Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 97

 

Г.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0329/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

                      Прокурор                                      Г.Уянга

                      Хохирогчийн хууль ёсны

                      төлөөлөгчийн өмгөөлөгч             Ж.Туяа

Шүүгдэгч                                       Г.Д-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               П.Батжаргал

                  Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 356 дугаар шийтгэх тогтоолтой, Г-ын Д-д холбогдох, 2018000000179 дугаартай эрүүгийн  хэргийг шүүгдэгч Г.Д-, түүний өмгөөлөгч П.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд:

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2.т зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн. ********** регистрийн дугаартай Ш- овогт Г-ын Д-.

Шүүгдэгч Г.Д- нь согтуурсан үедээ 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 21.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн 017 дугаар гудамжинд иргэн М.А-н толгойн тус газар цохисны улмаас гавал тархины битүү гэмтэл, тархины суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун зулайн хуйхны Ш-х, хуйхан доорх цус хуралт бүхий хүнд хохирол учруулж амь насыг нь хохироосон хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 356 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Ш- овогт Г-ын Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1.д заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Г.Д-д 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Г.Д-д оногдуулсан 8 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 2.т зааснаар шүүгдэгч Г.Д-ын цагдан хоригдсон 179 хоногийн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож эдлэх ялаас нь хасаж,

-Шүүгдэгч Г.Д- нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цайвар өнгийн Ш- судалтай фудволк 1 ширхэг, бор өнгийн оймс 1 хос, улаан өнгийн судалтай хар пүүз 1 хос, хар өнгийн дотоож 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, талийгаач М.А-н цогцсын гарын 10 хурууны дардас, 1000 төгрөг 1 ширхэг, 500 төгрөг 4 ширхэг, цэнхэр өнгийн хуванцар асаагуур 1 ширхэг, саарал өнгийн нүүр гарын алчуур 1 ширхэг, цайвар ногоон өнгийн хуванцар савангийн хайрцаг 1 ширхэг, 1 уут шороо, бүхэл шороо 1 уут, 5 ширхэг мод, цементэн дээрээс дээжлэн авсан цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон зүйл 1 уут, тамхины иш 5 ширхэг, хар өнгийн амны хаалт 1 ширхэг, хар улаан өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн тавчиг 1 хос, “Хараа” нэртэй 0,75 литрийн архины шил 3 ширхэг, “Хараа” нэртэй 0,35 литрийн архины шилний хагархай 1 ширхэг, “Түмний хишиг” нэртэй 0.-5 литрийн архины шил 1 ширхэг, 23 ширхэг гарын мөр, 9 ширхэг гутлын мөрний фото зураг, цэнхэр өнгийн жинсэн өмд 2 ширхэг, Д.Ч-ийн гарын 10 хуруунаас авсан дардас, хар өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн хар үдээстэй цагаан ултай пүүз 1 хос, Г.Д-ын гарын 10 хуруунаас авсан дардас, цэнхэр өнгийн жинсэн цамц 1 ширхэг, бор өнгийн гутал 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2.т зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Д-ын өмгөөлөгч П.Батжаргал давж заалдах гомдолдоо:

Г.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1.д заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Учир нь хүнийг санаатай алах гэмт хэргийн заавал байх обьектив шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирогчийн үйлдэл хоёрын хооронд заавал шалтгаант холбоо байхыг шаарддаг. Гэтэл энэ хэрэгт шүүгдэгч Г.Д-ын хохирогчид гэмтэл учруулсан буюу цохисон гэх үйлдэл нь тогтоогдоогүй байхад дээрх байдлаар түүнийг хүнийг санаатай алах гэмт хэрэгт гэм буруутай гэж тооцсон нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаалгах саналтай байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан тохиолдолд шүүгдэгч Г.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Г.Д- давж заалдах гомдолдоо:

Хэрэгтээ холбогдуулан шинжилгээнд явуулна гэж хэлээд надаас 2 хуруу шил цус авсан. Ч-оос 1 хуруу шил цус авсан, яагаад надаас 2 хуруу шил цус авсан юм бэ, 1 хуруу шил цусыг хэргийн газарт асгачихсан болов уу гэж би хардаж байна.

Иймд би дахин шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна. Өмнөх 2 шинжилгээний хариу зөрүүтэй гарсан. Би энэ хэргийг хийгээгүй тул хэргийг анхан шатны шүүхэд буцааж хэрэгсэхгүй болгож, намайг цагаатгаж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал тайлбартаа:

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Д-:

Байхгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Туяа тайлбартаа:

Хэргийг Г.Д- үйлдсэн болох нь хангалттай нотлогдсон гэж үзэж байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд одоо гомдолгүй гэдгээ илэрхийлсэн гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Уянга дүгнэлтдээ:

Шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Д-, түүний өмгөөлөгч П.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх үйл ажиллагааг болон шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасныг баримтлан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Г.Д-ыг согтуурсан үедээ 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 21.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн 017 дугаар гудамжинд иргэн М.А-н толгойн тус газарт цохисны улмаас гавал тархины битүү гэмтэл, тархины суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун зулайн хуйхны Ш-х, хуйхан доорх цус хуралт бүхий хүнд хохирол учруулж амь насыг нь хохироож хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хэрэгт авагдсан бичгийн баримтын хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж яллагдагчийг шүүхэд шилжүүлэн, шүүх хуралдааныг товлон хэргийг хэлэлцээд, шүүгдэгч Г.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1.д заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний   цагдан хоригдсон 179 хоногийн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож эдлэх ялаас нь хасаж, бусдад төлөх төлбөргүйг дурдаж, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр зааж шийдвэрлэжээ.  

Хэргийн нөхцөл байдал, болсон үйл баримтыг дүгнэж үзвэл шүүгдэгч Г.Д- нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 17.00-18.00 цагийн үед талийгаач хохирогч М.А-г гэрээс нь дагуулан гарч түүнтэй хамт гудамжинд явж байхдаа Д.Ч-той тааралдаж архи уух талаар ярьцгааж, Д.Ч-т бэлэн мөнгө байхгүй байсан тул гар утсаа барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж мөнгө авах гэхэд “иргэний үнэмлэхгүй хүнд үйлчлэхгүй” гэхэд Д.Ч- нь талийгаач М.А-н утсаар Б.Б- рүү ярьж “иргэний үнэмлэхээ аваад ир, утсаа барьцаанд тавих гэсэн юм” гэж гэрээс нь дуудаж ирүүлэн утсаа барьцаанд тавьж дэлгүүрээс “Хараа” нэртэй 0.75 литрийн 2 шил архи худалдан авч, Д.Ч-ийн гэрт ирж Г.Д-, талийгаач М.А-, Д.Ч-, Б.Б- нар 4-үүлээ хамт бооцоотой хөзөр тоглон архи ууцгаасан байна. Хөзөр тоглох явцдаа талийгаач М.А- нь “бооцооны мөнгөө өгсөнгүй” гэж Г.Д-тай маргаан үүсгэснийг Д.Ч-ийн эхнэр З.Э- “гэрт хэрүүл хийлээ” гэж уурлан болиулсны дараа удалгүй Г.Д-, талийгаач М.А-тай хамт Д.Ч-ийн гэрээс гарч яваад нэлээд харанхуй болсон хойно Г.Д-, талийгаач М.А- хоёр буцаж Д.Ч-ийн гэрийн гадаа ирж түүнийг гаднаас нь дуудахад Д.Ч- гарч ирсэн ба М.А-н нүүрний баруун талаас нэлээд цус гоожиж байсныг хараад Д.Ч- юу болсон талаар асуухад юм хэлэхгүй байж байснаа тэдний гэрийн хажуугийн жалганд сууцгааж байхдаа Г.Д- нь “Мань чинь Ш-г чулуугаар шаачихсан юм аа” гэж хэлээд М.А-, Д.Ч- хоёрыг үлдээгээд явахад нь Д.Ч- Г.Д-ыг дуудаад “М.А-г аваад яваач” гэхэд юу ч хэлэхгүй орхиод явсан байна.

Ингээд Д.Ч- М.А-г гэрт нь хүргэж өгөх гэхэд “явахгүй, зайл” гээд хөөгөөд байхаар нь таксины мөнгө өгөөд “гэртээ хариарай” гээд М.А-г тэнд нь үлдээгээд Д.Ч- гэр лүүгээ оржээ.

