Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2021/02532

 

 

 

 

 

 

 

 

2021 12 15 181/ШШ2021/02532

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Нарны зам-62, Юнион бьюлдинг, А блок, 7 давхарт байрлах, К /РД:5214203/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимп, Жи центр 4 давхарт байрлах,  /РД:2094894/-д холбогдох,

Даатгалын нөхөн төлбөр 26,156,640 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Урангоо, Б.Борхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Аззаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Монголын төмөр зам ТӨХК нь Миг даатгал ХХК-тай 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан. Тухайн гэрээний даатгалын тохиолдлын автомашин болох 1166 УНУ улсын дугаартай Lexus 570 маркийн автомашиныг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Төв аймаг, Баян сумын нутаг, Өгөөмөр 2 дугаар баг, 55 км-т орших шонгийн ойролцоо битүү хучилттай замд зам тээврийн осолд орж тээврийн хэрэгсэлд 43,590,000 төгрөгийн хохирол учирсан. Үүнтэй холбоотойгоор Миг даатгал ХХК-тай байгуулсан гэрээний 8.2-т заасан нотлох баримтуудыг цуглуулан даатгалын нөхөн төлбөр тогтоогдсон хохирол болох 43,590,000 төгрөгийн төсвийг Миг даатгал ХХК-д хүргүүлсэн. Гэтэл Миг даатгал ХХК нь тухайн 43,590,000 төгрөгөөс 17,437,760 төгрөг буюу 40 хувийг нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр манайд шилжүүлж, үлдэгдэл 26,126,640 төгрөгийг Монгол улсын зөвлөх инженер А.Цэцэгмаагийн 2019.12.24-ний өдөр гаргасан 19/14 тоот дүгнэлтийг үндэслэн гэрээний 8.6.2-т заасан тохиолдол үүссэн гэж үзээд төлбөрийг өгөхөөс татгалзсан.

Манай компанийн зүгээс зөвшөөрөөгүй бөгөөд үүнтэй холбоотойгоор тус компанийн зүгээс 2020.02.06-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. Тус гомдлын хариуг Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс 2020.03.09-ний өдрийн 9/817 тоот албан бичгээр хариу ирүүлсэн. Тус албан бичгээр Миг даатгал ХХК нь төлбөрийг олгож, 2020.03.20-ны дотор мэдэгдэхийг Миг даатгал ХХК-д үүрэг болгосон. Гэтэл Миг даатгал ХХК нь Монгол улсын зөвлөх инженер А.Цэцэгмаагийн гаргасан дүгнэлтийг үндэслэн гэрээ болон Даатгалын тухай хууль, Иргэний хууль, Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Монголын төмөр зам ТӨХК нь Миг даатгал ХХК-д 2019.01.10-ны өдөр байгуулсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 8.2 дахь заалт, Даатгалын тухай хуулийн 8.1, Иргэний хуулийн 431.1 дэх заалтыг тус тус үндэслэн Миг даатгал ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 26,156,640 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монголын төмөр зам ТӨХК-ийн нэхэмжлэлтэй Миг даатгал ХХК-д 1166 УНУ улсын дугаартай автомашины хохирлын нөхөн төлбөрийг манай компани Даатгалын тухай хуулийн 8.1.4 дэх хэсэг, 1917/047 тоот даатгалын гэрээний 7.3.4, 7.3.6, 8.6.2 дахь хэсэгт заасны дагуу нөхөн төлбөрийн асуудлыг хүлээн авч шийдвэрлэсэн. Үүнийг Даатгалын тухай хууль болон гэрээнд үндэслэн шийдвэрлэсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Төв аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019.10.25-ны өдрийн 134 тоот тодорхойлолт болон Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаагийн ахлагч н.Ганбаярын 2019.10.25-ны өдрийн 00 цаг 20 минутад Төв аймаг, Баян сум, Өгөөмөр 2 баг, 156 км-ын шонгийн ойролцоо гарсан осол хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, осол хэргийн газрын бүдүүвч, авто ослын фото зураг зэрэг материалыг даатгуулагч нь цуг ирүүлсэн. Эдгээр материалыг үзэхэд 1166 УНУ улсын дугаартай авто машин нь авто замаар үл мэдэгдэх цэг буюу 156 дахь км-ын шонгоос 78 метр өнгөрч яваад А цэгт зам дээр үхэр мөргөсөн байдаг. Үүнээс 62 м-ын зайд замын хөвөөнөөс гадагш гараад зогссон байдалтай байдаг. Анх үхэр мөргүүлсэн А цэгээс 34 метрийн зайд шидэгдсэн байдалтай байсан нь цагдаагийн ослын бүдүүвч зурагт тэмдэглэгдсэн байдаг. Иймд тус тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Отгонбаяр нь хурд хэтрүүлж явсан байж болзошгүй гэсэн эргэлзээ даатгагчид төрсөн. Ийм учраас Даатгалын гэрээний 7.3.6-д даатгуулагчийн ирүүлсэн даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт материалд эргэлзээтэй тохиолдолд эрх бүхий байгууллага албан тушаалтанд хандаж дүгнэлт тодорхойлолт гаргуулах эрхтэй гэж заасны дагуу даатгагч эрхийнхээ дагуу энэ заалтыг үндэслэн мэргэжлийн туслалцаа авах шаардлагатай байна гэж үзээд Авто тээврийн хэрэгслийн зөвлөх инженер, экспертэд хандаж дүгнэлт гаргуулсан.

