Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2018/01929

 

О.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/02176 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: О.Сын нэхэмжлэлтэй

 

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны улмаас учирсан гэм хорын хохиролд 51 660 000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч О.Со болон түүний өмгөөлөгч М.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нөхөр 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр  нас барж, нөхөж баршгүй хохирол учирсан. Энэ хэрэгт цагдаагийн байгууллагаас нэхэмжлэгчийг сэжиглэж, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 201201000482 тоот эрүүгийн үүсгэн сэжигтэн, яллагдагчаар татаж, илт гэм буруугүй байхад гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, олон сараар ар гэр, үр хүүхдүүдээс  тусгаарлаж, цагдан хорьсон. Анх нөхрийгөө гэнэт ухаан алдан татаж унахад маш их сандарч, эмнэлгийн байгууллагад дуудлага өгөхдөө цочролд орсны улмаас автомашинаас унасан гэдгийг тухайн үед хэлж чадаагүй, харин эмнэлэг дээр ах, дүү, төрөл садангийн хүмүүс ирсний дараагаар энэ талаар хэлсэн ба цагдаагийн байгууллагаас үүнийг үндэслэн нэхэмжлэгчийг сэжиглэж шалгасан. Эрүүгийн хуулийн 95, 91 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн байцаах ажиллагаа явуулсан боловч Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь  Нарантуул зах дээ р лангуу түрээслэж, бараа бүтээгдэхүүн худалдах бизнес эрхэлдэг байсан бөгөөд сарын 2 000 000 гаруй төгрөгийн орлоготой байсан, энэ талаар холбогдох нотлох баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн. Мөн 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 50 хоног хоригдсон ба энэ хугацаанд болон анх хэрэгт сэжиглэгдсэн цагаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд бизнесийн үйл ажиллагаагаа огт эрхэлж чадаагүй ба үүний улмаас олох ёстой байсан орлогод 22 000 000 төгрөгийн хохирол, мөн эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа өмгөөлөгчид төлсөн хөлс 10 000 000 төгрөг, одоогийн иргэний хэрэгт төлсөн хөлс 4 500 000 төгрөг/нийт 14 500 000 00 төгрөг/, мөрдөн байцаах ажиллагаа явуулж байхад хүүхэд асруулахаар А.Ганчимэгт 8 400 000 төгрөг төлсөн хохирлууд учирсан. Түүнчлэн нэхэмжлэгчийг 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 50 хоног цагдан хоригдож байхад эргэлт, хувийн хэрэглээний зардалд 760 000 төгрөг гарсан ба энэ хэрэгт сэжиглэгдэн шалгагдсанаас хойш сэтгэл санаагаар маш их унаж, гүн цочролд орсон ба үүнээс болж бие муутай болж, сэтгэл зүйн хувьд тогтворгүй, гүн хямралын байдалтай амьдарч байгаагаа үндэслэн сэтгэл санааны хохиролд 6 000 000 төгрөгийг нэхэмжилсэн. Ард хоцорсон 5 хүүхдээ цаашид хэрхэн тэжээн тэтгэх вэ гэдэг нөхцөл байдалтай тулгарч байгаагаас гадна бизнес хийхэд болон орон байр худалдан авахад зориулж авсан зээлийн төлбөрийг ямар ч орлогогүй учраас төлж чадахгүй, хэдийгээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон ч хэрэгт сэжиглэгдэн, гэм буруутай мэтээр хандсанд туйлын ихээр гомдож байна. Иймд дээрх 51 660 000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Засгийн газрын төлөөлөгч Б.О, Б.М, прокурор О.С нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Со нь талийгаач О.Бгийн гэмтлийн шалтгааны талаар түүний хамаатны хүмүүс болон, эмнэлгийн байгууллагын ажилтнуудад худал хэлж байсан нь тогтоогдсон. Талийгаачид анх шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн мэдүүлгээр учирсан гэмтэл нь автомашинаас унах үед үүсэх боломжгүй, цохилтын улмаас үүсэх боломжтой талаар мэдүүлсэн. О.Сыг хуульд заасан журмын дагуу шалгаж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Нэхэмжлэгч нь хохирлын талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, шаардлагыг юунд үндэслэж гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Өмгөөлөгч М.Тт эрүүгийн хэрэгт 10 000 000 төгрөг, иргэний хэрэгт 4 500 000 төгрөг төлөн талаар дурджээ. О.Со нь эрүүгийн хэрэгт өмгөөлөгч Ж.Бгаар өмгөөлүүлэх хүсэлт гаргаж, түүний хүсэлтийн дагуу эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч Ж.Б оролцож байсан баримт авагдсан. Иймд О.Сийн нэхэмжлэлийн энэхүү шаардлага үнэн бодит эсэх нь эргэлзээтэй. Эргэлт, уулзалтын болон хүүхэд харуулсан зардлын тухайд О.Сод холбогдох эрүүгийн хэрэгт тэрээр 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цагдан хоригдсон байх бөгөөд мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Сугар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлд зааснаар 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “Сэжигтэн яллагдагчийн хүүхдийг харгалзан дэмжих тогтоол” үйлдэж О.Сын хүүхдүүдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр түүний ах О.Эг томилжээ. Дээрх зардлууд нь түүнийг эрүүгийн хэрэгт шалгагдсантай холбогдон гарсан зайлшгүй зардал гэж үзэхгүй. Ямар орлого олдог байсан талаарх баримт ирүүлээгүй байх ба эрүүгийн хэрэгт шалгагдсан нийт хугацаанд олох байсан орлого нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт шалгагдах бүх хугацаанд түүний хөдөлмөрлөх боломж хязгаарлагдаагүй гэжээ.

 

Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д заасныг тус тус баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 4 584 056 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Сод олгож, нэхэмжлэлээс 47 075 944 төгрөгийн шаардлагыг хэрэгсхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Со улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Т давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхэд Улсын дээд шүүхийн тогтоолд дурьдсан үндэслэлүүдээр хүсэлт гаргасан боловч огт хангаагүйгээр шүүх хурлыг явуулж үүнээс болж миний үйлчлүүлэгч О.Со нь өөрт учирсан хохирлоо бүрэн дүүрэн авч чадсангүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 397 дугаар зүйлийн 391.1 дэх хэсэгт хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай өргөдлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан. Хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхэд мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй бөгөөд шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг өөрийн санаачлагаар тогтоох ёстой байтал шүүх хуралдаанд хэрэг хянан шийдвэрлэх явцад дээрх 3-н байгууллагын төлөөлөгч нар мэтгэлцсэн тул шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6-д зааснаар хэргийг шүүгч дангаар шийдвэрлэхээр заасан байхад уг хэргийг бүрэлдүүнтэй шийдсэн. Иймд хэрэглэх ёстой хуулийн заалтуудыг хэрэглээгүй гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч О.Со нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд 51 660 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг гуравдагч этгээд “мөрдөн байцаагч, прокурорын ямар буруутай үйл ажиллагаа байгааг нэхэмжлэгч тал нотолж чадаагүй, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэгч хохирогчийн ар гэрийнхэн болон эмнэлгийн ажилчдад хохирогчийн талаар худал мэдээлэл өгсөн нь цагдан хориход нөлөөлсөн” гэж тайлбарлажээ. /1хх-1-5, 108-109 /

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.2-д таслан сэргийлэх арга хэмжээ авсан, 45.2.1-д яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон бол тухайн хүнд учирсан хохирлыг мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгахаар, мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.4.1-д эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргахаар заажээ.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгахаар заасан.

 

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар нэхэмжлэгч О.Сыг Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр түүний нөхөр О.Бгийн нас барсан явдалд сэжигтнээр тооцож, Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжиглэн 2014250000090 тоот эрүүгийн хэрэг үүсгэж, 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр яллагдагчаар татаж, прокурорын саналыг үндэслэн түүнийг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 303-2 тоот захирамжаар цагдан хорьж, прокурорын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1152 тоот тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /1хх-45-49, 51, 52, 149-151, 193, 194, 195, 196 /

 

Иймд нэхэмжлэгч О.Со нь өөрт учирсан эдийн болон эдийн бус хохирлыг иргэний журмаар шаардах эрхтэй ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

О.Сын цагдан хоригдсон 50 хоногийн хугацаанд хүүхэд асрагчид төлсөн 1 166 666 төгрөгийг төрөөс гаргуулсан нь үндэслэлтэй. Харин цагдан хоригдоогүй хугацаанд нэхэмжлэгч хүүхэд асрагч хөлслөх нь төрийн буруутай үйл ажиллагаатай шалтгаант холбоотой байсан гэх үндэслэл тогтоогдоогүй.

Олох ёстой байсан орлого 22 000 000 төгрөг болохыг нэхэмжлэгч хуулийн шаардлага хангасан нотлох баримтуудаар нотлоогүй, анхан шатны шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон хохирлыг гаргуулсныг буруутгах боломжгүй. Өмгөөлөгчид хөлс төлсөн гэх үйл баримт нь хуулийн шаардлага хангасан төлбөрийн баримтаар нотлогдоогүй, ар гэрийнхний зүгээс эргэлт уулзалт хийхэд гарсан зардал гэх 760 000 төгрөг нь нотлогдоогүйгээс гадна, хохиролд хамаарахгүй гэж дүнгэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Үндсэн хуулийн тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэхээр заасан бөгөөд анхан шатны шүүхээс тухайн маргааныг бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт зааснаар томилогдсон шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан шийдвэрлэжээ. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/02176 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Э.ЗОЛЗАЯА

 

                   ШҮҮГЧИД                                                   Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                      Ш.ОЮУНХАНД