Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/389

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч С.Ариунаа 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд 
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: 
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний мэргэжилтэй, Дорнод аймгийн Дашбалбар сумын Эрүүл мэндийн төвд ажилтай, ам бүл 1, Дорнод аймгийн Дашбалбар сумын 5 дугаар баг Бор-Өндөр ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД: *******/. 

Шүүгдэгч ******* ******* нь 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 13 цагийн орчимд Дорнод аймгийн Дашбалбар сумын 5 дугаар багт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж яр зүйлгүй” гэв.
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 13 цагийн орчимд Дорнод аймгийн Дашбалбар сумын 5 дугаар багт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч ******* шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг, 
    мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч “... 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр манай сумын төвд байх айлын хашаан дотор байсан өвс шатсан бөгөөд тухайн үед би нөхрийн хамт дуудлагын дагуу очсон ба тэр үед ******* ирсэн байсан бөгөөд ЗДТГ-ын ажилчид ирсэнгүй, ирсэн ч хөдөлдөггүй гэх үг хэлж удаа дараа орилж хашхирахаар нь би очиж чи юу яриад байгаа юм бэ бид нар боломжоороо ирж ажиллаж байна гэж хэлсэн тэр үед ******* ийн амнаас архи үнэртэж байсан ба би чи согтуу байгаа юм уу гэхэд юу яриад байгаа юм бэ гэж хэлсэн ба би ******* ийг ажиглаж байхад приус маркийн хар өнгийн машиныг жолоодож явахаар нь сумын цагдаад хэлсэн. Манай сумын цагдаа араас нь очиж зогсоож тээврийн хэрэгслийн хураан авч цагдаагийн хэсэг рүү *******ийг авч явсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/ 
    Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 1 жилээр хасуулсан болох нь /хх-ийн 39/ Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаагаар тогтоогдож байх тул энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. 
Шүүгдэгч *******ий согтуурлын зэрэг 2,23 хувьтай гарсан болох нь 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *******д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна. 
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хор ялаар солыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.БАТЖАРГАЛ