Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 151/ШШ2019/00191

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ..... тоотод оршин суух ..... овогт Д.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..... оршин суух .... овогт Т.У-т холбогдох

 

Эм борлуулалтын орлогод 667,660 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Дуламжав, хариуцагч Т.У, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Ань шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбартаа:

“Би Төв аймгийн Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төвд эмийн санчаар ажилладаг. Энэ суманд 2009 оноос эхлэн эмийн санчаар 9 жил ажиллаж байна. Энэ хугацаанд эрүүл мэндийн байгууллагын шугамаар ирсэн шалгалт, хяналтын албаны шалгалт, сумын Засаг даргын шалгалт зэрэгт үр дүнтэйгээр шалгуулж байсан. 2017 онд сумын бага эмч Т.У малын тоонд явахдаа эмийн сангаас 667,660 төгрөгийн эм авч борлуулалт хийгээд эмийн мөнгийг эргүүлж эмийн санд тооцоо хийх байсан ч, одоо болтол тооцоо хийгээгүй. Эхэндээ эгч нь өгнөө гэдэг байсан бол сүүлдээ элдвээр хэлээд өгөхгүй гэдэг болсон. Одончимэг, Баасан хоёртой тооцоо нийлье гэхээр Ууганбаяр эмч хийнэ гэдэг. Өмнө нь бас У эмч эм аваад мөнгийг нь өгөхгүй байсан, баримтгүй байсан учраас дутагдал гаргасан эд хариуцагч гэдгээрээ би төлж байсан. 2 дугаар багийн эмч Цэцгээгийн эмийг бэлдээд тавьчих, би авна гэсэн. Эхлээд өөрийнхөө эмийг авсан. Дараа нь Цэцгээгийн эмийг авна гэхээр нь эмийг нь өгье, гарын үсгээ зур гэж байж зуруулсан. Харин Ууганбаяр эмч би 5-р багийн эмч юм чинь авсан нь тодорхой, өөрийнхөө баримт дээр зурахгүй гээд гарын үсэг зураагүй. Тооцоогоо хийхгүй, баримтдаа, хамтран ажиллах гэрээндээ гарын үсэг зур гэхээр бас зурдаггүй.

2018 оны баримтын шалгалт ирээд шалгахдаа мөн акт тогтоосон. Би эмийн төлбөрийг Ууганбаяр эмч хийх ёстой гэж, тэр үед Ууганбаяр эмч төлнө гэж өөрөө тайлбарласан боловч эд хариуцагчийн хувьд гарын үсэг зур гэж актад зуруулсан бөгөөд эрүүл мэндийн байгууллагаас 3 сарын дотор тооцоогоо дуусгах үүрэг өгсөн боловч одоо болтол өгөөгүй. Намайг эмийн тооцоогоо дуусгаач гэхэд хоолой боож, нүүр хүзүүнд шарх үүсгэж зодож танхайрч байсан. Ийм учраас би өөрөө хэлж яриад энэ төлбөрийг төлүүлж чадахгүй байгаа.

2017 оны 12 дугаар сарын 6-ны байдлаар Ууганбаяр эмч 749,660 төгрөг өгөх байснаар 80,000 төгрөгийг хүлээлгэн өгснөөс өөр төлбөр тооцоо хийгээгүй учраас  Ууганбаяр эмчээс борлуулалт хийсэн эмийн 667,660 төгрөгийг байгууллагын дансанд төлүүлж, эм хариуцаж байгаа намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Т.Ууганбаяр нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие 2017 оны малын тоонд явахдаа Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төвийн эмийн санч А-ээс эм авч явсан. Гэхдээ эмний мөнгийг гэрчүүдийн дэргэд буцааж өгсөн. Хөдөө айл өрхүүдээр орохдоо худалдсан эмнийхээ мөнгийг тусад нь хийж авч явсаныг хамт явсан багийн засаг дарга болон бусад хүмүүс мэднэ. Одоо А бид хоёрын хооронд ямар нэгэн тооцоогүй болно. А нь цус харвалтын улмаас мартаж санадаг болсон. Иймд хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоолгож өгөхийг хүсье.

