| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 171/2018/0215/Э |
| Дугаар | 0027 |
| Огноо | 2019-04-17 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 11.6.1., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 0027
Б.Э, Д.М нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Л.О
Шүүгдэгч Д.М, Б.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц, Т.Э
Нарийн бичгийн дарга Т.Баялаг нарыг оролцуулан хийж
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолтой Б.Э, Д.М нарт холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э, шүүгдэгч Б.Э нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Х овогт Б-н Э.
Монгол улсын иргэн, Х овогт Д-н М.
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 15-16 тоотод Д.Мтэй хэрэлдэж маргалдан түлхэж унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Д.М нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 15-16 тоотод Б.Этэй хэрэлдэж маргалдан түүний толгойн тус газар нь модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Х овогт Б-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х овогт Д-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцож, шүүгдэгч Д.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э*гээс 2.177.439 /хоёр сая нэг зуун далан долоон мянга, дөрвөн зуун гучин ес/ төгрөг гаргуулж хохирогч Д.Мд олгож,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, Д.М нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Д.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э давж заалдах гомдолдоо:
“ ... 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Б.Э Улаанбаатар хотоос ирж найз М-н хамт Орхон аймаг, Баян-Өндөр сумын Их залуу багийн 15-16 тоот буюу Г-д очиход Г, Д.М нар байсан.
Хх-ийн 27 дугаар хуудсын ар талд Б.Э “... М Улаанбаатар хотоос хоосон ирээгүй биз дээ гэж хэлэхээр нь Улаанбаатар хотоос аавдаа өгөх гээд авч явсан 0.75 граммын А гэдэг архи гаргаж өгсөн. Ингээд архи задлаад М-с бусад нь хувааж уусан бөгөөд М их шуналтай архи уугаад байсан. Тэгсэн төрсөн ах Б над руу залгаад “ахын дүү юу хийж байна хөдөө гарах юм уу” гэж асуухаар нь би өглөө явна гэж хэлсэн. Тэгсэн М хэн ярьж байгаа юм гэхээр нь би Б ах байна гэж хэлсэн чинь дуудчих архи авахуулж ууя гэж хэлээд миний утсыг булааж аваад Б ахтай яриад архи аваад ир гэж дуудсан. Тэгээд Б ах нэг том пивотой ирсэн..., М, Б ах бид гурав Б эгчийн гэр лүү явсан. Тэгээд Б эгчийг гэрээс нь аваад буцаад очсон бөгөөд замдаа дэлгүүр ороод Б ах нэг том пиво авсан..., ... тантай би юм яриагүй эхнэртэйгээ юм ярьж байна гэж хэлээд гэрээс гарах гэж байсан чинь түлээний модоор миний толгой руу араас цохисон бөгөөд толгойноос цус гарсан. Тэгэхээр нь би та яаж байгаа юм бэ гээд М-г түлхсэн бөгөөд М газар унах шиг болсон. Яг хаана яаж унасанг хараагүй. Б эгч, Б ах 2 чи яах гээд байгаа юм гээд намайг түлхээд аваад гарсан..., ... гараад цүнхээ мартсан мэдээд Б эгчтэй хамт буцаж орж цүнхээ авсан бөгөөд М, Г-той хамт тэврэлдээд орон дээр сууж байсан...”