Улмаар шүүгдэгч Г.Д- нь шөнө гэртээ оронгуут М.А-г гэртээ ирсэн үгүйг мэдэхээр буцаж гарсан, 23.00 цагийн үед М.П-ийн гэрийн гадаа ирж түүний хүү П.И-гээс М.А-г гэртээ ирсэн эсэхийг асуусан зэргээс харахад тэрээр М.А-г ямар нэгэн байдлаар гэмтээснээ мэдээд түүндээ санаа зовж гэрийг нь эргэж тойрсон, мөн маргааш өглөө нь талийгаачийн ах М.А- нь Г.Д-тай тааралдаж түүнээс дүүгээ хаана байгааг асуухад нэлээд сандарсан байдалтай “би яаж мэддэг юм” гээд зугтаах шахам яваад өгсөн, түүнчлэн хэрэг учрал болсон орой Г.Д- нь Д.Ч-т “Мань чинь Ш-г чулуугаар шаачихсан юм аа” гэж хэлсэн зэргээс дүгнэхэд шүүгдэгч Г.Д- нь талийгаач М.А-н толгойн тус газар нь цохисноос гавал тархины битүү гэмтэл, тархины суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун зулайн хуйхны Ш-х, хуйхан доорх цус хуралт бүхий хүнд хохирол учруулж амь насыг нь хохироож түүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Энэ үйл баримт нь тухайн үед болсон үйл явдал болон хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шийтгэх тогтоол гарах үндэслэл болсон нотлох баримтууд болох:

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.П-ийн мөрдөн байцаалтад өгсөн “... 2020 оны 04 дүгээр сарын 08-ны орой 17.00-18.00 цагийн үед Ш-аа хочтой Д- манайд орж ирээд А-г дагуулаад гэрээс гарсан. Тэр шөнөдөө манай дүү гэртээ ирж хоноогүй. Тэгээд 9-ний өглөө цагдаа манайд ирээд дүүг маань нас барсан талаар хэлсэн. 9-ний энэ өглөө Д- нь нэг залуутай хамт гудамжинд явж байгаад миний төрсөн эрэгтэй дүү А-тай таарч, Д-аас А-г асуухад “мэдэхгүй” гэж хэлээд яаруу сандруу дүүгээс маань зугтаах шахам яваад өгсөн гэж дүү надад хэлсэн. Мөн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны 17.00 цагийн үед Ш-г Д- өөрөө манайхаас дагуулж хамт гарчхаад 2020 оны 04 дүгээр сарын 08-ны орой 23.00 цагийн үед гэрийн гадаа ирээд манай хүү 15 настай И-гээс “Ш- ах чинь гэртээ ирсэн үү” гэж асуучхаад явсан байсан. Тухайн үед намайг гэртээ байсаар байхад яагаад Д- гэрт орж ирж надаас асуухгүй гэрийн гадна хүүхдээс маань Ш-г асуучхаад явсан юм бол гэдэг нь сонин байна. Үүнээс үзэхэд Д- нь миний дүү А-г ямар нэгэн байдлаар гэмтээчхээд түүндээ санаа зовоод тэр орой гэрээр минь ирж Ш-г гэртээ ирсэн байна уу, үгүй юу гэдгийг хүүгээс маань сэм асууж сураглаад явсан байна гэж хардаж байна...гэсэн мэдүүлэг,

