| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2024/0077/Э |
| Дугаар | 2024/шцт/85 |
| Огноо | 2024-11-21 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2024/шцт/85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,
Улсын яллагч Н.Бадам,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дулмаа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Даваахүү,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа,
Шүүгдэгч **,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн * овогт *гийн * холбогдох эрүүгийн * дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 08-ний өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, * оны * дүгээр сарын *-ны өдөр * хотод төрсөн, эрэгтэй, * настай, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 5, аав, ээж, 2 хүүхдийн хамт * аймгийн * сумын *ы 5-р баг хөдөө оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, * овогт *гийн * /РД:НЩ03311315/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ** нь 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар ус 1-р багийн нутаг, Рашаант тосгоны төвд насанд хүрээгүй *ыг хамгаалах хэрэгсэлгүй худан морь унуулсны улмаас * морьноос унаж зүүн чамархай ясны хугарал, зүүн зулай ясны цөмрөөгүй шугаман хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн суурь хэсэгт тархины няцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн шинжлэн судалсан болно.
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ** нь 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар ус 1-р багийн нутаг, Рашаант тосгоны төвд насанд хүрээгүй *ыг хамгаалах хэрэгсэлгүй худан морь унуулсны улмаас * морьноос унаж зүүн чамархай ясны хугарал, зүүн зулай ясны цөмрөөгүй шугаман хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн суурь хэсэгт тархины няцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэх үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч **: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дулмаа: “...Миний хүү * 10 настай. Одоо хүүгийн биеийн байдал гайгүй байгаа. Гэхдээ юмыг их мартдаг болсон байна лээ. Тухайн үед бид нар *ыг яасан талаар мэдээгүй. Эгч нь * толгой эргээд байна гээд бөөлжөөд байна гэж хэлсэн. Орой 23 цаг болсон байсан. Малаа тавьсан байсан учир би ээж нь өглөө эрт очно гэж хэлсэн. Ханиад хүрчихсэн юм байхдаа л гэж бодсон. Өглөө эрт явах гэж байтал малын эмч хурга, ишгэнд тариа хийнэ гээд хүрээд ирсэн. Эгч нь ээж *ын толгой эргээд босож чадахгүй байна гэж хэлсэн. Эмч дууд гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дээр авч очиход чавганы гүн хордлого болсон байна гэж хэлсэн. Би яваад очтол хүүгийн биеийн байдал муу байсан. Чи чавга идсэн үү гэж асуухад үгүй гэж хэлсэн. Толгой өвдөөд байна гэхээр нь би хартал няцраад хөхөрсөн байсан. Хүү мориноос унасан гэж хэлээгүй. Би яасан талаар асуухад ангийн хүүхэд зодсон гэж хэлсэн. Тэгээд сургуулийн камерыг шүүтэл хичээл тараад шууд гараад явсан байсан. Хүүгээ аваад Дархан явсан. *ын утас руу * “ахын дүү биеийн байдал гайгүй юу” гэж чат бичсэн байсан. Тэгээд бид нар мэдсэн. Эмнэлэг хүүхэд тархиндаа цус хуралттай хагалгаанд орно гэж хэлсэн. Өглөө 11 цаг 50 минутад хүү хагалгаанд орсон. Дахиад 3 хоногийн дараа хагалгаанд орсон. Одоо 11 дүгээр сарын 25-ны өдрийн хавьд дахиж хагалгаанд орно гэсэн...” гэв.