Хх-ийн 24 дүгээр хуудасны ар талд гэрч С.М “... архи уугаад сууж байхад гаднаас Б-н төрсөн ах Б орж ирсэн тэгээд хэсэг байж байсан чинь Б Б гэж нэг эмэгтэйг дуудаад байсан. Тэгээд Б, Б бид гурав такси бариад Б гэж эмэгтэйг очиж авсан юм. Тэгээд буцаад Г-н гэрт очих замдаа дэлгүүрээс 1 том пиво авсан..., ... түлээнээс нэг мод аваад Б-н толгой руу цохиж авсан чинь Б ах нь Б-г Б-н хамт салгаад гэрээс аваад гарсан..., ...Б цүнхээ мартаад гарсан байсан бөгөөд буцаад цүнхээ авахаар Б-н хамт орж цүнхээ аваад гарч ирсэн. Тэгсэн М, Г хоёр босоод орон дээр сууж байсан гэсэн ингээд бид нар яваад өгсөн ..., ...Г архинаас уугаад дараа нь би пиво уудаггүй архи уудаг гээд М-н хажууд хэвтээд байсан. Тэгээд М бид нарыг хөөж байхад Г орон дээр суугаад л байсан. Б, Б, Б гурав жаахан халамцуу байсан бөгөөд би эрүүл байсан бараг архи пиво уугаагүй. Энэ явдлаас өөр хэрүүл маргаан болоогүй зүгээр юм яриад сууцгааж байсан...,
ХХ-ийн 26 дугаар хуудасны ал талд гэрч Д.Б “... М нөхөр болох Б, Б ах Б гэж хүний хамт ирээд намайг суучих гэхээр нь машинд суусан..., .. нэг согтуу залуу М-н хажууд сууж байсан. Тэгээд Б пиво задлаад аяганд хийгээд май эгээ надад хийж өгсөн бөгөөд би амсаад ширээн дээр тавьсан чинь Б М-г М чамайг энд дагуулж ирээд архидаад биеийг чинь үнэлүүлж байдаг юм байна гэж хэлсэн. М би юу гэж энд байнга ирдэг юм битгий хүн гүтгээд бай..., ...М нэг юм аваад Б-н толгой руу цохиод авах шиг болсон. Тэгсэн Б-н духнаас цус гарчихсан байхаар нь энэ юу болов гэсэн М юмаар цохисон гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б, Б хоёрыг дагуулаад гэрээс нь гарсан бөгөөд М, М-тэй маргалдаад үлдсэн. Тэгээд бид нар хашааны гадаа хүлээгээд зогсож байсан чинь М их ууртай хаалга савж гарч ирээд явъя гэсэн. Тэгээд бид нар явж байсан чинь Б өө цүнхтэй хувцасаа мартсан байна гэхээр би хувцасаа авч гарахгүй юу хийсэн юм гэж хэлсэн. Тэгээд Б бид хоёр буцаж орсон чинь М нөхөр нь гэх залуу хоёр орны хажууд газар хоёулаа урдаа үлдсэн байсан жаахан архийг тавиад тэврэлдээд сууж байсан..., ... Б М-г түлхэж унагааж зодсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгүүдээр гэрээс гарахдаа хувцастай цүнхээ Г-д үлдээгээд гарчихсан. Э Б-н хамт гэрт буцаж орж цүнхтэй хувцасаа авахад М Г хоёр тэврэлдээд орныхоо өмнө сууж байсан талаар тууштай мэдүүлэг. М Э-д түлхүүлээд газарт ухаангүй хэвтэж байсан бол түргэн дуудаж эмнэлэгт үзүүлэх байсан гэдгээ туушдаа мэдүүлдэг.
Хх-ийн 18 дугаар хуудасны ар талд гэрч Н.Г “... М-н цуг ирсэн залуу цүнхнээсээ архи гаргаж ирээд өнөөдөр хөдөө явах байсан орой болчихлоо, танайд ганц хоёр шил архи ууж хоноё гээд бид нар нөгөө авчирсан архийг нь уусан..., ... Э М хоёр ахтайгаа гурвуулаа манайд нэг шил архитай орж ирсэн. Ингээд тавуулаа болоод нөгөө архиа ууж байтал М согтоод ширээ дэрлээд унтчихаар нь Э бид хоёр хоёр талаас нь өргөж орон дээр тавиад унтуулсан. Тэгээд бид дөрөв нөгөө архиа ууж дуусаад Э-н ах надад 20.000 төгрөг өгөхөөр нь би Э-тэй цуг гарч нэг шил архи, том пиво тамхи аваад буцаж гэртээ очоод нөгөө авсан архиа Э, Э-н ах М бид дөрөв ууж байгаад би тасарсан байсан..., ... өглөө босоход М бид хоёр цуг унтаж байсан бөгөөд нөгөө хононо гэж байсан гурван хүн маань байхгүй байсан. Тэгээд өглөө босоод хартал манай зуухны хажууд байдаг модны дөрвөлж байсан байрандаа харин дөрвөлж дотор байсан үртэс нь зуухны урд асгарсан байсан. Мөн хогийн савны таг нь голоороо хагарсан байсан..., ... хөнжлийг сөхтөл орондоо шээсэн байсан..., ... М манай гэрт ирсэн хүмүүст хандаж манай энэ гэрт хэрүүл, уруул байдаггүй юм шүү гэж хэлж байсан...” гэж мэдүүлсэн.