-гэрч Д.Ч-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой өгсөн “... 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 16.00 цагийн үед гудамжинд явж байгаад Д- болон Ш- нартай таарсан. Тэр хоёр надтай уулзаад “Ш-таж үхлээ, ганц шил юм байна уу” гэж асуусан. Тухайн үед би мөнгөгүй байсан тул ...бид 3 миний гар утсыг барьцаанд тавихаар болсон. Гэтэл бичиг баримтгүй хүнд үйлчлэхгүй гэхээр нь Ш-гийн гар утаснаас найз Б-ийн гар утас руу залгаж “иргэний үнэмлэхээ аваад ир, утсаа барьцаанд тавих гэсэн юм” гэж гэрээс нь дуудаж ирүүлэн утсаа барьцаанд тавьж дэлгүүрээс “Хараа” нэртэй 0.75 литрийн 2 шил архи худалдан авч манайд ирж бид 4 хөзөр тоглож архиа уусан. ....архи ууж байхад Ш- нь Д-тай “бооцооны мөнгөө өгдөггүй юм уу” гэж маргалдахад манай эхнэр тэр хоёрт хандан “хэрүүл хийлээ” гэж уурлахад Ш- Д- хоёр маргалдахаа больж, 15 минут орчмын дараа Д- Ш-г “манай хадам ахынд хамт очоод ирье” гээд гэрээс дагуулаад хамт гараад явсан. Тэр хоёрыг явсны дараа би Б-ийг дүүгийнх нь хамт жижиг гүүр хүртэл хүргэж өгөөд гэртээ буцаад ганцаараа ирсэн. Намайг унтаж амрах гэж байхад гэрийн гадна “Ч-” гээд орилоод дуудаад байхаар нь гарч харахад Д- Ш- хоёр манай хашааны гадна зогсож байсан. Ш-г харахад нүүрнийх нь баруун талаас нэлээд цус гоожиж байхаар нь Д-аас “энэ яагаад цус болчихсон юм бэ” гэхэд Д- юм хэлээгүй. Тэгээд бид гурав манай хашааны гадна жалганы хажууд сууж байхад Д- надад “Мань чинь Ш-г чулуугаар шаачихсан юм аа” гэж хэлээд Ш- бид 2-ыг орхиод явахаар нь “Ш-г аваад яваач” гэж хэлсэн чинь тоохгүй тэр чигтээ яваад өгсөн. Тэгээд би Ш-г таксинд суулгаж өгөх гэсэн боловч такси олдоогүй. Такси хүлээж байхад Ш- намайг “зайл пизда минь, чиний мөнгөтэй төгрөгтэй чинь тэндээ л байдаг юм байгаа биз, зайл” гээд хөөгөөд байхаар нь өөрт байсан 3000 төгрөгийг өгөөд “таксинд суугаарай” гээд гэр лүүгээ явсан. Тэгээд 04 дүгээр сарын 09-ний өглөө 9.00-10.00 цагийн үед Д- манай гэрт ганцаараа ирэхдээ урьд өдрийн орой нь өмссөн байсан цус болсон цэнхэр өнгийн жинсэн яак, цэнхэр өнгийн жинсэн өмд зэрэг хувцсаа сольчихсон өөр хувцастай ирсэн...” гэсэн мэдүүлэг,

-гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад удаа дараа өгсөн “... 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Ч- залгаад “чиний иргэний үнэмлэх байна уу, гар утсаа барьцаанд тавих гэсэн юм” гэхээр нь “миний иргэний үнэмлэх надад байна” гэхэд “Ш-, Д- бид хоёр, бас нэг хүн байна, хүрээд ир, барьцаалан зээлдүүлэх газарт байна” гэхээр нь очсон. Тэгээд бид “Хараа” нэртэй 0.75 литрийн 2 шил архи аваад Ч-ийн гэрт очиж архиа уусан. Тэгээд би ээжийн дээлийг хүнд аваачиж өгөх ёстой байсан тул 18.00 цагийн тэднийхээс гарч аваачиж өгчхөөд өөрийн төрсөн дүү Шинэбаярыг аваад буцаж Ч-ийнд очиход тэр 3 архиа ууж дуусаагүй байхаар нь цуг уусан. ...миний өмнө Д-, А- хоёр хамт Ч-ийнхоос гараад явсан. Ирэхдээ ч А- нь биедээ ямар нэгэн гэмтэл, Ш-хгүй, эрүүл, явахдаа ч мөн адил гэмтэл, Ш-хгүй гарч явсан. 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Ч-ийнд хөзөр тоглож байхад Д-ын өрөөсөн нүд хөхрөлттэй байсан шиг санаж байна. 04 дүгээр сарын 09-ний өглөө 8.00 цаг өнгөрөөгөөд 9.00 цаг болж байхад Д-, Ч- хоёр манайд ирсэн. Тэгээд бид нар хоорондоо юм ярьж байхад Д- Ч-т “А-г чамтай үлдээчхээд гэр лүүгээ явсан. Өглөө гэрээр нь дайрсан, А- гэртээ ирээгүй байна, яасан юм болоо, чамтай холбоо барьсан уу” гээд надаас асуугаад байхаар нь би “мэдэхгүй, чи өчигдөр А-тай хамт гарсан биз дээ” гэхэд “би буцаж ирээд Ч-ийн гадна үлдээгээд явсан” гэж ярьж байсан. Д-, Ч- хоёрыг ирэхэд Д- нь “миний өмд цус болчихсон байх юм, гэртээ харьж хувцсаа солиод ирлээ” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг,    

