Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар р 135/ШШ2017/00198

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2016/01752

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ,,,,давхарт байрлах Т ББСБ-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .......тоотод оршин суух Б овогт Т-ийн Т /РД: ,,,,,/-т холбогдох,

 

"Зээлийн гэрээний үүрэг болох 65,600,000 төгрөг, барьцаа хөрөнгө болох автомашинд хийсэн засвар, үйлчилгээний зардал нийт 2,823,388 төгрөг, нийт 68,423,388 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, хариуцагч Т.Т, хариуцагчийн өмгөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ББСБ нь хариуцагч Т.Т-тай 2016 оны 01 сарын 12-ны өдөр 100,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, нэг сарын 4 хувийн хүү тооцож авахаар харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээлийн графикт хугацаанд нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлийг огт төлөлгүй, хууль болон зээлийн гэрээний заалтыг зөрчсөн. Зээлдүүлэгч зээлдэгчийн хүсэлтээр 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай сунгаж, зээлийн нэг сарын хүү 4 хувь байсныг нэг сарын 2 хувийн хүү тооцож авахаар харилцан тохиролцсон.

2016 оны 01 сарын 12-ны өдрөөс 2016 оны 06 сарын 29-ний өдрийг хүртэлх хүү 28,000,000 төгрөгөөс 16,000,000 төгрөгийг 7 сарын 27-ны өдөр 7,000,000 төгрөг, 09 сарын 13-ны өдөр 7,000,000 төгрөг, 10 сарын 04-ний өдөр 2,000,000 төгрөг, тус тус Зээлдүүлэгчийн Хаан банкны ......тоот дансанд шилжүүлснээр 2016 оны 01 сарын 12-ны өдрийн гэрээний харилцааг дуусгавар болгохоор тохиролцож, шинээр гэрээ байгуулсан.

Иймд зээлдэгч 2016 оны 06 сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг өнөөдрийг хүртэл огт биелүүлээгүй бөгөөд хариуцагчаас үндсэн зээл 1,000,0000 төгрөг, зээлийн хүү 12,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,400,000 төгрөг, нийт 114,400,000 төгрөгөөс барьцааны автомашины үнэ 50,000,000 төгрөгийг хасаад үлдэх 64,400,000 төгрөг, дээр нь машинд хийгдсэн зүйлийн үнийг нэмээд нийт 67,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2017 оны 01 сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, машинд гарсан зардал 223,388 төгрөг, энэ өдрийг хүртэлх үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 1,200,000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Т.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 01 сарын 10-нд Д.Б гэдэг хүнээс 150,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлж, зээлийн шимтгэлд 1,5 хувь буюу 2,500,000 төгрөгийн шимтгэл төлж, Хаан банкин дахь 5045293769 тоот дансандаа 147,500,000 төгрөг шижлүүлж авсан. Ингээд 2014 оны 2 сараас 10 дугаар сар хүртэл нийт 8 сарын хүү 48,000,000 төгрөг төлсөн. 10 дугаар сарын 10-нд 15 сая төгрөг бэлнээр төлж, хээтэй хорооллын 1 в байрны 44 тоот арктай нэг өрөө байрыг 35 сая төгрөгөнд тооцож, нийт 50,000,000 төгрөг үндсэн зээлээс хасаж тооцсон. 100,000,000 төгрөгийг үргэлжлүүлэн 4 хувийн хүү тооцож, 2014 оны 10 сараас 2015 оны 11 сар хүртэл 14 сарын хүү нийлээд 56 сая төгрөг төлсөн. 2015 оны сүүлээр эдийн засгийн хямрал бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлж, хүү төлж чадахааргүй болж эхэлсэн. Манай компани Голомт банкнаас 2013 онд 450 сая төгрөгийн зээл авсан. Сарын төлөлт 16 сая төгрөг байдаг. Ингээд 2016 оны 05 сарын 28-ны өдөр үлдэгдэл 100 сая төгрөг дээр зээлийн гэрээ хийе гэхэд нь дүр эсгэж гэрээ хийхгүйгээр мөнгийг нь боломжоороо өгье гэж бодсон боловч чадаагүй. 2016 оны 7 сард үлдэгдэл 100 сая төгрөгөнд нөхөн зээлийн гэрээ байгуулж, хүүгээ 2 хувь болгон бууруулаад Ланд 200 автомашинаа 100 саяд үнэлж барьцаанд тавьсан. 2016 оны 8,9,10 саруудад машинаа 70 саяд тооцож авна гэхээр нь итгэмжлэл хийж үлдээсэн боловч машиныг чинь 50 саяд зарсан гэж хэлээд хоцорсон хүү дээр нь засвар үйлчилгээний мөнгө нэхэмжилсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Д.Б-д 2014 оны 1 сарын 10-аас 2016 оны 11 сар хүртэл үндсэн болон зээлийн хүү нийт 242,000,000 төгрөг өгсөн байна. Үүнийг доор жагсаавал зээлийн шимтгэлд 2,500,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сар хүртэл 48,000,000 төгрөгийн хүү, 2014 оны 10 дугаар сард бэлэн 15,000,000 төгрөг, байр 35,000,000 төгрөг, нийт 50 сая төгрөгийн үндсэн зээл төлсөн. 2014 оны 10 сараас 2015 оны 11 сар хүртэл нийтдээ 14 сарын хүү 56 сая төгрөг төлсөн. 2016 оны хүү 16 сая төгрөг, Ланд 200 автомашин 70,000,000 төгрөгөд тооцож тус тус төлсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь 