Монгол улсын зөвлөх инженер эксперт А.Цэцэгмаа нь цагдаагийн ахмад Ганбаярын зам тээврийн ослын газар хийсэн шинжилгээ дүгнэлт, фото зураг болон бусад зурагт үндэслэж дүгнэлтээ гаргасан. Уг дүгнэлтдээ тус байрлалд зам тээврийн осолд орсон автомашины зураг 2 дээрх эцсийн зогсож байгаа байрлалд очиж зогсохоос өмнө үхэр мөргөсөн тул хөдөлгөөний кинетик инерци 62 м газрыг туулахаас гадна, үхрийг мөргөж 34 метрийн зайд шидэх болон автомашины өөрийнх нь эвдрэл гэмтэл, хэв гажилтыг үүсгэхэд зарцуулагдана. Тоёота Лексус 570 маркийн автомашин зам тээврийн осолд орох үедээ 108.74 км цагаас дээш хурдтай явсан байна гэсэн дүгнэлт гаргасан.

Шинжээчийн дүгнэлтэд үндэслээд жолооч Б.Отгонбаяр нь хурд хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцсон болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон учраас Даатгалын гэрээний 8.6-д даатгуулагчийн дараах буруутай үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирол дор дурдсан хувь хэмжээгээр ногдуулна гээд 8.6.2-т хурд хэтрүүлсэн гэдгийг эрх бүхий байгууллага болон экспертийн дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд хохирлын 40 хувь хүртэл хэмжээгээр олгох заалтыг үндэслээд нийт хохирол нь 43,596,400 төгрөгийн тайлан гарсны дагуу энэ дүнгээс 40 хувиар тооцоод 17,437,760 төгрөгийг даатгуулагчид олгож шийдвэрлэсэн.

Харин Санхүүгийн зохицуулах хорооноос дээрх материалыг хянаад 2020.03.09-ний өдрийн 9/817 тоот албан бичгээр хариу ирүүлсэн. Тус албан бичигт хороонд нотлох баримт ирүүлсэн дүгнэлт нь тамга тэмдэгээр баталгаажаагүй байна, ийм учраас нотлогдсонгүй гэсэн байдаг. 19/11 тоот дүгнэлтийг хуулбарлаад явуулсан бөгөөд тэгэхэд тамга нь бүдэг гарсан техникийн алдаа гарсан гэдэг тайлбараар буцаагаад А.Цэцэгмаа инженерийн дүгнэлтийг тамга болон гарын үсэгтэй хуулбарлахгүйгээр эх хувиар нь Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн боловч Санхүүгийн зохицуулах хорооноос дахин шийдвэр гараагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Монголын төмөр зам ТӨХК нь хариуцагч МИГ даатгал ХХК-д холбогдуулан, даатгалын нөхөн төлбөрт 26,156,640 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч МИГ даатгал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч хурд хэтрүүлж явсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул гэрээний 8.6.2-т зааснаар нийт хохирол 43,596,400 төгрөгийн дүнгээс 40 хувиар тооцоод 17,437,760 төгрөгийг даатгуулагчид олгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт нэхэмжлэгчээс, Монголын төмөр зам ТӨХК болон МИГ даатгал ХХК нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1915/037/ҮҮГ-19/0606/02 дугаартай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан, нэхэмжлэгчээс Миг даатгал ХХК-д 2020.01.22-ны өдрийн 01/91 тоот Шаардлага хүргүүлэх нь албан бичиг, мөн Санхүүгийн зохицуулах хороонд 2020.02.06-ны өдрийн 01/155 тоот Гомдол гаргах нь албан бичиг, Миг даатгал ХХК-иас Монголын төмөр зам ТӨХК-д 2020.02.04-ний өдөр хүргүүлсэн 03/12-126 тоот Албан бичгийн хариу, Санхүүгийн зохицуулах хорооноос Миг даатгал ХХК-д хүргүүлсэн 2020.03.09-ний өдрийн 9/817 тоот Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичиг зэрэг баримтууд ирүүлсэн нь бичмэл баримтын шаардлага хангасан, үнэлэх боломжтой байна./хх-7-17/