-насанд хүрээгүй гэрч П.И-гийн мөрдөн байцаалтад өгсөн “... 2020 оны 04 дүгээр сарын 08-ны орой 18.00 цагийн үед А- ах манай гэрт нүүр гараа угаагаад, хувцсаа солиод хоол идээд байж байтал гаднаас Ш-аа гэрээс түүнийг дагуулаад гарсан ба 23.00 цагийн үед Ш-аа ах ганцаараа ирээд надаас “Ш- ах чинь ирсэн үү” гэхээр нь би “ирээгүй” гэсэн чинь “за за” гэж хэлээд яваад өгсөн. Тэр шөнө Ш- ах гэртээ ирээгүй, Ш- ахыг асуухад Ш-аа ахын нүүр улайсан, халамцуу явж байсан ба өөрийгөө аваад явах ухаан, чадвартай, найгаж гуйвахгүй, зүгээр явж байсан...”гэсэн мэдүүлэг,   

-гэрч Э.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн ”...Өчигдөр орой 18.00 цагийн үед ажлаа тараад гэртээ ирэхэд хүлэмжийн хажууд манай нөхөр Ч-, Б-, түүний дүү 6 настай эрэгтэй хүүхэдтэй, А-, Д- нар архи уугаад хөзөр тоглож байхаар нь би “архи уулаа, ядаргаатай юм бэ” гэж нөхөр лүүгээ уурлаад тэд нарыг “яв” гэж хэлчхээд гэр лүү ороход нөхөр араас орж ирээд “жаахан архи уучихлаа, одоо гараад дэлгүүрээс сүү, тамхинд яваад ирье” гээд гараад явсан. Тэгээд удалгүй 1 шил архи авчихсан орж ирээд найзуудтайгаа уунгаа хөзөр тоглосон. Тоглож байхдаа бооцоотой тоглож байснаа А-, Д- хоёр сүүлдээ “бооцооны мөнгө өгсөнгүй” гэж хоорондоо маргаж байгаад больсон. Тэгээд А-, Д- хоёр манай гэрээс гарч яваад манай нөхөр Б-тэй юм яриад гэртээ үлдсэн. Удалгүй Б- дүүтэйгээ хамт яваад Ч-ийг гэртээ хэвтэж байтал “Чинзоо Чинзоо” гээд хүн дуудах шиг болсон ба Ч-т “хүн дуудаад байгаа юм биш үү” гэхэд Ч- хувцсаа өмсөөд гарсан. Энэ үед гадаа харанхуй болчихсон байсан. Би араас нь гараад хашааны завсраар харахад жалганы хавьд нөхөр маань А-, Д- хоёртой юм яриад байгаа бололтой байхаар нь буцаж гэр лүүгээ ороод гэрээ цэгцлээд аягаа угаагаад буцаж гараад хашааны завсраар харахад манай нөхөр элит хашаа тойроод түрүүлээд явж байсан ба араас нь А- удаан байдлаар алхаад явж харагдсан. Намайг гэр лүү орсны дараа нөхөр маань орж ирэхдээ баруун гар нь цус болчихсон байхаар нь нөхрөөсөө яагаад цус болсныг асуухад “өчигдрийн цонхны шилэнд зүссэн хэсгээс бага зэрэг цус гараад байна” гэж байсан, мөн нөхөр маань гэртээ орж ирэхдээ “Д- А-г зодсон гэнээ, А-н нүүр нь цус болчихсон байна, Д- А- бид 2-ыг үлдээчхээд түрүүлээд гүйгээд явчихлаа” гэж хэлсэн. 2020 оны 04 дүгээр сарын 07-ны орой намайг ажлаа тараад гэрт ирэхэд Ч- гараа гэрийнхээ гар нүүрийн саарал өнгийн алчуураар боочихсон байсан. Намайг юу болсон талаар асуухад “Ж- ахынх руу орох гэсэн чинь хаалга нь дотроосоо түгжээтэй байхаар нь үүдний цонхны шилийг нүдэж байтал шил нь хагарч гараа зүсчихлээ, маргааш хань нь шиллэж өгөхөөс” гэж байсан. Өчигдөр ирэхэд Ж- ахын байшингийн үүдний цонхыг шиллэсэн байсан...”  гэсэн мэдүүлэг,

