| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2021/02995/И |
| Дугаар | 183/ШШ2022/00705 |
| Огноо | 2022-03-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 183/ШШ2022/00705
| 2022 оны 03 сарын 18 өдөр | Дугаар 183/ШШ2022/00705 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, * дүгээр байр, * тоотод оршин суух Б овогт М.М /РД:ВМ/-ын нэхэмжлэлтэй
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, *дугаар хороолол, * дүгээр байр, * тоотод оршин суух Б овогт Б.Б/РД:ЧЛ83101977/ нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, дугаар хороо, * хотхон, * дугаар байр, * тоотод оршин суух Б овогт Ш.Бр /РД:НТ68081311/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, *дүгээр байр, *тоот хаягт оршин суух П.Г /РД:ЦВ84032673/ нарт холбогдох
35 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Ц.Цэен-Ойдов,
хариуцагч П.Г
хариуцагч Ш.Бийн өмгөөлөгч Л.О,
нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.
Нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.М, М.М нар хариуцагч Ш.Б, П.Г нарт холбогдуулан 35 000 000 төгрөг гаргуулахаар шаардаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Гт холбогдох шаардлагаас татгалзаж, Ш.Бээс 35 000 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
А. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
2019 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Ш.Бтэй 2 авто машиныг сольсон. Тухайн үед авто машины төлбөрийн сар болгон товлосон өдөр төлж шилжүүлж байсан. Машинаа шилжүүлж авах үед ББСБ-ын барьцаанд байж таараад буцаж эргэж хураагдаад 35 000 000 төгрөгийн асуудал гарсан. Өдийг хүртэл ажлаа хийгээд явж байгааг тухайн хүн өөрөө мэдэж байгаа бид адилхан барилгын салбарт ажиллаж байгаа хүмүүс хаана юу хийж байгааг нь мэдэх боломжтой байдаг. Энэ мөнгийг төлж чадахгүй мөнгөний асуудал болохгүй байна гэж явсаар П.Гээс авлагатай болж таараад. П.Г бид хоёрыг уулзуулсан бид тодорхой хэмжээний хугацаа тохироод 35 000 000 төгрөгнөөс 29 000 000 төгрөг П.Г өгч барагдуулъя үлдсэнийг нь Ш.Б өгнө гэх байдлаар явсаар өнөөдрийг хүрсэн байна. Нэхэмжлэгчийн зүгээс П.Гээс татгалзаж, Батдэлгэрээс мөнгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Ш.Бийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Шүүх, хуулиар тоглож байгаа юм шиг зүйл ярьж болохгүй. П.Г гэх хүнийг анх удаа харж байна. Би Ш.Бт өртэй гээд гэрээ байгуулсан 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Ганцэгтэй гэрээ байгуулсан. Үүний дагуу 29 000 000 төгрөгийг П.Г төлнө үлдэгдэл 6 000 000 төгрөгийг Батдэлгэр төлнө ийм байдлаар явж ирсэн. Хагас жилийн дараа нүүрийг нь харснаа энэ хүнээс татгалзаж байна гэж болохгүй хуулийн үндэслэлтэй зүйл ярих хэрэгтэй. 2020 оны 6 дугаар сард байгуулсан гэрээний дагуу аль аль тал үүргээ биелүүлэх ёстой. Би Ш.Бтэй хууль зүйн туслалцааны гэрээнд шүүхийн ажлыг цалгардуулж цаг нар алдуулахгүйн тулд энд зогсож байгаа 6 000 000 төгрөгийг нь бушуухан шийдвэрийг нь гаргуулаад тэгээд энэ хэлцэл дуусаг гэж үзэж байгаа. Тиймээс 6 000 000 төгрөгийг төлнө гэв.
3. Хариуцагч П.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Ш.Б ахтай бартерийн журмаар хөөс нийлүүлэх гэрээтэй үүний дагуу тооцооны үлдэгдэл 29 000 000 төгрөгийн тооцоо байгаа. Гэхдээ үүнийг бартерийн журмаар өгөх ёстой манайх Хан-Уул дүүргийн механик үйлдвэрийн дээд сургуулийн хажуу талын Бэрэн бүрд ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Тухайн тэр байрнаас Ш.Б ахтай бартерийг тохирч байсан. Тэр байр нь одоог хүртэл ашиглалтад ороогүй Ковид-19 болоод зогссон байж байгаад одооноос үйл ажиллагааг явуулж байгаа. Бид хоёрын хооронд өглөг авлагын асуудал байдаг болохоос нэхэмжлэгчээс би юм авч байгаагүй бидний хооронд тооцоо байхгүй гэв.
4. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт 2020.10.20-ны өдрийн 0307 дугаар итгэмжлэл, М.Мын хаан банкны дансны хуулга, тооцоо нийлсэн акт, 2019.02.15-ны өдрийн итгэмжлэл, 2019.02.14-ний өдрийн автомашин солилцох, зөрүү тохиролцсон хэлэлцээр, 2020.08.17-ны өдрийн 2339 дүгээр прокурорын тогтоол, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, /хх-4-9, 41-43/,
5.Хариуцагч Ш.Бээс 2020.06.10-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ /баримтын шаардлага хангаагүй/, мессенжер чат, 2020.06.10-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээний хуулбар, /хх-19-22/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:
Хэлцэл хийсэнд өөрөө маргаагүй учраас хуульд заасан худалдах худалдан авах гэрээний үүргийг биелүүлээгүй. Үндэслэлгүйгээр 35 000 000 төгрөгөөр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү... гэж тайлбарлажээ.
3. Хариуцагч Ш.Бийн өмгөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн П.Г Ш.Б нарын байгуулсан гэрээний дагуу хамтран хариуцагчаар татсан. П.Г 29 000 000 төгрөгийг өгөх ёстой наймааны дагуу үүрэгтэй таны өмнөөс төлчихье гэхэд Батдэлгэр би 6 000 000 төлье гэсэн. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын яриад байгаа аль аль нь нотолж байна. Хариуцагч нараас хуваарилалтын дагуу авах нь зүйтэй гэж маргажээ.
4. Хариуцагч П.Г нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Тэр хүн надаас мөнгөө авчихвал нэхэмжлэгчид өгөх байх. Тиймээс тодорхой хугацаа авч шүүх хуралдааныг хойшлуулж Ш.Б ах бид тооцоо нийлснээр өр ширээ цэгцэлсэн нь зөв гаргалгаа байх гэж бодож байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд барилгын салбар элгээрээ мөлхсөн, одоо хорио цээр тавигдаад арай гайгүй болж байгаа тул хоорондоо муудалцаад баймааргүй байна гэжээ.
5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
М.М, Б.М, Ш.Б нарын хооронд 2019 оны 02 сарын 14-ний өдөр амаар гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр Лексус RX 350 маркийн тээврийн хэрэгслийг 45 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцжээ.
Дээрх гэрээний дагуу 2019 оны 02 сарын 14-ний өдөр нэхэмжлэгч нар 2 000 000 төгрөгийг бэлнээр, М.Мын эзэмшлийн лексус 570 маркийн 3534 УБС улсын дугаартай бор саарал өнгийн тээврийн хэрэгслийг 2019.02.15-ны өдрийн М.Маас Б.Төгөлдөрт олгосон итгэмжлэлээр шилжүүлэхдээ 21 000 000 төгрөгт тооцож өгсөн, 12 000 000 төгрөгийг * тоот дансаар шилжүүлсэн, үлдэгдэл 10 000 000 төгрөгийг нэрээ шилжүүлэн авсны дараа өгөхөөр тохиролцсон бөгөөд талууд тээврийн хэрэгслийг худалдан авсан эсэх асуудлаар маргаангүй байна.
Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр ...худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан ба талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний зүйл нь Лексус RX 350 маркийн тээврийн хэрэгсэл болох нь тогтоогдож байх ба талуудыг энэ асуудлаар маргаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин хариуцагч дээрх мөнгөн дүнгээс 29 000 000 төгрөгийг авахаар П.Гээс миний авлагаар барагдуулахаар гэрээ хийсэн учир би үлдэгдэл 6 000 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээнэ гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэ нь хариуцагч П.Гийн Манай компани Ш.Б ахтай бартерийн журмаар хөөс нийлүүлэх гэрээтэй үүний дагуу тооцооны үлдэгдэл 29 000 000 төгрөгийн тооцоо байгаа. Гэхдээ үүнийг бартерийн журмаар өгөх ёстой гэсэн тайлбар зэргээр үгүйсгэгдэж байна.
Тодруулбал, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ хэрэгт авагдсан баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч талын гаргасан баримтуудыг баримтаар үгүйсгэж чадаагүй байна.
Дээрхээс дүгнэхэд хариуцагч Ш.Бт 35 000 000 төгрөг шилжүүлсэн болох нь тооцоо нийлсэн актаар /хх-6/ тогтоогдож байх ба энэ нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй., хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй... тохиолдолд шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч М.М, Б.М нь хариуцагч Ш.Бээс шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй байна.
Тус шүүх хуралдаанд хариуцагч Ш.Б нь биечлэн оролцох боломжгүй, өмгөөлөгч н.Ононбаяр дангаар оролцоход татгалзах зүйлгүй талаар тайлбар гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш.Бийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Дээрхийг нэгтгээд хариуцагч Ш.Бээс 35 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.М, Б.М нарт олгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч нар хариуцагч П.Гт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6.Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 155.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Бээс 35 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.М, Б.М нарт олгож, П.Гт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 332 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.М, Б.М нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