 

Хариуцагчаас, тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, Маягт СЗХ04145. Төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт, Худалдаа хөгжлийн банкны МИГ даатгал ХХК-ийн 2020/05/11-2020/05/17-ны өдрийн харилцах дансны хуулга, Нөхөн төлбөр хүсэх хуудас, 2019.12.24-ний өдрийн 18/14 дугаартай дүгнэлт, Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн бүртгэлийн 143 дугаартай Тээврийн хэрэгслийн Миг даатгалд гаргасан тодорхойлолт, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Ино марк мастер ХХК-ийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Бест эстимэйт ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 20191104449 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан, хохирлын үнэлгээ, Даатгалын тохиолдлын ослын тэмдэглэл, 02-406 дугаартай гэрчилгээний хуулбар зэргийг тус тус ирүүлсэн нь бичмэл баримтын шаардлага хангасан, үнэлэх боломжтой байна /хх-26-57/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь автомашины жолооч хурд хэтрүүлсэн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хангаж, шүүгчийн 2020.07.30-ны өдрийн 181/ШЗ2020/09821 дугаартай захирамжаар Тээврийн цагдаагийн албыг томилсон ба Механик, тээврийн сургууль нь 2021.03.22-ны өдрийн 1/143 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгээр ...Лексус 570 маркийн 11-66 УНҮ улсын дугаартай автомашины жолооч Батноровын Отгонбаяр нь Монгол улсын ЗХД-ийн 12.3 дахь заалтыг зөрчиж үхэр мөргөсөн зам тээврийн осол гаргасан гэх жолооч нь хурд хэтрүүлсэн эсэхийг тогтоох асуултыг тавьсан байна. Хавтаст хэрэгт авагдсан материалд тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлоход шаардлагатай мэдээлэл нь тодорхой бус байна. Иймээс уг хэрэгт шинжээчээр томилогдсон Тээврийн салбарын эрхлэгч И.Базаррагчаа хэргийн материалтай танилцаад тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй байгааг мэдэгдэж байна гэжээ./хх- ....../

 

Зохигч талууд дээрх бичгийн баримтад маргаагүй бөгөөд шинжээчээс ирүүлсэн ...тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй гэсэнтэй холбогдуулан нэмэлтээр гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй гэж тайлбарласан учир хэрэгт авагдсан баримтын хүрээнд уг маргааныг хянан шийдвэрлэсэн болно.

 

Монголын төмөр зам ТӨХК болон Миг даатгал ХХК нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1915/037/ҮҮГ-19/0606/02 дугаартай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ 1 жил буюу 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 24:00 цаг хүртэл хүчин төгөлдөр байх хугацаатай байгуулжээ.

