Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1345

 

 

 

 

 

 

 

 

    2024           12           04                                          2024/ШЦТ/1345                   

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Э.Ууганзаяа, хохирогч О.***, шүүгдэгч Г.*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408 00000 0156 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Төв аймгийн *** тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн *** тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй

*** /РД:***/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Г.*** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *** тоотод хохирогч О.***ийг гэрт ирж архи уулаа гэх шалтгааны улмаас нүүрэн тус газар нь өшиглөж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1110 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Г.***.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргах зүйлгүй гэсэн байр суурьтай оролцсон болно.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэг, гэм буруугийн дүгнэлтээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Г.*** нь согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *** тоотод хохирогч О.***ийг гэрт ирж архи уулаа гэх шалтгааны улмаас нүүрэн тус газар нь өшиглөж, зүүн зовхи, баруун чих, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь хохирогч О.***ийн “...2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нөхөр бид 2 ярилцаад ажлаа хийхээ болиод хүүхдүүдээ аваад Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал-Овоо 37-1 тоотод хадам дүү Ганболдын гэрт ирээд, манай нөхөр Ганболдтой хамт 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл архи уусан ба баяр болж байгаа юм байна гээд би хамт архи уусан. Тэгээд 29-ний орой 20 цагийн үед Ганболдын хүүхэд *** ирээд намайг унтаж амраарай, дахиад битгий архи уугаарай гэхээр нь би заа гээд унтаж амарсан ба *** буцаад шинэ жилд орно гээд гараад явсан. Тэгээд намайг шөнө унтаж байхад 01 цагийн үед *** гаднаас орж ирээд учиргүй миний толгой руу өшиглөхөөр нь гайхаад босоод ирсэн чинь миний нүд хэсэг рүү өшиглөсөн юм. Манай нөхөр Бямбацогт, 4 хүүхэд *** болон ***гийн найз охин байсан. ..миний сэтгэц болон сэтгэл санаанд энэ хэргийн улмаас үүссэн хор уршиг байхгүй учир би сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг тогтоолгох шинжилгээг хийлгэхгүй” гэсэн мэдүүлэг /хх7/,

            Гэрч Э.***ын “..*** намайг Тэрэлж рүү хүргэж өгөөд өдөр гэртээ очих үед гэрт нь хамаатны хоёр хүн хүүхдүүдийн хамт ирсэн архидан согтуурхаад байна гэж байсан. Тэгээд орой 00 цагийн үед шинэ жил тараад найз залуу *** ажлаас намайг аваад Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал Овоо 37-2 тоот гэр рүү очих хэрэгтэй байна гээд 02 цагийн үед гэрт нь ирсэн. Тэр үед *** архи уучихсан, согтуу байсан бөгөөд гэрт нь ирсэн чинь танихгүй 2 том хүн болон хүүхдүүд байсан ба *** нөгөө хүмүүст хандан гэр орон эзгүйчлээд архи дарс уулаа гээд эмэгтэйг нь хөлөөрөө нэг удаа өшиглөөд гараараа нэг удаа цохисон, хаана яаж цохисныг би мэдэхгүй. ..Миний мэдэхээр нөгөө эмэгтэйн орон дээр хэвтэж байх үед нь манай найз залуу *** хөлөөрөө нэг удаа өшиглөн гараараа нэг удаа цохисон ба эмэгтэйн биед өөр халдсан хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх9/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх1/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн 1006 дугаар дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байна.

            3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1006 дугаар шинжилгээний дүгнэлтэд “О.***ийн биед зүүн зовхи, баруун чих, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг *** болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ. /хх14-15/,

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодсон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас  хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... зэрэгт шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох,  гэмт хэрэг үйлдэж  хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор  уршигт тооцохоор, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж заасан.

Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, мөн зүйлийн 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан.

8. Хохирогч О.*** нь эрүүл мэндэд учирсан хор уршигтай холбоотой баримтаар хохирол нэхэмжлээгүй, мөн хохирогчид тус гэмтлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ үйлчилгээ үзүүлээгүй байна. Тиймээс хохирогч нь эрүүл мэндээ нөхөн сэргээлгэсэнтэй холбоотой гэм хорын хохирлыг холбогдох баримтыг бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Мөн хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохоос татгалзсан байх ба /хх7/ шүүгдэгч Г.***г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

9. Улсын яллагчаас шүүгдэгч Г.***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан бол, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээж байна гэжээ.

10. Шүүгдэгч Г.*** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ял оногдуулахад эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцон, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайг харгалзан үзлээ.

11. Шүүгдэгчийн үйлдэлд 450 нэгжээс 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан.

12. Иймд шүүгдэгч Г.*** нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хохирол төлөөлгүй, зөрчигдсөн эрхийг сэргээгээгүй байх тул нийтэд тустай ажил хийлгэх ял сонгон оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Улмаар түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.***г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой хохирлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР