Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1332

 

 

 

 

 

 

 

 

 

     2024          12           02                                            2024/ШЦТ/1332

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундрам,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***д холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 19*** оны 8 дугаар сарын 02-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “***” ХХК-д түгээгч, жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт *** дүүргийн *** дугаар хороо, *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

*** овогт ***ын *** (регистрийн дугаар:***).

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *** нь Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянхошууны замд байрлах “***” дэлгүүрийн гадна 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 10.14 “Бусдад саад учруулахгүйгээр газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтуудыг зөрчиж, ухрах үйлдэл хийхдээ насанд хүрээгүй явган зорчигч ***ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

2. Шүүх хуралдаанд шүүгдэгч *** нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй оролцсон.

 

3. Шүүгдэгч *** нь Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянхошууны замд байрлах “***” дэлгүүрийн гадна зогсоолоос 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 10.14 “Бусдад саад учруулахгүйгээр газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтуудыг зөрчиж, ухрах үйлдэл хийхдээ насанд хүрээгүй явган зорчигч ***ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

3.1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-11 хуудас),

3.2. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 12 хуудас),

3.3. Иргэний нэхэмжлэгч ***ийн “...Уг тээврийн хэрэгсэл нь “***” ХХК-ийн эзэмшлийнх. Уг машиныг 10 сарын өмнөөс эхлэн *** гэх хүн жолоодож, ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 хуудас),

3.4. Иргэний хариуцагч ***ийн “...Уг зам тээврийн осол нь жолоочийн өөрийнх нь хариуцлагын асуудал учраас ослын улмаас бусдад учирсан хохирлыг жолооч *** өөрөө хариуцаж барагдуулна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 хуудас),

3.5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ын “...Тухайн өдөр би гэртээ байсан. Манай хүү *** гутлаа өмсөөд доошоо дэлгүүр рүү буусан. 15 орчим минутын дараа хүүхэд уйлах чимээ гарсан. Манай дүү гэрийн цонхоор хараад “***ийг машинд мөргүүлчихлээ” гэж хэлсэн.  Гараад хартал жолооч нь манай хүүхдийг тэврээд дэлгүүрт орж ирсэн. Хүүхдийн хөл эвгүй харагдахаар нь шууд гэмтлийн эмнэлэг рүү явсан бөгөөд шууд эмнэлэгт хэвтсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 хуудас),

3.6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 9481 дугаартай “...***ийн биед зүүн шаант ясны дээд 1/3-ийн хөндлөн зөрүүтэй далд хугарал, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарнулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 34-36 хуудас),

3.7. Тээврийн Цагдаагийн албаны мөрдөгчийн 1566 дугаартай “...Жолооч *** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.14 “Бусдад саад учруулахгүйгээр газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй”, мөн дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэ байна” гэх магадлагаа” (хавтаст хэргийн 48 хуудас) зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

4. Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй тогтоож чадсан байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

5. Хууль зүйн дүгнэлт:

5.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч *** дэлгүүрийн гадна зогсоол дээр автомашинаар ухрах үйлдэл хийхээс өмнө хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан эсэхийг нягталж, шалгалгүйгээр ухарч байгаа нь өөрийн үйлдлийг замын хөдөлгөөний дүрэмд заасан хориглосон, хохирол учрах боломжтой талаар оюун ухаандаа тодорхой мэдэж байсан үйлдэл гэж үзэх ба уг хор уршгийг хүсэж үйлдээгүй боловч ухрах үйлдлээрээ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, уг гэмт хэрэг нь объектив талын шинжийн хувьд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөн, хүний эрүүл мэндэд халдсан гэх давхар объекттой бөгөөд шүүгдэгчийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 10.14 “Бусдад саад учруулахгүйгээр газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаар уг шинж хангагдсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.

 

6. Шүүгдэгч *** Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан яллах талын нотлох баримтуудаар тогтоогдсон, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул прокурорын дүгнэлтийг хүлээн авч гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

7. Хохирол-хор уршиг:

7.1. Тус гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч ***ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *** нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд 1,400,000 төгрөг төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй гэсэн.

 

7.2. Хохирогч нь биеийн эрүүл мэндийн байдалтай холбоотой цаашид гарах эмчилгээ, асаргаа, сувилгааны зардлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

8. Эрүүгийн хариуцлагын талаар:

8.1. Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх”,

Шүүгдэгчээс “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Торгуулын ялыг хүлээн зөвшөөрч байна. Жолооны эрхийг минь хасахгүй үлдээж өгөөч” гэсэн дүгнэлтийг тус тус танилцуулав. 

8.2. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хохирогчид тэр даруй эмнэлгийн тусламж үзүүлсэн, гарсан эмчилгээний зардлын төлбөрийг өөрийн сайн дураар төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож гэмшиж  байгаа, хохирогч талаас гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэгт дүгнэлт хийж торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд эрүүгийн хуулиар тогтоосон өөр үр дагаврыг үүсгэхийг түүнд сануулж, шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

8.3. Шүүгдэгчийн жолоодох эрх хасахгүйгээр ял оноож өгнө үү гэх хүсэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах нэмэгдэл ялтай холбоотой “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж” гэсэн заалт нь шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээ болно.

 

            9. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *** овогт ***ын ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 2700  нэгжтэй тэнцэх хэмжээний 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ***д үүрэг болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ***д мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ***гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, насанд хүрээгүй хохирогчийн эмчилгээний зардалд 1,400,000 төгрөг төлсөн, хохирогч /түүний хууль ёсны төлөөлөгч/ нь эрүүл мэндтэй холбоотой цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                          ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ДАШДОНДОВ