| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2017/02215/и |
| Дугаар | 183/ШШ2018/00186 |
| Огноо | 2018-01-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2018/00186
| 2018 оны 01 сарын 19 өдөр | Дугаар 183/ШШ2018/00160 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... тоотод байрлах, Б.. ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...тоотод оршин суух, Т.Х /../,
Хариуцагч: ...тоотод оршин суух, М.Ц / ../ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 81 539 800 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Ж::хариуцагч нарын төлөөлөгч Б.Г::, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Х, М.Ц нар нь 2016 оны 2 сарын 24-ний өдөр манай байгууллагад хандаж өөрийн эрхэлдэг тоног төхөөрөмж түрээслэх бизнест хөрөнгө мөнгө шаардлагатай байгаа тул 50 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээл олгохыг хүссэн. Зээлдэгч нарын материалтай танилцаад Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж ********** тоот хаягт байрлах 66 м.кв хоёр өрөө орон сууцыг барьцаалж зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 50 000 000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн. Зээл олгосноос хойш үндсэн зээлийн төлбөрөөс 29 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3 558 900 төгрөг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2 012 100 төгрөг нийт 5 600 000 төгрөг төлсөн байна. Манай байгууллагын зүгээс зээлдэгч нарт хүлээцтэй хандаж ирсэн бөгөөд төлбөр тооцоог цаг тухайд нь төлж дуусгахыг шаардахад удахгүй төлнө, машины түрээсийн мөнгө удахгүй орно мөн уул уурхайн ажил хийж байгаа төлнө хугацаа өгөөч гэж шалтаг тоочин өдийг хүрсэн. Иймд Т.Х, М.Ц нар байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл 49 971 000 төгрөг, зээлийн хүү 28 274 900 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 293 000 төгрөг, нийт 81 539 800 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч нарын төлөөлөгч Б.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа үндэслэл нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөрт тооцоо, хадгаламжийн зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2-т “зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно”, 21.4-т “зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж заасан байгаа. Хэрэгт авагдсан баримтаар бэлнээр олгосон баримт авагдсан, харин тусгайлан данс нээгээгүй. Тийм учраас хариуцагчийн зүгээс үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хуульд заасан тусгайлсан дансаар зээлийг олгоогүй тул төлөх боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь хариуцагч Т.Х, М.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 81 539 800 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 75 569 180 төгрөгийг хангаж, үлдэх 5 970 620 төгрөгийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Талуудын хооронд 2016 оны 2 сарын 24-ний өдөр №ЗГ16/00013 тоот зээлийн гэрээ болон БГ/16/00013 тоот барьцааны гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээгээр Б ББСБ ХХК нь 50 000 000 төгрөгийг бизнесийн зориулалтаар, сарын 3.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлж, буцаан төлөх хуваарийг хавсралтаар тохирсон байна. /хх-ийн 10-13/
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10-р хороолол /16080/ Энхтайваны өргөн чөлөө гудамж 71/1-р байр, *****од байрлах, 66 м.кв талбайтай Ү-2205043471 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг барьцаалжээ. /хх-ийн 12-13/
Шүүх дээрх гэрээ тус бүрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Харин хариуцагч нарын төлөөлөгчийн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай” хуулийн 21.2-т “зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно.” гэснийг зөрчиж данс нээлгүйгээр зээл олгосон тул хүү төлөхгүй гэж тайлбар гаргаж маргасан нь үндэслэлгүй байна.
Тодруулбал, зээлийн гэрээний дагуу зээлдэгч нар нь 50 000 000 төгрөгийг хүлээн авсан болон уг зээлийг гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн зэрэгт болон хариуцагч нар нийт 5 600 000 төгрөгийг төлсөн зэрэг асуудлаар зохигчид маргаангүй байна./хх-ийн 10, 21/
Харин нэхэмжлэгч тал гэрээний 2.2-т “үндсэн зээл болон түүний хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлж барагдуулаагүй хугацаа хэтэрсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлнө” гэснээр нэмэгдүүлсэн хүү гаргуулна гэсэн нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зааж болно.” гэсэнтэй нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл нэмэгдүүлсэн хүүг хоног тутам тооцно гэсэн нь хуулиар тогтсон журмыг зөрчсөн байх тул нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардсан нь хуульд заасан үндэслэлгүй байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацаан хүү төлөх үүрэгтэй гэснээр нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүүг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд нэхэмжилснийг хангах үндэслэлтэй.
Хавтаст хэрэгт нэхэмжлэгч байгууллага нь зээлийн эргэн төлөлтийг жагсаалтаар гаргаж ирүүлсэн байх ба хариуцагч нар нь зээлийн гэрээний хавсралтаар тохирсон эргэн төлөх хуваарийн дагуу 3558 900 төгрөгийн хүү төлснийг хүүгийн төлбөрөөс хасаж, 29 000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцсон нь үндэслэлтэй байна.
Хэдийгээр нэхэмжлэгч ББСБ нь хуульд заасан зээл, зээлийн хүүг шаардах эрхтэй хэдий ч хариуцагч нарын зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа буюу 2017 оны 1 сарын 24-ний өдөр төлсөн 2 000 000 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт тооцож авсан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасантай нийцэхгүй байна.
Тодруулбал, хариуцагч Т.Хгийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 2 000 000 төгрөгийн төлөгдсөн төлбөрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг баримтлан үндсэн зээлээс хасч тооцох нь зүйтэй./хх-ийн 16/
Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн 47 971 000 төгрөг, үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү 27 598 180 төгрөг, нийт 75 569 180 төгрөг төлөх үүрэгтэй тул энэ хэмжээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангаж, зээлдэгч нар нь дээрх төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд уг үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцааны гэрээнд заасан /барьцаалбарт бүртгүүлсэн/ үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах нь үндэслэлтэй байх ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Х, М.Ц нараас 75 569 180 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б ББСБ ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 5 970 620 төгрөгийг хэрэгсэхгүй олгосугай.
2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Х, М.Ц нар нь үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10-р хороолол /16080/ Энхтайваны өргөн чөлөө гудамж 71/1-р байр, *****од байрлах, 66 м.кв талбайтай Ү-2205043471 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууц болох нэг хүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 635 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Х, М.Ц нараас улсын тэмдэгтийн хураамжинд 535 796 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ББСБ ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгыээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