Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 138/ШШ2022/00233

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р баг тоотод оршин суух, утасны дугаартай, ЖЯ регистрийн дугаартай, Ө овогт С.Эгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг тоотод оршин суух, утасны дугаартай, ЕЭ регистрийн дугаартай, Х овогт Д.От холбогдох

“1 059 201 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч С.Э, хариуцагч Д.О хариуцагчийн өмгөөлөгч Д.У, /онлайн/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Д.От холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 1 059 201 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгч С.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь От 2018 оны 4 сарын 15-ны өдөр 700 000 төгрөгийг бэлнээр гэрт нь аваачиж өгсөн. Тухайн үед 10-р байранд үйл ажиллагаа явуулж байсан. Мөнгө өгөх үед хүүхэд нь цуг байсан. О нь надад мэдээлэл өгч, мөнгөө өсгөх боломж байна гэж байсан. Тухайн компанид их мөнгөөр элсэж орвол ноогдол ашиг өндөр өгдөг гэж байсан. Би боломжийнхоо хэрээр хамгийн бага мөнгө болох 700 000 төгрөгөөр элсэж орсон. Энэ үед миний бие хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хадгалж байсан бэлэн 700 000 төгрөгөө өгсөн. О миний мөнгийг аваад тухайн компанид аккаунт нээж өгсөн. Би компани руу орж  харахад дансанд мөнгө харагдаад өссөн байдаг. Гэтэл 2019 оны сүүлчээр яг хэдийд гэдгийг санахгүй байна. Компани нь алга болсон. Би Отэй уулзах гээд оффист дээр нь очиход өөрөө байхгүй байсан учир мессежи бичихээр хариу бичдэггүй байсан. Сүүлд эмнэлэг дээр таарч мөнгөө нэхсэн боловч мөнгө өгч чадахгүй гэсэн түүнээс хойш эрчимтэй хөөцөлдсөн. Энэ хугацаанд надад 90 000 төгрөг өгсөн. Миний хувьд Оээс 700 000 төгрөгийг хүү тооцож нэхэмжилсэн боловч хүү тооцсон 359 201 төгрөгнөөс татгалзаж байна. Харин түүнд өгсөн 700 000 төгрөгөө гаргуулж өгнө  үү гэж тайлбарласан.

 Хариуцагч Д.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 4 жилийн өмнө болсон асуудал болохоор сайн санахгүй байна. Намайг хүмүүс дарамтлаад байсан учраас мөнгө олдвол өгч байсан. Э мөнгө нэхэхээр нь 90 000 төгрөг өгч байсан. Тухайн компани дампуурсан. Эгаас мөнгө авч байснаа сайн санахгүй байна. Би Эгаас 700 000 төгрөг зээлдэж аваагүй. Бидэнд зээлийн гэрээ байгуулсан гэрээ ч байхгүй. Харин 700 000 төгрөгийг “Five Winds” гэх хөрөнгө оруулалтын компанид элсэн орохдоо Э нь зарцуулсан. Миний бие өөрөө энэ компанид элссэн байсан ба бусад хүмүүст энэ компаний маркетинг танилцуулж, элссэн хүмүүсийн мөнгийг би аваагүй, тусгай аккаунт үүсгэдэг. Э нь 2018 оны 4 сард элссэн. Бид адилхан л мөнгөө өсгөх гэж, бизнесийн зорилгоор элсэж орсон. Удаагүй энэ компани нь цахим орчинд байхгүй болоод бид хохирсон. Миний хувьд Эгаас илүү их мөнгө нийлүүлээд хохироод байгаа, хэрэв би өөрөө авсан байсан бол төлөх байсан. Харин компанид элсэн орж ноогдол ашиг авч байсан хүний мөнгийг би хариуцан төлөхгүй. Намайг мэдээлэл өгсөн болохоор мөнгөө төл гэж байсан. Боломжтой болохоороо төлнө гэсэн. Тухайн мөнгийг би хэрэглээгүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.У саналдаа: С.Э нь 2018 оны 4 сарын 15-ны өдөр 700 000 төгрөгийг Д.От бэлнээр аваачиж өгсөн гэж тайлбарлаж байна. Энэхүү мөнгийг өгсөн талаар нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. О гэдэг хүнээс мэдээлэл аваад тухайн хөрөнгө оруулалтын компанид 700 000 төгрөгөөр элсэн орсон. Элсэн орсноор аккуант нээгдсэн нь О гэдэг хүн мөнгийг хувьдаа хэрэглээгүй компани руу шилжүүлсэн нь нотлогдож байна. Ийм учраас энэхүү мөнгийг О хэрэглээгүй, тухайн компани руу шилжүүлсэн болох нь харагдаж байна. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар От мөнгийг өгсөн нотлох баримт байхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Д.От холбогдуулан 1 059 201 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 359 201 төгрөгнөөс татгалзаж 700 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно.

