| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2020/04110/И |
| Дугаар | 181/ШШ2021/02598 |
| Огноо | 2021-12-20 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 181/ШШ2021/02598
| 2021 оны 12 сарын 20 өдөр | Дугаар 181/ШШ2021/02598 | Улаанбаатар хот |
2021 12 20 181/ШШ2021/02598
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, 22 товчооны зам, өөрийн байранд байрлах,ХХК /рийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 43-40 тоот хаягт байрлах, ХХК /
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо 7 дугаар хороолол, 43-40 тоотод оршин суух, Б нарт холбогдох
282,049,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хишигбаяр, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанчив, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл тайлбартаа: К нь хариуцагч "й 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 46/17 дугаар бүхий Зээлийн нөхцөлөөр шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.
Уг гэрээний төлбөрийн нөхцөлийг зээлийн нөхцөлөөр шатахуун Худалдах-худалдан авах гэрээний 3.1-т худалдан авагч нь Нэмэлт гэрээгээр батлагдсан cap бүрийн зээлийн худалдан авалтын төлбөрийн тооцоог дараа сарын 5-ны өдрийн дотор баталгаажуулан, төлбөрийг 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэж, мөн гэрээний 3.5.3-т заасны дагуу гэрээний төлбөр нь хуваарьт хугацаанаас 10-с дээш хоногоор хэтэрсэн нөхцөлд нийт хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги үл маргах журмаар төлнө гэж заасан. " ХХК нь манай компанитай байгуулсан гэрээний дагуу дараах хуваарийн дагуу шатахуун авсан байдаг.
2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 150,445,800 төгрөгийн шатахуун, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 21,012,500 төгрөгийн шатахуун, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 16,575,000 төгрөгийн шатахуун тус тус авсан бөгөөд нийт 188,033,300 төгрөгийн шатахуун худалдан авсан байна. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй. Зээлийн нөхцөлөөр шатахуун худалдах, худалдан авах гэрээний 3.5.3-т гэрээний төлбөр нь хуваарьт хугацаанаас 10-с дээш хоногоор хэтэрсэн нөхцөлд нийт хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги үл маргах журмаар төлнө гэж заасны дагуу нийт тооцогдсон алдангийн дүн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 643,969,121 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасны дагуу үндсэн төлбөр 188,033,300 төгрөгийн 50 хувьтай тэнцэх алданги нь 94,016, 650 төгрөг төлөхөөр байна.
******* ХХК нь Эм жи эм ресурс ХХК-д 2018 онд их хэмжээний үнийн дүнтэй шатахуун нийлүүлсэн боловч эргэн төлөлт хийгээгүй байхад бид итгэн 2019 болон 2020 онуудад тус компанид дахин шатахуун нийлүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл нэг ч удаа болов эргэн төлөлт хийгээгүй байна. Худалдагч талын зүгээс бид гэрээнд заасан шатахууныг нийлүүлсэн буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул хариу төлбөрийг шаардах эрхтэй,
Батлан даалтын гэрээ нь иргэн Б.Мөнх-Эрдэнэ компанийн хувьцаа эзэмшигч гээд аваад үзэхээр лавлагааны хувьд биш байна. Б.Мөнхсайхан гээд хүн байна. Б.Мөнх-Эрдэнэ нь энэ компанийн ард нь байдаг ерөнхий хувьцаа эзэмшигч захирал гэсэн үг юм. Тэгэхээр иргэн Б.Мөнх-Эрдэнэ өөрөө 200 сая төгрөгийг батлан дааж байна гэж гэрээний 1.4-т заасан байна. Яагаад хамтран хариуцагчаар Б.Мөнх-Эрдэнийг татаад байгаа юм бэ гэдэг асуудал яригдаад байна. Нэг талаас ******* ХХК-тай байгуулсан, нөгөө талаас иргэн Б.Мөнх-Эрдэнэ байгуулсан. Өөрөөр хэлбэл энэ дизель түлшийг авах тохиролцоо /харилцаа/ Ар цахир транс ХХК гээд бүх зүйлийн ард нь Б.Мөнх-Эрдэнэ л байдаг. Б.Мөнх-Эрдэнэ нь би үүнийг батлан дааж байна гэсэн итгэл үнэмшил төрүүлсэн байна. Энэ нь залилангийн гэмт хэргийн том элемент байгаад байна. Урьдын харилцаанд бий болсон итгэлийг урвуулан ашиглаад байна. Гэхдээ гэрээтэй учраас иргэнээр яваад байгаа юм. Батлан даалтын гэрээ нь иргэний эрх зүйн харилцаанд хийгдэж байгаа барьцаа хөрөнгөтэй адил зүйл юм. Энэ хүн 200 сая төгрөгөөр би батлан даая, Эм жи эс ресурс ХХК-ийн өр төлбөрийг батлан даана гэсэн. Энэ хүн өөрийнхөө хүсэл зоригийн үндсэн дээр гэрээг байгуулсан. Эм жи эм ресурс ХХК зээлээр худалдах худалдан авах гэрээг 2017.03.23-ны өдөр байгуулсан, гэрээний худалдан авагчийг батлан даахад оршино гэж заасан байна. Нөгөө худалдах худалдан авах гэрээний төлбөрийг 100 хувь батлан дааж байна, Гэрээний 1.2-оор компани төлж чадахгүй нөхцөл байдалд хүрвэл би төлбөрийг нь төлнө гэж заасан. Тийм учраас хамтран хариуцагч болж байгаа юм. Ийм учраас Б.Мөнх-Эрдэнэ төлөх ёстой.
Иймээс хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ үгүйсгэх хууль зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч*******ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 46/17 дугаар бүхий Зээлийн нөхцөлөөр шатахуун худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан үйл баримттай маргаагүй ба гагцхүү гэрээний төлбөртэй холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Хариуцагчийн хамаарал бүхий этгээдтэй 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Хамтран ажиллах ажил гүйцэтгэх гэрээг байгуулан Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутагт байрлах Бөөргийн гол гэх газарт байрлах 20399А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд алт олборлолтын үйл ажиллагаа явуулахаар харилцан тохиролцсон.
Хамтран ажиллах ажил гүйцэтгэх гэрээ-ний урьдчилгаа төлбөр болгон 2018 оны 02 дугаар сарын 15-наас 2018 оны 03 дугаар сарын 02-ны хооронд нэхэмжлэгчийн 5038016499 дугаартай Хаан банкны харилцах данс руу болон түүний хамаарал бүхий этгээдийн данс руу нийтдээ 850,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг.
2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Хамтран ажиллах ажил гүйцэтгэх гэрээг нэхэмжлэгчийн хамаарал бүхий этгээдийн зүгээс 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр цуцлах мэдэгдлийг гаргасан ба дээрх мэдэгдлийн хүрээнд хариуцагч Эм жи эм ресурс ХХК болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн үүсгэсэн төлбөр тооцооны асуудлыг урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 850,000,000 төгрөгөөс хариуцагч болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн төлбөрийг суутган тооцохоор болсон.
Шүүхээс ямар ч шийдвэр гарсан байлаа, алдангийн хэмжээг харгалзаж үзээч, алдангийн хэмжээ их байвал тодорхой хэмжээгээр бууруулах эрх хуулиар шүүхэд олгосон байх тул алдангийн хэмжээг бууруулж өгөхийг хүсэж байна.
Хамтран ажиллах ажил гүйцэтгэх гэрээ-ний урьдчилгаа төлбөр болгон төлсөн 850,000,000 төгрөгөөс өр төлбөрийг суутган тооцохоор тохиролцсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Мөнх-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Б.Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ******* ХХК-тай 46/17 дугаартай Батлан даалтын гэрээ-г байгуулсан эрх зүйн харилцаа үйл баримттай маргаан байхгүй ч батлан Даалтын гэрээтэй холбогдох үүргийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Хариуцагч Эм жи эм ресурс ХХК нь ******* ХХК-ийн хамаарал бүхий хуулийн этгээд болох Жамп ХХК-тай 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Хамтран ажиллах ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулан гэрээний урьдчилгаа төлбөрт 850,000,000 төгрөгийг нэхэмжлэгч болон түүний хамаарал бүхий этгээдийн харилцах данс руу шилжүүлсэн.
2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээг цуцлах мэдэгдлийг Жамп ХХК-аас 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хүргүүлэхдээ нэхэмжлэгчээс хариуцагч болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн зээлээр бензин, шатах тослох материал авч үүсгэсэн өр төлбөрийг Хамтран ажиллах ажил гүйцэтгэх гэрээ-ний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 850,000,000 төгрөгөөс тооцон суутгах болсон байдаг.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...зээлийн нөхцөлөөр шатахуун худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүрэг 188,033,300 төгрөг, алданги 94,016,650 төгрөг, нийт 282,049,950 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай... хэмээн тодорхойлсон боловч хариуцагч нараас ямар байдлаар нэхэж байгаа, хэнээс нь хэдэн төгрөгийг нэхэмжилж байгааг тодорхойлоогүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нь тодорхойгүй гэж үзэхээр байна.