-гэрч Ш.Батчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн ”...Шөнө цагийг нь сайн санахгүй байна, хаалга чанга чанга тогшоод байхаар нь онгойлгож өгөхгүй байсан чинь манай нөхөр Д- нь “би байна, Чимэгээ хаалгаа” гэхээр нь хаалга онгойлгож өгсөн чинь орж ирээд намайг “чи яахаараа пиво уучихдаг юм бэ, чамайг битгий уу гэдэг биз дээ” гээд байж байтал нөхөр надад “би Ш-гийнд орчихоод ирье” гэхээр нь “яах гэж байгаа юм“  гэхэд тэр “зүгээрээ, гялс ороод ирье” гээд гараад нэг их удалгүй 10 минут орчим болсон байх, орж ирээд шууд унтаад өгсөн. Маргааш өглөө нь 7.00 цагийн үед сэрээд Д-ыг харахад хувцастайгаа унтсан байсан ба хар өнгийн цамц нь гэдэсний хэсгээр цөөн тооны цус болсон байсан ба тэрийгээ хараад “ямар сонин юм бэ, агаатай зодолдсон юм байх даа” гээд байсан. Манай нөхөр Д- 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ээж Нарантуяагийн гэрээс гарахдаа цээжин биеэрээ цэнхэр өнгийн жинсэн хүрэм, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй явсан. Харин орой нь өөрийнхөө амьдардаг гэртээ орж ирэхдээ цээжин биеэрээ гадна талаараа цайвар өнгийн цамц, дотор нь хар өнгийн цамц, цайвар өнгийн десант загварын өмд өмссөн ирсэн....” гэсэн мэдүүлэг,  

-гэрч М.А-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би ажил хийж байсан айл руугаа явж байхад замд Ш-ааг нэг танихгүй залуутай явж байхыг хараад Ш-ыг дуудаад “манай дүү хаана байна, гэртээ ирж хоноогүй гэж байна” гэхэд Ш- нэлээд сандраад уурлаад “би яаж мэддэг юм, өчигдөр Ш- надаас салаад явсан шүү дээ” гэсэн. Тэгээд би “чамтай дүү маань хамт гарч яваа биз дээ, надтай хамт айлд барилгын ажил хийх байсан, байхгүй байна” гэхэд Ш- надаас зугтаах шахам яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг,

 -шүүгдэгч Г.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Өчигдөр би Ш-гийн гэрт очиж түүнийг дагуулж гараад зах руу явж байгаад Ч-той таарч бид 3 архи уухаар болсон. ...тэгээд Ч- утсаа барьцаанд тавих гэтэл иргэний үнэмлэхгүй хүнд үйлчлэхгүй гэсэн тул Ч- утсаар яриад Б-г /Б-/ хүрээд ир гэсэн. Тэгээд Ч-ийн утсыг 60.000 төгрөгөөр барьцаалж мөнгөөр нь 2 шил “Хараа” нэртэй 0.75 литрийн архи аваад бид 4 Ч-ийнд очсон. Тэднийд архи ууж байхдаа 13 гэдэг тоглоомыг 500 төгрөгийн бооцоотой тоглосон. Сүүлийн архи ууж байхдаа бооцоогоо 1000 төгрөг болгосон. Уусан архиндаа согтоод цааш юу болсныг санахгүй байна. Тэгээд шөнө гэртээ хоноод өглөө 06.00 цагийн үед боссон. ...Би өмдөө хартал цус болсон байсан ба эхнэрийг “угаагаад өг” гэхэд уурлаад угааж өгөөгүй тул төрсөн ээжийндээ очоод тэндээ цустай өмдөө тайлж эрээн өмд өмсөөд хоол идчихээд 08.00 цагийн үед гарч Ш-гийнд очсон. Тэнд Ш-гийн хойд эцэгтэй таарахад Ш- гэртээ ирээгүй гэхээр нь Ч-ийн гэрт буцаж очсон. Ч-той уулзахад тэр надад “өчигдөр орой чи Ш-г дагуулаад хадмындаа очно гээд манайхаас гарсан. Эргэж та хоёр манайд ирэхдээ Ш- цусандаа холилдсон ирсэн. Чи Ш-гийн толгойг аймаар том хагалсан” гэхээр нь би “мэдэхгүй байна, цохиогүй байх аа” гэж хэлсэн. ...Яак болон жинсэн өмдөн дээр болсон цус Ш-гийн цус болсон гэж бодож байна. ...Би Ч-т өөрийгөө Ш-г чулуугаар цохиж гэмтээсэн талаар хэлж байсан байж болно. Ч-ийн намайг Ш-г чулуугаар цохиж гэмтээсэн байх гэж ярьж байгаа зүйл үнэн байх магадлалтай. Миний хувьд согтуу байсан болохоор мэдэхгүй байна...гэсэн мэдүүлгүүд,