Нэхэмжлэгч С.Э  нь дараах үндэслэлээр шаардах эрхээ “ ...надад мөнгө өсгөх боломж байна, дахин дахин хэлсэн. Тухайн үед надтай хамт ажилладаг, миний эргэн тойронд байгаа хүмүүс орсон байхаар нь түүнд өөрт бэлэн байсан хүүхдийн сургалтын төлбөр болох 700 000 төгрөгийг бэлнээр гэрт нь аваачиж өгсөн. О миний мөнгийг авч надад компаний аккаунт үүсгэж өгсөн. Би компани руу орж харахад миний дансанд мөнгө байгаа харагддаг боловч авах боломжгүй. Гэтэл 2019 оны сүүлчээр байхгүй болсон. Оээс нэг удаа 90 000 төгрөг авсан. Миний хувьд хүү тооцож нэхэмжилж байгаа боловч хүү авахгүй зөвхөн өгсөн мөнгөө авах хүсэлтэй байна гэж тайлбарладаг.

Харин хариуцагч Д.О татгалзаж буй үндэслэлээ: “... Би хөрөнгө оруулалтын “Five Winds” гэх  компанийн талаарх мэдээлэлийг Эд өгсөн. Мөн түүний элссэн 700 000 төгрөгийг шилжүүлж аккаунт үүсгэж өгсөн. Энэ компани байхгүй болсон. Би ч гэсэн хохироод байна. Би энэ мөнгийг хэрэглээгүй учир хүлээн зөвшөөрөхгүй. Эг мөнгө нэхээд байхаар нь нэг удаа 90 000 төгрөг өгсөн ...” гэж маргадаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигчид  нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Хариуцагч Д.О нь С.Эгаас 700 000 төгрөгийг авч “Five Winds” гэх  хөрөнгө оруулалттай гадаадын компаний данс руу шилжүүлсэн, өөрийн мэдээлэл явуулж шивүүлсэн, мөнгийг нь шилжүүлж аккаунт үүсгүүлсэн, өөрөө тус компаний данс руу орж өөрийнхөө орлого ашиг байгаа эсэхээ хянах боломжтой, хянаж байсан, компани нь  гэж тайлбарладаг боловч дээрх татгалзлаа нотлох баримтаар шүүхэд нотолж чадаагүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу гадаадын хөрөнгө оруулалттай компанид хөрөнгө оруулах бүртгэлийг хийж өгсөн, мөнгийг шилжүүлсэн гэх тогтоогдохгүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч нь хариуцагч нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, түүний гуйсны дагуу түүний мэдээллийг компьютерт шивж, мөнгийг нь шилжүүлэн аккаунт үүсгүүлж даалгасны дагуу үүргээ биелүүлсэн. Түүнээс От мөнгө өгсөн нотлох баримт байхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох талаар тайлбарладаг.

Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасны дагуу даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээрээ тодорхойлох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээтэй эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр заажээ.

Хэргийн үйл баримтаас харахад хариуцагч Д.О нь нэхэмжлэгч С.Эгийн нэрийн өмнөөс түүний зардлаар тодорхой үйлдэл хийсэн болох нь, мөн талуудын хооронд хуульд үл харшлах хэлцэл буюу зээлийн гэрээний харилцаа байгуулагдсан болох нь тогтоогдохгүй байна.

Харин талуудын хооронд Иргэний хуульд заасан үүргийн харилцаа болон зээлийн гэрээний харилцаа тус тус үүсээгүй байх тул нэхэмжлэгч С.Э нь бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан этгээдээс уг хөрөнгөө буцаан шаардах эрхтэй болно.

Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Д.Оээс 700 000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа бөгөөд хариуцагч Д.О нь нэхэмжлэгч С.Эд  90 000 төгрөгийг өгсөн болох нь талуудын тайлбараар батлагдаж байна.

Иймд хариуцагч Д.Оээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 610 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Эд олгох, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 90 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Д.Оээс 610 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 90 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч С.Э нь улсын тэмдэгтийн хураамжинд 31 891 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оээс 18 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Эд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд нь мөн хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нар нь мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                   

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.БАЙГАЛМАА