Гэрч Н.Г мэдүүлэг өгөхдөө хохирогч М-н гар хөлний гэмтлийн талаар огт дурдаагүй. Мөн шүүгдэгч Э, гэрч М, Б нар том пиво авч орсон гэж мэдүүлдэг. Гэтэл гэрч Н.Г нь ганцаараа олон тооны архи уусан мэт мэдүүлдэг. Гэрч Б буюу Э Г-д хэдэн шил архи, пиво уусан гэдгийг маш тодорхой мэдэх гэрч байсаар байхад огт асуугаагүй. М Э-г ирэхэд архи ууж тасарч унтаад байгаа юм уу, Э-г ирэхээс өмнө унтаад байгаа юм уу энэ байдал тогтоогдоогүй.
М 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ухаангүй хүргэгдэн ирэхдээ хүний нүдэнд харагдахуйц бэртэл гэмтэлтэй ирсэн байдаг. Хх-ийн 30 дугаар хуудас шинжээч эмч Ж.Г-н дүгнэлтээр “... Д.Мгийн биед гавал тархины битүү гэмтэл, гавлын хүнхрээ ясны суурь луу чиглэсэн хугарал, тархины хатуу бүрхүүл хальсан дээрхи их хэмжээний цусан хураа, нүүр, хүзүүний зүүн тал, зүүн өвдөг, гуя, шилбэ, баруун гарын сарвуунд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна...” гэсэн дүгнэлтээр тогтоогддог. Хулдаасан дээр түлхүүлээд уналаа гэхэд хүний биед ийм олон тооны гэмтэл учрах уу энэ байдлыг тогтоогоогүй. М-н биед учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүссэн юм.
Э Б, М, Б нар 2018 оны 02 дугаар сарын 07-ны орой Г-с гараад явчихсан. М, Г хоёр согтуурсан байдалтай үлдсэн. Г тасарч унасан гэж мэдүүлдэг боловч гэрч Б-н мэдүүлгээр гэрт ороход М-н хажууд нэг залуу сууж байсан бөгөөд пиво уудаггүй гээд уухгүй хараад сууж байсан. Э-н цүнхтэй хувцасыг авахаар гэрт буцаж ороход Г, М хоёр орны урд тэврэлдээд сууж байсан гэсэн мэдүүлгээр Г сэрүүн байсан гэдэг нь нотлогдож байна. М 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ухаангүй хүргэгдсэн. 02 дугаар сарын 08-ны өдөр М, Г хоёр юу хийсэн талаар огт шалгаагүй. М ухаангүй байсан гэдэг боловч гэрч Г М-тэй харилцан ярилцаад цай, бантан уусан талаар мэдүүлдэг. Мөн гэрч Д.Н, Д.Б, Ц.М нар нь тухайн хэрэг учралын газарт байгаагүй. Гэрч Г-с сонссон зүйлээ мэдүүлсэн. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургаас харахад хүн унахад олон тооны гэмтэл авчихаар эд хогшил байдаггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасан.
М-н биед учирсан гэмтлийг чухам хэзээ хэн учруулсан гэдэг нь нотлогдоогүй. Тухайн байшинд байсан хүмүүс М-н биед гэмтэл учирсан гэдгийг мэдээгүй. Гэрчээр мэдүүлэг өгөхдөө Э нэг удаа түлхэх шиг болсон. Унасан эсэхийг мэдэхгүй, хараагүй. Тэнд өөр хэрүүл маргаан болоогүй, гэрч, хохирогч, шүүгдэгч нарын зөрүүтэй мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг, фото зураг зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу Б.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж үзэх юм бол анхан шатны шүүхийн урдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү.
Э нэг удаа түлэхэд М-н биед олон тооны гэмтэл учрах боломжтой гэж үзэх юм бол Э-н үйлдэл нь шууд санаатай үйлдэл биш юм. М түлээний модоор толгойн тус газарт нь цохиод цус гарчихсан байхад дахин цохих гээд дайрахад биенээсээ холдуулах гээд түлхсэн.
