Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/80

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

Улсын яллагч Н.Бадам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Үржинханд,

Шүүгдэгч *,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, Шаавай овогт * *д холбогдох эрүүгийн * тоот хэргийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19* оны * дүгээр сарын *-ний өдөр * аймгийн *суманд төрсөн, * настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт * аймгийн * сумын 3-р баг, * хорооллын *тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч * нь зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  * нь 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг Урт гэх газраас зохих зөвшөөрөлгүй 66 ширхэг буюу 1,5 м/куб Шинэс төрлийн хуурай мод бэлтгэж, * СЭА улсын дугаартай "Бонго" загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль орчинд 650,526 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараахь нотлох баримтуудаар тогтоогдлоо. Үүнд:

 

1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *гийн өгсөн: ...Гомдол санал алга байна. Байгаль экологид учирсан хохирлоо бүрэн төлж барагдуулна гэж хэлсэн. Хэрэв хохирлоо төлж барагдуулбал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-р хуудас/,

2. Яллагдагч *гийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр би түлээний мод бэлтгэхээр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ЗДТГ-ын татварын ажилтнаас мод авч модны мөнгөө тушаасан юм. тэгээд 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр машинаа засаад түлээнд явах гээд мөнгө тушаасан баримтаа эхнэртээ үлдээгээд мод бэлтгэх эрхий бичиг /гоожин/ авчхаарай гээд үлдээгээд өөрөө эрт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар  багийн нутаг Уртын ам гэх газар руу мод бэлтгэхээр явсан. Манай эхнэр тэр өдөр бие нь өвдөөд Эрдэнэт яваад гоожин аваагүй байсан юм. Би уулнаас 6 ширхэг ургаа хуурай мод, унасан байсан 3 ширхэг модыг бэлтгэж өөрийн эзэмшлийн * СЭА улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгсэлд ачиж сумын төв рүү тээвэрлэж яваад цагдаатай таарсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 71 хуудас/

3. 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” 2433000710089 дугаартай прокурорын тогтоол /хавтаст  хэргийн 65-67-р хуудас/,

4.2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаартай Орхоны бүсийн сум дундын ойн ангийн “Экологи, эдийн засгийн үнэлгээ тогтоох тухай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 39-р хуудас/,

5. 2024 оны 09 дугаар сарын 18-ны өдрийн * дугаартай *аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын Улсын байцаагчийн “Хохирлын үнэлгээ тогтоох тухай” акт /хавтаст хэргийн 49-р хуудас/,

6.2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн * ХХКомпанийн “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 29-32-р хуудас/,

7.2024 оны 08 дугаар сарын 20-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-15-р хуудас/,

8. 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-17-р хуудас/,

9. 2024 оны 08 дугаар сарын 20-ний өдөр “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоол /тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон мод, цахилгаан хөрөө зэрэг/ /хавтаст хэргийн 20-р хуудас/,

10. 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Эд мөрийн баримтыг хураан авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 24 хуудас/

11. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 91-92-р хуудас/ зэрэг болно.

 

Хэрэгт цугларсан шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж, зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул шүүх дээрх баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлсэн болно.

Прокурорын газраас шүүгдэгч *г зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр маргаагүй бөгөөд сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

 

Шүүгдэгч * нь эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрөл авалгүйгээр ойгоос мод бэлтгэж, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

 

Шүүгдэгч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч * нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтоогдсон эсэхийг хянаж, шүүгдэгч *д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас яллагдагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч * нь хүлээн зөвшөөрсөн болох нь Прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, эрүүгийн хариуцлагын талаарх” саналаар нотлогдож байна. /хавтаст хэргийн 108-109-р хуудас/,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж зааснаас үзвэл шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага нь хуульд заасан төрөл, хэмжээний дотор байх тул хуульд нийцсэн гэж дүгнэлээ.

 

Энэ хэргийн улмаас шүүгдэгч * нь байгаль орчинд учруулсан хохиролд 650,526 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн тусгай дансанд төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хавтаст хэргийн 98-р хуудас/,

Иймд шүүгдэгч *д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *д мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан * СЭА улсын дугаартай Бонго загварын тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч *гийн өмчлөлийнх болох нь шүүгдэгч *гийн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн лавлагаагаар нотлогдож байна. /хавтаст хэргийн 75-р хуудас/,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан * СЭА улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгсэл, цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон Шинэс төрлийн 66 ширхэг буюу 1,5 м/куб мод зэргийг битүүмжилсэн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч * нь шинжээчийн дүгнэлтээр тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон мөнгийг төлөөд машинаа авмаар байна гэсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар тухайн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч *гийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон тул улсын орлого болгож шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *-ыг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *д мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан * СЭА улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгсэл, цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон Шинэс төрлийн 66 ширхэг буюу 1,5 м/куб мод зэргийг битүүмжилсэн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, улсын орлогод оруулсугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН