Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 182/ШШ2020/02762

 

 

 

 

 

 

    2020 оны 12 сарын 15 өдөр

      Дугаар 182/ШШ2020/02762

             Улаанбаатар хот

 

             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: НЗДБУБХЗ-д холбогдох

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.И, түүний өмгөөлөгч А.М, хариуцагчийн төлөөлөгч М.Э, түүний өмгөөлөгч А.Н, гэрч Н.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.И нь НЗД 2017.03.29‑ний өдрийн Б/64 дугаар захирамжаар анх Хүн хангамж төв ОНӨААТҮГ‑ын захирлаар томилогдож, халагдах хүртлээ буюу 2019 он хүртэл алдаа дутагдалгүй, үр бүтээлтэй ажиллаж ирсэн. НЗД зүгээс нэхэмжлэгч Б.Итой 2018.02.05-ны өдөр үр дүнгийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар контрактын гэрээг тус тус байгуулсан. Харин нэхэмжлэгч Б.Иыг НЗД 2019.07.24‑ний өдрийн Б/123 дугаар захирамжаар ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн, энэ үедээ ажлаа хүлээлцэж өгсөн бөгөөд үүнийг зөвшөөрөхгүй бид Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч захиргааны шүүхийн харьяалах маргаан биш байна, иргэний шүүх шийднэ гэсэн агуулгаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Ингээд бид тус шүүхэд хандсан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан 1 сарын хугацаан дотроо байгаа. Бид хариуцагч НЗД ажлаас чөлөөлсөн захирамжийг дараах үндэслэлүүдээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1.Засаг даргын захирамжид Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйлийн 40.1.7, 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсгүүдийг тус тус үндэслээд Б.Иын контрактын гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, түүний үйл ажиллагаанаас болж үйлдвэрийн газарт хохирол учирсан, алдагдалд орсон гэх үндэслэлийг заасан байдаг. Контрактын гэрээнд 1 сараас доошгүй хугацаанаас өмнө гэрээг цуцлах мөн контрактын гэрээнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг ажилтандаа мэдэгдэх үүрэгтэй байсан. Гэвч хариуцагч тал энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа. Мэдэгдэл гэх зүйлийг 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгээр нэхэмжлэгч Б.Ид шуудангаар ирүүлсэн байдаг. Уг мэдэгдэл нь контрактын гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдах боломжгүй болсон гэх агуулгатай болохыг дурдаад Захиргааны ерөнхий хуулийн 4, 26, 27 тус тус заасны дагуу сонсгох ажиллагаа хийж байгаа гэх утга бүхий байсан. Харин бид үүнийг зөвшөөрөхгүй гэж тухайн үедээ тайлбараа бичиж өгсөн. Өөрөөр хэлбэл контрактын гэрээг дүгнэсэн эсэх талаар ажлын хэсэг гарган дүгнэлт гаргаагүй, түүнчлэн контрактын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дүгээр зүйлд заасан тухайн жилийн эдийн засгийн бодит төвшинг биелүүлэх, 7 дугаар зүйлийн 7.4.1-т захирал контрактын гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй захирлын үйл ажиллагаанаас үйлдвэрийн газарт хохирол учирсан алдагдалд орсон гэх үндэслэлүүдийг заах боловч ажил олгогчоос эдгээр үндэслэлүүдийг хэрхэн тогтоосон талаарх баримт байхгүй, энэ үндэслэлүүдийг хаанаас гаргаж ирсэн нь ойлгомжгүй. Нэхэмжлэгчийн хувьд эдгээр зөрчлүүдийг гаргасан зүйл байхгүй. Байхгүй зүйлийг үндэслэлгүйгээр заасан гэж үзэж байгаа.

2.Нэхэмжлэгчийн ямар үйлдлийн улмаас хохирол, алдагдал бий болоод ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзээд контрактыг гэрээг цуцлахад хүрсэн талаар тогтоогдсон баримт хэрэгт байхгүй. Энэ үйл баримтын талаар мөн хариуцагч тал нотолж чадаагүй гэж үзэж байна. Харин эсрэгээрээ нэхэмжлэгч Б.И нь зохих ёсоор ажил үүргээ гүйцэтгэж байсан гэх нотлох баримтуудыг бид хэрэгт гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.И нь 2017, 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар Нийслэлийн өмчийн харилцааны газарт тайлагнасан тайлан байгаа. Энэ тайланг холбогдох шатны байгууллага нь хүлээн авч тамга тэмдгээ дараад баталгаажуулсан байгаа. Ямар нэгэн алдаа дутагдалгүй.