Б.Мөнх-Эрдэнэ нь хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байх явцдаа хариуцагчийн даалгавраар батлан даалтын гэрээ байгуулах үүрэг хүлээсэн байдаг ба үүрэг гүйцэтгэгч болох Эм жи эм ресурс ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн байдаг. Үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэх хугацаанд нь биелүүлээгүй учир батлан даалтын үүргээсээ татгалзах үндэслэл бүхий нөхцөл байдал үүссэн тул батлан даалтын гэрээгээр хүлээлгэсэн үүргийг хариуцах үндэслэлгүй.
Иймд ******* ХХК-ийн хамтран хариуцагчаар татсан нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй, хуулиар батлан даалтын үүрэг хүлээх үндэслэл бүхий нөхцөл байдал үгүйсгэгдэж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч*******ХХК-д холбогдуулан зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 282,049,950 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу тус шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШЗ2021/02715 тоот захирамжаар Б.Мөнх-Эрдэнийг хамтран хариуцагчаар татан оролцуулжээ./хх-26-29/
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлээр шаардаж буй 282,049,920 төгрөгийн хэдийг нь хариуцагч Эм жи эм ресурс ХХК-аас, хэдийг нь хариуцагч Б.Мөнх-Эрдэнээс гаргуулахаар шаардаж байгаагаа тодорхойлоогүй бөгөөд үүнийгээ шүүх хуралдаан дээр ч тодруулаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч тал зээлийн нөхцөлөөр шатахуун худалдах, худалдан авах 46/17 тоот гэрээний дагуу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 150,445,800 төгрөгийн, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 21,012,500 төгрөгийн, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 16,575,000 төгрөгийн нийт 188,033,300 төгрөгийн шатахуун авсан боловч уг төлбөрийг төлөөгүй гэж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж, ******* ХХК худалдах, худалдан авах гэрээ №46/17 Эм жи эм ресурс ХХК-ийн алдангийн тооцоолол, шатахуун нийлүүлэлтийн задаргааны хүснэгт /хх-5/, Худалдах худалдан авах гэрээ /хх-6-8/, Зээлээр худалдах, худалдан авах гэрээний нэмэлт гэрээ /хх-9-11, Батлан даалтын гэрээ /хх-12/, ******* ХХК-иас*******ХХК-ийн батлан даагч Б.Мөнх-Эрдэнэд хүргүүлсэн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 156 тоот Гэрээний үүрэг хангаж, төлбөрөө барагдуулах тухай албан бичиг /хх-75/, ******* ХХК-иас тус шүүхэд ирүүлсэн 2021.05.24-ний өдрийн 109 тоот Мэдэгдэл албан бичиг /хх-63/, Жамт ХХК-иас ******* ХХК-д хүргүүлсэн 2021.05.12-ны өдрийн 08 тоот Эм жи эм ресурс ХХК-ийн тухай албан бичиг /хх-64/, Петоржамп ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт №2, №8, Хаан банкны диспозит дансны хуулга/хх-103-106/, ******* ХХК-иас Эм жи эм ресурс ХХК-ийн захирал Б.Мөнхсайханд хүргүүлсэн 2020.07.27-ны өдрийн 116 тоот шатахууны төлбөр тооцооны тухай албан бичиг, шатахууны зарлагын баримтууд/хх-107-110/, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/01328 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-135-137/ зэрэг бичгийн баримтуудыг гаргаж өгсөн ба эдгээр баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байна. Хэргийн 111-112 дах талд авагдсан хэвлэмэл хуудас нь нотлох баримтын шаардлага хангаагүйг шинжлэн судлаагүй болно.
