Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2020/0222

 

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2020/0222

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар АХК-ийн нэхэмжлэлтэй, М ТӨХК-д хол*******ох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: А ХК /*******/

Хариуцагч: М ТӨХК-д

Нэхэмжлэлийн шаардлага: АХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019.12.21 -ний өдрийн 05 дугаартай хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 2019 оны 12 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд шийдвэрлээгүй, хүсэлтийн дагуу тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хариуцагчийн 2019.12.19-ний өдрийн 01/718 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч АХК нь Мид бүртгэлтэй нээлттэй хувьцааг компани бөгөөд манай компанийн нийт хувьцааны хяналтын багц болон түүнээс дээш хэмжээтэй тэнцэх хувьцааны эрх, өмчлөлтэй холбоотой маргаан сүүлийн жилүүдэд өрнөж хууль хяналтын байгууллагуудаар эл асуудал шийдвэрлэгдсэн юм

Тухайлбал АХК-ийн хяналтын багцаас дээш хэмжээний хувьцааг 2017 оны 12 сарын 28-ны өдөр нэгдмэл сонирхолтой компаниуд болохТ ХХК, У ХХК-иуд нь үнэт цаасны зах зээлийн харилцааг зохицуулдаг салбарын гол хуулиуд болох Компани, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг илтэд бүдүүлгээр зөрчиж, бусад хувьцаа эзэмшигчдийг хувьцаа худалдан авах ажиллагаанд оролцуулалгүйгээр нууцаар, хууль бусаар хувьцаа олж авсан байдаг.

Уг асуудлыг Монгол Улсын Дээд шүүх 2019 оны 05 сарын 07-ны өдөр эцэслэн шийдвэрлэж хариуцагч компаниуд нь хууль зөрчсөн болохыг, хууль зөрчиж худалдан авсан тус бүрийн хувьцаа нь саналын эрхгүй болохыг тогтоож 637 дугаартай тогтоол гарсан.

Шүүхийн эцсийн тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болсон өдөр Санхүүгийн зохицуулах хороо өөрийн цахим хуудсаараа дамжуулах саналын эрхгүй болсон дээрх компаниудын хувьцааны талаарх мэдээллийг 2019 оны 10 сарын 08-ны өдөр нийтэд мэдээллэсэн юм.

Гэтэл дээрх компаниуд нь иргэн Ц.Б гэх хүний өмчлөлийн компаниуд бөгөөд хууль зөрчиж хувьцаа олж авсан компаниудын хууль бус үйлдлээ нуун далдлах зорилгоор Т ХХК-ийг 2019 оны 09 сарын 13-ны өдөр шинээр байгуулж улмаар тус компаниар дамжуулан АХК-ийн нийт хувьцааг худалдан авах санапыг 2019 оны 09 сарын 26-ны өдөр гаргаж хувьцааны арилжааг 2019 оны 11 сарын 01-ний өдөр хийхээр өдөр товлосон байдаг.

Энэхүү ажиллагаа нь илтэд хууль зөрчсөн, уг компанид хувьцаа худалдан авах талаар санал гаргах эрх хуулиар олгогдоогүй тул хувьцаа худалдан авах санал нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор манай компанийн хяналтын багц хувьцаа эзэмшигч Б ХХК-ийн зүгээс Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандаж улмаар шүүхийн 2019 оны 10 сарын 17-ны өдрийн 183/11132019/11954 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүхийн байгууллага хариуцан гүйцэтгэж байгаа юм

Шүүхэд хэрэг үүсгэн шалгагдаж байгаа тухай 2019 оны 10 сарын 21-ний өдөр компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 05 дугаартай албан бичгээр Санхүүгийн зохицуулах хороо, М, Б ҮЦК зэрэг байгууллагуудруу нэгэн зэрэг хандаж пгүүхэд маргаан хянагдаж байгаатай холбоотойгоор Т ХХК-ийн хувыдаа худалдан авах саналын дагуу ямар нэгэн ажиллагаа явуулахгүй байхыг, хол*******ох ажиллагааг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж өгөхийг хүссэн юм.

Уг албан бичигт Санхүүгийн зохицуулах хороо 2019.10.24-ний өдрийн 9/3729 дугаартай албан бичгээр шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл хорооны зүгээс аливаа шийдвэр гаргах боломжгүй тухайгаа бичгээр мэдэгдсэн юм.

Гэтэл М дээрх хүсэлтийг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүйн дээр, арилжаа явагдахаар товлогдсон 2019.11.01-ний өдөр Т ХХК-ийн гаргасан саналын дагуу хувьцааны арилжааг явуулж АХК-ийн нийт хувьцааны 44%-тай тэнцэх хэмжээний хувьцааг тус компанийн нэр дээр хууль бусаар шилжүүлээд байна

Угтаа бол Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.5-д ...үнэт цаасны арилжаа зохих журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих., гэж заасны дагуу мөн хуулийн 49.2-т ...Х.Б нь энэ хуулийн 49.1.5-д заасан үүргээ биелүүлэх зорилгоор үнэт цаасны арилжаанд оролцогч, үнэт цаас өмчлөгч болон үнэт цаас гаргагчаас шаардлагатай мэдээллийг шаардах эрхтэй., гэж заасныг үндэслэн шүүхийн захирамжийн дагуу хол*******ох арга хэмжээг авч хэрэгжүүлэх хувьцааны арилжааг түдгэлзүүлж, арилжаанд хяналт тавих хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай юм.

Гэтэл хуулиар хүлээсэн эл үүргээ санаатай биелүүлэлгүйгээр, шүүхийн захирамжийг дагаж мөрдөлгүй, Т ХХК-д илтэд үйлчилж хууль бус эс үйлдэхүй гаргаж байх тул Мийн хууль бус үйлдлийг тогтоож өгнө үү.

Хариуцагч Мийг Монгол Улсын Сангийн яам үүсгэн байгуулсан бөгөөд Захиргааны Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага байна.

Мөн АХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь хуулийн этгээдийн эрхгүй бөгөөд зөвхөн гаргасан шийдвэртэй холбоотой асуудлаар хариуцагчаар татагдан оролцдог онцлогтой бөгөөд бусад тохиолдолд компаниараа дамжуулан шүүхэд мэдүүлдэг юм.

Иймд Нэхэмжлэгч АХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019.10.21-ний өдрийн 05 дугаартай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа, хүсэлтийн дагуу тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг шийдвэрлэж захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлжээ: Шүүхэд маргаан үүссэнтэй холбоотойгоор М нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2019.10.21 -ний өдрийн 05 дугаартай хүсэлтийг шийдвэрлэсэн тухай 2019.12.19-ны өдрийн 01/718 дугаартай албан бичгийг ирүүлжээ.

Уг албан бичиг нь цаг хугацааны хувьд 2 сар орчмын дараа үйлдэгдсэн мөн хууль зүйн болон утга агуулгын хувьд илтэд үндэслэлгүй байх тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Уг нэмэгдүүлсэн шаардлага нь албан бичиг хэлбэртэй бөгөөд үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үр дагавар байх тул улсын тэмдэгтийн хураамж нэмж төлөх шаардлагагүй байна.

Иймд нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч үндэслэл шаардлагын хамт шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын тодруулгадаа: А*******' ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019.12.21-ний өдрийн 05 дугаартай хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 2019 оны 12 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд шийдвэрлээгүй, хүсэлтийн дагуу тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хариуцагчийн 2019.12.19-ний өдрийн 01/718 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах., гэж нэхэмжлэлийн шаардлагад тодруулга хийж байна.

Учир нь Мийн хууль бус эс үйлдэхүйг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасаны дагуу 2019.12.05-ны өдрийн 128/11132019/8981 дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүссэн.

Захиргааны хэрэг үүсч шүүхэд хариуцагчаар татагдсаны дараа хол*******ох хүсэлтийг шийдвэрлэх замаар эс үйлдэл тогтоолгох шаардлагаас зайлсхийх зорилго бүхий явцуу ажиллагааг хариуцагчийн зүгээс авч хэрэгжүүлж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын тодруулгын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: М нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.28 дахь заалтад заасан үнэт цаасны арилжаа эрхлэх үйл ажиллагаа эрхэлдэг тусгай зөвшөөрөл бүхий төрийн өмчит хуулийн этгээд юм.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйл, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 88 дугаар зүйлд зааснаар Санхүүгийн зохицуулах хороо нь үнэт цаасны зах зээлд гарсан маргаантай асуудлыг тэргүүн ээлжид шийдвэрлэдэг.