3.Бусад гаргаагүй зөрчлийг гаргасан мэтээр ярьж байгаа нь асуудалтай байгаа. Хариуцагч талын тайлбарлаж байгаа гол баримт нь 2019 оны 01 дүгээр сард хийсэн үр дүнгийн гэрээний гүйцэтгэлийг шалгах зорилгоор очсон Нийслэлээс гарсан ажлын хэсгийн дүгнэлт байгаа. Энэ дүгнэлтээр ажил сайжруулах гэж дүгнэгдсэн болохоос биш контрактын гэрээг дуусгавар болгох гэрээнд заасан зөрчил илрээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Иын ямар буруутай үйл ажиллагаанаас болж байгууллагад хохирол учирсан, алдагдалд орсон болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэр огт байхгүй, гэнэт л шалтгаангүй ажлаас халсан.

Иймд НЗД захирамж нь үндэслэлгүй байх тул Б.Иыг ХХТОНӨААТҮГ‑ын захирлын ажилд эгүүлэн тогтоож, дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, түүний эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Бид Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байсан боловч энэ нь шаардлага бус үндэслэл байх тул шаардлагаа дээрх байдлаар тодруулсан байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.ХХТорон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан нэхэмжлэгч Б.И нь захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ иргэний шүүхээр шийдвэрлүүлнэ гэж татан авсан. Шаардлага дотор Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах асуудал яригдаж байгаа, сая хурал дээр шаардлага буюу үндэслэл гэж тайлбарлаж байх боловч манай зүгээс уг шаардлага нь иргэний шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж үзэж байна.

2.Тухайн үед захиргааны шүүхэд гаргаж байсан тайлбар болон иргэний хэргийн шүүхэд гаргаж байгаа тайлбар нь утга нэгтэй. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 2014 оны 54 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн өмчийн үйлдвэрийн газрын захирлуудтай контрактын гэрээ байгуулах тухай журам байгаа. Засаг дарга анх нэхэмжлэгч Б.Итой 2017.03.29-ний өдөр контрактын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд гэрээний хугацаа нь 2018.12.31-ний өдрөөр дуусгавар болсон. Харин нэхэмжлэгч Б.Иыг 2019.07.24‑ний өдөр ажлаас нь чөлөөлсөн Засаг даргын захирамж гарсан. Захирамжид гурван зүйлийг дурдсан. ХХТОНӨААТҮГ‑ын захирлаар ажиллаж байсан Б.И нь контрактын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т заасан тухайн жилийн эдийн засгийн үндэслэл, үндсэн үзүүлэлт зорилтот хөшүүргийг биелүүлэх, 3.3‑т захирал нь гэрээнд тусгасан үзүүлэлтийг биелүүлэх үйлдвэрийн газрын ашиг орлогыг нэмэгдүүлэх үндсэн чиг үүргээ, гэрээний 3.4‑т заасан үйлдвэрийн газрын тогтвортой байдлыг хангаж өртөг зардлыг хямдруулан өр авлагыг буруулж ажиллана гэсэн үүргүүдийг биелүүлээгүй гэж үзсэн. Энэ нь НЗД 2019 А/09 тоот дугаар захирамжаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр нотлогдоно. Өөрөөр хэлбэл Б.И нь Хүнс хангамж төвийн санхүүгийн аудитын тайлангаар нийт 4,848,3 сая төгрөгийн орлого олж, 4,821,5 сая төгрөгийн зардал гарган, 4,8 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж контрактын гэрээний 3.1-д заасан эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилтот түвшинг биелүүлээгүй. Борлуулсан бүтээгдэхүүний өртөгийг 4,123,8 сая төгрөгөөр баталснаас гүйцэтгэлээр 4,410,3 сая төгрөгийг зарцуулж 286,4 сая төгрөгөөр хэтэрсэн байна. Тийм учраас ажлын хэсгийн үнэлгээгээр ХХТОНӨААТҮГ‑ын ажлыг сайжруулах шаардлагатай гэсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.И нь контрактын гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байгаа.

 

3.Мөн контрактын гэрээ дуусгавар болсон нь контрактын гэрээнд заасан үндсэн үүрэг даалгавар биелэгдээгүйтэй холбоотой. 2019 оны НЗД зөвлөмжөөр ХХТОНӨААТҮГ‑т үүрэг даалгавар өгч байсан. Мөн дээр дурдсан журамд контрактын гэрээ дуусгавар болсны дараа хугацаа сунгах асуудал нь Засаг даргын эрх мэдэлд байдаг журамтай. Энэ утгаараа нэхэмжлэгчтэй байгуулсан контрактын гэрээг сунгах үндэслэлгүй гэж үзээд НЗД захирамж гарсан байгаа. Энэ үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.И нь хариуцагч НЗДБУБхотын захирагчид холбогдуулж Засаг даргын 2019.07.24‑ний өдрийн Б/123 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ХХТОНӨААТҮГ‑ын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлагыг гаргажээ.

 

Б.И нь шүүх хуралдааны явцад Засаг даргын 2019.07.24‑ний өдрийн Б/123 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагаа нэхэмжлэлийн үндэслэл гэж тайлбарлан шаардлагаа ХХТОНӨААТҮГ‑ын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх гэж тодруулсан болно.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгч Б.Иын контрактын гэрээг дүгнээгүй атлаа хугацаа дуусгавар болсон үндэслэлээр, мөн байгууллагад хохирол учруулж, алдагдалд оруулсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй, бодит байдалд Б.Иын буруутай үйл ажиллагаа огт байхгүй, үүнийг тогтоосон бичгийн баримтгүй, харин ч эсрэгээрээ Б.И нь ажлаа зохих хэмжээнд хийж гүйцэтгэж байсан, нэхэмжлэлээ Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч шүүх ажиллагааны явцад иргэний шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан гэдгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаан дотроо гаргасан гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэгч Б.Иыг ажлаас нь чөлөөлсөн Засаг даргын захирамж хүчин төгөлдөр байгаа, хүчингүй болгосон шүүхийн шийдвэр гараагүй, тийм учраас захирамж хүчингүй болгох шаардлагыг иргэний шүүх харьяалан шийдвэрлэхгүй, Захиргааны шүүх харьяалан шийдвэрлэх маргаан гэж үзэж байна, тэгээд ч ажлаас чөлөөлсөн захирамж хууль зүйн үндэслэлтэй, контрактын гэрээний хугацааг дуусгавар болгох эсэх нь Засаг даргын эрхийн асуудал, өмнө нь 1 жилээр байгуулсан контрактын гэрээний хугацаа дууссан байсан, Б.Иын ажлын үзүүлэлт хангалтгүй байсан гэдэг нь баримтаар харагдана гэж мэтгэлцсэн.

 

Нэхэмжлэгч Б.И нь 2019.08.20‑ны өдөр анх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус шүүх 2019.08.27‑ны өдрийн 6040 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн ажиллагаа явуулж байгаад 2020.04.23‑ны өдрийн 3148 дугаар шүүгчийн захирамжаар “...нэхэмжлэлийн шаардлага нь ХХТОНӨААТҮГ‑ын захиралтай байгуулсан контракт гэрээ, уг гэрээний үүргээ биелүүлэхтэй холбоотой маргаан буюу иргэний шүүхийн харьяаллын маргаан, харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1‑д заасан захиргааны хэргийн шүүхийн харьяалалын бус...” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

 

Ийнхүү нэхэмжлэгч Б.И нь 2020.05.13‑ны өдөр тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасныг 2020.05.20‑ны өдрийн 5373 дугаар шүүгчийн захирамжаар “...нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй...” гэсэн шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан байх бөгөөд нэхэмжлэгч Б.И нь энэхүү шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулан шүүхэд дахин 2020.06.09‑ний өдөр хандсанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2‑т заасан 1 сарын хугацаа нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1‑д зааснаар тасалдан, 79.7‑д зааснаар шинээр тоологдож байх тул нэхэмжлэгч Б.И нь нэхэмжлэлийг хуулийн хугацаан дотроо шүүхэд гаргасан байна гэж дүгнэлээ.

