Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2020/00059

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 07 өдөр

   Дугаар 183/ШШ2020/00059

         Улаанбаатар хот

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Буянт-Ухаа 0 дүгээр гудамжны 00 тоот хаягт оршин суух, Б овогт С-ийн О /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 дүгээр гудамжны 33 тоот хаягт оршин суух, С овогт Н-ын Н /РД:00000000/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 492 944 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Идэр нар оролцов.                                      

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч С.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр иргэн Н.Нийн хүсэлтийн дагуу харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулж, 5 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй нэг сарын хугацаатай зээлдүүлсэн болно. Зээлийн гэрээ байгуулсанаас хойш 9 сарын 13-ны өдөр хүртэл 670 000 төгрөгийг төлсөн болно. Тухайн үед Н.Н нь  Хан-Уул дүүргийн 00 дугаар хороонд байрлах Буянт-Ухаа захад махны лангуу түрээсэлж байгаад хэл сураггүй алга болоод өнөөдрийг хүрч байна. Утас нь дуудаад авахгүй, хөдөө Дорнод аймагт мал маханд мөнгө оруулсан тэрнийхээ хойноос явж байна, хүүтэй нь зээлээ төлнө, цаг хугацааны асуудал байна гэх зэрэг мессежүүд бичиж ирүүлдэг болсон. Гэтэл Н.Н Улаанбаатар хотноо байгаа бөгөөд хаягийн дагуу гэр орноор нь очихоор байхгүй гэж хэлүүлээд байдаг. Иймд зээлийн үндсэн төлбөрт 4 830 000 төгрөг, зээлийн хүү 627 900 төгрөг, алданги 941 250 төгрөг, нийт 6 492 944 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний хувьд нэхэмжилж байгаа дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Уг зээлийн гэрээ нь 2016 оноос эхэлсэн зээлийн гэрээ үргэлжлэн явж байгаа болно өмнөх зээлээ шахан дуусгаад дараагийн зээлийг авч байсан бөгөөд зээлийн гэрээний 1 хувийг надад өгдөггүй байсан. Авсан зээлийг бүрэн ашиглах боломжгүйгээр өдөр бүр төлдөг байсан нь надад хохиролтой байна. Мөн 30 хоногоор хүүтэй өгөөд маргаашнаас эхэлж төлөгдсөн мөнгөнийхөө хүүг огт хасалгүй авдаг байсан. Миний бие тодорхойгүй хугацаанд зээл төлөх боломжгүйгээ хэлж хэсэг хугацаанд хүлээгээч гэж гуйж байсан боловч шүүхэд хандажээ. Иймд миний уг асуудлыг шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх нь зөв гэсэн байр суурьтай байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.О хариуцагч Н.Нт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6 492 944 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “...авсан зээлээ бүрэн ашиглах боломжгүйгээр өдөр бүр төлөлт хийдэг, төлөгдсөн мөнгөний хүү огт хасдаггүй хохироож байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөхөгүй...” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ”...хариуцагчид 2019 оны 08 сарын 30-ны өдөр 5 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай зээлүүлсэн, зээлдэгч өөрийнхөө хүсэлтээр өдрийн орлогоосоо бага багаар цувуулж төлөлт хийж байсан ба нийт 670 000 төгрөгийн төлөлт хийсэн. Зээлийн гэрээний хугацааг амаар сунгасан тул зээлийн үндсэн төлбөрт 4 830 000 төгрөг, зээлийн хүү 627 900 төгрөг, алданги 941 250 төгрөг, нийт                       6 492 944 төгрөг гаргуулана...” гэж тайлбарлаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 2019 оны 08 сарын 30-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх ба зээлдүүлэгч С.О нь 5 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй шилжүүлэх, зээлдэгч Н.Н нь тохирсон хугацаанд, тохирсон хүүгийн хамт зээлийг буцаан төлөх, хэрэв заасан хугацааг хэтрүүлбэл хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алданги төлөх үүрэг хүлээсэн байна. /хх-5/

 

Хүү, анз тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 282 дугаар зүйлийн 282.3-т заасан шаардлага хангасан зээлийн гэрээнд хүсэл зоригоо илэрхийлж С.О, Н.Н нар гарын үсэг зурснаар уг гэрээ хүчин төгөлдөр болсон байна. Зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж тус тус заасны дагуу хариуцагч Н.Н нь гэрээнд заасны дагуу үндсэн зээл болон зээлийн хүү, адлангийг нэхэмжлэгч С.Од төлөх үүрэгтэй юм.

 

Хариуцагч гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөр 5 000 000 төгрөг, зээлийн хүү         500 000 төгрөг, нийт 5 500 000 төгрөгийн үүргээс 670 000 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 4 830 000 төгрөг байна. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 39 хоногийн алданги 941 250 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.

 

Харин гэрээг амаар сунгасан гэх үндэслэлээр 39 хоногийн хүү шаардаж буй нь үндэслэлгүй бөгөөд зээлийн гэрээг байгуулсан хэлбэрээр /бичгээр/ сунгаагүй тохиолдолд хүү шаардах эрхгүй.

 

Иймд хариуцагч Н.Нээс зээлийн гэрээний үүрэгт 5 771 850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 721 094 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөчид шүүхээс хуралдааны товыг 2019 оны 12 сарын 17-ны өдөр мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдаж байна.

 

 Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115  дугаар зүйлийн 115.1,  115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан Н.Н-ээсзээлийн гэрээний үүрэгт 5 771 850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 721 094 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117 344 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 107 299  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан иргэнээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Д.МӨНХЦЭЦЭГ