Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
Хэргийн индекс | 138/2022/00018/и |
Дугаар | 138/ШШ2022/00213 |
Огноо | 2022-02-24 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 138/ШШ2022/00213
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 11-р баг оршин суух, ШБ регистрийн дугаартай, утасны дугаартай, Б овогт Д.Б
Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын тоотод оршин суух, ЖН регистрийн дугаартай, утасны дугаартай, Б овогт П.Г
Нэхэмжлэлийн шаардлага “Гэрээний үүргийн биелэлт 4 400 000 төгрөг гаргуулах”-ыг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Б /онлайн/
Хариуцагч П.Г /онлайн/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч П.Гад холбогдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 4 400 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. Миний хувьд НААҮГ-аас хими цэвэрлэгээний машин худалдаж аваад ажиллуулж чадаагүй, ажиллуулах хүнгүй байж байгаад Гад авсан үнэ 6 000 000 төгрөгөөр нь худалдсан. Тухайн үед Г надад бэлэн 2 сая төгрөг өгч үлдэгдэл 3 сая төгрөгөө нотариат дээр очиж зээлийн гэрээ байгуулсан. Тухайн үед тийм л гэрээ байгуулчихсан юм. Гэрээний хувьд хэлбэр нь өөр болохоос агуулгын хувьд би мөнгөө авахаар, Г хугацаандаа өгөөгүй учир алданги тооцохоор, тухайн үед хугацаандаа өгвөл хүүгүйгээр тохиролцсон. Миний хувьд Гад итгэж өгсөн. Хэрэв хугацаандаа өгөхгүй бол алданги тооцохоор тохиролцсон гэрээ юм. Гын хэлж байгаа үнэн би тухайн үед машин нь бичиг баримтгүй байсан учир бичиг баримтаа бүрдүүлээд ир гэсэн. Тэгээд дараа нь надад машины бичиг баримтаа авчирч өгөхөд нь би машиныг 1 сая төгрөгөнд тооцож авсан. Г миний данс руу 3 удаа 250 000-аар нийт 750 000 төгрөг шилжүүлсэн байна. Миний хувьд Гад хүүгүйгээр хугацаандаа өгөх шаардлага тавьсан Г нь хугацаандаа өгөөгүй учир гэрээний дагуу алданги авна. Миний үзэж байгаагаар гэрээ хэдийгээр зээлийн гэрээ гэж хийгдсэн боловч агуулгын хувьд би өөрийн авах мөнгөө баталсан. Тухайн үед 6 сая төгрөгөөр авч, түүнийгээ Гад худалдсан. Энэ талаар НААҮГазарт баримт байгаа. Иймээс Гаас алданги тооцож авах хүсэлтэй байна. Г нь энэ хугацаанд надтай уулзаагүй, утсаа ч авдаггүй байсан гэж тайлбарласан.
2. Хариуцагч П.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надаас 4 400 000 төгрөг гаргуулна гэж байгааг зөвшөөрөхгүй байна. Би Б захиралтай хэд хэдэн удаа уулзаж байгаад үнэн дээр тохиролцон 2019 оны 1 сард 5 сая төгрөгөөр хими цэвэрлэгээний машин худалдаж авч тухайн үедээ бэлэн 2 сая төгрөг өгч, өөрийн Порланд маркийн ачааны машинаа 1 сая төгрөгөнд тооцож өгөхөөр тохиролцсон. Б захирал тухайн үед машины бичиг баримт байхгүй байсан учир үлдэгдэл 3 сая төгрөгөндөө нотариат дээр очиж зээлийн гэрээ байгуулсан. Би машины бичиг баримтыг бүрдүүлэх гэж нилээд удаж байгаад машины бичиг баримтын бүрдүүлж өгөхөд үлдэгдэл 3 сая төгрөгөөс 1 сая төгрөгийг хасч миний бодож байснаар 2 сая төгрөг үлдсэн. Бид хоёр тухайн үед 2019 оны 1 сарын 18-ны өдөр нотариат дээр очоод зээлийн гэрээ хийсэн. Би тэр үед юу болж байгаа бол гэж бодоод 3 сая төгрөг бэлэн авлаа гэж бичсэн тэгж бичихээс өөр аргагүй байсан. Миний хувьд Б захирлаас 3 сая төгрөг аваагүй, худалдаж авсан хими цэвэрлэгээний машиныхаа үлдэгдлийг нотариат дээр очиж гэрээ хийсэн юм. Миний хувьд машины бичиг баримтыг бүрдүүлэх гэж нилээд удсан нь үнэн. Би Б захирлын данс руу 3 удаа 250 000 төгрөгөөр шилжүүлж, нийт 750 000 төгрөг өгсөн. Миний хувьд Ковидын улмаас 2 жил ямар ч ажил хийгээгүй байгаа. Би Бт үлдэгдлээ алданги тооцохгүй төлөх хүсэлтэй байна гэв.
Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний хуулбар, хариуцагчаас дансны хуулга, өөрийн тэмдэглэлийн дэвтэр зэргийг ирүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Бын нэхэмжлэлийн шаардлагаас 1 250 000 төгрөгийг хангаж, 3 150 000 төгрөгийн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч П.Гад холбогдуулан “Гэрээний үүргийн биелэлт 4 400 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжсэн болно.
Нэхэмжлэгч Д.Б нь өөрийн эзэмшлийн хими цэвэрлэгээний машиныг хариуцагч П.Гтай тохиролцож 2019 оны 1 сард худалдаж түүний эзэмшилд шилжүүлэн 2 000 000 төгрөгийг бэлнээр авсан талаар талууд маргаагүй болно.
Нэхэмжлэгч Д.Бын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл: “Гад 6 сая төгрөгөөр худалдаж авсан хими цэвэрлэгээний машинаа зарж 2 сая төгрөг бэлнээр үлдэх 3 сая төгрөгийг нотариат дээр очиж зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ гэж байгууллагдсан. Миний хувьд авах ёстой 3 сая төгрөгөө баталгаажуулсан. Гын машиныг 1 сая төгрөгөнд тооцож авсан, миний данс руу 3 удаа нийт 750 000 төгрөг шилжүүлсэн. Бидний хийсэн гэрээ хэлбэрийн хувьд буруу боловч агуулгын хувьд гэрчилж байна. Г нь үүргээ биелүүлээгүй учир алданги тооцож авна” гэж тайлбарласан.
Хариуцагч П.Г нэхэмжлэлийн шаардлагыг хувьд тодорхой хэмжээгээ багасгавал төлнө. Бид хоёр нотариат дээр очиж зээлийн гэрээ байгуулсан. Гэрээ нь зээлийн гэрээ гэж байсан учир би “3 сая төгрөг авсан” гэж бичсэн нь үнэн, 3 сая төгрөг аваагүй. Гэрээ хийсний дараа өөрийн машинаа 1 сая төгрөгөнд тооцож өгсөн учир 2 сая төгрөг үлдсэн, данс руу 3 удаа нийт 750 000 төгрөг шилжүүлсэн. Үүнийг хасаж үлдэгдэл төлбөрийг алданги тооцохгүйгээр төлнө. Энэ хугацаанд ямар ч ажил хийгээгүй... гэж татгалзлаа тайлбарлаж байна.
Хэрэгт авагдсан болох шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2019 оны 1 сарын 18-ны өдрийн Зээлийн гэрээ, хариуцагчийн төлбөр хийсэн талаарх тэмдэглэсэн дэвтэр, дансны хуулга зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчдын хооронд 2019 оны 1 сарын 18-ны өдөр хими цэвэрлэгээний машин худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж хариуцагч П.Г нь нэхэмжлэгч Д.Баас хими цэвэрлэгээний машины худалдан авч бэлэн 2 сая төгрөг өгч үлдэх төлбөрийг тодорхой хугацааны дараа төлөхөөр тохиролцсон үйл явдал болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заажээ.
Нэхэмжлэгч Д.Б нь өөрийн худалдсан хими цэвэрлэгээний машиныг 6 сая төгрөгөөр үнэлж байгаа, зээлийн гэрээний дагуу алданги авна гэжээ.
Хариуцагч П.Г нь 5 сая төгрөгөөр худалдан авч 2 сая төгрөгийг бэлэн өгч үлдэх 3 сая төгрөгөнд зээлийн гэрээ гэж байгуулан энэ хугацаанд машинаа 1 сая төгрөгт тооцож, 250 000 төгрөгөөр 3 удаа данс руу шилжүүлж нийт 750 000 төгрөг өгсөн, үлдэх төлбөрийг төлнө гэж маргаж байдаг.
Хэдийгээр нэхэмжлэгч Д.Б нь зээлийн гэрээний дагуу алданги гаргуулна, гэрээ хэлбэрийн хувьд өөр боловч агуулгын хувьд өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн гэж байгаа боловч тэдний хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэх үндэслэл байх ба талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлд “...худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх..., худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж худалдах-худалдан авах гэрээний харилцааг хуульд тодорхойлсон.
Хариуцагч П.Г нь нэхэмжлэгч Д.Баас хими цэвэрлэгээний машин худалдаж авахдаа 5 000 000 төгрөгөөр үнийг тохирч 2 000 000 төгрөгийг бэлэн өгч, үлдэх 3 000 000 төгрөгийг тодорхой хугацааны дараа авахаар тохиролцож уг төлбөрийг хугацаандаа төлүүлэхийн тулд нотариатын баталгаа хийсэн байна.
Хэрэв хариуцагч П.Гыг гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хуульд заасны дагуу алданги тооцохоор тохиролцон гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээг зээлийн гэрээ гэж байгууласан байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээрээ тодорхойлох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээтэй эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр заажээ.
Хэргийн үйл баримтаас харахад хариуцагч П.Г, нэхэмжлэгч Д.Б нарын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсч нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа хийгдээгүй байна.
Шүүх хэрэгт авагдсан үнэн зөв хөтөлбөргүй нотлох баримтанд тулгууран шийдвэрлэх зарчимтай учир тэдний хооронд байгууллагдсан худалдах худалдан авах гэрээний үүрэг биелэгдээгүй учир нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Б нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох 6 000 000 төгрөг болон алданги тооцож авах талаарх нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүйгээс гадна хуульд заасны дагуу буюу нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй мөн хариуцагчийн татгалзалыг үгүйсгэж няцааж чадаагүй байна.
Иймд хариуцагч П.Гаас 1 250 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 3 150 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч Д.Б нь 85 350 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдэж хариуцагч П.Гаас 34 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бт олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч П.Гаас гэрээний үүргийн биелэлт 1 250 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 150 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 85 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч П.Гаас 34 550 төгрөг гаргуулан Д.Бт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуульд хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА