| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2024/1222/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1246 |
| Огноо | 2024-11-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 23.1.1, |
| Улсын яллагч | Ж.Сувданчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1246
2024 11 14 2024/ШЦТ/1246
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундрам,
улсын яллагч Ж.Сувданчимэг,
шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***од холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
- Завхан аймгийн шүүхийн 1996 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар,
- Завхан аймгийн шүүхийн 1997 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлж, урьд 1996 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 01 сар 19 хоногийн хорих ялаар,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 992 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 21/143 дугаартай тогтоолоор ял дуусгавар болсон,
*** овогт ***ын *** (регистрийн дугаар ***).
Хэргийн товч агуулга:
Шүүгдэгч *** нь 2024 оны 8 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн *** хороо, ***ын *** тоот хашааны гадна дуудлага, мэдээллийн дагуу очиж ажилласан цагдаагийн албан хаагч ***ы хууль ёсны дагуу тавьсан шаардлагыг эсэргүүцэж, улмаар зүүн хөлөөрөө ***ы баруун хөлийг дэгээдэж, цээж хэсгээрээ баруун мөр рүү нь түлхэж унаган хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн,
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
3. Шүүх хуралдаанд шүүгдэгч *** нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй оролцсон.
4. Шүүгдэгч *** нь 2024 оны 8 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн *** хороо, ***ын *** тоот хашааны орчимд “Буяны ажил дээр согтуу хүн танхайраад байна” гэх дуудлага, мэдээллийн дагуу очиж согтуугаар бусдын амгалан тайван байдал алдагдуулж танхайрч байсан ***од шаардлага тавихад цагдаагийн албан хаагч ***ы хууль ёсны дагуу тавьсан шаардлагыг эсэргүүцэж, улмаар зүүн хөлөөрөө ***ы баруун хөлийг дэгээдэж, цээж хэсгээрээ баруун мөр рүү нь түлхэж унаган хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж эрүүл мэндэд нь “баруун тохойн үе орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
4.1. Хохирогч ***ы “…2024 оны 8 дугаар сарын 18-ны өдөр эргүүлийн офицер ***ы хамт *** чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад өглөө 07 цаг 20 минутад ***-аас Сонгинохайрхан дүүргийн *** хороо ***ын *** тоотод “Буяны ажил дээр согтуу хүн танхайраад байна” гэх дуудлага мэдээлэл хүлээн авч, тус хаягт очиход *** нь бусдад агсам тавьж танхайрч байсан учир бусдын тайван байдлыг алдагдуулахгүй байх талаар удаа дараа сануулсан. Гэтэл шаардлага үл биелүүлж, эсэргүүцэл үзүүлсэн. Ахлах дэслэгч ***тай хамт нэг бүрийн тусгай хэрэгсэл болох гаваар тухайн иргэний ар талд 2 гарыг гавласан. Улмаар албаны тээврийн хэрэгсэлд суулгахаар авч явахад “Суухгүй” гэж эсэргүүцэл үзүүлж, машины зүүн хойд талын хаалга руу хөлөөрөө жийгээд миний баруун хөлийг дэгээдэж цээж хэсгээрээ миний баруун мөр рүү түлхсэн. Тухайн газар бороо орсон шавартай байсан бөгөөд миний хөл халтирч баруун гараараа газар тулахад миний гар мултарч бүтэн эргэсэн. Тэр үед ахлах дэслэгч *** гарч ирэн тус иргэнийг албаны тээврийн хэрэгсэлд суулгасан. Би ажил дээр үлдэн тухайн иргэнийг гаргасан зөрчилд нь холбогдуулан түр саатуулж, ***-д эрүүлжүүлсэн. Намайг Гэмтэл согог судлалын Үндэсний Төв эмнэлэгт яаралтай хүргэсэн. Миний тохойн яс, шууны яс цуурсан, гар тохойгоороо мултарсан байсан. Тухайн иргэн нь их хэмжээний согтолттой байсан. Би гомдолтой байна, нэг сар ажлаа ерөөсөө хийгээгүй. Нэг сарын цалин 1,900,000 төгрөг, мөн эмчилгээний зардал 500,000 төгрөг болсон. …” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7, 14-15 хуудас),
4.2. Гэрч ***ы “...Тухайн иргэнийг албаны тээврийн хэрэгсэлд суулгахаар дэд ахлагч *** нь авч явахад “Суухгүй” гэж эсэргүүцэл үзүүлж, машины зүүн хойд талын хаалга руу хөлөөрөө жийж байсан. Дэд ахлагч ***ы хөлөнд дэгээ тавьж биеэрээ түлхэж унагаасан. Тэр үед *** нь гараараа тулж унахдаа гараа гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 хуудас),