А******* ХК нь Мийн үйлчлүүлэгч, нөгөө талаар үнэт цаасны зах зээлд оролцогчийн хувьд нэхэмжлэлд дурдсан асуудлаараа хуульд заасан захиргааны урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийлгээгүй, маргааныг урьдчилан шийдвэрлэх эрх бүхий байгууллагад хандаагүй байна.

М ТӨХК нь А******* ХК-ийн ТУЗ-ийн 2019 оны 10 сарын 21-ны өдрийн 5 дугаартай албан бичгийн хариуг 2019 оны 12 сарын 19-ний өдөр 01/718 дугаартай албан бичгээр өгсөн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан ...хүсэлтийг шийдвэрлэж, зохих захиргааны акт гаргахыг даалгах... шаардлага үндэслэлгүй.

Түүнчлэн А******* ХК нь 2019 оны 10 сарын 21-ний өдрийн 05 тоот хүсэлтийг Мид биш, Санхүүгийн зохицуулах хороонд хандаж гаргасан, тус хүсэлтийг хүлээн авагч этгээд буюу Санхүүгийн зохицуулах хорооноос зохих ёсоор хариуг нь өгсөн байна.

А******* ХК-иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд ... хуулиар хүлээсэн үүргээ санаатай биелүүлээгүй, шүүгчийн захирамжийг дагаж мөрдөлгүй, Т ХХК-нд илтэд үйлчилж хууль бус үйлдэхгүй гаргаж байх тул Мийн үйлдлийг хууль бусад тооцож өгнө үү ...,

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.10, 85 дугаар зүйлийн 85.1.3 дахь заалтад зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтэд арилжаалагдаж буй үнэт цаасны арилжааг түр зогсоох, тухайн үнэт цаастай холбоотой гүйлгээг зогсоох, хүчингүй болгох, үнэт цаасыг бүртгэлээс хасах бүрэн эрхийг гагцхүү Санхүүгийн зохицуулах хороо, түүний улсын байцаагчид олгосон.

Т******* ******* ******* ХХК-иас Т******* ******* ******* ХХК-нд арилжигдсан хувьцааны гүйлгээг зогсоох эрхийг Мид хуулиар олгоогүй.

М нь хуулиар эрх олгогдоогүй байхад хувьцааны гүйлгээг зогсоох боломжгүй юм.

Мөн түүнчлэн А******* ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2019.10.21-ны өдөр 05 дугаартай албан бичгээр Санхүүгийн зохицуулах хороонд хандаж гаргасан үнэт цаасны арилжааг түдгэлзүүлэх тухай хүсэлтэд Санхүүгийн зохицуулах хороо бүрэн эрхийнхээ хүрээнд 2019.10.24-ний өдрийн 9/3729 дугаартай албан бичгээр зохих хариуг өгчээ.

Өөрөөр хэлбэл Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63.1.10, 85.1.3 дах хэсэгт зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтэд арилжаалагдаж буй үнэт цаастай холбоотой гүйлгээг зогсоох, хүчингүй болгох бүрэн эрх бүхий этгээд болох СЗХ нь Т******* ******* ******* ХХК болон Т******* ******* ******* ХХК-нд арилжигдсан хувьцааны гүйлгээг зогсоохыг зөвшөөрөөгүй. Энэ тухайгаа СЗХ-ноос А******* ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлсэн байна.

Дээрхээс үзвэл А******* ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд "... хуулиар хүлээсэн үүргээ санаатай биелүүлээгүй, шүүгчийн захирамжийг дагаж мөрдөлгүй, Т ХХК-нд илтэд үйлчилж хууль бус үйлдэхгүй гаргаж байх тул Мийн үйлдлийг хууль бусад тооцож өгнө үү... гэсэн нь үндэслэлгүй.

Тус компаниас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн анхны шаардлагад А******* ХК-ийн ТУЗ-ийн хүсэлтийг шийдвэрлэж захиргааны акт гаргахыг даалгах талаар тусгагдсан боловч, хүсэлтийг шийдвэрлэсэн тухай хариу албан бичгийг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага утга, агуулгын зөрчилдөөнтэй байна.

Мөн түүнчлэн нэмэгдүүлсэн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй байх бөгөөд, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бусад үндэслэлийг өмнөх тайлбартаа тусгасан болно.