 

Иймд хариуцагч талын гаргасан “тус нэхэмжлэл нь иргэний шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш, захиргааны шүүх харьяалан шийдвэрлэнэ, учир нь Б.Иыг ажлаас нь чөлөөлсөн Засаг даргын захирамж хүчин төгөлдөр байгаа” гэх тайлбар үгүйсгэгдэв.

 

          Нэхэмжлэгч Б.И нь хариуцагч НЗД захирамжаар 2017.03.29‑ний өдөр ХХТОНӨААТҮГ‑ын захирлаар томилогдсон байх бөгөөд, тэдний хооронд 2018.07.03‑ны өдрөөс 2018.12.31‑ний өдрийг хүртэл контрактын гэрээ, 2018.02.05‑ны өдөр үр дүнгийн гэрээ тус тус байгуулагдсан, нэхэмжлэгч Б.И нь ийнхүү захирлаар ажиллаж байгаад хариуцагч НЗД 2019.07.24‑ний Б/123 дугаар захирамжаар ажлаасаа чөлөөлөгдөж, энэ талаар сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлснийг нэхэмжлэгч Б.И зөвшөөрөхгүй тайлбар ирүүлсэн, хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь уг захирамжийг нэхэмжлэгч Б.Ид Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар мөн өдрөө гардуулж, ажлаа хүлээлцсэн талаар зохигчид маргасангүй.

 

          Дурдсан үйл баримтууд зохигчдын тайлбар, контрактын гэрээ, хавсралт, үр дүнгийн гэрээ, ажлаас чөлөөлсөн тухай захирамж, 2019.07.05‑ны өдрийн сонсох ажиллагааны мэдэгдэл, Б.Иын 2019.07.09‑ний өдрийн хариу тайлбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжууд, шүүгчийн захирамж гардуулсан баримт, тус шүүхийн нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудаар тогтоогдов.

 

Хариуцагч НЗДБУБхотын захирагчийн 2019.07.24‑ний өдрийн Б/123 дугаар захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.7, 41 дүгээр зүйлийн 41.1.4‑т заасныг удирдлага болгон “...контрактын гэрээний 3.1 дүгээр зүйлд заасан “тухайн жилийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг биелүүлэх”, 7.4.1‑д заасан “захирал контрактад заасан үүргээ биелүүлээгүй”, 7.4.4‑т заасан “захирлын үйл ажиллагаагаар үйлдвэрийн газарт хохирол учирсан, алдагдалд орсон” гэх үндэслэлийг заажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон” бол дуусгавар болно гэж, 40 дүгээр зүйлийн 40.1.7‑д “контрактад заасан үндэслэл бий болсон”, 41 дүгээр зүйлийн 41.1.4‑т “контрактаар ажилтанд шилжүүлсэн эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, үрэгдүүлсэн, өмчлөгчөөс олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн нь нотлогдсон” бол контрактыг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар тус тус зохицуулсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар контрактын гэрээний хугацаа нь 5 жил хүртэл байх бөгөөд энэ хугацааны дотор талууд хугацааг нарийвчилан тохиролцох учиртай. Гэтэл уг хугацааг 2018.07.03‑ны өдрөөс 2018.12.31‑ний өдрийг хүртэл 5 сараар тогтоосон нь ойлгомжгүй байх бөгөөд нэхэмжлэгч Б.И нь контрактын гэрээний 1 дүгээр зүйлд заасан үйлдвэрийн газрын үйлдвэрлэл, үйлчилгээ, борлуулалтын үр ашгийг дээшлүүлэх, контрактаар хүлээсэн үүргээ биелүүлэх тухай гэрээний зорилгыг хэрэгжүүлж чадахгүй, тус 5 сар нь тухайн жилийн ажлын бодит үр дүн шаардсан хугацаа биш байна.