Гэрчүүд, М нар нэг удаа түлхсэн гэдгийг мэдүүлдэг. Э, М-д хүнд хохирол болгоомжгүй учруулсан юм. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хоёр жилийн хорих ялаар шийтгэсэн. Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт болгоомжгүй үйлдлийн улмаас М-н биед хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Б.Э давж заалдах гомдолдоо:
“... 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр би Улаанбаатар хотоос ирж найз М-н хамт Орхон аймаг, Баян-Өндөр сумын Их залуу багийн 15-16 тоот буюу Г-д очиход Г, Д.М нар байсан. Би Улаанбаатар хотоос аавдаа өгөх гээд авч явсан 750 граммын А нэртэй архийг гаргаж өгсөн бөгөөд тэр архинаас М уугаагүй, би хоёр гурав үрүүнк архи уусан. Хамт байсан залууд хийж өгсөн уусан эсэхийг мэдэхгүй байна. Үлдсэн архийг М ганцаараа уусан. Тэгээд байж байтал манай ах надруу хөдөө гарах уу гэж залгасан. М намайг утсаар ярьж байхад хэн юм гэж асуухад Б ах байна гэж хэлсэн чинь дуудчих архи авахуулж ууя гэж хэлээд миний утсыг аваад Б ахтай яриад архи аваад ир гэж дуудсан. Тэгээд бор нэг том пивотой ирсэн. Б ах эхнэрээ аваад ирье гээд М, Б ах бид гурав Б эгчийнх рүү явсан. Б эгчийг аваад Б ах нэг том пиво авсан. Бид дөрөв Г-х рүү ороход М тасраад уначихсан байдалтай байсан. Би пиво уугаад сууж байхдаа эхнэрээ энэ айлыг шууд мэдээд ирсэн болохоор яаж мэддэг талаар нь асууж байтал гэнэт М эгч босч ирээд чи муу манай гэрт юу гээд хэрүүл хийгээд байгаа юм гээд над руу дайрсан. Тэгэхээр нь би тантай юм яриагүй эхнэртэйгээ юм ярьж байна гэж хэлээд гэрээс гарах гэж байхад түлээний модоор миний толгой руу араас цохисон бөгөөд толгойноос цус гарчихаад байхад дахин намайг цохих гээд дайрсан тэр үед би биеэсээ холдуулах гэж түлхсэн. Би хүчтэй түлхээгүй. Надад түлхүүлээд унахад М-н биед тийм их гэмтэл учрах боломжгүй юм.
М эгч над руу түлээний мод авч дайраагүй бол би түлхэх шаардлага байгаагүй. Бид нарыг Г-н гэрт байхад ямар нэгэн хэрүүл маргаан, зодоон болоогүй. Г-н гэрт нэг шил архи, хоёр том пиво уусан бөгөөд М-с бусад нь архи, пивондоо согтоогүй байсан. Тасарч унтлаа уугаад унтаж хэвтсэн хүн байгаагүй. Бүгд зүгээр байсан. Би Улаанбаатар хотоос ирэхдээ цүнхтэй хувцастай ирсэн бөгөөд хувцасаа Г-д үлдээгээд гарсан байсан учраас Б эгчтэй буцаж орж цүнхтэй хувцасаа авсан.
Г, М хоёр тэврэлдээд сууж байсан. Би М-н цохиж зодоогүй байтал өдий хүртэл цохиж зодсон мэт буруутгаж байгаад гомдолтой байна.
Шинжээч эмчийн дүгнэлтээр мохоо зүйлийн үйлчлэлээр маш олон тооны гэмтэл учирсан байсан. Би Г-н гэрт 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр очсон бөгөөд М нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргэгдэн хагалгаанд орсон байсан.
