Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 0029

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:    

Прокурор                                                         Ц.М

Шүүгдэгч                                                          Н.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              М.Г, О.Э

Хохирогч                                                         Д.У

Нарийн бичгийн дарга                                Т.Баялаг нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 242 дугаар захирамжтай, Н.Од холбогдох, эрүүгийн хэргийг прокурор Б.Б-н эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, С овогт Н-н О.

Шүүгдэгч Н.О нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, “Тайгер” баарны гадаа Д.Уг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 242 дугаар захирамжаар

 

Шүүгдэгч Н.Од холбогдох эрүүгийн хэргийг Орхон аймгийн прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Н.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,

Энэ шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Б эсэргүүцэлдээ:

 ... Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буюу шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүхээс яллагдагчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг зарлан явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн “Шүүх хуралдаан даргалагчийн эрх хэмжээ”, 34.5 дугаар зүйлийн 3 “Шүүх хуралдаан даргалагч нь шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын тэгш эрх мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг бүрдүүлнэ” гэснийг зөрчин шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн шатанд гаргаж өгсөн нотлох баримтыг шинжлэн судлах нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалгуулах үндэслэлтэй эсэхийг шүүхийн хэлэлцүүлэг явуулж, нотлох баримтыг шинжлэн судалж, талуудад санал дүгнэлт хэлэх боломж олголгүй, нотлох баримт шинээр гаргаж өгөх шатнаас хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь талуудын эрх тэгш мэтгэлцэх эрхийг хязгаарласны зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “талууд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргах эрхийг ноцтойгоор зөрчсөн.

Шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн шатанд гаргаж өгсөн нотлох баримтыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхийн хэлэлцүүлгийг явуулж, нотлох баримт шинжлэн судлах шатанд нэмэлтээр гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлэх эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа бөгөөд энэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Прокурор шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, нотлох баримтыг шинжлэн судлах, шүүх хуралдааны явцад гарсан асуудлын талаар санал гаргах...” гэсэн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлд заасан хохирогчийн шүүх хуралдаанд оролцох эрх хэмжээг мөн хязгаарлаж зөрчиж байна.

Түүнчлэн өмгөөлөгчийн гаргаж ирүүлсэн баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дэх хэсэгт заасны дагуу бэхжүүлсэн нотлох баримт биш бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Шүүхийн хэлэлцүүлэг явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар заалтыг хэрхэн ноцтой зөрчсөн болохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасны дагуу шалгаж, үнэлээгүй атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдээгүй, шалгагдаагүй аудио бичлэгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэн хэт нэг талыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг буюу “Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх заалтыг баримтлан, урьдчилан дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт “... хавтаст хэрэгт хавсаргаагүй өмгөөлөгчийн нотлох баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Шүүхээс хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед оролцогчдоос нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан”, “хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх” гэсэн хуулийн заалтыг баримталсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Н.Од холбогдох эрүүгийн хэрэгт оролцогчдын хүсэлтээр болон шүүхийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг хийгдээгүй болно.

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 242 дугаартай захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

 

... Прокурорын эсэргүүцлийн агуулга нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.8 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргах эрхтэй, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүсэлт гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болно, 1.4 дүгээр зүйлийн 1.36 дахь хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ажиллагаа гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг ойлгохоор заасан.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хувьд дээрх хуульд заасан эрхээ хэрэгжүүлж, гэм буруугийн шүүх хуралдаанд хэргийг прокурорт буцаах, шинжээч томилуулах агуулга бүхий хүсэлт гаргасан. Уг хүсэлттээ холбоотойгоор мөрдөгч н.М гэх хүний шүүгдэгч Н.О руу утсаар залгаж ярьсан бичлэгийг гаргаж өгсөн. Дээрх баримт нь мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан эсэхэд эргэлзээ төрөхүйц байсан учир түүнийг шалгуулахаар хүсэлт гаргасан.

Энд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлаар хэлэлцээгүй бөгөөд зөвхөн шүүгдэгчийн шүүхэд гаргасан хүсэлтээ холбоотой хэлэлцүүлэг болж, шүүх хуралдаанд прокурор оролцож, тайлбараа шүүхэд гаргасан.

Нэгэнт шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлэг явагдаагүй учраас прокурорын эсэргүүцэлд бичсэн процессын ажиллагаа явагдах үндэслэлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан эсэхийг шалгуулах хүсэлт гаргаж, шүүх уг хүсэлтийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэх хуульд заасан журмын дагуу хуралдааныг явуулах боломжгүй юм. Иймд прокурорын шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Прокурор Н.Оын мөрдөгчид өгсөн мэдүүлгийг яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан бөгөөд уг мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авсан эсэх, мөрдөгч ямар учраас Н.Оыг гэм буруугаа хүлээн зөвшөөр, өмгөөлөгч авах хэрэггүй, гэрч Б-н талаар ярих хэрэггүй гэж хэлээд байгаа, энэ нь мөрдөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй байж болзошгүй байдал байгаа учраас шүүх хэргийг прокурорт буцааж, нэмж шалгуулахаар шийдвэрлэсэн. Энд шүүх хэтэрхий нэг талд үйлчилсэн, хэргийн талаар урьдчилсан дүгнэлт хийсэн зүйл байхгүй.

Хууль бус ажиллагаа хийсэн байж болзошгүй байдлыг дахин шалгуулахаар шийдвэрлэснийг шүүх урьдчилан дүгнэлт хийсэн, хэт нэг талд үйлчилсэн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явсан эсэхэд эргэлзээтэй баримтууд хавтаст хэрэгт олон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг тогтоосны үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн алдааг залруулсны үндсэн дээр нотолбол зохих байдлыг эргэлзээгүй тогтоож, улмаар хэргийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ.

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 242 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М дүгнэлтдээ:  ...Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

              

             Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хэргийг ирүүлжээ.

 

             Анхан шатны шүүх шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн дуу бичлэгийн хуурцгийг хүлээн авч судалж үзээд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан эсэхийг шалгах шаардлагатай гэж үзэж хэргийг Орхон аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

        

             Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хэлэлцүүлэх шүүх хуралдаанаас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлд заасан шүүхийн хэлэлцүүлэг нь ...яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдана...нотлох баримт шинжлэн судлах ажиллагаа явуулна... гэсэн заалтыг зөрчиж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийгээгүй атлаа хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

   

             Шүүх урьдчилсан хэлэлцүүлэг хийлгүйгээр гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаанаар хэргийг прокурорт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.д ...Урьдчилсан хэлэлцүүлгийн үед ...шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ... гэсэн заалтыг зөрчжээ.

 

             Харин хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г-н ирүүлсэн дуу бичлэгийн  хуурцагт үзлэг, шинжилгээ хийж, бичлэгт яригдаж байгаа яриа нь хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгчийн яриа мөн эсэх, мөн бол мөрдөгч ямар үндэслэлээр шүүгдэгчтэй ярих болсон, шүүгдэгчтэй ярихдаа “гэм буруугаа хүлээ”, “өмгөөлөгч битгий ав”, “Б-н талаар ярих хэрэггүй” гэх зэргээр ярих ямар үндэслэл шалтгаан байсныг тогтоож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан эсэхийг шалгах, мөн гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, уг хэрэгт Б-н үйлдэл оролцоог нарийвчлан тогтоосны дараа хэргийг шийдвэрлэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

             Иймд шүүгдэгч Н.Од холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх  прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийн энэ хэсгийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй байна.

 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 242 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

 

2. Прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсугай.

 

3. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Н.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.УРАНЧИМЭГ

                                                                                           С.ЦЭЦЭГМАА