Түүнчлэн контрактын гэрээний хугацаа дууссан гэж үзэх боломжгүй, 2018.12.31‑ний өдөр зохигчдын хэн аль нь гэрээг үргэлжлүүлэх эсэх асуудлаар хүсэл зоригоо илэрхийлээгүй, нэхэмжлэгч Б.И нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байснаас үзвэл контрактын гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3‑т зааснаар тухайн нөхцөлөөр сунгагдсан байх тул хариуцагч талын гаргасан “контрактын гэрээний хугацаа дуусаж, сунгагдахгүй болсон, сунгах эсэх нь Засаг даргын эрх хэмжээ байдаг” гэх тайлбар үндэслэлгүй болно.

 

Харин контрактын гэрээг хугацаанаас өмнө эсхүл хугацаа дуусах үед үргэлжлүүлэх эсэх асуудлыг зохигчдын хэн алины оролцоотойгоор харилцан дүгнэх учиртай бөгөөд нэхэмжлэгч Б.Иын 2018.07.03‑ны өдрийн контрактын гэрээ дүгнэгдээгүй болохыг зохигчдын хэн аль нь зөвшөөрч, хариуцагч тал үндэслэлээ тухайн үед Засаг дарга өөрчлөгдсөн байсан гэж тайлбарласан.

 

Тодруулбал, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчдийн 2014.04.21‑ний өдрийн 54 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захиралтай контракт байгуулах, дүгнэх журмыг баталсан байх бөгөөд, уг журмаар контрактыг хэрхэн байгуулах, хэн хяналт тавьж, хэзээ, ямар үзүүлэлтээр, хэдэн оноогоор дүгнэх, урамшуулах, хариуцлага тооцох зэрэг асуудлыг зохицуулсан байна.

 

Харин хариуцагч НЗДБУБхотын захирагч нь дээрх журмын дагуу нэхэмжлэгч Б.Итой байгуулсан контрактын гэрээг дүгнээгүй болохоо шүүх хуралдааны явцад нэгэнт зөвшөөрсөн, тэрээр контрактын гэрээг цуцлах болсон үндэслэлээ хууль зүйн үүднээс нь хангалттай тайлбарлаж чадахгүй байх бөгөөд нэхэмжлэгч Б.Ичинхорлын контрактын гэрээг цуцлах хууль зүйн үндэслэл, бодит байдал бий болоогүй байжээ.

 

Хэрэгт авагдсан НЗД 2019.01.24‑ний өдрийн А/52 дугаар Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 2018 оны ажил дүгнэх тухай захирамж, хавсралт болох Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 2018 оны үйл ажиллагааны үр дүнд хийсэн үнэлгээгээр нэхэмжлэгч Б.Иын захирлаар ажиллаж байсан ХХТОНӨААТҮГ-т “ажил сайжруулах шаардлагатай” гэсэн үнэлгээ өгчээ.

 

Ийнхүү НЗД зөвлөлийн хурлын тэмдэглэл, НЗД тамгын газрын 2019.02.12‑ны өдрийн 03/444 дугаар Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хүргүүлсэн албан бичиг, 2019.02.02‑ны өдрийн 35 дугаар НЗД тамгын газрын хяналт шинжилгээ, үнэлгээний тайлангийн зөвлөмжөөр ХХТОНӨААТҮГ‑т дээрх үнэлгээний дагуу зөвлөмж хүргүүлж, 2019.06.15, 12 сарын 15‑ны өдрийн дотор тайлангаа ирүүлэхийг зөвлөсөн байх бөгөөд энэ зөвлөмжийн дагуу ХХТОНӨААТҮГ нь 2019.03.15‑ны өдрийн 764 дугаар албан бичгээр тус байгууллагад хийсэн 2018 оны аудитын тайлан, гэрчилгээ, мөн 2019.03.20‑ны өдрийн танилцуулгыг хүргүүлсэн байна.

 

Өөрөөр хэлбэл Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2019.03.15‑ны өдрийн 765 дугаар адиутын гэрчилгээгээр ХХТОНӨААТҮГ‑ын 2018 оны санхүүгийн тайлан, тодруулгад санхүүгийн тайлангийн аудит хийж, “зөрчилгүй санал дүгнэлт” гаргасан байх бөгөөд, ХХТОНӨААТҮГ‑ын 2019 оны 2 дугаар улирлын санхүүгийн тайлан, тайлангийн тухай мэдэгдэл, орлогын дэлгэрэнгүй тайлан, мөнгөн гүйлгээний тайлан зэрэг баримтуудаар ХХТОНӨААТҮГ‑ын санхүүгийн бодит байдлыг хэвийн гэж үзэхээр байна.

 

Энэ нь гэрч Н.Цэрэнбанзадын гаргасан “...захирлын үйл ажиллагаагаар байгууллага алдагдал хүлээсэн зүйл огт байхгүй, байгууллагын барилга байгууламжийг бүхэлд нь дахин үнэлснээс шалтгаалж алдагдал гэх бодит биш тоо гарч ирсэн, түүнчлэн тухайн жилд цэцэрлэгүүд ихээр баригдаж байгууллагын зардал өссөн, өөрөөр хэлбэл ХХТнь цэцэрлэгүүдийн хүнсийг бэлтгэж, хангадаг байгууллага, манай байгууллагын санхүүд бодит зөрчил алдагдал байгаагүй, захирлаас шалтгаалсан ямар нэгэн буруутай үйл ажиллагаа байхгүй” гэх мэдүүлэг болон 2018 оны эд хөрөнгийн дахин үнэлгээний тайлангаар давхар нотлогдож байна.

 

Иймд хариуцагч талын үндэслэл болгосон “ажил сайжруулах шаардлагатай” гэсэн үнэлгээгээр нэхэмжлэгч Б.Ичинхорлыг контрактын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, өөрийн үйл ажиллагаагаар хохирол учруулсан, байгууллагыг алдагдалд оруулсан гэх үндэслэлгүй, бодитой учирсан хохирол, алдагдалгүй, энэ байдлыг хаанаас, хэн тогтоосон нь тодорхойгүй, баримтгүй байх бөгөөд харин ч ХХТОНӨААТҮГ‑ын үйл ажиллагаа, санхүүгийн байдалд хохирол учраагүй, хэвийн ажиллаж байсан болох нь гэрч Н.Цэрэнбанзад болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч НЗДБУБхотын захирагч нь тайлбар, татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3‑т зааснаар хангалттай баримтаар нотолж чадсангүй.

 

Иймд хариуцагч НЗДБУБхотын захирагчийн гаргасан нэхэмжлэгч Б.Иыг ажлаас чөлөөлсөн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй, захирамжид баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалт буюу тушаалын хууль зүйн үндэслэл нь нэхэмжлэгч Б.Иыг ажлаас халсан бодит үйл баримттай тохирохгүй байх тул Б.Иын гомдлыг хангаж, түүнийг ХХТОНӨААТҮГ‑ын захирлын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.  

 

          Нэхэмжлэгч Б.Иын нэг сарын дундаж цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу түүний нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн сүүлийн 3 сарын дундажаар тооцвол 1,138,523 /07 сард 1,287,919 төг, 06 сард 1,058,650 төг, 05 сард 1,069,000 төг = 3,415,569 төг : 3/ төгрөг болов.

 

Тиймээс нэхэмжлэгч Б.Иыг ажлаас нь чөлөөлсөн 2019.07.24‑ний өдрөөс тус шүүхийн шийдвэр гарсан 2020.12.15‑ны өдрийг хүртэл тооцвол, 2019.07.24‑ний өдрөөс 2020.11.24‑нийг хүртэл 16 сар /1,138,523 төг * 16 сар = 18,216,368 төг/, 11 сарын 24‑нөөс 12 сарын 15‑ны өдрийг хүртэл ажлын 15 өдөр /1,138,523 төг : 21,5 = 52,954 * 15 өдөр = 794,310 төг/-ийн ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 19,010,678 /18,216,368 төг + 794,310 төг/ төгрөгийг хариуцагч НЗДБУБхотын захирагчаас гаргуулж нэхэмжлэгч Б.Ид олгох үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Б.Иын дээрх олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч НЗДБУБхотын захирагчид үүрэг болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Б.Иыг ХХТОНӨААТҮГ‑ын захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч НЗДБУБхотын захирагчаас 19,010,678 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ид олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Иын дээрх олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч НЗДБУБхотын захирагчид үүрэг болгосугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.И нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч НЗДБУБхотын захирагчаас 253,003 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Т.ЭНХТУЯА