Хариуцагч*******ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзлаа нотлон Жамп ХХК-иас*******ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнх-Эрдэнэд хүргүүлсэн 2019.01.09-ний өдрийн 07 тоот Гэрээ цуцалсан төлбөрийн тухай албан бичиг, Хасбанкны 2018.03.02-ны өдрийн төлбөрийн баримтаар Баярмаагийн 3005110403 тоот дансанд 360,000,000 төгрөг шилжүүлсэн, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар 2018.03.02-ны өдөр Баярмаагийн 3005110403 тоот дансанд 40,000,000 төгрөгийг гүйлгээний утга 20399 төлбөр МGМ реsourse ХХК-с у-99767575 шилжүүлэгч Мөнхбаяр Очирбатаас шилжүүлсэн, мөн өдөр Баярмаагийн 3005110403 тоот дансанд 20,000,000 төгрөгийг гүйлгээний утга 20399 нөхөн сэргээлтийн барьцаа МGМ реsourse-с у-99100044 шилжүүлэгч Оюунчимэг Өсөхөөс, мөн өдөр Баярмаагийн 3005110403 тоот дансанд 30,000,000 төгрөгийг гүйлгээний утга 20399 нөхөн сэргээлтийн барьцаа МGМ реsourse-с шилжүүлэгч хатагтай Өсөх Оюунчимэгээс шилжүүлсэн баримтууд /хх-48-50/, 2018.03.01-ний өдрийн Жамп ХХК, Эм Жи Эм ресурс ХХК-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах ажил гүйцэтгэх №01 тоот гэрээний хуулбар /хх-53-62/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн ба уг баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан бол хэргийн 51, 52 дугаар талд авагдсан аанХХХаан банкны мөнгөн шилжүүлгийн огноо харагдахгүй ******* ХХК-ийн 5038016499 тоот дансанд 400,000,000 төгрөгийг гүйлгээний утга JAMP ХХК 20399 урьдчилгаа төлбөр МGМ реsourse ноён Давааноров Батзоригоос шилжүүлсэн гэх баримт 2 удаа авагдсан бөгөөд уг баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүйг төлөөлөгч хүсэлт гаргаснаар Хаан банкнаас 2021.12.06-ны өдөр 50/12699 тоотоор 2018.02.15-ны өдөр ******* ХХК-ийн 5038016499 тоот дансанд 400,000,000 төгрөгийг гүйлгээний утга JAMP ХХК 20399 урьдчилгаа төлбөр МGМ реsourse ноён Давааноров Батзоригоос шилжүүлсэн баримтыг ирүүлсэн байна./хх-133-134/
Дээрх бичгийн баримтуудыг гарган талууд мэтгэлцсэн бөгөөд хамтран хариуцагчаар татагдсан Б.Мөнх-Эрдэнэ нотлох баримт гаргаагүй болно.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Эм жи эм ресурс ХХК-тай 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Зээлийн нөхцөлөөр шатахуун худалдах, худалдан авах 46/17 тоот гэрээ байгуулж, уг гэрээгээр Худалдагч нь үндсэн гэрээ байгуулснаар Худалдан авагчийн хэрэгцээт нөөцийг Нэмэлт гэрээ /тухайн сарын захиалга/-гээр шатахууны нэр төрөл, тоо хэмжээ, чанар, үнэ болон худалдах нөхцөлийг тодорхойлж, шатахууныг захиалсан хугацаанд худалдан авагчид нийлүүлэх, худалдан авагч нь өөрийн эзэмшилд хүлээн авах, Худалдагч нь үндсэн гэрээний нэг жилийн хугацаанд Нэмэлт гэрээгээр Худалдан авагчийн байнгын сарын нөөцийн хэрэгцээг саадгүй ханган нийлүүлэх ба Худалдан авагч нь захиалгыг зохих ёсоор, хугацаандаа хүлээн авах үүрэг хүлээнэ. Худалдан авагчийн дараа сарын хэрэгцээт хэрэглээний захиалгын тоо хэмжээг албан ёсоор урьдчилан Худалдагчид мэдэгдэх үүрэгтэй, Худалдан авагч нь Нэмэлт гэрээгээр батлагдсан сар бүрийн зээлийн худалдан авалтын төлбөрийн тооцоог дараа сарын 5-ны өдрийн дотор баталгаажуулан, төлбөрийг 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулсан гэрээ зэргээр нотлогдож байна.
Дээрх гэрээний дагуу ******* ХХК нь Эм жи эм ресурс ХХК-д шатахуун нийлүүлэх, Эм жи эм ресурс ХХК нь тодорхой төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон нь талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуд нь худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Хэрэгт цугларсан бичгийн баримтаар хариуцагчийн тайлбар буюу гэрээний үүргийг тохирсон хугацаанд биелүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байна. Харин гэрээний үүргээ тохирсон ёсоор биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж шүүхээс дүгнэлээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэжээ.