Би зодоод олон тооны гэмтэл учруулсан бол 2018 оны 02 дугаар сарын 08-ны өглөө цагдаад мэдэгдэх боломжтой байсан. Зүгээр үлдсэн байж надад зодуулсан гэмтсэн гэж байгааг ойлгохгүй байна. Би түлхчихээд гэрт нь буцаж орж цүнхтэй хувцасаа авахад хоёулаа тэврэлдээд сууж байсан. Нэг шил архи, 2 том пиво уусан байхад Г хоёр, гурван шил архи уусан мэт мэдүүлсэнг бас ойлгохгүй байна. Б нь хэдэн шил архи уусан талаар тодорхой мэддэг гэрч байхад огт асуугаагүй. Би М-н биед гэмтэл учруулаагүй тул надад холбогдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.О дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э болон түүний өмгөөлөгч Т.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Б.Э, Д.М нар нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 15-16 тоотод оршин суух иргэн Н.Г-н гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.М нь М-г өмөөрч Б.Эгийн толгойн тус газарт модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Б.Э нь “ ... толгой руу цохисон ... ” гэх шалтгаанаар Д.Мг түлхэж унагаан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулсан, шүүгдэгч Д.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Э нь “... хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... ” гэх, түүний өмгөөлөгч Т.Э нь “ ... Б.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү ... зүйлчлэлийг өөрчилж өгнө үү ... ” гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 553 дугаартай дүгнэлтээр “...Д.Мгийн биед гавал тархины битүү гэмтэл, гавлын хүнхрээ ясны суурь луу чиглэсэн хугарал, тархины хатуу бүрхүүл хальсан дээрх их хэмжээний цусан хураа, нүүр хүзүүний зүүн тал, зүүн өвдөг, гуя шилбэ, баруун гарын сарвуунд зөөлөн эдэд цус хуралт” бүхий гэмтэл учирсан нь тогтоогдсон байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болох хохирогч Д.Мгийн “...би яаж байгаа юм бэ гээд түлээний хайрцагнаас нэг ширхэг түлээний мод аваад Б.Эгийн толгойн тус газар нь нэг удаа цохиж авсан. Тэгсэн намайг түлхээд унагаасан бөгөөд би унаад шууд ухаан алдсан байсан...” гэх мэдүүлэг /хх 14-15/,
тухайн үйл баримт болох үед хэргийн газарт байсан гэрч С.М-н “...Э би таньтай яриагүй эхнэртэйгээ ярьж байна гэж хэлсэн чинь зайл гэж хэлээд пийшингийн хажуугаас мод аваад Э-н толгойн тус газарт цохиод авсан бөгөөд Э-н толгойноос цус гарсан. Тэгсэн чинь Э та яаж байгаа юм бэ гээд биенээсээ холдуулаад М-г түлхсэн чинь М цаашаа унах шиг болсон...” гэх мэдүүлэг /хх 25/ зэргээр Б.Э болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдол үгүйсгэгдэж байна.
Мөн Д.Мгийн биед учирсан гэмтэл нь “мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэж шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан байх боловч“ дээрхи гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн” болох нь тогтоогдсон /хх 30/ болно.
Түүнчлэн Б.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэхдээ “... М босч ирээд чи муу манай гэрт юу гээд хэрүүл маргаан хийгээд байгаа юм гэж над руу дайрсан. Тэгэхээр нь таньтай би юм яриагүй эхнэртэйгээ юм ярьж байна гэж хэлээд гэрээс гарах гэж байсан чинь түлээний модоор миний толгой руу араас цохисон бөгөөд толгойноос цус гарсан. Тэгэхээр нь би та яаж байгаа юм гээд М-г түлхсэн. М газар унах шиг болсон яг хаана яаж унаж байгааг хараагүй...” гэснээс гадна
анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...хаашаа түлхсэнээ мэдэхгүй байна...би та яаж байга юм бэ гээд хараагүй түлхсэн ... Д.М эгчийг түлхсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлжээ.
Прокурорын яллах дүгнэлтэд дурьдсан яллах талын дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Эгийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдож байх бөгөөд түүнийг гэм буруугүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаагийн зэрэгцээ Б.Эгийн санаатай түлхсэн үйлдэл, Д.Мгийн биед учирсан хүнд хохирол хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Мөн Б.Эгийн дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэргийн шинжийг агуулаагүй байх тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлгүй юм.
Хохирогч Д.М нь тухайн үйл баримт болох үед М, Э хоёр байсан. Г тасраад унтаж байсан. Өөр хүн байгаагүй гэсэн тайлбарыг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тул шүүгдэгч Б.Эгийн өмгөөлөгч Т.Э-н давж заалдах гомдолд дурьдсан “... хамт байсан гэрч Бороос мэдүүлэг авах шаардлагатай...“ гэх хэсгийг хүлээн авах боломжгүй гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Т.Э нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Т.Э нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА
С.УРАНЧИМЭГ