Мөрдөн байцаалтад:
1. Насанд хүрээгүй хохирогч *ын өгсөн “...2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр буюу Пүрэв гаригт би рашаант тосгоны төвд гэртээ ганцаараа, үдээс хойш давтлагадаа явах гээд байж байсан Гурван эгч маань хичээлээсээ ирээгүй байсан. Тэгтэл 14 цагийн үед * ах манай гэрт ганцаараа мотоциклтой ирсэн. Ахынхаа морийг унаад өгөөч ойрхон үсэргээдэхье гэхээр нь би "одоо сургууль дээр Монгол хэл, Математикийн хичээлийн давтлагатай гэсэн чинь чөлөө авчихна гэж хэлээд морь уяж байгаа газраа аваачсан. Тэгээд нэг халтар зүсмийн морь дээр зайдан мордуулаад төмөр замын тор дагаад сумын төвөөс зайдуухан гарсан. Тэгээд үзүүр дээр нь хурдтай давхиулсан тэгээд мориноос унаад юу болсныг санахгүй байгаа. Нэг сэргэсэн чинь айлын орон дээр хэвтчихсэн нэг хөгшиндүү эгч миний толгойг барьж байсан. Тэгээд * ах намайг мотоциклдоо суулгаад манай гэрийн хашааны арын хаалган дээр буулгачхаад яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 8-10-р хуудас/,
2. Гэрч *гийн өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байсан. Би Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Тариа хоолой гэх газарт хөдөө гэртээ байсан. Хүүхдүүд хичээл сургууль гээд Рашаант тосгоны төвийн гэрт байсан юм. Тэгээд 2024 оны 04 сарын 26-ны өглөө 08 цагийн үед манай охин * залгаад *ын бие нь өвдөөд хичээлдээ явж чадахгүй байна гэхээр нь төв орох гэж байсан чинь манайд малын тариа хийх гээд малын эмч ирээд малдаа тариа хийгээд үд өнгөрсөн. Үдээс хойш 15 цагийн орчимд Рашаант тосгоны төв ороход * дүүгээ аваад эмнэлэг дээр очсон байсан. Шууд эмнэлэг дээр очоод эмчтэй уулзсан чинь эмч нь хордлогод орсон байж магадгүй байна гэж хэлж байсан. Тэгтэл толгой нь гэмтсэн юм шиг байхаар нь *аас юу болсон талаар асуусан чинь хүүхдэд зодуулсан гээд юм хэлэхгүй байсан. Тэгээд ямар ч байсан Дархан-уул аймаг руу авч яваад үзүүлье гээд ээж нь аваад Дархан явсан. Дарханд очоод үзүүлсэн чинь толгой нь гэмтээд цус хурчихсан байна хагалгаанд орох шаардлагатай болсон гэхээр нь би араас нь Дарханд очсон. Тэгээд эмчтэй нь уулзахад толгойны гавлын ясанд гурван хэсэг газарт цууралттай, тархинд цус хурсан байна маргааш хагалгаанд яаралтай орно гээд 2024 оны 04 сарын 27-ны өдрийн өглөө хагалгаанд орсон. Тэр өдрөө өнгөрөөд 2024 оны 04 сарын 28-ны өдөр * надад хэлэхдээ 04 сарын 25-ны өдөр хүний морь унаж байгаад унасан юм шиг байна гэхээр нь би тодруулаад байсан чинь Төмөр замд ажилладаг * гэдэг залуу морио унуулсан талаар мэдсэн. Тэгээд би * гэх залуугийн утсыг нь олоод чи хүүхдийн толгойг ийм болгочхоод зүгээр байна гэж бодоо юу гээд мессеж бичсэн. Тэгсэн буцаж над руу залгаад би мориноос унагаачихсан юм аа уучлаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг..., Одоо *ын биеийн байдлын хувьд 2 удаа хагалгаанд орсон. Толгойн ясыг нь авчихсан хөндий байгаа. Хаяадаа толгой өвдөж байна гэдэг. Эмчилгээ бүрэн дуусаагүй байгаа. Би гомдолтой Хүүхдийг маань дагуулж зөвшөөрөлгүй морь унуулчхаад мориноос унагаасан талаар юу ч хэлээгүй. Хүүхэд гэмтээсэн гэхээр юу ч тоохгүй байгаад маш их гомдолтой. Хуулийн дагуу шалгаж хохирлыг барагдуулж өгнө үү. Эмчилгээ хийлгэсэн болон наашаа цаашаа явсан зардалд нийт 8.0 сая орчим зардал гарсан хуулийн дагуу нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,
3. Гэрч **ийн өгсөн: “...Манай дүү * айлын 2дахь хүүхэд доороо 2 дүүтэй, Манай дүү нь аав ээжийн хамт мал дээр байдаг. Морь уядаг, сумын алдарт уяач цолтой юм. Дүү * нь насанд хүрээгүй хүүхдээр хамгаалах хэрэгсэлгүй морь унуулж байгаад хүүхэд нь мориноос унаж биедээ гэмтэл авсан гэдгийг сонссон. Би энэ талаар сайн мэдэхгүй хажууд нь байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/