1915/037/ҮҮГ-19/0606/02 дугаартай гэрээгээр Миг даатгал ХХК нь Монголын төмөр зам ТӨХК-ийн 8 нэр төрөл бүхий тээврийн хэрэгслийг жагсаалт үйлдэн нийт 415,362,000 төгрөгөөр үнэлж, даатгалын хураамжийг тус бүрт 1,1 хувиар тооцож, хураамжид нийтдээ 4,568,982.00 төгрөгийг төлүүлж, даатгалын эрсдэлд: Зам тээврийн осол, Байгалийн эрсдэл, Галын эрсдэл /Ахуйн гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт г.м гадны нөлөөллөөс үүдэлтэй гал/, Биет зүйл унах, үсэрсэн зүйлд оногдох эрсдэл/, Граж, зогсоолд байх үеийн эрсдэл /хатуу биет зүйл мөргөх, шүргэх/, Граж, зогсоолд байх үеийн эрсдэл /мөргүүлэх шүргүүлэх/, Шилний эрсдэл: шилний хохирол /зам тээврийн ослоос үл хамаарах шалтгаанаар үүссэн урд хойд салхи, хаалганы шилэнд учирсан хохирол/, Мал амьтнаас учруулах эрсдэл, Танхай, хулгайн эрсдэл /дээрх үйлдлээс үүдэлтэй тээврийн хэрэгсэлд учирсан эрсдэл, гэмтэл/, Жолоо шилжүүлсэн үеийн эрсдэл, Хэсэгчилсэн хулгайн эрсдэл /толь, тээврийн хэрэгслийн үндсэн эд ангид тооцогдох зүйл хулгайд алдагдах/, Тээврийн хэрэгсэл бүхэлд нь хулгайд алдагдах эрсдэл гэсэн нийт 12 нэр төрлийн эрсдэл учирсан тохиолдолд 100 хувиар, Даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээ /дэлгэрэнгүйг гэрээний 8.5 заалт/ 20 хувийн эрсдэлийг тус тус тооцохоор зааж гэрээг бичгээр үйлдсэн байгаа нь талуудын хооронд Иргэний хуулийн 431 дугаар зүйлийн 431.1Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан сайн дурын даатгалын гэрээний агуулга шинж бүхий талуудын хүсэл зориг илэрхийлэгдсэн хуулийн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Даатгалын гэрээ байгуулснаас хойш буюу даатгуулагч Монголын төмөр зам ТӨХК нь гэрээгээр даатгагдсан 11-66 УНҮ улсын дугаартай Лексус 570 маркийн автомашиныг жолооч Б.Отгонбаяр нь 2019 оны 10 дугаар сарын 24ий өдөр Төв аймгийн Баян сумын нутаг Өгөөмөр 2-р баг 156 километр заалт шонгийн ойролцоо хатуу хучилттай замд замын хөдөлгөөнд оролцож явахад нь гэнэт үхэр гарч ирсэн ба үхэр мөргөж зам тээврийн осолд орсноос уг тээврийн хэрэгсэлд 43,594,400 төгрөгийн хохирол учирсан үйл баримт бий болсон, энэ талаар талууд маргаагүй.

 

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг ойлгохыг заасан ба талуудын байгуулсан гэрээний 2.1.6-д энэ талаар заажээ.

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.2Даатгалын зүйл нь эд хөрөнгө, иргэдийн амь нас, эрүүл мэнд, түүнчлэн хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхол байна. гэж зааснаар даатгуулагчийн эрсдлийн даатгалын гэрээний зүйл нь даатгуулагчийн эд хөрөнгө буюу Лексус 570 маркийн тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас даатгалын тохиолдол бий болжээ.

 

Даатгуулагч болох нэхэмжлэгч Монголын төмөр зам ТӨХК нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зааснаар хариуцагч буюу даатгагч МИГ даатгал ХХК-иас даатгалын гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэхийг шаардах эрхтэй.

 

Гэрээний 8.6-д Даатгуулагчийн дараах бүрээтэй үйлдлээр тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд дор дурьдсан хувь хэмжээгээр нөхөн төлбөр олгоно, 8.6.2-т Хурд хэтрүүлсэн нь мэргэжлийн эрх бүхий байгууллага болон эскпертийн дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд гарсан хохирлын 40 хувь хүртэл хэмжээгээр гэсэн заалтыг үндэслэн хариуцагч МИГ даатгал ХХК нь даатгалын нөхөн төлбөрт 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 17,437,760 төгрөгийг нэхэмжлэгч Монголын төмөр зам ТӨХК-д шилжүүлэн төлсөн боловч үлдэгдэл 26,156,640 төгрөгийг төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

Талуудын шүүхэд гаргасан бичгийн нотлох баримтаас үзэхэд, нэхэмжлэгч нь 2020.02.06-ны өдрийн 01/155 тоот албан бичгээр Санхүүгийн зохицуулах хороонд Гомдол гаргасан ба Санхүүгийн зохицуулах хорооноос Миг даатгал ХХК-д хүргүүлсэн 2020.03.09-ний өдрийн 9/817 тоот Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичигт:

...танай 2020 оны 01/12-217 тоот албан бичигт өгүүлснээр жолооч Б.Отгонбаяр тухайн үед хурд хэтрүүлж явсан байхаар эргэлзээтэй байсан тул Монгол Улсын Зөвлөх инженер экспертэд хандсан бөгөөд экспертийн 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 19/14 тоот дүгнэлтээр уг тээврийн хэрэгсэл зам тээврийн осолд орох үедээ хурд хэтрүүлсэн нь тогтоогдсон тул даатгуулагчид нөхөн төлбөрийг 40 хувиар тооцож олгосон байна. Талуудаас ирүүлсэн баримтыг хянахад, Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Даваатөгсийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 143 бүртгэлийн дугаар бүхий тодорхойлолтоор жолооч Батноровын Отгонбаяр /РД: ТБ84092274/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасан гэж дүгнэжээ. Мөн тус Хороонд нотлох баримт болгон ирүүлсэн Монгол Улсын Зөвлөх инженер А.Цэцэгмаагийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 18/14 тоот дүгнэлт нь тамга, тэмдгээр баталгаажуулагдаагүй байна. Дээрхээс үзэхэд тухайн тээврийн хэрэгслийн хурдыг Замын хөдөлгөөний дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлсэн гэх нь нотлогдсонгүй бөгөөд мэргэжлийн байгууллагын холбогдох эрх бүхий албан тушаалтны үйлдсэн тодорхойлолт, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэлийн үнэн зөв эсэхэд эргэлзсэн, гаргасан дүгнэлтийг үгүйсгэсэн даатгагчийн үндэслэл нь материалд авагдсан баримтаар тогтоогдсонгүй тул нөхөн төлбөрийг 40 хувиар тооцож олгосон шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэхээр байна. Харин жолооч Б.Отгонбаяр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөн нь тогтоогдсон байх тул тээврийн хэрэгслийн даатгалын 1915/037ҮҮГ-19/0606/2 тоот гэрээний 8.5-д даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг хассан дүнгээр нөхөн төлбөрийг 80 хувиар олгохоор зохицуулагдсан байна. гэжээ./хх-ийн 13, 16-17/

 

Энэ нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороонд хандахад МИГ даатгал ХХК-ийн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэн, улмаар гэрээний 8.5-д даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг хассан дүнгээр нөхөн төлбөрийг 80 хувиар олгохоор зохицуулагдсан талаар дурдаж хариуцагч байгууллагад мэдэгдсэн байх тул хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хангасан гэж үзнэ.

 

Шүүх хэрэгт авагдсан хариуцагчийн татгалзлын үндэслэлээ болгосон Монгол Улсын Зөвлөх инженер А.Цэцэгмаагийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 18/14 тоот дүгнэлт, нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилсны дагуу Механик, тээврийн сургуулиас ирүүлсэн 2021.06.22-ны өдрийн 1/143 тоот албан бичигт ...хэрэгт авагдсан материалд тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлоход шаардлагатай мэдээлэл нь тодорхой бус гэсэн, Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 143 бүртгэлийн дугаар бүхий тодорхойлолтоор жолооч Б.Отгонбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасан гэж дүгнэсэн баримтуудыг зохигч талуудын хооронд байгуулсан гэрээний заалтуудтай нийцүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар харьцуулан үнэлээд дараах байдлаар нөхөн төлбөрийг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1.16-д Зам тээврийн осол гэдэгт тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд орохыг ойлгоно, дөрөвдүгээр зүйлийн 4.2.1-д Зам тээврийн осол-ын улмаас даатгалын эрсдэл үүссэн тохиолдолд 100%-иар нөхөн төлбөр олгох ба Даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээ /дэлгэрэнгүйг гэрээний 8.5 заалт/ 20 хувиар, 8.5-д Хохирол нь даатгуулагчийн буруутай үйлдлээс шалтгаалсан бол даатгуулагчийн сонгосон даатгалын багцаас хамааран эрсдэл хэсэгт 100% гэж зааснаас өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг хассан дүнгээр нөхөн төлбөр олгоно гэж тохирсон заалт болон Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 43.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгчид бий болсон даатгалын тохиолдол 43,594,400 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 17,437,760 төгрөгийг хасаж, 26,156,640 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагаас жолооч Б.Отгонбаярын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасныг зөрчсөнд ногдох 20 хувь болох 8,718,800 төгрөгийг хасаж тооцон, үлдэх 17,437,760 төгрөгийг хариуцагч МИГ даатгал ХХК-аас нөхөн төлбөрт гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж дүгнээд, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд нийцүүлэн талуудад хариуцуулах болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зааснаар хариуцагч МИГ даатгал ХХК-иас 17,437,760 /арван долоон сая дөрвөн зуун далан гурван мянга долоон зуун жар/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Монголын төмөр зам ТӨХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 288,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 243,139 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