Төсвийн байгууллагад өр төлбөр байнга гардаг. Ариунцэцэг өртэй гарангуутаа намайг гүтгэж байна. Эм зарсан мөнгөө өгөөд, үлдсэн эмийг Баасан эмч бид хоёр хүлээлгээд өгчихсөн. Цэцгээ эмчийн эмийг өөрт нь өгсөн. Ариунцэцэг бид хоёрт янз бүрийн тооцоо байхгүй. Өөрөө согтуу байгаад айлаас гараад цүнхээрээ намайг цохисон. Бие муутай байж чи боль гэсэн. Баасан ажлаас гарсан, Одончимэг хүүхэд төрүүлсэн учраас надаас нэхэж байна. Би төлөх өр төлбөргүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Т.У-аас эм борлуулалтын орлогод 667,660 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарт шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг тайлбарлан өгч /хх-15, 22/, Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж, зохигч талуудын мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

Нэхэмжлэгч Д.А нь багийн эмч У, Одончимэг, Баасан нарт 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, 2017 оны оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ууганбаяр эмч өөрийн авах болон 2-р багийн эмч Цэцгээд өгөх эмийг хоёуланг нь хүлээн авсан учраас хариуцагч Ууганбаяр нь тус эмийн мөнгийг төлөх ёстой гэж, хариуцагч Т.Ууганбаяр нь би 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мал тооллогоор явахдаа өөрийн авсан эмийг борлуулсан 80,000 төгрөгийг А-т хүлээлгэн өгсөн, үлдэгдэл эмийг Одончимэг, Баасан нар Ариунцэцэгт буцаагаад өгчихсөн, Цэцгээгийн эмийг өөрт

нь өгсөн, өр төлбөргүй гэж тус тус маргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Нэхэмжлэгч Д.А нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэс болох нотлох баримтаар зарлагын баримтууд /хх-4,5,7,8,10,11,79,80,82,83/, 2017 оны 12 сарын 06-ны өдөр “2 багийн Цэцгээ эмчид” гэх бичвэртэй гар бичмэл баримт /хх-6/, 2017 оны 12 сарын 06-ны өдөр “5 багийн эмч У” гэх бичвэртэй гар бичмэл баримт /хх-9/, 2017 оны 11 сарын 22-ны өдөр “Багийн эмч У, Одончимэг, Баасан нарт өгсөн эм” гэх бичвэртэй гар бичмэл баримт /хх-12/, 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 33/09/101 дугаартай “Төв аймгийн санхүүгийн хяналт, аудитын алба, улсын ахлах байцаагчийн акт”, тооцоо бодсон баримт /хх-76-78/, гар бичмэл баримтуудын нотариатчийн үүрэг гүйцэтгүүлэгчээр батлуулсан хуулбарууд /хх-81,84,85,86/, 2017 оны 6 сарын 5-ны өдрийн “Сэргэлэн сумын эмийн санч Д.А нь багийн эмч нартай хамтран ажиллах гэрээ” /хх-87,88/, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тус шүүхэд гаргасан “нягтлан бодогч Г.Даваасүрэн гэсэн” бичвэр /хх-89/, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаартай “Хариу мэдэгдэх хуудас” /хх-90/, хариуцагчийн хариу тайлбарт гаргасан тайлбар /хх-28/-ыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Хариуцагч Т.У нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан хариу  тайлбарыг 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн ба татгалзлын үндэс болох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг, таньж олуулах ажиллагаа явуулах зэрэг хүсэлтийг шүүхэд гаргаагүй, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоолгох хүсэлтийн агуулгаа тодруулаагүй, уг хүсэлтээсээ татгалзсан байна /хх-19/.

Нэхэмжлэгч Д.А нь ..... эмийн санчаар, хариуцагч Т.Ууганбаяр нь тус төвд бага эмчээр ажилладаг болох нь зохигч талуудын шүүхэд өгсөн биеийн байцаалт, шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбар, 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 33/09/101 дугаартай “Төв аймгийн санхүүгийн хяналт, аудитын алба, улсын ахлах байцаагчийн акт, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаартай “Хариу мэдэгдэх хуудас”-аар тогтоогдож байна /хх-76, 90/.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, мөн хуулийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол” гэж заасан тул нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Т.У-аас эд хөрөнгийг эрхлэн хариуцагчийн хувьд шилжүүлсэн хөрөнгийг шаардах эрхтэй байна. 

Нэхэмжлэгч Д.А нь эрүүл мэндийн төвийн эмийн сангаас хариуцагч Т.У-т эм хүлээлгэн өгсөн гэж, хариуцагч Т.У нь эм хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч хэн аль тал нь хэдэн төгрөгний, ямар нэртэй эмийг хүлээлцсэн талаар мэтгэлцээгүй бөгөөд нэхэмжлэгч нь 3 удаагийн баримтаар эм хүлээлгэн өгсөн гэж, хариуцагч нь нэг л удаа эм авсан, борлуулсан орлогоо хүлээлгэн өгсөн, өр төлбөргүй гэжээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үеэр гаргасан нэхэмжлэгч Д.А “Т.У эмч эмүүдийг хүлээн авахдаа гарын үсэг зурсан, зарим баримтад загнаад зурдаггүй” гэж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа “гар бичмэл баримтад Ууганбаяр гарын үсэг зурсан нь эм хүлээн авсан гэсэн үг биш, санхүүгийн баримтын шаардлага хангахгүй” гэж, хариуцагч Т.У “би 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр эм аваагүй, гарын үсэг ч зураагүй” гэж тус тус тайлбарлаж маргаж байх хэдий ч хариуцагч тал нь гар бичмэл баримтууд дахь гарын үсэг нь Т.У-ынх мөн эсэхэд маргаагүй болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ”, мөн зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасан хэрэгт авагдсан гар бичмэл баримтуудыг нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нийт 188,960 төгрөгийн эх баримт /хх-9/, зарлагын баримтууд /хх-4,5,7,8,10,11,79,80,82,83/, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “Сэргэлэн сумын эмийн санч Д.А нь багийн эмч нартай хамтран ажиллах гэрээ” /хх-87,88/ зэрэгт хариуцагч Т.У-ын гарын үсэг байхгүй, гар бичмэл баримтуудын нотариатчийн үүрэг гүйцэтгүүлэгчээр батлуулсан хуулбарууд /хх-81,84,86/-ыг тус баримтын эх хувийг шүүхэд гаргаж өгсөн өдрөөс хойш буюу 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр нотариатчаар батлуулсан, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тус шүүхэд гаргасан “нягтлан бодогч Г.Даваасүрэн гэсэн” бичвэр /хх-89/-ийг үнэн зөвийг тогтоох боломжгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй учир нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгч Д.А-ээс хариуцагч Т.У нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нийт 197,760 төгрөг /хх-6/ болон 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нийт 360,740 төгрөг /хх-12/-ийн, бүгд 558,500 төгрөгийн эмийг хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

Хариуцагч Т.У нь А-т өр төлбөргүй гэж тайлбарлах хэдий ч хариуцагч тал энэхүү тайлбараа нотлох үүрэгтэй, нотолсон ямар нэг баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлох баримтын талаар болон гэрч асуулгах, шинжээч томилуулах зэрэг ямар нэг хүсэлт гаргаагүй, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрөө нотлоогүй байна.

Хариуцагч Т.У нь эм борлуулалтаас 80,000 төгрөгийг Д.А-т хүлээлгэн өгсөн болохыг хэн аль тал нь хүлээн зөвшөөрч, талууд маргаагүй. Энэ төлбөр нь нэхэмжлэгчийн шаардаж буй 667,660 төгрөгийн шаардлагад хамаарахгүй, талуудын хооронд хийсэн өөр бусад тооцооны төлбөр болох нь шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч талаас шүүхэд шинээр гаргасан “2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 127,565 төгрөгөөс 80,000 төгрөг өгөв” гэж бичин Ууганбаяр гарын үсэг зурсан баримт /хх-85/-аар тогтоогдож байх тул суутган тооцох үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтаар тогтоогдож буй 558,500 төгрөгийг хариуцагч Т.У-аас гаргуулан нэхэмжлэгч Д.А-т олгож, үлдсэн 109,160 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу зохигч талуудад хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Т.У-аас 558,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.А-т олгож, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,574 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.У-аас 17,405 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.А-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХБҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.