Иймд А******* ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэгч АХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019.10.21-ний өдрийн 05 дугаартай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа, хүсэлтийн дагуу тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хүсэлтийг шийдвэрлэж захиргааны акт гаргахыг даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан байна.

Улмаар 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагчийн 2019.12.19-ний өдрийн 01/718 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр АХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019.12.21 -ний өдрийн 05 дугаартай хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 2019 оны 12 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд шийдвэрлээгүй, хүсэлтийн дагуу тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хариуцагчийн 2019.12.19-ний өдрийн 01/718 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №9/3729 тоот албан бичгээр Тус хороонд танай компанийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өрийн 05 тоот албан бичгээр ирүүлсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШЗ2019/11954 дугаартай иргэний хэрэг үүсгэх захирамжтай танилцлаа. Шүүхийн шийдвэр эцэслэн шийдвэрлэж, шүүхийн эцсийн шийдвэр гараагүй учир Хорооноос аливаа шийдвэр гаргах боломжгүй байна гэсэн хариуг АХК-д өгсөн байна.

Монгол Х.Б ТӨХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01/718 тоот албан бичгээр Иргэний хэргийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй, Санхүүгийн зохицуулах хорооноос Т ХХК нь А******* ХК-ийн хяналтын багц болон түүнээс дээш хэмжээний хувьцааг худалдан авах саналтай холбоотой үйл ажиллагааг түдгэлзүүлэх талаар ямар нэгэн шийдвэр гараагүй тул манайх тус компанийн хувьцааны арилжааг түдгэлзүүлэх боломжгүй байна гэсэн хариуг АХК-ийн ТУЗ-ийн даргад өгсөн байна.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д Хороо дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 63.1.10-д Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтэд санал болгон арилжих дотоодын болон гадаадын үнэт цаас гаргагчийн үнэт цаас болон үүсмэл санхүүгийн хэрэгслийг бүртгэх, тэдгээрийг зах зээлд арилжих зөвшөөрөл олгох, арилжааг түр зогсоох, тухайн үнэт цаастай холбоотой гүйлгээг зогсоох, хүчингүй болгох, үнэт цаасыг бүртгэлээс хасах, 85 дугаар зүйлийн 85.1-д Хорооны улсын байцаагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 85.1.3-д үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзсэн, эсхүл зөрчсөн нь тогтоогдсон бол тухайн үнэт цаасны арилжааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу түр зогсоох, үнэт цаасыг тусгаарлах гэж тус тус заасан байна.

Мөн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49.1.1-49.1.6-д Х.Бийн ажиллах нөхцөл, шаардлагуудыг хуульчилсан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд үнэт цаасны арилжааг зогсоох буюу түдгэлзүүлэх эрх хэмжээ Х.Бид олгогдоогүй, харин энэ эрх хэмжээ Санхүүгийн зохицуулах хороонд олгогдсон байна.

Иймд үнэт цаасны арилжааг зогсоох буюу түдгэлзүүлэх бүрэн эрх Х.Бид хуулиар олгогдоогүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Мөн түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжийг үндэслэн үнэт цаасны арилжааг түдгэлзүүлж болохгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан шүүгчийн ямар нэгэн захирамж байхгүй тул арилжааг түдгэлзүүлэх үндэслэл байхгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг үндэслэн үнэт цаасны арилжааг түдгэлзүүлэх буюу зогсоох шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хорооноос гаргаж болох ба харин иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжийг үндэслэн үнэт цаасны арилжааг түдгэлзүүлэх боломжгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Урьдчилан шийдвэрлүүлэх шаардлага, журмыг нэхэмжлэгч хангасан эсэх тухайд:

Нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлт гаргасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №9/3729 тоот албан бичгээр хариу өгсөн байсан тул шүүх урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэх шаардлагагүй гэж үзэж захиргааны хэрэг үүсгэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.10, 85 дугаар зүйлийн 85.1.3-д заасныг тус тус баримтлан АХК-ийн Төлөөлөн удирдах эөвлөлийн 2019.12.21-ний өдрийн 05 дугаартай хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 2019 оны 12 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд шийдвэрлээгүй, хүсэлтийн дагуу тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хариуцагчийн 2019.12.19-ний өдрийн 01/718 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий АХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч АХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