Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1256

 

 

 

 

 

 

 

    

     2024            11             15                                               2024/ШЦТ/1256

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч Ж.Сувданчимэг,

шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Б-ыг  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн *************** дугаартай хэргийг 2024 оны 10  дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ****** (регистрийн дугаар *****), **** оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, **** тоотод оршин суух (Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, **** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

Хэргийн товч агуулга: С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08-р сарын 10-аас 11-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудалд П.Б-гийн гар утас болон эд зүйлийг хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2024 оны 09 дүгээр  сарын 26-ны өдрийн *** дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт (хавтас хэргийн 6, 8, 13-14, 18, 26-32, 35-41, 45-48, 51, 59 дүгээр хуудас),

- Шүүгдэгчээс “шинжлэн судлуулах баримт байхгүй“ гэв.

    1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудалд хохирогч П.Б-тай хамт хонохдоо түүний эзэмшлийн Huawei фирмийн nova 12s загварын гар утас, монетон ээмэг, гинж зэрэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 1.450.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч П.Б-гийн “...2024 оны 08-р сарын 10-ны өдрийн 21 цагийн үед найзуудтайгаа Баянхошууны тойрог дээр байрлах “****” караокед орж архи хэрэглэсэн. Тухайн караокед өөрийгөө Б гэж танилцуулж байсан эрэгтэй хүнтэй шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо “***” нэртэй зочид буудалд хамт орж хоносон. Тэгээд өглөө 05 цагийн үед сэрэхэд буудлын өрөөнд ганцаараа, миний Huawei фирмийн nova 12s загварын гар утас, монетон ээмэг, гинж алга болчихсон байсан…Б бид хоёроос өөр хүн байгаагүй, намайг унтуулчихаад гараад явчихсан байсан. Сэтгэцэд учирсан хор уршигийн зэрглэлийг тогтоолгох шаарддлаггүй…” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 6 дугаар хуудас),

- Гэрч Л.Ц-н “...2024 оны 08-р сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо Баянхошууны хуучин эцсийн буудал дээр байх СU сүлжзэ дэлгүүрийн *** дугаар салбарт 16 цагаас шөнийн 00 цаг хүртэл ээлжинд ажилласан. Орой 20 цагийн үед манай дэлгүүрт гаднаас 30 гаруй насны нэг эрэгтэй орж ирснээ гар утас болон дэвтрийн цаасанд хийж гадуур нь скочоор ороосон жижиг боодолтой зүйл өгөөд “Энийг нэг хүн ирж авах юм, танай дэлгүүрт түр үлдээж болох уу” гэж асуухаар нь “болно” гэж хэлэхэд “за” гээд үлдээчихээд гараад явчихсан. Тухайн эрэгтэй гарснаас хойш 30 минутын дараа 30 гаруй насны нэг эмэгтэй орж ирснээ “хүн юм үлдээсэн үү” гэж асуухаар нь нөгөө үл таних эрэгтэйн үлдээсэн гар утас, боодолтой зүйлийг гаргаж өгөхөд уг эмэгтэй тухайн эд зүйлийг авсан. Надаас хайч авч цаасанд боодолтой зүйлийг задалж харахад шар өнгийн гинж, хос ээмэг гарч ирээд тухай эмэгтэй уг эд зүйлээ гар утасын хамт аваад гарсан..." гэх мэдүүлэг (хавтас хэргийн 8 дугаар хуудас),

- “Тэргүүн үнэлгээ” ХХКомпанийн үнэлгээчин Ч.М-ын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 24/022 дугаартай “Huawei фирмийн nova 12s загварын гар утас 1 ширхэг-700.000 төгрөг, монетон ээмэг 1 хос-450.000 төгрөг, монетон гинж 1 ширхэг 300.000 төгрөг, нийт 1.450.000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний магадлагаа, хавсралт (хавтас хэргийн 13-14 дүгээр хуудас),

- хохирогч П.Б-гаас гаргаж өгсөн С.Б-тай харилцсан зурвасын хуулбар (хавтас хэргийн 18 дугаар хуудас),

- “***” зочид буудал болон “CU“ сүлжээ дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтас хэргийн 26-32, 35-41 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б нь амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай сэдэлтээр гэмт үйлдэлдээ идэвхтэй буюу ухамсартай хандан, хохирол хор уршигт зориуд хүргэж хохирогч П.Б-гийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдан 1.450.000 төгрөгийн эд зүйлсийг хулгайлсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангажээ.

Тиймээс шүүгдэгч С.Б-ыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б нь “гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч” оролцсон, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг гаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй юм.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Б-д 1.450.000 төгрөгийн хохирол учирсан ба тэрээр биет байдлаар хүлээн авсан нь ”CU” сүлжээ дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдсон тул шүүгдэгч С.Б-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах”

Шүүгдэгчээс “хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг танилцуулав.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас(хавтас хэргийн 48 дугаар хуудас)-аар үзэхэд шүүгдэгч С.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахай сэдэлтээр амар хялбар аргаар бусдын эзэмшлийн эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр хулгайлан авсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, хохирогчийн эд зүйлсийг буцаан өгсөн), шүүгдэгчийн хувийн байдал(**** онд төрсөн, 32 настай, эрхэлсэн ажилгүй, тодорхой орлого олдог талаарх баримт авагдаагүй, Сонгинохайрхан дүүргийн *** хороо **** тоотод эхнэр, хүүхдийн хамт оршин суудаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, хийсэн үйлдэлдээ гэмшиж буй байдал) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, хэрвээ уг ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг түүнд сануулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэж буй төрийн цээрлэл нь тэдэнд оногдуулсан ялаар дамжин хэрэгжиж гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэгдэх төдийгүй, дээр дурдсан гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан уг ялын хэмжээг багасгаж оногдуулсан болно.

Эрүүгийн *************** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 3 ширхэг бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч С.Б нь оногдуулсан ялыг биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

4. Эрүүгийн *************** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гурван  ширхэг бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Б-д “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.БЯМБААБААТАР