| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2024/1327/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1338 |
| Огноо | 2024-12-03 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1338
2024 12 03 2024/ШЦТ/1338
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундрам,
улсын яллагч О.Эрхэмбаяр,
шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***д холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авснаар, энэ өдөр хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 19*** оны 02 дугаар сарын 10-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын туслах ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт *** дүүргийн *** хороо, *** хороолол, *** байрны *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
*** овогт ***гийн *** (регистрийн дугаар:***).
Хэргийн товч агуулга:
Шүүгдэгч *** нь 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилт худгийн автобусны буудал дээр нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж явсан *** жолоочтой *** улсын дугаартай *** маркийн автобусанд суулгасангүй гэх шалтгаанаар дунд хаалга руу чулуу шидэж, шилийг нь санаатайгаар цохин гэмтээж, 970,000 төгрөгийн хохирол учруулж, эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
2. Шүүх хуралдаанд шүүгдэгч *** нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй оролцсон.
3. Шүүгдэгч *** нь 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилт худгийн автобусны буудал дээр нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж явсан *** жолоочтой *** улсын дугаартай *** маркийн автобусанд суулгасангүй гэх шалтгаанаар дунд хаалга руу чулуу шидэж, шилийг нь санаатайгаар хагалж, 970,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
3.1. Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***ын “... 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 22 цагийн үед Тахилт-Орбит-5 шар чиглэлийн *** улсын дугаартай *** загварын автобусны жолооч *** над руу залгаж “Үл таних согтуу хүн автобусны хойд хаалганы шил рүү чулуу шидэж хагалсан” гэж хэлсэн. Манай жолооч тэр даруй цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8 хуудас),
3.2. Гэрч ***ын “... Зорчигч тээвэр гуравдугаар баазад жолоочоор ажилладаг. 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Орбит-5 шар чиглэлд *** улсын дугаартай тээврийн хэрэгслээр цагийн хуваарийн дагуу өглөө 06 цагаас шөнийн 22 цаг хүртэл ажилласан. 22 цагийн орчим бүх хүмүүсээ 5 шарын автобусны буудал дээр буулгаж, Тахилтын худгийн автобусны буудалд түр зогсолт хийж байтал үл таних согтуу эрэгтэй хүн автобусанд суух гээд байхаар нь “Ажлын цаг тарсан, одоо автобус явахгүй” гэж хэлээд хөдлөөд явж байтал тухайн хүн газраас чулуу аваад дунд хаалганы шил рүү шидэж хагалсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... “ гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 хуудас),
3.3. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 0681 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан “ шилний үнэлгээ 970,000 төгрөг” (хавтаст хэргийн 15-18 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
4. Шүүгдэгчийг яллах үндэслэл болгосон дээрх нотлох баримтууд нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй тогтоож чадсан байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
5. Хууль зүйн дүгнэлт: Шүүгдэгч ***ийн “***” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн *** улсын дугаартай Ү:20 чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслийн хойд хаалганы шилийг хагалсан үйлдлийг санаатай гэж үзэх ба чулуугаар шил рүү шидэхэд хагарна гэдгийг нийтээр мэдэх ба хүн болгоны оюун ухаанд суусан ойлголт тул уг гэмт хэргийг шууд бус санаатай үйлдсэн, автобусны хаалганы шилийг чулуугаар шидэж хагалсан нь бусдын эд хөрөнгийг устгасанд хамаарна, учир нь хаалганы шилийг чулуугаар шидэж цуулсан нь уг эд хөрөнгийг засварлаж дахин сэргээж хуучин хэвд нь оруулах боломжгүй тул шилийг устгасан гэж үзнэ.
Уг шилний үнэлгээ 970,000 төгрөгөөр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “бага хэмжээний хохирол”-оос дээш хэмжээний хохиролд тооцогдож байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирлын хэмжээнд хүрсэн, шүүгдэгчийн чулуу шидсэн үйлдэл шил хагарсны улмаас үүссэн хохиролтой шууд шалтгаант холбоотой, өөрөөр хэлбэл шүүгдэгч шил рүү чулуу шидээгүй бол уг хохирол учрахгүй байсан зэргээс дүгнэхэд ***ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, гэм буруу нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан яллах талын нотлох баримтуудаар нотлогдсон тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
6. Хохирогч “***” ОНӨААТҮГ-ын хууль ёсны төлөөлөгч ***аас “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо бүрэн төлүүлсэн” гэж бичгээр хүсэлт гаргасан (хавтаст хэргийн 66 хуудас) байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.
7. Эрүүгийн хариуцлагын талаар:
7.1. Улсын яллагчаас шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 03 сарын хугацаанд төлүүлэх санал гаргасан.
7.2. Шүүгдэгчээс: Гэм буруу, ялын саналыг хүлээн зөвшөөрч байна гэв.
7.3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
7.4. Шүүгдэгч ***ийн хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэргийн хор уршиг их биш, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгож, 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай улсын яллагчийн ялыг саналыг хүлээн авах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэв.
8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *** овогт ***гийн ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ***д үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ***д мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