2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 46/17 тоот гэрээгээр нэхэмжлэгч, хариуцагч нар гэрээний хариуцлага буюу алдангийг харилцан тохиролцсон боловч гэрээнд заасан үүргээ Эм жи эм ресурс ХХК биелүүлээгүй тул гэрээний төлбөр, алдангийг ******* ХХК-д шаардах эрх үүссэн байна. Тодруулбал, 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 46/17 тоот гэрээний үүрэгт хариуцагч Эм жи эм ресурс ХХК нь гэрээний төлбөрийн үлдэгдэл 188,033,300 төгрөг, алданги 94,016,650 төгрөг, нийт 282,049,950 төгрөг төлөхөөр байна.
2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ******* ХХК болон Б.Мөнх-Эрдэнэ нар Батлан даалтын гэрээ байгуулсан байна. Уг гэрээний зорилгыг талууд 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ******* ХХК болон Эм жи эм ресурс ХХК-иудын хооронд байгуулагдсан 46/17 тоот гэрээгээр үүссэн худалдан авагчийн төлбөрийн үүрэгт батлан даалт гаргахад оршино гэж тодорхойлсон ба батлан даагчийн батлан даах хэмжээг Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр үүссэн үүргийн төлбөрийн үүргийг гүйцэтгэж чадаагүй, гүйцэтгэхээс удаа дараа татгалзсан тохиолдолд үл маргах журмаар уг төлбөр, хохирлыг Батлан даалтын дээд хэмжээний дотор хариуцан гүйцэтгэнэ гэж тохиролцжээ./хх-2/
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох гэрээний төлбөрийн үлдэгдэл 188,033,300 төгрөг, алданги 94,016,650 төгрөг, нийт 282,049,950 төгрөгөө анх хариуцагч Эм жи эм ресурс ХХК-иас гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар Б.Мөнх-Эрдэнийг татан оролцуулж, эдгээр хоёр хариуцагчаас хоёулангаас нь гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
Талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн болон гэрээгээр хүлээн авсан шатахууны хэмжээ, үнийн дүн, төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдлийн тооцооллын талаар хариуцагч тал маргаагүй боловч хариуцагчийн төлөөлөгч алдангийн хэмжээ их байвал тодорхой хэмжээгээр бууруулах эрхийг хуулиар шүүхэд олгосон тул алдангийн хэмжээг бууруулж өгөхийг хүссэн хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан ба энэ талаар холбогдох бичгийн баримт байхгүй, алдангийн хэмжээг илт их гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнээд шүүх хүлээн аваагүй болно.
Шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг зохигч талуудын тайлбартай харьцуулан судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Эм жи эм ресурс ХХК-аас гаргуулах хэсгийг хангаж, хариуцагч Б.Мөнх-Эрдэнээс гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болж шийдвэрлэв.
Нэг: Эм жи эм ресурс ХХК-д холбогдох шаардлагын тухайд:
Дээр дурдсанчлан 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн нөхцөлөөр шатахуун худалдах, худалдан авах 46/17 тоот гэрээний дагуу нэхэмжлэгч компани нь хариуцагч компанид 2017 онд нийлүүлсэн шатахууны хэмжээ, түүний үнийг төлсөн эсэх байдал энэ хэрэгт хамааралгүй,
харин 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 21,000 литр дизель түлшийг 1,890 төгрөгөөр тооцон 39,690,000 төгрөг, тээврийн зардал 2,100,000 төгрөг, нийт 41,790,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 22,500 литр дизель түлшийг 1,910 төгрөгөөр тооцон 42,975,000 төгрөг, тээврийн зардал 3,375,000 төгрөг, нийт 46,350,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 28,430 литр түлшийг 1,910 төгрөгөөр тооцон 54,301,300 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 23,000 литрийг 2,030 төгрөгөөр, 46,690,000 төгрөг, тээврийн зардал 3,450,000 төгрөг, нийт 50,140,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 20,000 литрийг 2,180 төгрөгөөр тооцон 43,600,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 10,250 литрийг 2,050 төгрөгөөр тооцон 21,012,500 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 8,500 литрийг 1,950 төгрөгөөр тооцон 16,575,000 төгрөг буюу нийтдээ 7 удаагаар, 133,680 литр түлшийг 264,843,800 төгрөгийн үнээр, тээврийн зардал 13,189,500 төгрөг, нийлээд 278,033,300 төгрөгийн үнээр дизель түлш нийлүүлжээ.
Дээрх худалдан авсан дизель түлшний үнээс хариуцагч тал 2018.09.07-ны өдөр 5,000,000 төгрөг, 2018.09.25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2018.09.28-ны өдөр 15,000,000 төгрөг, 2018.12.01-ний өдөр 50,000,000 төгрөг, нийтдээ 90,000,000 төгрөгийг төлсөн боловч үлдэх 188,033,300 төгрөгийг төлөөгүй үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэхүү тооцоололтой хариуцагч тал маргаагүй, хүлээн зөвшөөрч байна.
