Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/378

 


                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч М.Бамбадорж
Хохирогч *******
Хохирогч *******ын өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгч ******* өмгөөлөгч Д.Галтогтох
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Бамбадоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хэлэлцэв. 

    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар баг, “ ” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* /РД: *******/.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өглөө 7 цагийн орчимд Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багийн нутаг "Завсарын нуур" гэх газарт нутаглах гэртээ хохирогч *******тай маргалдан түүнийг хутгалан нуруунд нь хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би “ ” гэдэг газарт хүний мал харж малладаг. Тухайн өдөр би өглөө эрт 5 цагийн үед манайд эрэлд явж байсан хүмүүс ирсэн байсан учраас хоол хийх санаатай мах хэрчиж байсан. Гэтэл   орж ирээд над руу зандрангуй байдлаар хэдэн малаа манай гаднаас татаж ав гэхээр нь би за ахаа хүмүүс ирчихсэн би хоол цай хийж байна одоо малаа авлаа гэж хэлэхэд шууд намайг мөргөсөн. Тэгээд бид 2 маргалдаж би хутга барьж ын нуруун тус газарт нь бэртэл учруулсан. Энэ үйлдэлдээ харамсаж байна. удаа дараа намайг дарамталж, хүмүүсийн хажууд зодож байсан учраас би айдаг байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...гэв.

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би тухайн үед хадланд гарч байгаад 10 дугаар сарын 06-нд хадлангаас ирсэн. Би гэрээ хашаанд буулгаад буцах байсан. Орой нь гэрээ буулгаж байтал олон үхэр ирсэн. Маргааш нь би явах гэж байсан учраас юу ч гэсэн өөрт нь хэлье гэж бодсон. Үхэр малыг нь шөнөжин хөөгөөд өглөө мөн машинаар хөөгөөд явахгүй байхаар нь хэлэхээр гэрт нь очсон. Очихдоо би жоохон ууртай орсон бөгөөд ороод мэндлээд цайг нь уучихаад чи үхэр малаа авахгүй яагаад байгаа юм бэ өвөлжин зунжин байлаа. Малын буруу гэж юу байхад чи өөрөө харахгүй гэхэд өөдөөс танай аав чинь манай хойно ирж буудаг гэж хэрэлдээд хоорондоо муудсан. ... бид хоёр барицалдаж аваад хоорондоо цохилдсон. ... шууд ална гээд ширээ рүүгээ баруун гараараа сунахад би тэр хутгыг нь хорих гээд хорьж бараагүй. Нөгөө хүмүүс нь нэг талаас нь зуурчихсан байсан. Ална гэсэн юм чинь хутга байж магадгүй гэж би бодоод баруун гар нь ирэхэд нь би гарыг нь барьсан. Улмаар намайг унасан хойно нөгөө хүмүүс нь миний нэг талаас барьчихсан өөрөө дээр гарчихсан байсан. Намайг доор нь тийчилж байх хооронд нэг юм нухаад байсан. Нэг хартал хутгаа бүр санжлаад барьчихсан байсан. Нөгөө хүмүүст би хутгыг нь салга гэж хэлж чадахгүй байсан ба тэр үеэр нөгөө хүмүүс нь салгахгүй хаяад гараад явчихсан. ... ганцаараа үлдсэн үед нь би орон дээр бөмбөрч дээр нь гараад хутгыг нь шидсэн. Тэр үед халуу түүж цус гойжиж байсан ба би ******* чи намайг хутгалчихсан байна шүү дээ гэж хэлсэн. Нөгөө хүмүүс орж ирчихээд хутгалчихсан байна гэж хэлсэн. Би тэр хүмүүсийг хутга барихад нь харсан байх гэж бодож байна. Харчихаад болиулаагүй гэж бодож байна. Намайг өглөө ирэхэд л архи уусан бололтой согтуу байсан. Хэрвээ тэр үед ганцаараа байсан бол би хутгалуулахгүй яаж ийж байгаад хутгыг нь салгах байсан. Тэр хүмүүс ядаж зодолдож байхад салгаж болох байсан гэтэл салгаагүй байж мэдүүлэг өгөхдөө салгаж болиулсан мэтээр ярьсан байсанд нь номдолтой байна гэв.
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр ын гэрт хоночихоод хоол идээд байж байхад гаднаас махлаг бор залуу орж ирээд ыг чи манай гадаа байгаа үхэрнүүдээ татаж авсан гэж хэлж байсан. Улмаар би энд байгаа хүмүүсд хоол идүүлчихээд гарлаа гэхэд нөгөө залуу уурлаж тэр маргалдаад зодолдож эхэлсэн. ... бид нар нар тэр хоёрыг салгачихаад буцаад гэрт орж ирэхэд гаднаас орж ирсэн залуу ёоолоод хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад ******* нөгөө залууг хутгалсан байсан...” гэжээ. /хх-ийн 33-35 тал/
    Дорнод аймаг дахь бүсийн шүүхийн шинжилгээний төвийн шинжээч эмч Н.Уянгын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 559 тоот дүгнэлтэд:
1.    *******ын биед нуруунд хатгагдаж зүсэгдсан шарх гэмтэл тогтоогдлоо. 
2.    Тогтоогдсон гэмтэл ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 2024.10.07-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой.
3.    Тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 
4.    Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 49-50 тал/  

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 тал
- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 51 тал/
- ******* яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 58-60 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ******* овогт ******* нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өглөө 7 цагийн орчимд Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багийн нутаг "Завсарын нуур" гэх газарт нутаглах гэртээ хохирогч *******тай маргалдан түүнийг хутгалан нуруунд нь хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч , гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, Дорнод аймаг дахь бүсийн шүүхийн шинжилгээний төвийн шинжээч эмч Н.Уянгын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 559 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    
Шүүгдэгч *******од холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.  

Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчээс эрүүл мэндэд учирсан хохиролд баримтаар 1,485,000 төгрөгийг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол зэргийг тус тус нэхэмжилж байна гэж мэдүүлж байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 501 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******оос эрүүл мэндэд учирсан хохирол 1,485,000 төгрөгийг, хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг хүснэгтэд зааснаар 2 дугаар зэрэглэлээр тогтоосон тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгөөр тооцож нийт 4,785,000 төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар баг Энгэх гэх газарт оршин суух /РД: /-д олгох нь зүйтэй гэж үзлээ. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч ******* ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.


Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******оос эрүүл мэндэд учирсан хохиролд 1485,000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрт 3300,000 төгрөг, нийт 4,785,000 төгрөгийг тус тус гаргуулж, Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар баг гэх газарт  оршин суух ******* /РД: /-т олгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч ******* ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Л.БАТЖАРГАЛ