4.3. Гэрч ***гийн “...Удалгүй хоёр цагдаагийн хамт манай төрсөн ах *** гарч ирсэн. Тухайн үед манай ах гэрээс гарч ирэхгүй, явахгүй гэж орилж хашгираад агсам согтуу тавьж, цагдаагийн тавьсан шаардлагыг эсэргүүцээд байсан. Тухайн хоёр цагдаа манай ахын 2 гарыг биеийн ар хэсэгт нь гавлаад, хашааны үүд рүү аваад явсан. Удалгүй намайг дуудахаар нь яваад очиход манай ах машин дотор суучихсан хөлөө машины гадна тавьчихсан байдалтай. Харин тухайн 2 цагдаагийн нэг нь газарт сууж байсан бөгөөд баруун гарынхаа тохой хэсгйиг зүүн гарааараа барьчихсан зогсож байсан бөгөөд гарыг нь хугалчих шиг боллоо гээд байсан. Манай ах болох *** нэлээн их согтолттой, өөрийн ухаангүй байсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 хуудас),
4.4. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 11058 дугаартай шинжээчийн “…***ы биед баруун тохойн үе орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 хуудас),
4.5. Яллагдагч ***ын “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо, ***ын *** тоот эгчийн гэрт буяны ажил дээр байсан. Би тухайн үед дэлгүүрээс нэг шил архи аваад ганцаараа уучихсан. Эгч маань өөд болчихсон байсан учир сэтгэл санаа хэцүү байсан тул бага зэрэг бачуурч орилсон. Тэгсэн дүү маань намайг агсам согтуу тавиад байна гээд цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн. Удалгүй цагдаагийн алба хаагч нар ирээд надад шаардлага тавихаар нь би согтуу байсан тул эсэргүүцсэн чинь намайг гавласан. Намайг авч явах гээд гарнаас татаж байхдаа цагдаагийн алба хаагч газарт бөгс хэсгээрээ уначихсан. Тухайн үед намайг эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн. Би маргааш нь намайг машин руу суулгах гэж байсан цагдаагийн гар гэмтсэн талаар мэдсэн. ... Гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй, их гэмшиж байна. Намайг хэн нэгэн мөрдөгч дарамталж зодож, хэрэг хүлээлгэсэн зүйл байхгүй… хохирлыг бэлэн мөнгөөр төлсөн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 76-77 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
5. Хууль зүйн дүгнэлт:
5.1. Шүүгдэгч ***ын цагдаагийн албан хаагчийн биед халдаж, хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11, 23 дугаар бүлэгт хуульчилсан, Тодруулбал, *** нь албан үүргийн дагуу дуудлагаар очсон цагдаагийн албан хаагчийн биед халдаж хөнгөн хохирол учруулсан, түүний хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлээр гэмт хэрэгт тооцсон.
5.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн обьектив талын шинжийг “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэсний “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно хэмээн хууль тогтоогч тайлбарласан. *** нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа ажилтай тул түүнийг хууль сахиулагч хэмээн үзнэ.
5.3. Цагдаагийн албан хаагч ***ыг үүрэг гүйцэтгэж байхад 2024 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 07 цаг 20 минутад “СХД-ийн *** хороо, ***ын *** тоотод буяны арга хэмжээн дээр согтуу хүн танхайраад байна" гэсэн дуудлага ирсний дагуу очиход иргэн *** агсам тавьж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан байдалтай байхаар нь үйлдлээ зогсоохыг удаа дараа сануулахад үл биелүүлсэн тул хамт явсан албан хаагчийн хамтаар гарыг ард нь гавлаж авч явах гэхэд эсэргүүцэж хөлөөрөө хөлийг нь дэгээдэж, цээж хэсгээрээ мөр лүү нь түлхэж унагаасан, дээрх үйлдлийг улмаас хөнгөн хохирол учирсан нөхцөл байдлууд хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон.
5.4. Цагдаагийн албаны тухай хуулийн 23.1 “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно” гэсний дагуу ***од “бусдын амгалан тайван байдал алдагдуулж агсам тавьсан үйлдэл”-ээ зогсоох шаардлага удаа дараа тавихад биелүүлээгүй.
5.5. Цагдаагийн ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй бол Цагдаагийн албаны тухай хуулийн 47, 52 дугаар зүйлийн 52.1.8-д заасны дагуу албадлага болон нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэхээр байгаа тул Цагдаагийн ажилтан ***ы түүнд албадлага, нэг бүрчилсэн тусгай хэрэгсэл /гав/ хэрэглэсэн нь хуульд нийцсэн үйлдэл байсан.