Харин хариуцагч компаний итгэмжлэгдсэн төлөөлөгч хамтран ажиллах, ажил гүйцэтгэх 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 01 тоот гэрээний дагуу ******* ХХК-ийн данс руу 400,000,000 төгрөгийг, нэхэмжлэгчийн хамаарал бүхий этгээд болох Ц.Баярмаагийн данс руу 400,000,000 төгрөгийг, нийтдээ 850,000,000 төгрөг төлсөн ба уг мөнгөнөөс өр төлбөрийг суутган тооцохоор болсон учир нэхэмжлэлээр шаардаж буй гэрээний төлбөрийг бүрэн төлсөн гэж тайлбарласан татгалзал бичгийн баримтаар үгүйсгэгдэж байна гэж үзээд, шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.
2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 01 тоот хамтран ажиллах, ажил гүйцэтгэх №01 тоот гэрээ нь Жамп ХХК, Эм жи эм ресурс ХХК-ийн хооронд байгуулагдсан ба уг гэрээ нь захиалагч Жамп ХХК нь өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн талбайгаас элс олборлох металлын агуулга бүхий элсийг дахин олборлож, боловсруулах, олборлосон металлыг банкинд тушаах, тусгай зөвшөөрлийн талбайд бүхэлд нь техникийн ба биологийн нөхөн сэргээлт хийх ажлыг гүйцэтгэгч талаар гүйцэтгүүлэх, Гүйцэтгэгч тусгай зөвшөөрлийн талбайгаас олборлосон металлын төлбөрийг нөхөн сэргээлтийн болон олборлолтын ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт авах, Захиалагч Эм жи эм ресурс ХХК-д олборлох металлын тодорхой хувийг урьдчилан шилжүүлэх зэрэгтэй холбоотой харилцаа, хамтын ажиллагааг зохицуулах, талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлохоор заасан гэрээний харилцаа нь ******* ХХК, Эм жи эм ресурс ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн нөхцөлөөр шатахуун худалдах, худалдан авах 46/17 тоот гэрээний харилцаатай хоорондоо хамааралгүй гэж тайлбарлан шаардаж буй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймээс дээрх үндэслэлээр хариуцагч Эм жи эм ресурс ХХК-иас гэрээний төлбөрийн үлдэгдэл 188,033,300 төгрөг, алданги 94,016,650 төгрөг, нийт 282,049,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцнэ.
Хоёр: Хариуцагч Б.Мөнх-Эрдэнэд холбогдох шаардлагын тухайд:
2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ******* ХХК болон Б.Мөнх-Эрдэнэ нарын хооронд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан батлан даалтын гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ гэж заажээ.
Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д зааснаар батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээдэг бөгөөд харин мөн зүйлийн 460.2-т зааснаар батлан даагч үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй байна.
Батлан даалтын гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилготой болохоос гадна үндсэн үүргийн байдлаас шууд хамааралтай. Үндсэн үүрэг нь хүчин төгөлдөр бус бол батлан даалтын гэрээ мөн адил хүчин төгөлдөр бус байна.
2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч Эм жи эм ресурс ХХК нарын хооронд байгуулагдсан 46/17 тоот Зээлийн нөхцөлөөр шатахуун худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна хариуцагч Эм жи эм ресурс ХХК нь гэрээний үүргээ тохирсон ёсоор биелүүлээгүй талаар дээр дүгнэсэн хэдий боловч хариуцагч Эм жи эм ресурс ХХК үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй энэ талаар бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгч ******* ХХК-ийг үүрэг гүйцэтгэхийг батлан даагч хариуцагч Б.Мөнх-Эрдэнээс шаардах эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Иймд, хариуцагч Б.Мөнх-Эрдэнээс шаардаж буй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр шаардсан хариуцагч Эм жи эм ресурс ХХК-аас 282,049,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, хариуцагч Б.Мөнх-Эрдэнэд холбогдуулан гаргасан ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,568,200 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Эм жи эм ресурс ХХК-аас 1,568,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШЗ2021/11368 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн үнийн дүн болох 282,049,950 төгрөгийн хэмжээгээр хариуцагч Эм жи эм ресурс ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг битүүмжлэх арга хэмжээ авсныг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