-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2020.05.08-ны өдрийн 36 дугаартай ...Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун зулайн хуйхны Ш-х, хуйхан доорх цус хуралт, баруун хацар, дух, зүүн өвдөг, бүсэлхий нуруун дахь зулгаралт, баруун гуя, шилбэ дэх цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. М.А-н цогцост илэрсэн гэмтлүүд нь шинэ гэмтэл болно. Талийгаачийн биед илэрсэн гавал тархины битүү гэмтэл, тархины суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун зулайн хуйхны Ш-х, хуйхан доорх цус хуралт нь хатуу мохоо нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. М.А-н цогцост илэрсэн баруун хацар, дух, зүүн өвдөг, бүсэлхий нуруун дахь зулгаралт, баруун гуя, шилбэ дэх цус хуралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр, тухайлбал газарт унах, хөрвөөх зэрэг үед үүсгэгдэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6.д зааснаар хамрагдах талбай бага, эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач нь гавал тархины гэмтлээр нас баржээ. М.А- нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө 06.00-07.00 цагт нас барсан байх боломжтой...гэсэн дүгнэлт,

-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2020.06.02-ны өдрийн нэмэлт 443 дугаартай... Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун зулайн хуйхны Ш-х, хуйхан доорх цус хуралт, баруун хацар, дух, зүүн өвдөг, бүсэлхий нуруун дахь зулгаралт, баруун гуя, шилбэ дэх цус хуралтын гэмтэл нь амьд ахуй үедээ авсан шинэ гэмтэл болно. Эдгээр гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун зулайн хуйхны Ш-х, хуйхан доорх цус хуралтын гэмтэл нь баруун зулай орчимд ямар нэгэн хатуу мохоо зүйлээр цохигдох үед үүсэх боломжтой. ...энэ гэмтэл авсан даруйд эмнэлгийн тусламж авсан бол амь насыг аврах боломжтой байсныг үгүйсгэхгүй. ...дээрх гэмтлийг авсан даруйд нас бараагүй нь тогтоогдсон бөгөөд тархины хатуу хальсан доорх судас гэмтэж гавлын хөндийд цус бага багаар нэмэгдэн 70 гр цусан хураа үүссэнээс амьдралын чухал эрхтнүүдийг удирддаг тархины төвийг дарснаас үхэлд хүрсэн байна. ... гавал тархины битүү гэмтэл, тархины суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун зулайн хуйхны Ш-х, хуйхан доорх цус хуралтын гэмтэлтэй дунд зэргийн согтолттой хүн бусадтай маргах, өөрөө хөлөөрөө 300 метр орчим газарт явах зэрэг идэвхтэй хөдөлгөөн хийх боломжтой. Талийгаачийн биед баруун зулайд дагуу байрлалтай баруун чихний дэлбэнгээс дээш 7 см зайд 3.5х0.7 см хэмжээтэй зах ирмэг тэгш бус, ангайсан язарсан Ш-хтай байсан ба энэ нь биеийн баруун талаар унахад үүсэх боломжгүй. Цементэн гулдмайн өнцөг нь хатуу мохоо зүйлд хамаарагдах ба биеийн баруун талаараа цементэн гулдмайн өнцгийг мөргөж унахад хуйх хууларч урагдах Ш-х үүсэж, улмаар гавал ясанд хугарал цууралтын гэмтэл үүсэх боломжтой... Талийгаач нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө 06.00-07.00 цагт нас барсан байх боломжтой байсан. Энэ өдрийн 05.00-08.00 цагийн хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын агаар хөрсний температурын үзүүлэлтийн мэдээнд агаар хөрсний температур  -4.3 градусаас 3.5 градус байсан. Туранхайдуу, нимгэн хувцасласан богино ханцуйтай нимгэн футволктой, гавал тархины гэмтэлтэй, дотуур, гадуур цус алдалт, эд эсийн шинжилгээгээр дотор цуллаг эрхтний цус эргэлтийн алдагдал, уушигны цус багадалт илэрсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь осголт үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн байна...