5.6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг шаардсан, хохирогч ***ы биед хөнгөн хохирол учирсан нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон, уг гэмт хэрэг нь хохирол шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй хэрэг тул шалтгаант холбоо тогтоогдсон байх. Шалтгаант холбооны хувьд шүүгдэгч ***ын цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж хөлийг нь дэгээдэж, цээж рүү нь түлхсэн үйлдлийн улмаас уг хохирол учирсан нь үйлдэл, хохирлын хоорондын шалтгаант холбоог илэрхийлж байгаа. Өөрөөр хэлбэл ***ын дээрх үйлдэл байгаагүй бол хохирол үгүйсгэгдэх нөхцөл байдлыг ойлгоно.
5.7. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь санаатай үйлдэгдэхээр тухайн зүйл ангид заасан, мөн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь санаатай үйлдэгдэх гэмт хэрэгт хамаарч байгаа, цагдаагийн албан хаагчийн биед хүч хэрэглэн халдаж болохгүй гэдгийг нийтээр мэдэх ба хөлийг нь дэгээдэж, цээж рүү нь түлхэн унагаах тохиолдолд хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдэж байсан төдийгүй тухайн үйлдлийн үр дүнг оюун ухаандаа хүсэж зориуд хүч хэрэглэн эсэргүүцэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримтаар санаатай гэх шинж тогтоогдож байгаа. Шүүгдэгч ***ын хувьд цагдааг эсэргүүцэх үйлдлээ урьдаас төлөвлөсөн байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй ч цагдаа шаардлага тавьж, албадлага хэрэглэх явцад гэнэт хуульд зааснаас харш үйлдэл хийсэн нь өөрийн үйлдлийг хуульд заасан хориглосон гэдгийг мэдээгүй байсан гэж үзэхгүй тул шүүгдэгч ***ын үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзнэ.
5.8. Шүүгдэгч *** нь Цагдаагийн албан хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулсан хүч хэрэглэн эсэргүүцэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан түүний нэг удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, хуульд заасан хоёр эрх ашигт нэг үйлдлээр халдсан нь нийлмэл гэмт хэрэгт тооцогдох ба прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
6.Хохирол, хор уршгийн талаар:
6.1. Хохирогч *** нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотойгоор баримтыг хэрэг гаргаж өгөөгүй бөгөөд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирлын төлбөрт 2,500,000 төгрөгийг авсан” гэж бичгээр хүсэлт гаргасан, сэтгэцийн хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн. Хохирол, хор уршгийн асуудал нь иргэний эрх зүйн үндсэн ойлголт бөгөөд иргэний хэрэг, маргаан нь диспозитив зарчимд буюу талуудын нэхэмжлэл шаардлагад үндэслэгдэх тул хохирогчийн сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэснийг шүүх хүлээн авч шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирлыг төлж барагдуулсан гэж үзлээ.
6.2. Прокуророос шүүх хуралдаан дээр иргэний нэхэмжлэл гаргасан асуудлын талаар:
6.2.1. Хохирогч *** нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой 25,000 төгрөгийн зардлаа Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан болох нь хавтаст хэргийн 67 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байгаа боловч прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргасныг шүүх шууд шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн. Прокуророос дээрх хуулийн заалтын дагуу иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3, 5, 9 дэх хэсгүүдэд заасан ажиллагаа огт хийгдээгүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүд заасан шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцэхгүй тул шүүхээс уг асуудлыг шууд шийдвэрлэх боломжгүй, холбогдох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй.
7. Эрүүгийн хариуцлагын талаар:
7.1. Улсын яллагчаас шүүгдэгч ***-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2800 нэгжтэй тэнцэх буюу 2,800,000 төгрөгийн торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 500 нэгжтэй тэнцэх буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг баримтлан дээрх ялуудыг нэмж нэгтгэн 3300 нэгжтэй тэнцэх буюу 3,300,000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.
7.2. Шүүгдэгчээс: Гэм буруу, ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.
7.3. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
7.4. Шүүгдэгч ***ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуурсан үедээ, нийгмийн хэв журам зөрчсөн нөхцөл байдлыг таслан зогсоох гэж очсон хууль сахиулагчид халдсан, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг мөнгөөр нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцогдож байгаа, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах улсын яллагчийн саналыг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан дээрх ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 3300 нэгжтэй тэнцэх хэмжээний 3,300,000 төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэсэн ***ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэсэн.
8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *** овогт ***ын ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний 2,800,000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийг журамлан ***од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний 2,800,000 төгрөгөөр торгох ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 3300 нэгжтэй тэнцэх хэмжээний 3,300,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 08 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ***од үүрэг болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ***од мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, иргэний нэхэмжлэлтэй холбоотой шийдвэрлэх асуудал байхгүй, хохиролд 2,500,00 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