Нэхэмжлэгч Т ББСБ нь хариуцагч Т.Т-т холбогдуулан, зээлийн гэрээний үүрэг 64,400,000 төгрөг, барьцаа хөрөнгө болох автомашинд хийсэн засвар, гарсан зардалд 2,600,000 төгрөг, нийт 67,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 01 сарын 13-ны өдөр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, барьцааны хөрөнгө болох автомашинд гаргасан зардалд нийт 1,423,388 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хариуцагч Т.Т-аас нийт 68,423,388 төгрөг гаргуулахаар шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Т.Т-т иргэн Д.Б нь анх 2014 оны 01 сарын 10-ны өдөр 150,000,000 төгрөг зээлсэн бөгөөд энэхүү зээлийн үлдэгдэл 100,000,000 төгрөгийн зээлийн төлбөрийг 2016 оны 01 сарын 12-ны өдрийн шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу Д.Б-ийн зээлтэй холбоотой бүх шаардлага гаргах эрхийг Т ББСБ-д шилжүүлсний дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа гэж, хариуцагч Т.Т болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлийг 2014 оны 01 сарын 10-ны өдөр иргэн Д.Б-ээс авсан бөгөөд ямар нэгэн зээлийн гэрээ бичгээр хийгээгүй, харин сүүлд нь дүр үзүүлэн гэрээ хийж, шахалтанд орж гэрээнд гарын үсэг зурсан. Түүнээс би Т ББСБ-аас зээл аваагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарладаг болно.

 

Хэрэгт Т ББСБ болон Т.Т нарын хооронд байгуулагдсан 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 26 дугаартай зээлийн гэрээ, 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1610 дугаартай зээлийн гэрээ тус тус авагдсан бөгөөд 2016 оны 01 сарын 12-ны өдрийн 26 дугаартай гэрээгээр 100,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар бизнесийн зориулалтаар олгохоор, 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1610 дугаартай зээлийн гэрээгээр 100,000,000 төгрөгийг нэг сарын 2 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай, бизнесийн зориулалтаар олгохоор тус тус заасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд 2016 оны 06 сарын 29-ний өдрийн 1610 дугаартай гэрээ нь 2016 оны 01 сарын 12-ны өдрийн 26 дугаартай гэрээний нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ гэж тайлбарлаж байна.

Шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д-ийн ... анх Д.Б, Т.Т нарын хооронд аман хэлцэл байгуулагдаж, 150,000,000 төгрөг зээлснээс төлөгдөөгүй үлдэгдэл 100,000,000 төгрөг дээр сүүлд нь зээлийн гэрээг Т ББСБ, Т.Т нар байгуулсан нь үнэн... гэсэн тайлбар, хариуцагч Т.Т-ийн шүүх хуралдаанд гаргасан Би Д.Б-тэй амаар тохирч 150,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй зээлж авсан. Т-ийн ББСБ-аас би зээл аваагүй. Гэрээг бичгээр сүүлд хийсэн бөгөөд энэ гэрээний дагуу ямар нэгэн мөнгө шилжүүлж аваагүй гэсэн тайлбар зэргээр зохигчдын хооронд байгуулагдсан гэх 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 26 дугаартай зээлийн гэрээ, 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1610 дугаартай зээлийн гэрээнүүд нь 2014 оны 01 сарын 10-ны өдрийн Д.Б, Т.Т нарын хооронд амаар байгуулагдсан 150,000,000 төгрөгийн зээлийн хэлцлийн төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр дээр хожим нөхөн байгуулсан гэрээ болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан дээрх гэрээнүүдийн дагуу 100,000,000 төгрөгийг Т ББСБ нь хариуцагч Т.Т-т шилжүүлээгүй, Т.Т нь энэхүү гэрээний дагуу 100,000,000 төгрөгийг шилжүүлэн аваагүй болох нь зохигчдын тайлбар, Т.Т-ийн Хаан банкин дахь 5045293769 тоот дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д: Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл гэнэ, 21 дүгээр зүйлийн 2-т: Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, 21.4-т зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж тус тус заасан байна.

Хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан гэх гэрээний дагуу дээрх хуульд зааснаар зээл олгох ажиллагаа явагдаагүй байгаа тул нэхэмжлэгч Т ББСБ-ын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа 2016 оны 01 сарын 12-ны өдрийн 26, 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1610 дугаар зээлийн гэрээнүүдийн дагуу шаардлага гаргах эрхгүй юм.

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээ нь гэрээний зүйл болсон мөнгийг зээлдэгчид бодитоор шилжүүлснээр байгуулагдсанд тооцогддог гэрээ бөгөөд энэхүү агуулга нь дээр дурдсан зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцохоор заасан хуулийн зохицуулалтаар мөн илэрхийлэгдэж байна.

Мөн Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулагдсанд тооцохоор байна.

Иймд Т ББСБ болон Т.Т нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй байна гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Д.Б, Т.Т нарын хооронд зээлийн гэрээ 2014 оны 01 сарын 10-ны өдөр амаар байгуулагдсан бөгөөд Д.Б нь энэхүү хэлцлийн дагуу шаардах эрхээ Т ББСБ-д шилжүүлсний дагуу хэрэгт авагдсан дээрх гэрээнүүдийг байгуулсан тул энэ гэрээний дагуу нэхэмжлэгч хуулийн этгээд Т.Т-аас шаардах эрхтэй гэж тайлбарладаг.

Хэрэгт авагдсан 2016 оны 01 сарын 12-ны өдрийн Шаардах эрх шилжүүлэх гэрээ-ээр Д.Б нь Т.Т-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрийн хэлцлийн бүх шаардах эрх, үүрэг, 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, энэхүү зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан зээлийн гэрээний бүх шаардах эрх, үүргийг,,,,, дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй, ,,,,, регистрийн дугаартай ,,,,тоотод байрлах Т-ийн ББСБ-д шилжүүлэн олгохоор заажээ.

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ, 123.2-т: Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэж тус тус заасан байна.

Дээрх хуульд зааснаар шаардах эрх шилжих тухай ойлголт нь үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгчээс түүнтэй байгуулсан гэрээ, хэлцлийн дагуу шаардах эрхээ өөр гуравдагч этгээдэд шилжүүлэх явдал бөгөөд ийнхүү шаардах эрх гуравдагч этгээдэд шилжихэд үүрэг гүйцэтгэгчтэй шинээр дахин гэрээ байгуулах асуудал байх боломжгүй юм.