гэсэн дүгнэлт, талийгаач М.А-, Г.Д-, Д.Ч- нарын өмсөж явсан хувцсанд болон цусанд шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн дүгнэлт, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц, эмгэг судлалын эмнэлгийн 29/20 дугаартай.. Г.Д- нь сэтгэцийн хувьд ямар нэгэн эмгэггүй, эрүүл, хэрэг хариуцах чадвартай...гэсэн магадалгаа болон бусад дүгнэлтүүд, хэргийн газарт хийсэн үзлэг, тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт авагдсан бусад баримтуудаар хангалттай, эргэлзээгүй нотлогдож тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Гэрч Д.Ч- шүүгдэгч Г.Д- нар найзууд бөгөөд тэдний хооронд ямар нэгэн өш хонзон, өр авлага болон хувийн ямар нэг таарамжгүй харьцаа байгаагүй, Д.Ч- нь Г.Д-ын хэлээгүй зүйлийг хэлсэн болгож худал хэлж гүтгэсэн гэх үндэслэл тогтоогдоогүй, Г.Д- ч өөрөө Д.Ч-ийг “худал хэлэх хүн биш, талийгаач М.А-г чулуугаар цохиж гэмтээсэн байх гэж түүний ярьж байгаа зүйл үнэн байх магадлалтай” гэж мэдүүлсэн мэдүүлэг болон тэрээр хүн гэмтээснээ мэдээд айж сандарсан, хохирогчийг гэртээ ирсэн, үгүйг мэдэхээр гэр орноор нь очиж асуусан, утас руу нь залгасан, санаа зовсон, талийгаачийн талаар асуухад сандарсан байдалтай байсан зэргийг гэрчилсэн гэрчүүдийн мэдүүлэг, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, болсон үйл баримт, нотлох   баримт, эрх бүхий шинжээчдийн дүгнэлтүүдээс үзэхэд тэр өдрийн орой хохирогчийг Г.Д-аас өөр хүн зодож биед нь үхлийн гэмтэл учруулж алсан гэж үзэх нөхцөл байдал, үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн шүүгдэгч нь талийгаачийг зодоогүй, түүнд гэмтэл учруулаагүй гэдгээ нотлох хэрэгт ач холбогдолтой ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй, түүнчлэн хэрэгт байгаа нотлох баримтыг болон улсын яллагчийн дүгнэлтийг үгүйсгэж чадахгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэх, эсхүл няцаах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Хэргийн зүйлчлэлийн хувьд шүүгдэгч Г.Д-ын үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршиг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн санал гомдолгүй гэсэн байр суурь, хохирол төлсөн байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, шүүхийн хийсэн дүгнэлт хуулийн үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Г.Д-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай талаас нь цуглуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  хуульд заасны дагуу бэхжүүлсэн, дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, шүүгдэгч, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авч, шийтгэх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Иймд анхан шатны шүүх хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор  шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Д-, түүний өмгөөлөгч П.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 356 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Д-, түүний өмгөөлөгч П.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

                    ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.МАНЛАЙБААТАР

                                                                   ШҮҮГЧИД                            Ц.ТУЯА

                                                                                                                           Ц.АМАРЖАРГАЛ