....Toyota Prius 30 маркийн - улсын дугаартай автомашины жолооч Н.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 10.1 “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэснийг зөрчсөн.

Toyota Prius 30 маркийн - улсын дугаартай автомашины жолооч Н.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-45 дугаар хуудас/

Хохирогч Д.гоос хохирлын баримтаар гаргаж өгсөн 76 ширхэг НӨАТ-ын баримт /хх-ийн 54-70 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэгт хохирлын тооцоо бодсон баримт /хх-ийн 100 дугаар хуудас / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан  дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үзэж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

      Шүүгдэгч Н.******* нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ******* аймгийн ******* сумын *******нуур багийн нутаг дэвсгэрт - улсын дугаартай приус-30 загварын тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “ жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 10.1 “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх, бүх нөхцөлийг хангана, гэсэн дүрмийн заалтыг тус тус зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хохирогч Д.Буянцолмонг тухайн тээврийн хэрэгслээс бууж амжаагүй байхад нь тээврийн хэрэгслээ хөдөлгөж, улмаар зүүн хөл дээгүүр нь дайрч гарсны улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугийн үйлдэл нь хэрэгт авагдсан гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн дээрх мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

           Иймд шүүгдэгч Н.******* тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодон авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

Хохирогч Д. гэмт хэргийн улмаас учирсан хохирол 5 сая төгрөгийг  бүрэн барагдуулсан талаар тодорхойлолт ирүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.

Хэргийн нөхцөл байдлын талаар талууд мэтгэлцэхдээ маргаагүй бөгөөд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж шүүгдэгч гэм буруугийн үйлдлээ хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй зэрэг байдлыг харгалзан оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж оногдуулна уу гэх саналыг үндэслэн ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж , шүүхэд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг дурдаж, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. ******* овогт *******ийн Болор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Болор-Эрдэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох шийтгэлийг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

 5. Шүүгдэгч Н.*******д оногдуулсан торгох ялд хяналт тавихыг ******* аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих дугаар ангид даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдсугай.

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ЭНХЖАРГАЛ