Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 61

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2017/0047/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

           

            Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга

            Улсын яллагч: Д.Энхжаргал           

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.Бияазхан

            Шүүгдэгч: А.Ариунболд нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ариунболдод нарт холбогдох 201723000021 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хэнтий аймгийн Баян-Адрага суманд 1984 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, Ерөөлтөгс ХХК-нд галч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 11-3 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл үгүй, Бодонгууд овог Алимаагийн Ариунболд /РД:СВ84062410/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/: 

Шүүгдэг А.Ариунболд нь 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Тээвэрчдийн 2-7 тоотод оршин суух иргэн С.Ундармалтуяагийн гэрт нэвтэрч HAIR маркийн 32 инчийн LCD зурагт 1, утасны цэнэлэгч 1, бэлэн мөнгө 8.200 төгрөгийг тус тус хулгайлахыг завдаж нийт 339.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ

 

                  Шүүгдэг А.Ариунболд нь 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Тээвэрчдийн 2-7 тоотод оршин суух иргэн С.Ундармалтуяагийн гэрт хууль бусаар нэвтрэн орж HAIR маркийн 32 инчийн LCD зурагт, гар утасны цэнэлэгч, бэлэн мөнгө 8.200 төгрөгийг хулгайлахыг завдсан болох нь:

                  Хохирогч С.Ундармалтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “.... Өнөөдөр 13 цагийн үед ажил дээрээ байж байтал манай үеэл дүү Сувдаа над руу утсаар залгаж “Гэрт чинь хүн байгаа юм уу, дотроосоо түгжчихээд хаалга нээхгүй байна. Та хурдан хүрээд ир” гэж над руу хэлсэн. Удалгүй танайхаас нэг танихгүй хүн гараад явчихлаа юун хүн бэ гэж бас ярьсан. Тэгээд гайхаад ажлаасаа гараад гэрлүүгээ харих замдаа ахиад ээжтэйгээ утсаар ярихад “ Гэрт нэг танихгүй хүн орчихсон байна. юун хүн юм бэ “ гэж надад хэлсэн. Тэгээд яваад очтол хашаан дотор манай үеэл дүү Сувдаа манай ээжтэй хамт намхан нуруутай хар бараан нүдэнд хүйтэн царайтай нэг залуугийн хамт 3-уулаа зогсож байсан. Гэрт ороод Сувдаа гар утсаа цэнэглэх гээд цэнэглэгч нь олдохгүй болохоор нь нөгөө залуугаас нэхсэн чинь “Би гар утас цэнэглэх гээд авсан юм” гээд халааснаасааТаргаж өгсөн. Би цүнхэндээ байсан хэтэвчээ үзэхэд дотор байран 8000 орчим төгрөгмөн байхгүй байсан. Тэр залуугаас нэхэхэд “тэр залуу надад байгаа нь энэ гээд 4500 төгрөг гаргаж өгсөн. Үлдсэ мөнгө хаана байна гэхэд мөнгө төгрөг аваагүй гэж хэлж байсан. Зурагтаа асаатал зурагт гарахгүй байхаар нь гайхаад залгуур нь хөндийрсөн юм байх гэж бодоод хартал манай зурагтын антен болон ДДШ-ын залгуурыг салгачихсан байсан. Тэр залуу манай зурагтыг авах гэж байхад нь манай дүү, ээж хоёр ирээд чадаагүй байх, зурагт байрнаасаа хөдөлсөн байгаа нь зурагтын тавиур дээрх тоосоор мэдэж байна. 1000, 500, 100 дэвсгэрт байсан. 9500 төгрөг гаргаж ирэхээр нь 5000 дэвсгэрт миний түрийвчинд байхгүй байсан болохоор 5000 төгрөгийн дэвсгэртийг нь буцаад өгөөд 4500 төгрөг аваад үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-15хуудас/

 

Гэрч Д.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: "... Би хашааны хаалгаар дөнгөж ороод байж байтал гэр дотороос намхан нуруутай бор царайтай танихгүй залуу гарч ирсэн. Тэгээд гайхаад “ чи энд юу хийж байгаа юм бэ юун хүн бэ “ гэсэн чинь тэр залуу “би энд амарч байсан. Охинтой уулзаж байсан” гэж хэлсэн. Тэгж байх зуур нөгөө залуу хашаанаас гараад алхаад явсан. Араас нь Сувдаа бид хоёр гараад нөгөө залууг нь гэрлүүгээ авчирсан. Тэгээд тэр залуугаас “ яах гэж гэрлүү орсон гэж” асуухад нэг эмэгтэй цоожийг нь цохиод ор гэж хэлсэн гэсэн маягтай юм яриад байсан. Тэгтэл манай охин Ундармалтуяа ирсэн. Тэгээд гэрлүүгээ орсон гар утасны цэнэглэгч мөн цүнхэнд байсан мөнгө байхгүй байна гэсэн. Тэгээд залуугаас нэхэхэд халааснаасаа гар утасны цэнэглэгч, хэдэн төгрөг гаргаж өгч байсан. Гаргаж өгсөн мөнгөө миний мөнгө гээд байсан. Мөн зурагт болон ДДШ-ын залгуур, антенийг салгасан байсан. Гэрийн хаалга зүгээр байсан. Цоожийг нь яаж нээсэн эсэхийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-17-18хуудас/

 

Гэрч С.Сувдаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: "... Нэг ах гэрийн хаалга дотороос нээгээд юу ч хэлэлгүй гэрээс гараад явсан. Би гайхаад хашааны хаалгаар гараад явсан хойно нь араас нь гүйж очиж нөгөө залууг хашаа руугаа оруулж ирсэн. Тэгээд тэр залуугаас ямар учраас гэрлүү орсон талаар нь асууж шалгаахад би хулгай хийх гэж ороогүй, нэг эмэгтэй хүн утсаар яриад хаалганы цоож татаад ор гэж хэлсэн гэж надад хэлсэн. Удалгүй Ундармалтуяа эгч ирээд гэрт ороод би гар утсаа цэнэглэх гэтэл цэнэглэгч олдохгүй байсан. Тэгээд нөгөө залуугаас нэхэхэд халааснаасаа гаргаж өгөөд “ би гар утсаа цэнэглэх гэж байсан” гээд гаргаж өгсөн...” мөн эгч цүнхэндээ байсан хэтэвчээ гаргаж үзтэл дотор нь байсан 8000 орчим төгрөг байхгүй байсан. Тэгээд мөн залуугаас нэхэхэд 9500 төгрөг гаргаж өгсөн. Өөр мөнгө байхгүй гээд байсан. Тэгээд эгч 5000 төгрөгийг буцааж өгөөд 1000, 500 дэвсгэрт бүхий 4500 төгрөгийг нь авсан. Тэр залуу зурагт, ДДШ-ийн залгуур салгасан байсан....” гэх мэдүүлэг /хх-19- 20 хуудас/

 

                  Сэжигтэн А.Ариунболдын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-36-44 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

                  Шүүгдэг А.Ариунболдын иргэн С.Ундармалтуяагийн гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйлүүдийг нь хулгайлахыг завдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэргийн завдалт байна.

                  Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол үгүй байна.

                  Шүүгдэгч нь анх удаа, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг байдлуудыг харгалзан ял шийтгэл оногдуулж, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 286, 293, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Бодонгууд овог Алимаагийн Ариунболдыг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйлийг нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч А.Ариунболдын эд хөрөнгийг хураахгүйгээр 1 жил 4 сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч А.Ариунболдод оногдуулсан 1 жил 4 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч А.Ариунболдын баривчлагдсан 1 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн FRESTESH маркийн 2 хаалгатай, цагаан өнгийн хуучин хөргөгчийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 09-ны өдрийн тогтоолыг  хүчингүй болгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч А.Ариунболдод оногдуулсан 1 жил 4 сарын хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Ариунболдод авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ГАНЗОРИГ