Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2016/0521/з |
Дугаар | 491 |
Огноо | 2017-11-27 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 491
Э.У-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0548 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2017/0686 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: Э.У-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох,
Нийслэлийн Засаг даргын 2012 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн А/119 дүгээр захирамжийн Ж.Г-д холбогдох хэсгээс 40 мкв газрыг хүчингүй болгуулах, өв залгамжлалаар авсан 20 мкв газрыг шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шилжүүлэхийг даалгах, нөгөө 20 мкв газрыг эзэмших хүсэлтийг зохих журмын дагуу шийдэхийг даалгах, 20 мкв газрыг өв залгамжлалаар эзэмших эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг
Гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, гуравдагч этгээд Ж.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Б, нарийн бичгийн даргаар А.Батдэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0548 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3, 12.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.У-н нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/119 дүгээр захирамжаар Ж.Г-д олгосон 390 м.кв газраас Баянзүрх дүүргийн 18-р хороо, 13-р хороолол, 14-р байрны зүүн талд байрлах гараашийн доорх 20 м.кв газрын давхцалтай хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох "Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14-р байрны зүүн талд байрлах өв залгамжлалаар авсан 20 м.кв талбай бүхий газрыг Э.У-н нэр дээр шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Э.У-н нэр дээр газар эзэмших эрхийг шилжүүлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/119 дүгээр захирамжаар Ж.Г-д олгосон 390 м.кв газраас дугуй засварын газар байрлах 20 м.кв газрыг давхардуулан олгосон хэсгийг болон орон сууцны хооронд байрлах галын гарцтай давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгох" шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн “Баянзүрх дүүргийн 18-р хороо, 13-р хороолол, 14-р байрны зүүн талд байрлах 20 м.кв газрыг өв залгамжлалаар эзэмших эрхтэй болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2017/0686 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0548 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн нэг дэх заалтыг “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.2-д заасныг баримтлан Э.У-н нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн А/119 дүгээр захирамжийн Ж.Ганбаад 390 мкв эзэмшүүлснээс Э.У-н /эцэг Н.Э агсан/ гарааш байрлаж байгаа 40 мкв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өвлөх эрхийн гэрчилгээгээр өв залгамжлан авсан 20 мкв газрыг эзэмших эрхийг шилжүүлэн баталгаажуулах, нөгөө 20 мкв газрыг эзэмших хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгасугай.” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар Э.У-н гаргасан “газрыг өв залгамжлах эрхтэйг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагаар үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд Ж.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Гуравдагч этгээдийн зүгээс өмнөх шат шатны шүүх хуралдаанууд дээр тайлбарласанчлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 125 дугаар захирамжийн 1-д “хугацааг сунгасугай”, 2-т “гэрчилгээг шилжүүлсүгэй”, 3-т “хүчингүй болсонд тооцсугай” гэж шийдвэрлэсэн байх бөгөөд хавсралт гэх нотлох баримт нь хугацааг сунгасан, эсхүл гэрчилгээг шилжүүлсэн эсэх нь тодорхой бус байхад хугацааг 5 жилээр сунгасан гэж дүгнэсэнд гомдолтой байна.
“Иргэн Н.Э дүүргийн газрын албатай Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 2008 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байгуулснаар түүний газар эзэмших эрх, үүрэг албан ёсоор хэрэгжиж эхлэх бөгөөд түүний газар эзэмших эрх нь 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдөр дуусгавар болсон байна.” гэж дүгнэсэнд гомдолтой байна.
Учир нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 7 дугаар зүйлийн 7.1-д энэ талаар тодорхой заасан байдаг. Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 2008 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн гэрээний 1-д “... дүүргийн Засаг даргын 2006 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 125 тоот шийдвэрийг үндэслэн ...” мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т “Газар эзэмшүүлэх тухай эрх бүхий Засаг даргын шийдвэр гарсан өдрөөр газрын төлбөр хийх хугацааг тоолно”, газрын төлбөрийн тооцоо нийлсэн №420150349 тоот акт-ийн 4-т иргэн Н.Э нь 2006 оноос газрын төлбөрийг төлсөн баримт хавтаст хэрэгт авагдсаар байтал дүүргийн Засаг даргын хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу шийдвэрлэн 2006 оноос 5 жилийн хугацаатай буюу 2011 онд хугацаа нь дуусгавар болохоор олгосон шийдвэрт нь халдан шүүх 2008 оноос тоолж 2013 онд хугацаа дуусах байдлаар шийдвэрлэж байгаа нь дээрх хууль тогтоомжийг зөрчиж байна гэж үзэхээр байна.
Мөн нэхэмжлэгч нь шүүхэд өөрийн газрын гэрчилгээ, гэрээ, төлбөр төлсөн акт зэргээ нотлох баримтаар гаргаж өгсөн нь 2006 оноос эрх үүргээ хэрэгжүүлээд төлбөрөө төлөөд 2006 оноос өмнө байсан дугуй засварын газраа ашиглаад явж байсан гэдэг нь тодорхой харагддаг.
Иймд иргэн Н.Э нь дугуй засварын зориулалттай газраа Газрын тухай хууль тогтоомж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, бодит байдлаар 2006 оны дүүргийн Засаг даргын шийдвэр гарснаар эзэмшиж эрх, үүргээ хэрэгжүүлж байсан ба Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа буюу 2011 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах ёстой байсан.
Энэ үед иргэн Н.Э нь эрх зүйн бүрэн чадамжтай байсан бөгөөд 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс хойш өвчтэй болсон гэдэг нь харагддаг.
Иргэн Н.Э-т олгосон газар нь Худалдаа, үйлчилгээний зориулалттай бөгөөд Газрын тухай хуулийн 21.2.3-т зааснаар Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний асуудал байхад дүүргийн Засаг дарга анхнаасаа хууль зөрчиж шийдвэр гаргасан газар гэдэгт шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байна.
Мөн гуравдагч этгээд Ж.Г-д 2012 онд газар эзэмшүүлэх тухай шийдвэр гарахад иргэн Н.Э-н газар эзэмших эрх нь 2011 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр дуусгавар болсон байх бөгөөд Ж.Г-тай Нийслэлийн газрын алба 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулахдаа тус албанаас иргэн, хуулийн этгээдтэй байгуулдаг гэрээний стандарт нөхцөлдөө нэмэлт байдлаар 4 дүгээр зүйлийн 4.10-т “Эзэмшил газар дээр байгаа гараашийн иргэдтэй харилцан тохиролцох” гэсэн заалтыг тусгайлан оруулж өгсөн байгааг шүүх анхаарч үзээгүй байна.
Энэ ч утгаараа бусад газрын эрх нь дуусгавар болсон гараашийн эзэд гуравдагч этгээд Ж.Г-тай харилцан тохиролцоонд хүрч гараашийн газруудаа чөлөөлж өгсөн нь шүүхээс үзлэг хийхэд тодорхой харагдаж байсан.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй байхад шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэнд гомдолтой байна.
2. Давж заалдах шатны шүүх анхнаасаа нэхэмжлэлийн шаардлагыг дээрх байдлаар буруу тодорхойлж шийдвэрлэсэн нь тухайн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч Э.У-н гараашийн газрын хэмжээ 20 мкв, дугуй засварын зориулалтаар ашигладаг газрын хэмжээ 20 мкв байхад шүүх илт үндэслэл муутайгаар сольж хольж тайлбарлан, түүнчлэн нэхэмжлэгчийн өвлөх эрхийн гэрчилгээтэй 20 мкв газар нь дүүргийн Засаг даргын шийдвэртэй байхад Нийслэлийн Засаг даргад даалган нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээ, хариуцагчийг буруу тодорхойлж шийдвэрлэсэн байдаг.
Анхан шатны шүүхээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, шүүхээс энэ талаар шийдвэртэй тэмдэглэсээр байхад давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж шийдвэрлэсэн нь харагддаг.
Мөн түүнчлэн Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т зааснаар нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээтэй өв нээлгэсэн дугуй засварын үйл ажиллагаа явуулдаг газраа газрын албанд албан ёсоор хандаж өөрийн нэр дээр шилжүүлэх үйл ажиллагаа хийгээгүй, түүнийг нотолсон баримт байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч өвлөх асуудлаа шийдвэрлүүлээгүй, шаардах эрх үүсээгүй байхад шүүх энэхүү шаардлагыг хүлээн авч шийдвэрлэж байгаад гомдолтой байна.
Түүнчлэн гараашийн зориулалттай 20 мкв газраа эзэмших талаар тухайн шатны Засаг даргад нь хүсэлт гаргаагүй гэдэг нь өөрийнх нь шүүхэд гаргаж өгсөн тайлбараар нотлогдсоор байтал шүүх хуулийн дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд шаардах эрхгүй, этгээдийн хуулийн дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу байх тул магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Э.У нь Нийслэлийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/119 дүгээр захирамжийн Ж.Г-д холбогдох хэсгээс 40 мкв газрыг хүчингүй болгуулах, өв залгамжлалаар авсан 20 мкв газрыг шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, шилжүүлэхийг даалгах, нөгөө 20 мкв газрыг эзэмших хүсэлтийг зохих журмын дагуу шийдэхийг даалгах, 20 мкв газрыг өв залгамжлалаар эзэмших эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн эцэг Н.Э нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 1996 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 3/863 дугаар албан бичгээр ерөнхий архитекторын олгосон зөвшөөрлийн дагуу баригдсан 30 машины гараашаас 2 машины гараашийг худалдан авч, дугуй засвар болон машины зогсоолын зориулалтаар ашиглаж байсан, тэрээр 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан болох нь тогтоогдсон байна.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 125 дугаар захирамжаар Н.Э-н 20 мкв газрын эзэмших эрхийг сунгасан, 2008 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 20 мкв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон, энэхүү гэрчилгээний хугацаа 5 жил байхаар тогтоожээ.
Гэтэл ийнхүү газар эзэмших эрхийн хугацаа дуусаагүй байхад Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/119 дүгээр захирамжаар Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар, иргэн Ж.Г нарт уг газартай давхцуулан 390 мкв газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус захирамж байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа дуусаагүй байхад, газар эзэмших эрх хүчин төгөлдөр байхад давхцуулан Ж.Г-д газар эзэмшүүлсэн, түүнчлэн нэхэмжлэгчийн гэрээ, гэрчилгээгүй эзэмшиж байсан 20 мкв газрын тухайд ч уг газар нь хоосон газар биш, бусдын гарааш байрласан, бодитоор ашиглаж байгаа газрыг “хэний ч эзэмшил үүсээгүй” газартай адилтган, гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт заасан газар эзэмшихэд тэгш байдлыг хангах зарчимд нийцэхгүй юм.
Иймээс давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.
Харин “20 мкв газрыг өв залгамжлалаар эзэмших эрхтэй болохыг тогтоолгох” тухай шаардлагаас нэгэнт нэхэмжлэгч өөрт олгогдсон эрхийн хүрээнд татгалзсан, захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэх шаардлагагүй гэж үзэж, уг шаардлагыг дэмжээгүй тул анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж шийдвэрлэсэн нь буруу биш байна.
Давж заалдах шатны шүүхээс “уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах үр дагаварт хүргэх” талаар дүгнэсэн нь буруу бөгөөд захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэлийг татгалзсан байдал нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй, иргэний шүүхэд маргах эрхийг хөндөхгүй буюу шүүхээс нэхэмжлэгчийн татгалзлыг баталснаар уг нэхэмжлэлийн үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэгч хүсэл зоригоо шүүхэд илэрхийлээгүй үр дагаврыг үүсгэх тул өв залгамжлалын үйл баримтад шүүхээс эрх зүйн дүгнэлт өгсөн гэх, тодруулбал, шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт гэж үзэхгүй.
Гуравдагч этгээдийн “2006 оны 125 дугаар захирамжийн хавсралт гэх нотлох баримт нь хугацааг сунгасан, гэрчилгээг шилжүүлсэн эсэх нь тодорхой бус байхад 5 жилийн хугацааг сунгасан гэж дүгнэсэн” тухай гомдол:
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 125 дугаар захирамж хоёр хавсралттай байсан бөгөөд нэхэмжлэгчийн тухайд нэг дэх хавсралт буюу газар эзэмших эрхийн хугацааг сунгах жагсаалтад багатсан, энэхүү захирамжийг үндэслэн захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байгаа нь хууль зөрчөөгүй, ялангуяа гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, тухайн үед газар эзэмших эрх гуравдагч этгээдэд үүсээгүй байсан.
“Газар эзэмшүүлэх шийдвэр гарсан 2006 оноос тооцож, 2011 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 30 хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ гаргах ёстой байсан, хүсэлт гаргаагүй, өөрийн нэр дээр шилжүүлэх үйл ажиллагаа хийгээгүй, шаардах эрх үүсээгүй байхад шүүх хүлээн авч шийдвэрлэсэн” гомдлын тухайд:
Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ захиргааны байгууллагад гаргах ба энэ тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгчийн ашиглаж байсан газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн хууль бус шийдвэрийг захиргааны байгууллагаас гаргасан тул нэхэмжлэгчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй, эрх зүйн ач холбогдолтой үйл явдлын цаг хугацааны дарааллаар нэхэмжлэгчээс хугацаа сунгах хүсэлт шаардах эрх захиргааны байгууллагад үүсэхгүй юм.
Хуулийн дээрх заалтын агуулгаас үзэхэд газар эзэмшүүлэх захирамж гарсан өдрөөс бус, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс хугацааг тооцно.
“Эзэмшил газар дээр байгаа гараашийн иргэдтэй харилцан тохиролцохыг гэрээнд тусгайлан заасан байхад шүүх анхаараагүй, нэхэмжлэгч газар чөлөөлөх ёстой байсан” тухай гомдлын хувьд:
Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан газар чөлөөлөх хуульд заасан үндэслэл бүрдээгүй, дээр дурдсанаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа дуусаагүй байсан, захиргааны байгууллагаас газар чөлөөлөх шийдвэр гаргаагүй, нэхэмжлэгч маргаан бүхий 40 мкв газрыг бодит байдалд ашиглаж байгаа болохыг захиргааны байгууллага мэдсэн /газрыг бодитоор хэн ашиглаж байгааг шалгаж, газар дээр хэмжилт хийх нь захиргааны үүрэг/ атлаа нэхэмжлэгчид эерэг үр дагавар учруулсан үйлдэл гаргаж, хориглосон үйлдэл хийгээгүй тул нэхэмжлэгч маргаан бүхий газрыг чөлөөлөх үүрэг хуулиар үүсээгүй байна.
Нөгөө талаас, гуравдагч этгээдээс газар эзэмших хүсэлтдээ “...гарааш байрлаж байгаад чөлөөлөгдсөн газар дээр үйлчилгээний барилга барих хүсэлтэй тул газрын асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэсэн нь бодит байдалд нийцээгүй, гараашууд тухайн газар дээрээ одоог хүртэл байрлаж байхад гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн захиргааны байгууллагын шийдвэрийн хууль зүйн үндэслэл тодорхойгүй, Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газартай хамтран газар эзэмших эрх үүссэн зэргээр гуравдагч этгээдэд газар эзэмших эрх зохих журмын дагуу үүсээгүй гэж дүгнэлээ.
Мөн “гараашийн зориулалттай газраа эзэмших талаар тухайн шатны Засаг даргад хүсэлт гаргаагүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгээгүй байхад хүлээн авахаас татгалзах байсан” тухай гомдол үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчээс “гэрчилгээ олгохгүй гээд байсан” гэж, хариуцагчаас “2012 он хүртэл гараашийн газарт газрын зөвшөөрөл, гэрчилгээ олгож байсан, түүнээс хойш хотын өнгө үзэмж, ерөнхий төлөвлөгөөтэй уялдаад олгохгүй байгаа” гэж тайлбарлаж байгаа нь хоорондоо агуулгын зөрчилгүй байх тул нэхэмжлэгчийг газар эзэмших хүсэлтээ захиргааны байгууллагад илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэглэх боломжгүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахгүй бөгөөд энэ тохиолдолд захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан тул заавал урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэхийг шаардахгүй, шүүхээс бусад нэхэмжлэлийн шаардлагатай хамтатган шийдвэрлэх бүрэн боломжтой тул дээрх гомдол үндэслэлгүй.
Эдгээр үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн нэхэмжлэлийг хангасан шийдлийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзсан заалтыг хасч, анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн зарим хэсгээс нэхэмжлэгч татгалзсаныг баталсан хэсгийг хэвээр үлдээсэн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0548 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2017/686 дүгээр магадлалын “тогтоох” хэсгийн “2 дахь заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар Э.У-н гаргасан “газрыг өв залгамжлах эрхтэйг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагаар үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг хасч, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