4. Сэжигтэн **ын өгсөн: “...Би өөрөө Төв аймгийн Цээл суманд бүртгэлтэй амьдардаг боловч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант тосгонд Төмөр замд ажилладаг хажуугаар нь морь, тэжээж уядаг юм. Харин 2024 оны өвөл Хүрэн халзах даага, халтар соёолон, хээр Хязаалан тэжээж хаврын уралдаанд бэлдэж байсан. 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ажлаа тараад 14 цагийн орчим тэжээж уяж байсан халтар Соёолон насны морийг хөдөлгөж хөлс авах шаардлагатай болсон гэвч тэр үедээ тухайн морийг унах хүн байхгүй байсан болохоор Орхонтуул суманд урьд өмнө миний морийг ганц нэг удаа унадаг хүүхэд болох *ын гэрт 14 цагийн орчим очиход * гэртээ ганцаараа байсан. Тэгэхэд би *т хандаж ахын дуу ахынхаа моринд ажил хийе хамт яваад морь унаад өгөөч гэхэд * тэгье гэж хэлэхээр нь унаж явсан мотоциклийнхоо ард суулгаад Рашаант тосгон руу морины хашаа руу яваад очсон. Морин дээрээ очоод халтар Соёолон дээрээ зайдан ямар нэг хамгаалах хэрэгсэлгүй *ын тэр үедээ өмсөж байсан хувцастай нь мордуулахдаа эхлээд шогшоод биеийг нь халаагаад үзүүр дээр нь хөдөлгөнө шүү гэж хэлсэн. Хөдөлгөнө гэдэг нь хурдтай давхихыг хэлдэг юм. Ингээд төмөр зам дагуулаад ертөнцийн зүгээр баруун тийш Рашаант тосгоны төвөөс 1 км хүрэхгүй шогшож байгаад морь огцом хөдлөх үед * морьноос унахаар нь би *ыг аваад хашаа руу ороход миний байсан айлын ах Отгонцэнгэл ах морьны хөлс хусаад зогсож байсан. Тэгээд би хүүхдийг тэврээд гэрт орсон чинь толгой өвдөөд байна гээд байхаар нь би * ахаас бариач хүн асуухад нэрийг мэдэхгүй хүн зааж өгөхөөр нь би *ыг дагуулж очоод толгойг нь бариулахад одоо толгой өвдөх нь гайгүй болчихлоо гэсэн. Тэгэхээр нь гэрт нь би мотоциколоор хүргэж өгөөд хашааны гадаа нь буулгачихаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 124-125-р хуудас/,
5.Яллагдагч **ын өгсөн: “...Би өмнө нь сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар тодорхой ярьсан байгаа учраас нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 129-130-р хуудас/,
6. Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүхийн шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №563 дугаартай
- *ын биед зүүн чамархай ясны хугарал, зүүн зулай ясны цөмрөөгүй шугаман хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн суурь хэсэгт тархины няцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
-Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,
7. Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн 7019 дугаартай өвчний түүх /хавтаст хэргийн 45-61 дүгээр хуудас/,
8.Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 202404262120 дугартай хуудас /хавтаст хэргийн 62-69 дүгээр хуудас/,
9.Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчийн үзлэгийн тэмдэглэл /хавтаст хэргийн 74-82 дугаар хуудас/,
10.Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн их эмч *ийн “Мэс заслын тэмдэглэл” /хавтаст хэргийн 86-89 дүгээр хуудас/,
11. Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын сувилагчийн хяналтын хуудас, үйлчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас, сувилагч эмчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх хуудас /хавтаст хэргийн 99-108 дүгээр хуудас/,
12. Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн Сувилгааны тэмдэглэл /хавтаст хэргийн 109-112 дугаар хуудас/,
13. 2024 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” * дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 119-120-р хуудас/,
14. Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 131-р хуудас/,
15. Хувийн байдлыг тогтоосон баримтууд /Иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, нийгмийн халамжийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүний тодорхойлолт, суурь боловсролын гэрчилгээ /хх-ийн 133-138, 145-146-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрдөг бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч ** нь насанд хүрээгүй хохирогч болох *ыг гэртээ ганцаараа байхад нь морь унаад өгөөч гээд Рашаант тосгонд байх морины хашаанд очин Соёолон насны морин дээр зайдан буюу ямар нэг хамгаалах хэрэгсэлгүй *ын тэр үедээ өмсөж байсан хувцастай нь мордуулсан гэх үйл баримт тогтоогддог бөгөөд үүний улмаас хүрээгүй хохирогч * нь морьноос унаж зүүн чамархай ясны хугарал, зүүн зулай ясны цөмрөөгүй шугаман хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн суурь хэсэгт тархины няцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон.
Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3-т зааснаар хүнд гэмтэл тогтоогдсон шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байх тул **ын үйлдэл насанд хүрээгүй хохирогчид учирсан гэмтэл /хохирол/ хоёр нь шалтгаант холбоотой бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-т “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогчийг морь унуулах үедээ морьноос унаж магадгүй гэж урьдчилан мэдэж таамаглахгүйгээр, өөрийн үйлдлийн улмаас гарах эрсдлийг тооцоолоогүй нь гэмт хэргийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгч **ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 787,375 төгрөгийг эмчилгээний зардалд бодит баримт гаргаж өгсөн /хавтаст хэргийн 13-24-р хуудас/ ба шүүгдэгч 8,000,000 төгрөгийг гэм хорын хохиролд төлж барагдуулсан гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *гийн: “Шүүгдэгч **ын хохирогч *ын эмчилгээний зардалд 8,000,000 төгрөг хүлээн авсан. Хохирол төлсөн учир ял шийтгэл хөнгөлөхөд татгалзах зүйлгүй болно... гэх хүсэлтийг гаргасан байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч **т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч П.Даваасүрэн: “...Шүүгдэгч ** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэн үндэслэлтэй байна. Шүүгдэгч ** нь бага насны хүүхэд болох *ыг хамгаалах хэрэгсэлгүй хурдны морь унуулсны улмаас * мориноос унаж биедээ хүнд гэмтэл авсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлон тогтоогдсон байна. Шүүгдэгч *т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж саналыг гаргаж байна. Зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгчийн оршин суух Төв аймгийн Цээл сумын нутгаар хязгаарлах саналыг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас *ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч, хохирогчийн талд 8,000,000 төгрөг төлсөн нь шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримтаар нотлон тогтоогдсон бөгөөд хохирогч одоогоор нэхэмжлэх зүйлгүй байх бөгөөд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж байна. Шүүгдэгчийн урьдчилан цагдан хоригдсон хоногийг түүнд оруулан тооцох саналтай байна. Мөн хилийн хориг тавигдаагүй болохыг дурдах нь зүйтэй. Энэ хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд шүүгдэгчид өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвэр үлдээх саналыг гаргаж байна. Шүүгдэгч * нь улмаар уяачийн үүргийг гүйцэтгэж байх хугацаандаа хүүхдээр морь унуулж хүүхдийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн эрхийг 1 жилийн хугацаагаар эрх хасах ялын саналыг оруулж байна... гэв,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүхээс *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцсон. Улсын яллагч 1 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг оруулж байна.
* нь ээж, аавын хамт хөдөө мал маллаж амьдардаг. Мэдээж мал маллахад ийш тийшээ явах, гарах, орох асуудал нэлээн байдаг. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэж торгуулийн ял оногдуулж өгнө үү. Шүүгдэгчийн аав, ээж нь нэлээд малтай. 2,700,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж өгөхийг хүсэж байна. Энэ талаар нотлох баримт байхгүй байна гэж шүүх үзэх юм бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болно гэсэн хуулийн заалтыг хэрэглэх саналыг оруулж байна. * нь анх удаагийн ял шийтгэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох, 1.2-д учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж торгуулийн ялыг оногдуулж өгнө үү. Эрх хасах гэдэг асуудлын хувьд шүүгдэгчийн хувьд сумынхаа алдарт уяач юм байна. Түүний малд хайртай байдал зэргийг харгалзан хамгийн бага хугацаагаар эрхийг хасаж өгнө үү...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Даваахүү шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч аваагүй байж байгаад шүүх хуралдааны өмнө өмгөөлөгчөөр авсан. Өнөөдөр гэрээ байгуулсан. Сэтгэцэд учирсан хохирлын талаар хохирогч тал мэдээгүй байж байгаад хамаатны хүнээсээ энэ талаар сонссон юм байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч талд сэтгэцэд учирсан хохирлын талаар танилцуулаагүй байдал харагдаж байна. Тиймээс энэ хохирол нөхөн төлөгдөөгүй явж байна. Хохирогчийн зүгээс гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудалд маргахгүй. Хүүхдийн эрүүл мэндийн байдал зүгээр болоогүй байгаа. Одоо мэс засалд орно. Хүнд гэмтэл байгаа учир эмчилгээ зайлшгүй шаардлагатай байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхийг зайлшгүй тусгаж өгөхийг хүсэж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: Цаашид гарах эмчилгээний зардлаа авна. Миний хүүхэд эрүүл байвал надад гомдоод байх зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 131-р хуудас/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч **т гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч *т учирсан хохирлыг төлсөн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн морь уяж уралдуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 06 сарын хугацаагаар тэнсэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчийн морь уяж уралдуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 06 сарын хугацаагаар тэнсэх ялыг оногдуулах нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчийн оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдэх зүйтэй бөгөөд шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй зэргийг шийтгэх тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 787,375 төгрөгийг эмчилгээний зардалд бодит баримт гаргаж өгсөн ба шүүгдэгч нь 8,000,000 төгрөгийг гэм хорын хохиролд төлж барагдуулсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл нийт 16 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч * овогт *гийн *ыг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчийн морь уяж уралдуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 06 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчийн оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 787,375 төгрөгийг эмчилгээний зардалд бодит баримт гаргаж өгсөн ба шүүгдэгч 8,000,000 төгрөгийг гэм хорын хохиролд төлж барагдуулсан болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч нь энэ хэрэгт 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл нийт 16 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН