Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1339

 

 

 

 

 

 

 

 

  2024             12            03                                              2024/ШЦТ/1339

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундрам,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***, *** нарт холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авснаар, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 19*** оны 8 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “***” ХХК-д талбайн даамал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *** дүүргийн *** хороо, *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

*** овогт ***ын *** (регистрийн дугаар:***).

 

2. Монгол Улсын иргэн, 19*** оны 01 дүгээр сарын 02-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “***” ХХК-д ковшийн оператор ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *** дүүргийн *** хороо, *** тоотод оршин суух, урьд

- Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх заалтад зааснаар 7 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

*** овогт ***ийн *** (регистрийн дугаар:***).

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ***, *** нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” караокены гадна ***ийг зодож эрүүл мэндэд нь дагзны хуйханд шарх, дээд уруулд зулгаралт, зүүн хацарт цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

2. Шүүх хуралдаанд шүүгдэгч ***, *** нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй оролцсон.

3. Шүүгдэгч ***, *** нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” караокены гадна ***ийг зодож эрүүл мэндэд нь дагзны хуйханд шарх, дээд уруулд зулгаралт, зүүн хацарт цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

3.1. Хохирогч ***ийн “...2024 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 01 цагийн үед найз ***, *** нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** караоке орсон. Бид нэг шил архи, 3 ширхэг пиво авсан. Караокены үүдэнд тамхилаад зогсож байтал үл таних 2 залуу манай найз ***тай маргалдсан. Би үл таних 2 залууд хандан “Ахын хоёр дүү одоо яв, зодоон хэнд ч хэрэггүй” гэхэд нэг нь шууд намайг толгойгоороо нүүр хэсэгт мөргөсөн. Би тухайн залууг барьж аваад хоёулаа газар унасан. Хажууд нь байсан үл таних залуу намайг хөлөөрөө 3-4 удаа өшиглөсөн. Нөгөө хоёр залуу зугтаад явсан. *** нэгийг нь таксинд сууж байх үед нь барьсан. Тухайн хоёр залууг урьд өмнө нь огь харж байгаагүй. Баригдсан залуу нь туранхайвтар өндөрдүү, эрээн десант өмдтэй, ногоон өнгийн куртиктэй. Нөгөөхийг нь сайн санахгүй байна. Би харилцан зодолдоогүй. Надад сэтгэл санааны хохиролд нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцийн дүгнэлт гаргуулахгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-18 хуудас),

3.2. Монгол Улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2748 дугаартай “...***ийн биед дагзны хуйханд шарх, дээд уруулд зулгаралт, зүүн хацарт цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ***ийн биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хуучин хугаралтай, хамрын таславчийн хуучин мурийлт гэмтлүүд тогтоогдож байна. Дээрх шинэ гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх шинэ гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 хуудас),

3.3. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 34-37 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

4. Шүүгдэгч нарыг яллах үндэслэл болгосон дээрх нотлох баримтууд нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоож, шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй тогтоож чадсан байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

5. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл: Шүүгдэгч ***, *** нар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, тэдний гэмт үйлдэл болох нэг нь толгойгоороо мөргөн унагаасан, нөгөө нь унасан хойно өшиглөсний улмаас хохирогчид учирсан хөнгөн хохиролтой шууд шалтгаант холбоотой, шүүгдэгч нар нь хохирогчийг мөргөж унагаасан, өшиглөсөн үйлдлээрээ нэгдэн хохирогч ***ийн биед халдаж хохирол учруулсан тул тэдгээрийн үйлдэл бүлэглэн гүйцэтгэсэн шинжийг агуулсан учраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “бүлэглэн үйлдсэн” гэм буруутай гэж үзэх үндэслэл болж байгаа.

6. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

7. Хохирол хор уршгийн талаар:

7.1. Хохирогч *** нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй, дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 32 хуудас) өгсөн байх ба гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд 191,250 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн (хавтаст хэргийн 42-44 хуудас) байна.

Иймд шүүгдэгч ***, *** нараас 191,250 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч ***д олгож шийдвэрлэв.

7.2. Улсын яллагчаас: Шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлын мөнгөтэй холбоотой нэхэмжлэх, мөрдөгчийн тогтоол нь прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсний дараа хийгдсэн ажиллагаанууд байх ба мөрдөгчийн тогтоол 2024 оны 10 дугаар сард гарсан, Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж өгсөн 11 сарын огноотой баримтыг 2024 оны 10 дугаар сард хэрэгт тусгахаар тогтоол үйлдсэн зэргээс үзэхэд хавтаст хэрэгт тусгагдаагүй зөрчилтэй баримтыг шүүх нотлох баримтаар үнэлж, иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй, уг баримтыг прокурорт буцаан өгсөн тул иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаа иргэний журмаар жич шийдвэрлүүлэхийг тогтоолд нээлттэй зааж өгөх нь зүйтэй.

8. Эрүүгийн хариуцлагын талаар:

8.1. Улсын яллагчаас шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 03 сарын хугацаанд төлүүлэх,

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 03 сарын хугацаанд төлүүлэх санал гаргасан.

 

            8.2. Шүүгдэгч нараас: Гэм буруу болон улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна гэв.

           

            8.3. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

            8.4. Шүүгдэгч ***, *** нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэргийн хор уршиг их биш, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд архидан согтуурсан үедээ ямар ч шалтаг шалтгаангүйгээр, зүй ёсны шаардлага тавьсан хүний эсрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэв.  

 

            9. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нарын хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *** овогт ***ын ***, *** овогт ***ийн *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ***, *** нарыг тус бүрийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ***, *** нарт үүрэг болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ***, *** нарт мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар ***, *** нараас 191,250 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч ***д олгосугай.  

 

6. Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн нэг ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдаж, иргэний нэхэмжлэлтэй холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ,

  ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                        Б.ДАШДОНДОВ