Гэтэл Д.Б нь Т.Т-тай амаар байгуулсан хэлцлийн дагуу шаардах эрхээ Т ББСБ-д шилжүүлэх гэрээ хийсэн атлаа 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр үлдэгдэл төлбөр дээр шинээр гэрээ байгуулж байгаа нь дээрх хуульд заасан шаардах эрх шилжүүлэх ажиллагаа гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл Т ББСБ нь 2016 оны 01 сарын 12-ны өдөр Т.Т-тай гэрээ байгуулснаар гэрээний нөхцөл өөрчлөгдөж байна.

Мөн дээрх Шаардах эрх шилжүүлэх гэрээ-нд 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, энэхүү зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан зээлийн гэрээний бүх шаардах эрх, үүргийг Т-н ББСБ-д шилжүүлэхээр заасан байх бөгөөд энэхүү гэрээ нь Т ББСБ, Т.Т нарын хооронд байгуулсан гэрээ байхад энэхүү гэрээний үүргийг тус гэрээний тал болж байгаа Т ББСБ өөртөө шилжүүлж байгаа нь ойлгомжгүй юм.

Нөгөө талаас Д.Б нь Т ББСБ-ын захирал болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа бөгөөд захирал Д.Б иргэнийхээ хувьд бусадтай байгуулсан гэрээний шаардах эрхээ өөрийн компанидаа шилжүүлсэн байна.

Т ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болох нь 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1/318 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т зааснаар Банк бус санхүүгийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу Монгол улсын болон гадаад улсын хуулийн этгээд эрхэлж болох бөгөөд Т ББСБ нь зөвхөн энэхүү хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байна.

Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т тусгай зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа эрхлэх, 12.1.5-д банк бус санхүүгийн байгууллагын тайлан тэнцэлд тусгаагүй эх үүсвэрийг өөрийн үйл ажиллагаанд ашиглахыг хориглохоор заажээ.

Нэхэмжлэгч Т ББСБ нь хариуцагч Т.Т-т тусгай зөвшөөрөлд заасан өөрийн нэрийн өмнөөс зээл олгох үйл ажиллагаа явуулаагүй атлаа иргэд хоорондын зээлийн хэлцлийн эрх, үүргийг өөртөө шилжүүлэн авч, зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа нь дээр дурдсан хуулийн заалтуудыг зөрчсөн байна гэж үзэхээр байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Т ББСБ нь хариуцагч Т.Т-аас 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 26 дугаартай зээлийн гэрээ, 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1610 дугаартай зээлийн гэрээнүүдийн дагуу шаардлага гаргах эрхгүй байна.

Нэхэмжлэгч Т ББСБ нь зээлийн барьцаанд Т.Т-ийн өмчлөлийн Ланд-200 маркийн автомашиныг авсан гэж тайлбарлаж байгаа бөгөөд тус автомашинд засвар, үйлчилгээ хийхэд гарсан зардлаа нэхэмжилсэн байна.

Шүүх хуралдаанд тус автомашин Т.Т-ийн өмчлөлийнх байсан, Т.Т-аас Д.Б-д олгосон итгэмжлэлийн дагуу Д.Б нь автомашиныг бусдад худалдсан тул 50,000,000 төгрөгөнд тооцож зээлийн нийт төлбөрөөс хасаж тооцсон гэж зохигчид тайлбарлаж байгаа боловч хэрэгт энэхүү эд хөрөнгийн барьцааны гэрээ авагдаагүй, барьцааны эрх үүссэн эсэх, эсхүл зээлийн төлбөрт тооцож автомашинаа шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй байхад автомашины засвар үйлчилгээний зардал нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Нөгөө талаас барьцаа нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд үндсэн үүргийн гүйцэтгэлээс шууд хамааралтай байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Т ББСБ нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж шүүх дүгнэж байгаа тул түүний гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан гэх автомашинд хийсэн засвар, үйлчилгээний зардлыг хариуцагч Т.Т-аас шаардах үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Т ББСБ-ын Т.Т-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг, барьцаа хөрөнгөнд засвар үйлчилгээ хийсэнтэй холбогдон гарсан зардал нийт 68,423,388 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 157 дугаар зүйлийн 157.1.5-д тус тус заасныг баримтлан Т ББСБ-ын хариуцагч Т.Т-аас нийт 68,423,388 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Т ББСБ-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 500,067 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 30,608 төгрөгийг Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